Б.Хурцын асуудлын цаана эрх мэдлийн дайн өрнөж байна
2017.12.15
Улстөр

Б.Хурцын асуудлын цаана эрх мэдлийн дайн өрнөж байна

БНСУ-д Элчин сайдаар томилогдохоор нэр дэвшсэн Б.Хурцын асуудлаар нээлттэй сонсгол хийх эсэх асуудлаар УИХ бүтэн сар гаруй хугацаанд тодорхой шийдвэр гаргаж чадсангүй. Элчин сайдын томилгоог өнөөдөр /2017.12.15/ УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ гэж УИХ-ын дарга хэлсэн. Мөн УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд Б.Хурцтай холбоотой найман өргөдөл ирсэн ч нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах эрх зүйн зохицуулалт байхгүй. Тиймээс Б.Хурцын асуудлаар нээлттэй сонсгол хийх санаачилга гаргасан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар өнөөдөр хэлэлцүүлэг зохион байгуулахаар болсон.

Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.


-УИХ БНСУ-д томилогдох Элчин сайд Б.Хурцын асуудлаар тодорхой шийдвэр гаргахгүй явсаар өнөөдрийг хүрлээ. Та үүнийг юу гэж дүгнэж байна вэ?

-Бид сар гаруй хугацаанд хуулийн дагуу нээлттэй сонсгол хийхийг хүсч, хангалттай хугацаанд хүлээлээ, бүх арга барагдсан. Эцсийн шатанд УИХ өнөөдөр чуулганаар Б.Хурцыг томилох асуудлыг оруулахаар болж байна.

 Тэгэхээр УИХ энэ асуудлыг нээлттэй ярих, гарч ирсэн асуултуудад хариулт өгөх, шударга ёс тогтоох, эргэлзээтэй асуудлыг ойлгомжтой болгох сонирхол байхгүй гэж харж байна. Анхнаасаа ч байгаагүй юм байна. Өнөөдрийг хүртэл бүх үйл явц дандаа төөрөгдүүлсэн, асуудлыг булзааруулж, мартагнуулж байгаад өнөөдөр хүчээр хэлэлцэн, томилохоор болж байх шиг байна.

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо эхлээд ажлын хэсэг байгуулсан ч нэрийг нь өөрчилж, судлах ажлын хэсэг болгосон. Хуулийн хүрээнд Өргөдлийн байнгын хороогоор нээлттэй хэлэлцүүлэх шийдвэр ажлын хэсгээс гарсан.

Гэвч Өргөдлийн байнгын хороо 900 хүний гарын үсэг ирж байж нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна, ирц хүрэхгүй байна гэх мэт шалтгаанаар аргагүй эрхэнд олонхоороо шийдээд явна гэсэн нөхцөл байдал үүслээ.

Энэ нь  УИХ өөрөө оршиж байна уу гэдэгт эргэлзээ төрүүлж байна. УИХ хувьчлагдсан юм биш биз гэсэн хардлага төрж байна. Монголын төр, парламент ард түмний язгуур эрх ашгийг хамгаалах бүрэн эрхт байгууллага байж чадаж байна уу гэдэгт эргэлзэж эхэлж байна.

-Нийтийн сонсголын хуулиар УИХ-ын гишүүдийн 3/1-ээс дээш нь нээлттэй сонсгол хийхийг дэмжсэн бол үүнийг холбогдох байнгын хороо нь хэлэлцэх ёстой. Гэтэл УИХ энэ хуулийг хэрэгжүүлэх сонирхолгүй байна уу гэсэн хардлага байна. Энэ мэтчилэн хуулиа биелүүлэхгүй байвал цаашид ямар эрсдэл үүсч болох вэ?

-Монгол Улсад өнөөдөр тодорхой эрх мэдэлтэй, өмч хөрөнгөтэй, хуулийн байгууллагыг гартаа хийсэн, Монголын бүх том орд газруудыг эзэмшдэг том бүлэглэл Монголыг, төрийн эрх барих байгууллагатай нь хамт хувьчлаад авсан юм байна. Үүний хамгийн том илэрхийлэл.

Эд нарт бол хууль, Үндсэн хууль хамаагүй болж өөрсдийн дур зоргоор бүх зүйлийг дээрэмдэж, гишгэж гардаг нөхцөл үүсч байгаа байна. Эсрэг дугарсан хүнийг хуулийн байгууллагаар далайлгаж, нийлж байгаад газар дор ортол нь гүтгэж, доромжилж байна.

Энэ бол Монголын ард  түмэн одоо тэмцэж, эрх мэдлээ олж авах цаг. Монголын ард түмэн тэмцэх цаг иржээ гэдгийг баттай илэрхийлж байна.

-Хэлэлцүүлэг ямар процесс, ямар хүмүүс оролцох вэ. Б.Хурц оролцох уу?

-Хэлэлцүүлэгт Б.Хурцын асуудлаар нээлттэй сонсгол хийхийг дэмжсэн УИХ-ын гишүүд, Өргөдлийн байнгын хороонд өргөдөл гаргасан иргэд, хүний эрхийн байгууллага, хуулийн байгууллагуудыг урьсан. Мэдээж асуудалд хариу өгөхөөр нэр дэвшигч Б.Хурц өөрөө оролцох ёстой. Илэн далангүй асуудлаа нүүрээ харж байгаад ярилцах ёстой.

 Нэгэнт УИХ, түүний бүтцийн байгууллагууд ярихыг хүсэхгүй байгаа учраас УИХ-ын гишүүд бүрэн эрхийн дагуу хэлэлцүүлэг хийж байна. Ард түмнээс сонгогдсон УИХ-ын гишүүд асуудал хөндөж, хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа учраас холбогдох хүмүүс нь ирж тайлбар өгөх ёстой. УИХ-ын гишүүний өөрийн бүрэн эрхийн хүрээнд хэлэлцүүлэг явуулж байгаа ч албан ёсны шийдвэр гаргахгүй. Гэхдээ олон түмэнд асуудлын мөн чанар ил тод болно.  

-Өнгөрсөн хугацаанд та Б.Хурцтай уулзсан уу. Та хоёрын дунд үл ойлголцсон, хэн нь худал ярьсан нь тодорхойгүй асуудал үүссэн шүү дээ?

-Уулзаж, ярилцахаас илүү би зарчмын асуудал ярьж байгаа. Зарчмын асуудал ярьж байгаа учраас түүнийгээ ил тод, нээлттэй ярих хэрэгтэй. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын өрөөнд тааралдаад ярилцаж, буруугаа хүлээнэ гэж хэлж байсан.

Ингээд ойлголцлоо гэж бодож байсан боловч гүтгэн доромжлох үйлдлээ зогсоохгүй байна. Үнэхээр асуудал байгаа бол олон түмний өмнө нээлттэй, ил тод ярьж, холбогдох хүмүүсийг нь дуудаж асуугаад шийдэх ёстой асуудал. Үүнд эмзэглэх асуудал биш. Гэхдээ энэ асуудал хувь хүмүүсийн хоорондын асуудал баримттай, нотолгоотой учраас үнэн мөн нь тогтоогдоно.

Харин үүний цаана болж байгаа үйл явц юуг харуулж байна гэхээр аюул нүүрлэсэн байна гэж би харж байна.

 Эрх баригчид “Эрдэнэт үйлдвэрийн” хувьчлалаас эхлээд Монгол Улсыг том баялгуудтай нь гартаа хийсэн, төрийн бүх хуулийн байгууллагыг дохио зангаагаар хөдөлгөж байна.УИХ-ын гишүүд бол ард түмнээс чөлөөтэй сонгогдсон парламент гэж би бодож байсан. Ард түмэн хаана, хэнд найдах нь ойлгомжгүй боллоо. Өнөөдөр хувьсгалт тэмцэл явуулах цаг ирсэн байна гэж харж байна.

-Та бид маш том бүлэглэлтэй тэмцэх гэж байна гэдэг зүйлийг хэлж байсан. Үүнийг Б.Хурцын асуудалтай холбож тайлбарласан уу эсвэл?

-Ер нь сүүлийн үед болж буй үйл явцыг дүгнэж хэлсэн юм. Миний хувьд энэ бүхний хурц ирмэг дээр маш олон хоног балбуулж, байж болох бүх талаасаа цавчууллаа. Наана нь хувь хүн тойрсон гүтгэлэг, доромжлол яваад байгаа боловч эцсийн дүндээ энэ бүхний зорилго нь Ерөнхийлөгч рүү чиглэж байна.

Ерөнхийлөгчийн цаана ард түмэн рүү чиглэж байна. Том утгаар нь дүгнэвэл зөвхөн өмч, баялгийн төлөө шийдвэрлэх тулаан явж байна гэдэг нь ил боллоо. Сүүлийн үед Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг маш их ярьж, ард түмнээс санал авсан талаар ярьж байна. Би Ашигт малтмалын газрын дарга байхдаа маш олон стратегийн ордыг улсын хэрэгцээнд авсан.

Бүх ард түмний өмч хувь хүнд очих хууль зүйн үндэс байхгүй. Түүнийг дараа нь бүгдийг нь хувьчилж авсан гэж би сонссон. Яагаад ийм их баялагтай Монголчууд ядуу амьдарч байна вэ гэхээр тэр их баялгийг хэдхэн хүн өмчлөөд авсан.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль бол тэр баялгаа өмчилж авах сонгууль байсан. Гэхдээ ард түмэн энэ баялгийг ард түмэнд нь өгөх, ард түмэн баялгийнхаа эзэн нь байх ёстой гэж нэг л хүн нэр дэвшсэнийг дэмжсэн.

Тэгэхээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрх мэдлийг хязгаарлах нэрийн дор, Засгийн газарт чиглэл өгөх нэрийн дор өөрийнхөө хяналтад байдаг бүтцээ төрийн гол шийдвэр гаргадаг механизм болгохоор Үндсэн хуулиар дамжуулж төрийн эргэлт хийх гэж байна. Ардчилсан тогтолцоог устгах гэж байна. Төрийн эргэлт болох гэж байна.

Тиймээс ард түмэн Үндсэн хуулиа хамгаалж босч ирэх ёстой. Бид цөөхөн улстөрчид, бизнес эрхлэгчдийг янз бүрээ оролдож, харлуулж байна. Үүний цаана ард түмэн, бидний үр хүүхэд бүгд хохирох нөхцөл үүсээд байна.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн хэрэгжилт нь 2021 оноос гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах нь одоо хэрэгжүүлэх гэж байгаа гэсэн үг үү?

-Тэгж гоё зүйл ярьж байгаад хууль батлагдсан өдрөөсөө хэрэгжинэ гээд баталчихна. Олон нийтэд таалагдах гэж 2021 оноос хэрэгжинэ, зөвхөн тогтолцооны асуудал ярьж байгаа гэж байгаа.

Гэхдээ цаад мөн чанар нь Ерөнхийлөгчийн институцийг мухарлаж, ард түмний захиалгын төлөө үйлчлэх эрхийг нь хязгаарлаж, ард түмэнд тараах баялгийг авч үлдэх гэсэн том хуйвалдаан гэж дүгнэлээ.

ШИНЭ МЭДЭЭ