2010.07.01

Н.Энхболд: Тогтолцоогоо тохирчихвол Сонгуулийн хуулийг батлахад түвэггүй

Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулах үүрэг хүлээлгэж Төрийн байгуулалтын байнгын хорооноос байгуулсан Ажлын хэсэг уржигдар хуралджээ. Д.Лүндээжанцан, Л.Болд нарын өргөн барьсан хоёр ч төслийг УИХ хэлэлцэж байгаа.

Үүнээс гадна МАХН-ын бүлгийн зарим гишүүний зүгээс сонгуулийн холимог хувилбар санал болгосон. Эдгээрийг нэгтгэж ямар тогтолцоо сонгохоо Н.Энхболдоор ахлуулсан дээрх Ажлын хэсэг шийдэх ёстой юм. Ажлын хэсгийн ахлагчаас зарим зүйл тодрууллаа.

-Ажлын хэсгийн хуралдаанаас ямар нэг шийдвэр гаргасан уу?

-Намын Бүлгүүд дээр байр сууриа тодорхой болгож байж л Ажлын хэсэг хуралдах боломжтой болно. Сонгуулийн холимог тогтолцоо байж болох юм гэж Манай намын Бүлгээс байгуулсан Ажлын хэсэг дээр ярьсан.

Гэхдээ эцэслэн шийдээгүй. Хувь тэнцүүлэх тогтолцоог санал болгосон Д.Лүндээжанцан, Л.Болд нарын санаачилсан хоёр төслийг нэгтгэхээр Байнгын хорооны Ажлын хэсэг ажиллаж байна. Гол нь сонгуулийн тогтолцоон дээр санал нэгдэх хэрэгтэй. Би Ажлын хэсгийн ахлагчийн хувьд Тамгын газрын ажилтнуудад үүрэг өгөөд холимог хувилбарыг сонгох тохиолдолд дээрх хоёр хуулийн ямар заалтыг, хэрхэн нэгтгэх талаар төсөл бэлтгэчихсэн байгаа. Мөн хувь тэнцүүлсэн тогтолцоог сонговол хоёр хуулийг хэрхэн нэгтгэж болох тухай бас нэг хувилбар бэлтгэсэн.

-Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (өчигдөр) хуралдаанаас АНын бүлэг завсарлага авчихлаа. Бүлгүүд саналаа нэгтгэж чадахгүй байгаа хэрэг үү?

-Өчигдөр уг нь АН-ынхантай яриад хэд хэдэн асуудлаар санал нийлсэн. Гэхдээ эцэслээгүй учир яг юун дээр тохиролцсоноо дэлгэрэнгүй ярих боломжгүй байна. Саналыг хүнд эсвэл намд өгөх тухай яриа бий. Би хувьдаа намд саналаа өгвөл Үндсэн хуультай зөрчилдөнө гэсэн байр суурьтай байна.

Зарим хуульч энэ нь Үндсэн хуультай зөрчилдөхгүй, манайхтай адилхан “УИХ-ын гишүүнийг шууд сонгоно” гэж Үндсэн хуульдаа заасан ч намд саналаа өгдөг улс орнууд бий гэж байгаа. Энэ бүхнийг жигдэлж, аль болох хууль зөрчихгүй байх хэрэгтэй. Жижиг тойрог болгохоор олон хүчин зүйл сөрөг нөлөө үзүүлдэг. Уул уурхайн хөгжлийг дагаад асуудал үүснэ, мөн сонгогчдын санал УИХ-д очихоор тусгалаа олохгүй байна гэсэн хоёр үндсэн шалтгаанаар л бид Сонгуулийн хуулиа өөрчлөх гэж байгаа шүү дээ.

Тиймээс 76 тойрогтой мажоритари тогтолцооны орон зай үгүй. Улс нэг тойрог байгаад сонгогчид нэг хүнд санал өгөх Д.Лүндээжанцангийн хувилбараар бол орон нутгийн төлөөлөгч байхгүй болох нь гэж зарим хуульч үзээд байгаа. Уг нь УИХ-ын гишүүн улсаа л төлөөлдөг атал аль нэг орон нутгийн төлөөлөл гэж ойлгосоор ирсэн.

Тэгэхээр нэг хэсэг нь шууд, нөгөө хэсэг нь намаасаа сонгогдох холимог хувилбар нь зөв юм гэсэн байр суурь давамгайлж байна. Эцэслэн шийдсэн зүйл алга.

-Хаврын чуулган завсарлахад тав хоногийн хугацаа л үлдлээ. Тавантолгойнхоо асуудлыг амжиж батлахын тулд Сонгуулийн хуулийг намрын чуулган руу шилжүүлнэ гэх мэдээлэл бас байна?

-Сонгуулийн хуулийг түргэн өөрчлөх тухайд бид байр суурь нэгдэж байгаа. Хэрэв үүнийг энэ чуулганаар баталж чадахгүй шилжүүлчихвэл намар төсөв яриад амжихгүй.

Оны сүүлээр ярина гэж байтал 2011 он гарчихна, сонгууль болоход ганц жил үлдээд Сонгуулийн хууль ярихад түвэгтэй байдал үүснэ. АН-ын бүлэг өнөөдөр яриад саналаа нэгтгэх байх.

Зарчмын байр сууриа тэд тодорхойлчихвол бичиг заасны ажилдаа ороод цааш явахад бэлэн байна. Зарчмаа л шийдчихвэл болно.

 

ШИНЭ МЭДЭЭ