2010.04.20
Улстөр

Л.Болд: Монгол улс 77 ерөнхийлөгчтэй байж таарахгүй

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал,Д.Ганхуяг, Э.Мөнх-Очир нарын нэр бүхий гишүүд УИХ-ын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл санаачилснаа спикерт өчигдөр өргөн барилаа. Энэ талаар төсөл санаачлагчдын нэг гишүүн Л.Болдоос цөөн асуултад хариулт авлаа.

-Та бүхний УИХ-ын даргад өргөн барьсан төслөөр бол парламентын сонгуулийг холимог системээр явуулах юм байна гэж ойлгож болох уу?

-Тийм биш. Холимог гэхээр нэг хэсэг гишүүн сонгогчдоос шууд сонгогдож, нөгөө хэсэг нь намаас гарсан болчих гээд байгаа юм. Ингэвэл Үндсэн хуультай зөрчилдөнө. Бидний боловсруулсан төслөөр бол УИХ-ын гишүүнийг сонгогчид шууд сонгох боломжтой, олон мандаттай томсгосон тойрогт явуулах юм. Өөрөөр хэлбэл, хувь тэнцүүлсэн систем гэж ойлгож болно. Хувь тэнцүүлсэн систем дотроо 30-40 янз байдаг.Түүн дотроос өргөн уудам газар нутаг, хүн амын суурьшил харилцан адилгүй Монгол Улсын онцлогт тохирсон хувилбарыг сонгож төсөлд тусгасан. ХБНГУ зэрэг дэлхийн цөөнгүй оронд сүүлийн 60 орчим жил хэрэглэгдэж, үр дүнгээ өгч байгаа сонгуулийн тогтолцоо гэдгийг онцолмоор байна.

-Олон мандат бүхий томсгосон тойрог гэдгийг арай тодорхой хэлж болох уу. Нэг тойрогт ногдох сонгогчдын тоог яаж тооцсон бэ?

-Сонгуулийн газарзүй, түүний зохион байгуулалт гэдэг сонгуулийн эрх зүйн үндсэн нэр томьёогоор нь төсөлд тусгасан. УИХ тойргуудыг тодорхой хил хязгаартайгаар тогтооно. Бидний тооцож байгаагаар Монгол Улс 8-10 тойрог болох боломжтой. Хүн амын шинэчил-сэн бүртгэл явуулсны дараа нөхцөл байдал илүү тодорхой болох байх.Товчхондоо бол сонгогчид олон мандаттай томсгосон тойрогт нэр дэвшигч болон намын төлөө саналаа өгөх юм.

-Намуудын босгыг хэдэн хувиар тооцсон бол?

-Мэдээж тодорхой босго бий. Үүнийг тухайн тойрогт нийт сонгогчдын саналыг мандатын тоонд хуваахад нэг гишүүнийг сонгох саналын тоо гараад ирнэ. Энэ нь өөрөө босго болоод явахаар тооцсон. Ийм нөхцөлд намуудын босгыг тогтсон хатуу хувиар тооцох шаардлагагүй.

-Тойргийг томсговол өнгө мөнгөөр санал худалдаж авдаг байдал хумигдаж чадах уу?

-Жижиг тойрогт мөнгө тараагаад УИХ-д сонгогдчихлоо гэсэн яриа их гардаг.Томсгосон тойрогт мөнгө тараах хэцүү.Тэгэхээр мөнгөтэй холбоотой зөрчил багасна гэж тооцож байгаа.Том тойргоос сонгогдсон гишүүн явцуу эрх ашигт хөтлөгдөлгүй үндсэн үүргээ хэрэгжүүлэх боломж бүрдэнэ.

-Нэр дэвшигч, нам хоёрыг зэрэг дугуйлах юм байна. "А" нэртэй намын нэр дэвшигчийн нэрийг дугуйлчхаад "Б" гэдэг намыг сонгож болох уу?

-Ингэх боломжгүй.Тэгвэл саналын хуудас хүчингүй болно. Нэгэнт л намыг сонгож байгаа юм чинь тухайн намын нэр дэвшигчийг дугуйлах ёстой. Эсвэл бие даагчийг сонгох шаардлагатай.Тухайн намын парламентад эзлэх хувийг авсан саналаар нь, нэр дэвшигчийн рейтингийг мөн л авсан саналаар нь гаргах боломжтой. Монгол Улс бүхлээрээ нэг тойрог гэвэл саналын хуудсанд 700-1000 хүний нэр бичих шаардлага гарна. Бидний санал болгож байгаа хувилбараар бол дээд тал нь 100 хүний нэр л бичигдэнэ. Үүнээс гадна нэг тойргоос 76 хүн сонгогдвол Монгол Улс 77 Ерөнхийлөгчтэй болно гэсэн үг. Би бүх ард түмнээс сонгогдсон гээд л ярина шүү дээ. Ийм байж болохгүй, засаглал хуваарилах зарчим алдагдана.

 

ШИНЭ МЭДЭЭ