Л.Болд: Намын даргын сунгаанд сэтгэл дундуур үлдэх зүйлс гарсан
УИХ-ын гишүүн Л.Болд
2017.02.15
Улстөр

Л.Болд: Намын даргын сунгаанд сэтгэл дундуур үлдэх зүйлс гарсан

УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.

-АН-ын даргаа тодруулах дотоод сунгаа болж өнгөрлөө. Сунгааны өмнө та “МОАН санаачилгын зүгээс сунгааг шударга явагдахад анхаарал тавьж ажиллана. Бид ямар нэгэн албан тушаалын бүлэг биш” гэж байсан. Та намын даргын сонгуулийг хэр шударга болсон гэж үзэж байна вэ?

-АН намуудын дотор шинэчлэлийг тэргүүлж, даргаа бүх гишүүнийхээ саналаар тодруулдаг дотоод сунгааг зориглож хэрэгжүүлж, зохион байгуулж чадлаа. Үүнийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Үүгээр АН-ын ирээдүйн шинэчлэлийн маш том эхлэл тавигдсан гэж болно. Гэхдээ бас сунгааг зохион байгуулахад сэтгэл дундуур үлдэх зүйлс гарлаа л даа.

Бүртгэлийн асуудал дээр гэхэд л намын аппаратын хариуцлагатай ажилтнууд, ажлын хэсэг гишүүддээ бодитой хугацаа гаргаж өгч зохион байгуулаад, элдэв дараалал үүсгэлгүй, эргэлзээ төрүүлэлгүй, хаалттай намын үүрүүдийн барьцаанд орохгүйгээр зохион байгуулах байсан. Түүнийгээ хийж чадсангүй. Гэхдээ АН ямар ч байсан 100 гаруй мянган гишүүнтэй Монголын тэргүүлэх нам болно гэдгээ нотолж чадлаа. Олон мянган гишүүний хувьд бүртгэл, санал хураалт дээр эрхээ хасуулсан. Энэ нөхцөл байдал өөрөө сунгаан дээр учир дутагдал гарлаа гэдгийг нотолж байна.

-Сонгууль зохион байгуулах комиссийг “Шонхор” фракциас бүрдүүлсэн гэх яриа гарч байсан. Үнэхээр тийм явдал болсон юм уу?

-Дүрэмд сонгууль зохион байгуулах хороо гэж байхгүй шүү дээ. Намын Их хурлаар намын даргын сунгааг зохион байгуулахад туслах ажлын хэсэг гаргахаар шийдсэн л дээ. Бүх аймаг, дүүргийн намууд хуралдаад, албан ёсоор хүмүүсээ гаргаад тэр ажлын хэсгийг ажиллуулах байсан. Намд дотоод сонгуулийн хороо угаасаа байгаа шүү дээ. Тэр байгууллагууд нь ажиллах шийдвэр гарч байсан. Тухайн байгууллагын үйл ажиллагаа нь эргэлзээгүй байх талаас нь ажлын хэсэг гаргаж өгөхөөр ингэж л шийдсэн юм. Гэтэл дүрмийнхээ байгууллагыг гадна үлдээгээд, янз бүрээр ялгаварлан гадуурхах замаар ийм хороо байгууллага бий болгоод, түүгээрээ зохион байгуулсан. Гэхдээ ямар ч байсан намын даргын сунгаа дууслаа. Үүн дотор дутагдалтай, алдаатай, зөв буруу хийгдсэн юм зөндөө байгаа байх. Их хурал дээр үүнийг гишүүд өөрсдөө олон талаас нь ярьж, дахиж эргэлзээтэй ядтал гаргуулахгүй байх талаас анхаарах болов уу.

Ямартай ч энэ үйл явдлаар манай намд жишиг тогтлоо. Үүнээс хойш намын даргыг хуйвалдаан, цөөн хүний хоорондын наймаагаар тодруулдаг биш, харин шударгаар нийт гипүүдээс сонгодог байх зам засагдсан. Цаашдаа энэ удаагийнхаасаа илүү сайн, шударга зохион байгуулагдана гэдэгт би огт эргэлзэхгүй байгаа.

-Гэхдээ л зарим гишүүн санал өгөх эрхээ хязгаарлуулсан байдлаар сунгаа дууслаа гэж шүүмжилж байгаа. Хэрвээ тийм бол гомдолтой юм биш үү?

-Одоо болоод дууссан хойно нь “Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх” гэдэг шиг үг хэлээд яах вэ. Ямар ч байсан санал өгсөн гишүүдийн олонхийн хувьд асуудал тодорхой шийдэлд хүрсэн. Санал нь хаягдсан хүмүүс байвал намынхаа Их хурал дээр л очно. Их хуралд шийдвэрээ гаргах бүрэн эрх байж байгаа. Их хурлаас наана хэн нэгэн хун энэ үйл явцын талаар хувийн байр сууриа илэрхийлэх нь зохимжгүй.

-Та Хан-Уул дүүргээс УИХ-д сонгогдсон. Яг намын даргын сонгуулийн үеэр “Хан-Уул дүүргийн намын хороо гишүүдээ ялгаварлаад бүртгагүй байна. Тэгээд тов нам дээрээ бүртгүүлтэл хасчихлаа” гэсэн хэл ам гарч байсан. Дүүрэг дээр юу болсон юм бэ?

-Хан-Уул дүүрэг дээр бүлэг нөхдүүд намаа үймүүлээд, ард түмнийхээ өмнө намьнхаа итгэлийг хүлээгээд явж байсан ИТХ-ын төлөөлөгчдөө гудамжинд гаргасан асуудал бий. Тэгээд жирийн гишүүн, гишүүнээр элсэс гэсэн хүмүүсийг хааж боогоод байгаа юм. Намын дарга иймэрхүү байдлаар хааж боосон, хөөсөн нөхцөл байдлыг засъя гээд төв нам дээр бүртгэлийн нэгж ажиллуулах албан ёсны шийдвэр гаргасан шүү дээ. Ингээд аргагүйн эрхэнд намын даргын шийдвэрийн дагуу тэнд албан ёсоор зөвшөөрөгдөөд бүртгүүлсэн олон зуун гишүүний бүртгэлийг шууд хүчингүй болгосноос нэлээд маргаан дэгдсэн, Энэ бүгдийн учрыг намын Их хурлын дараа дүрмийнхээ дагуу нам шиг нам болж зохион байгуулагдах тэр үед олох байх гэж найдаж сууна даа.

-Намын даргын сонгуулийн үеэр мөнгө төгрөг тараалаа гэх мэт бичлэгүүд цацагдсан. Үүнээс үүдээд АН дотоод сунгаагаа бохир хийж байна гэсэн шүүмжлэл ч газар авсан байх?

-Иймэрхүү зүйл үлдэж байгаа нь харамсалтай. Гэхдээ анхны алхмаа хийлээ шүү дээ. Анхны удаа бүх юм 100 хувь сайн байна гэж байхгүй л дээ. Ямар нэгэн үр дүн байна. Эргэлзээ, дутагдлууд бол байгаа. Олон гишүүнийг гомдоож нь хохироосон асуудал бий. Энэ бүгд дээр дүгнэлт хийх албан ёсоор зарласан намын Их хурал байна. Намын Их хурлаас маш тодорхой шийдвэрүүд гаргаж хариуцах хүмүүст нь хариуцлагыг нь тооцоод цаашдаа зөв шударга шийдвэрүүд гараад явна байх гэдэгт итгэж байна.

-УИХ-ын гишүүн С.Эрдэнэ намын даргын сунгаанд тэргүүллээ. Их хурлаар дахин санал хураалт явуулах уу шууд батламжлах болов уу?

-Дүрмээр хамгийн олон санал авсан нэр дэвшигчээ Их хурлаар батламжилна гэж байгаа шүү дээ. Их хурал дээр 50 нэмэх нь нэг хувиар намын даргыг сонгож батламжилна. Тэр процедур болоогүй байгаа. Их хурал дээр намын даргыг сонгох ажил эцэслэн явагдана. Үүнийг хүн болгон хүлээж байгаа байх.

-Таны хувьд намын даргадаа хэр сэтгэл хангалуун байна вэ. Нэг л битүү яриад байх шиг байх юм?

-С.Эрдэнэ гишүүн ямар ч байсан намын хамт олны итгэлийг аваад сонгогдлоо. Тиймээс С.Эрдэнэ гишүүнд баяр хүргэж байна.

-С.Эрдэнэ “Ерөнхийлөгчид нэр дэвшигчид мөн адил гишүүдээсээ сунгаагаар тодруулах нь зөв гэсэн бодолтой байгаа” гэж байсан. Таны хувьд ямар бодолтой явдаг вэ?

-Сунгааг хаана ч хэрэглэдэг. Яг энэ үед Францад гэхэд намууд Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээ сунгаагаар тодруулж байна. Гэхдээ намын даргыг намынхаа гишүүдээс тодруулж болдог. Харин Ерөнхийлөгч ард түмний дэмжлэгийг авч сонгогдоно шүү дээ. Нам ялалт байгуулахад сонгогчид л дэмжлэг үзүүлдэг. Тиймээс гишүүд төдийгүй дэмжигчдийнхээ хүрээнд сунгаагаа хийх шаардлагатай.

-Дэмжигчдийн хүрээнд хийнэ гэхээр?

-Тухайн тойргийн бүртгэгдсэн сонгогчдоос “Би Ардчилсан намд саналаа өгдөг хүн. Энэ намаас хэн Ерөнхийлөгчид нэр дэвших вэ гэдэгт саналаа өгнө” гээд ирж байгаа хүн бүрийг бүртгээд саналыг нь өгүүлэх хэрэгтэй юм.

-Намын сунгаа явуулах хугацаанд нэр дэвшигчид болон намын гишүүд нэг нэгнээ нэлээд шүүмжиллээ. АН-ын дарга З.Энхболд гэхэд л УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр, М.Батчимэг нарт хамаатай хатуу үг хэлж харагдсан. Нэг талаасаа сунгаа явуулсан биш хагарал үүсчих юм биш үү?

-Аливаа нам дотроо эрүүл өрсөлдөөнтэй байх ёстой. Манай нам их ил тод, их өрсөлдөөнтэй гэдгийг хэн ч мэднэ шүү дээ. Ер нь намын одоогийн болон шинээр сонгогдсон удирдлагууд тодорхой хэсэг бүлгийнхээ талд орж эсвэл тодорхой гишүүдийг нэр зааж шүүмжлэх, дайрах бол өөрөө буруу. Эргээд гишүүдийнхээ дунд л нэр хүнддээ сэв суулгана. Цаашдаа үүнд дүгнэлт хийх байх гэж бодож байна.

-Чуулган энэ долоо хоногт хуралдаад завсарлана. Ер нь өнгөрсөн чуулганыг та хэрхэн дүгнэж байна. Хэр үр дүнтэй болов?

-Энэ чуулганы хувьд би маш их харамсаж байгаа. Үр дүнтэй хэрэгтэй хуулиуд гарсан. Гэхдээ эцсийн эцэст Монголын төрийн тогтолцоог л фашист Германых шиг болгочихлоо. Бид Үндсэн хуулийнхаа дагуу төрийнхөө тогтолцоог бүрдүүлээд ардчилсан, хүмүүнлэг иргэний нийгэм байгуулаад явж байгаа. Харин одоо бид цэргийн нийгэм рүү шилжлээ. Сүүлийн үед гарсан хуулиар сайд болгон цэрэгтэй болчихлоо. Үндсэн хуульд Монгол Улс өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчинтэй байна гэсэн байдаг. Өөрийгөө хамгаална гэдэг чинь Монгол Улс харийн дайсантай тэмцэх зэвсэгт хүчинтэй, түүнийг генерал, жанжингууд нь удирддаг байна гэсэн үг. Ийм л тогтолцоо руу бид шилжээд явж байсан.

Гэтэл энэ богинохон хугацаанд бид ямар том ухралт хийсэн гэхээр сайд болгон зэвсэгт хүчинтэй болчихлоо шүү дээ.

Тодруулбал?

-Ерөнхий сайд Цагдаагийн албаны тухай хуулиар цагдаагийн байгууллагаа хамаарч байна. Тэгээд дотоодын цэрэг байгуулаад иргэдтэйгээ байлд даг зориулалттай, иргэд рүүгээ буу шагайдаг эрх гэсэн цэрэгтэй болчихлоо. Дээрээс нь хилийн цэргийг хуучин зарчмаар нь хийчихлээ. Ингээд Хууль зүй, дотоод хэргийн сайд цэрэгтэй болчихлоо гэсэн үг. Уг нь хилээ хамгаалах үүрэгтэй гэхдээ бас Хууль зүй, дотоод хэргийн яамны мэдэлд ийм дотогшоогоо чиглэсэн үйл ажиллагаа явуулах зэвсэгт хүчний бүрэлдэхүүн хэсэгтэй болчихлоо.

Шадар сайдын дор онцгой байдлын алба байгаа. Хуучин бол зүгээр гал команд шүү дээ. Үүнийг бас онцгой байдлын цэрэг болгоод дээрээ генерал удирдлагатай цэргийн байгууллага болгоод хувиргачихлаа. Дээрээс нь тагнуул, төрийн тусгай хамгаалалтын цэрэг угаасаа байж байгаа. Ингээд цаашаа үргэлжлүүлээд Гитлерийн Германы үед дотоодын ямар л цэрэг байдаг байсан бүгд Монголд бий болчихож байгаа юм. Ингэснээр Монголын ардчилсан иргэний нийгэм цаашдаа оршин тогтноход маш том бэрхшээл учрах магадлалтай.

Өмнө нь сайд нар албан тушаал эрх мэдэл булаацалдахдаа бие бие рүүгээ хэвлэлээр л дайрдаг байлаа шүү дээ. Одоо бол бие бие рүүгээ буу барьсан, автомат барьсан, танк, хуягт хөлөглөсөн цэрэгтэй болчихлоо шүү дээ. Тэгэхээр бол цаащдаа яах юм. Төрийн эрх мэдэлтнүүдийн хоорондын хөлд чинь ард түмэн, төрийн тогтолцоо үрэгдэх нөхцөл бүрдэж байна. Өнөөдөр эхлэл нь болохоор хүмүүс анзаарахгүй.

Гэхдээ амьдрал үргэлжлэх тусам хүмүүс харна. Бид байж болохгүй хөгжлөөр явж байна. Генерал хүн л цэргийг удирддаг биз дээ. Бүх байгууллагууд хуулиар тогтоосон генералуудтай болчихлоо. Генералаараа их гүрнүүдтэй өрсөлдөхөөр болчихлоо л доо. Энэ бол маш буруу зүйл.

Үүний цаана хэдийгээр цөөхөн хүмүүсийн албан тушаал шохоорхож байгаа асуудлууд байдаг байх. Гэхдээ Үндсэн хуулийнхаа тогтолцоог эвдээд байгаа юм. Үүнийг засах цаг ирэх байх аа л гэж найдаж байна.

-Дотоодын цэрэг гэхэд мэргэжлийн ахлагч нараас бүрдүүлсэн цомхон тоотой байна. Тэгээд тусгай хамгаалалттай газруудын харуул хамгаалалтад л ашиглахаар сэргээж байгаа гэж яриад байгаа шүү дээ?

-Эхлээд бүх юмаа даруухан, зүгээр л генерал цолтой хүн бий болгох гэж байгаа юм шиг тайлбарлана. Дараа нь нэг харахад л дороо бие даасан цэрэгболчихдог байхгүй юу. Үүнд ердөөсөө эргэлзээ байхгүй. Угаасаа ч бидэнд 1990 оноос өмнө байсан тэр тогтолцоог чинь буцаагаад аваад ирлээ. Коммунист, фашист улсуудад байдаг тогтолцоо шүү дээ. Тэр тогтолцоо чинь эргээд буцаад ирлээ гэдгийг би хэлээд байна л даа.

ШИНЭ МЭДЭЭ