2010.01.28

Л.Болд сайд Британийн олимпийн сайдтай уулзлаа

Лондон хотноо болох Афганистаны асуудлаарх олон улсын бага хуралд оролцох Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Л.Болд Британийн Олимпийн сайд, Парламентын гишүүн Тесса Жоуэллтай Британийн Парламентын ордонд 1 дүгээр сарын 27-ны өдөр уулзлаа.

Уулзалтаар Батлан хамгаалахын сайд 2012 онд Лондон хотноо болох Лондонд болох Зуны Олимпийн тоглолтын хүрээнд британийн талтай хамтран ажиллах талаар санал солилцож, манай баг тамирчдыг бэлтгэл сургуулилттай холбогдуулан Монголын Олимпийн хорооноос тавьсан хүсэлтийг албан ёсоор тавилаа. 2012 оны Олимпийн тоглолтыг зохион байгуулах эрхийн төлөөх шалгаруулалтад Монгол Улс Лондонг дэмжсэнд Олимпийн сайд Т. Жоуэлл талархал илэрхийлээд Лондонгийн Олимпийн тоглолтын хүрээнд манай талтай хамтран ажиллахдаа баяртай байх болно гэдгээ тэмдэглэв.

Батлан хамгаалахын сайд Л.Болд Британи-Монголын Парламентын бүлгийн дарга, Парламентын гишүүн Ж.Грогантай уулзаж, Монгол, Британийн харилцаа болон парламент хоорондын хамтын ажиллагааны талаар ярилцав. Тэрчлэн Л.Болд сайд Афганистаны асуудлаарх олон улсын бага хуралд оролцох Афганистаны Парламентын Доод танхимын дарга Юнус Ганунитай уулзав. Батлан хамгаалахын сайд Афганистаны бага хурлаас бодит хийгээд тодорхой үр дүн гарна гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв. Монгол Улс Афганистанд цэргээ илгээж, Афганистаны энхийг сахиулах үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж буйг Афганистаны Парламентын Доод танхимын дарга Ю. Гануни онцлон тэмдэглэв.

Мөн өдөр Батлан хамгаалахын сайд Л.Болд Уэльсийн Хунтайж Чарльз, Йоркийн Гүн, Хунтайж Эндрью, НҮБ-ын Энхийг сахиулах үйл ажиллагаа хариуцсан Ерөнхий бичгийн даргын орлогч А.Ле Рой,  БНСУ-ын Гадаад харилцааны сайд Ю Мүн-Хван, Казакстаны Гадаад хэргийн сайд К.Саудабаев, Японы ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Фукуяма зэрэг албаны хүнтэй уулзав

ШИНЭ МЭДЭЭ