Л.Болд: Шүүмжлэгчийн эрхийг хуулиар хамгаална
УИХ-ын гишүүн Л.Болд
2016.12.28
Улстөр

Л.Болд: Шүүмжлэгчийн эрхийг хуулиар хамгаална

“Шүүмжлэл бол нийгэмд шударга ёс ноёлох суурь нь болдог”

УИХ-ын гишүүн Л.Болд хэд хэдэн хуулийн төсөл өргөн мэдүүлэв. Энэ талаар түүнээс дараах зүйлийг тодрууллаа.

-Хэд хэдэн хуулийн төсөл өргөн барилаа. Ямар хуулийн төслүүд өргөн мэдүүлсэн бэ?

Өнгөрсөн парламентад хийсэн ажлын үр дүн болгож, дөрвөн хуулийн төсөл өргөн мэдүүллээ. Тухайлбал, Монгол Улсын иргэн өмчтэй байх эрхтэй. Иймд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсан. Иргэн бүр газраа өмчилж авах эрхийг баталгаажуулсан ийм хуулийн төсөл байгаа.

2003 оны тавдугаар сарын 1-нээс Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Үүнээс хойш өнөөдрийн байдлаар нийслэл хотын хүн амын 7.6 хувь буюу 91830 иргэн газраа өмчилж авчээ.

Гэтэл одоо Улаанбаатар хотод 1.3 сая гаруй иргэн амьдарч, ажиллаж байна. Энэ иргэд газар өмчлөх эрхтэй, уг эрхийг нь баталгаажуулах шаардлагатай байгаа. Түүнчлэн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй. Хэрэгжүүлэх хугацааг таван жил тутам сунгаж хэрэгжүүлж байгаа боловч үр дүн нь харагдахгүй байна.

Нөгөө талаас, хууль хэрэгжүүлэх механизмыг нарийвчлан зохицуулаагүйгээс газар өмчлүүлэх эрх бүхий субъектын хүнд суртал, танил талдаа газар өмчлүүлэх, түүнчлэн авлига гэх мэт нийгэмд сөрөг үр дагавартай асуудлыг бий болгох үүдийг нээсэн. Үндсэндээ газар өмчлүүлэх ажиллагаа нь олон нийтэд ил тод бус байна. Мөн иргэн газар өмчлөх өргөдлөө өгдөг ч шийдэгдэлгүй хугацаа алддаг.

-Сонгуулийн тухай хуульд яагаад өөрчлөлт оруулахаар болов?

Монгол Улсын хүн амын дийлэнх хувийг залуучууд эзэлж байна. Иймд залуучуудыг бүхий л шатанд дэмжих ёстой. Энэ хүрээнд Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн барьсан. Сонгуулийн хуульд квот тогтоож өгснөөр улс төр дэх залуучуудын оролцоог нэмэгдүүлэх боломжтой хэмээн үзэж байна.

Олон улсын парламентын холбооноос гаргасан зөвлөмжийн хүрээнд улс төр дэх залуучуудын оролцоог нэмэгдүүлэх хөдөлгөөн өрнөж байна. Үүнд, Монгол Улсын парламент байр сууриа илэрхийлэх ёстой гэж үзсэн. Үүнээс гадна Гэр хорооллын хөгжлийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Хуулийн төслийг баталснаар хөгжилд хүрэхийн сацуу нийгмийн өмнө тулгамдаад буй асуудлыг шийдэх болно.

Хүнийг “үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх” эрхээ хэрэгжүүлснийх нь төлөө хууль зүйн хариуцлага хүлээлгэх, хяхаж хавчих сөрөг үзэгдэл амь бөхтэй оршсоор байна. Иймд Шүүмжлэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл боловсруулж, өргөн мэдүүлсэн.

“Нийт нэр дэвшигчийн 20 хувь нь залуучууд байхаар квот тогтоосон”

-Залуучуудын оролцоог нэмэгдүүлэхийн тулд Сонгуулийн тухай хуульд ямар өөрчлөлт оруулж байгаа вэ?

Улс төр дэх залуучуудын оролцоог нэмэгдүүлэх ганц арга нь квот тогтоох. Гэхдээ УИХ-ын гишүүдийг ард түмэн сонгодог тул сонгуулийн үр дүнд квот тогтоох боломжгүй. Харин хуулийн төсөлд нийт нэр дэвшигчийн 20 хувь нь залуучууд байхаар квот тогтоосон.

-Дэлхийн бусад оронд улс төр дэх залуучуудын оролцоог нэмэгдүүлэхийн тулд ямар арга хэмжээ авдаг вэ?

Дэлхийн мэдээллийн сангийн судалгаанаас үзэхэд Швед, Хорват, Маракко, Кени, Уганда, Филиппин, Тунис, Кыргызстан, Кипр, Сенегал зэрэг улс оронд парламентын сонгуульд 20 хүртэлх хувийн залуучуудын квот тогтоож өгсөн жишиг байдаг.

Түүнчлэн улс төр дэх залуучуудын оролцоо нь дан ганц Монголын ч асуудал биш. Өдгөө дэлхийн хүн амын талаас илүү хувь нь 30-аас доош насныхан эзэлж байна. Гэсэн атлаа дэлхийн парламентчдын ердөө 1.9 хувь нь 30-аас доош насныхан байна.

Залуучуудын үзэл бодол, шаардлагаас хол хөндий үзэл баримтлал, арга барил нь ардчиллын хөгжилд саад болж байгаад Олон улсын парламентын холбоо анхаарч “Ардчиллыг залуужуулах нь” сэдэвт тогтоолыг баталсан.

Уг тогтоолд улс төрд байгаа хүмүүсийг шинэчлэх, улс төрийн орчныг шинэ үзэл санаагаар баяжуулах, парламент дахь залуучуудын квотыг бий болгох замаар тэдний оролцоог нэмэгдүүлдэг. Сонгуульд өрсөлдөх насны хязгаарыг дахин авч үзэхийг уриалсан байдаг.

-Шүүмжлэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг анх удаагаа боловсруулж, өргөн мэдүүлсэн үү?

Монгол Улсад шүүмжлэгчийн эрхийг хамгаалах хууль тогтоомж байдаггүй. Үүнээс үүдэн хүнийг шүүмжилснийх нь төлөө сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нөхцөл байдлыг бүрдүүлээд зогсохгүй, олон төрлийн дарамт шахалтанд өртөх нөхцөлийг бүрдүүлсээр байна. Шүүмжлэл бол төрийн байгууллага, албан тушаалтныг хариуцлагажуулж, нийгэмд хуулийн засаглал жинхэнэ утгаараа тогтох, шударга ёс ноёлох суурьтай болдог юм.

Шүүмжлэгчийн эрхийг хамгаалахтай холбоотой хууль тогтоомжийг гадаад орнуудад 1970-аад оноос батлан гаргаж эхэлсэн түүхтэй. Тухайлбал, АНУ, Их Британи, Япон, БНСУ, Норвеги, Голланд, Румын, Швейцарь зэрэг улсад бие даасан хууль үйлчилж байна.

ШИНЭ МЭДЭЭ