2010.12.01
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Л.Болдоос шалтгаалж салбар хохирч байгаа бол хариуцлагаа хүлээнэ

Ирэх оны төсөвт батлан хамгаалах салбарын төсөв нэмэгдэж батлагдсантай холбогдуулан Батлан хамгаалахын сайд Л.Болдоос дараах тодруулгыг авлаа.

-1970 оноос хойш батлан хамгаалах салбарт дорвитой хөрөнгө оруулалт хийгдээгүй гэдэг үнэн үү?

-Батлан хамгаалахын салбарт өнгөрсөн 20 жилийн дотор хөрөнгө оруулалт хийгдээгүй гэж хэлж болно. Харин сүүлийн гурван жилд зэвсэг техникийн хамгийн том шинэчлэлтүүд хийгдсэн. Ихэвчлэн гадны тусламж, хамтын ажиллагааны хүрээнд 130 гаруй тэрбум төгрөгөөр зэвсэг техникийн шинэчлэл хийсэн. Батлан хамгаалахын салбарт ажиллаж байгаа ажилтан, албан хаагчдын орон сууцны асуудал бүрэн шийдэгдээгүй байна. Бусад салбартай харьцуулахад батлан хамгаалахын салбарт ажиллаж байгаа 4500 офицер, албан хаагчдын нийгмийн асуудал бүрэн орхигдож ирснийг онцолмоор байна.

-Танай төсөв анх 900 сая төгрөгөөр орж ирж байсан. Харин таны тэмцлийн үр дүнд нэмэгдлээ?

-900 сая төгрөг манай салбарын хувьд туйлын хангалтгүй төсөв. Дэлхийн бусад улс орнуудад батлан хамгаалах салбарынх нь дундаж төсөв дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь 3-4 хувьтай дүйдэг юм билээ. Манай улс багаар бодоход гурван хувьтай дүйцүүлэх шаардлагатай. Гэтэл бид 1.4-хөн хувьтай л тэнцэх төсвийг авч байна.Үүнийг  өөрчлөх  ёстой юм.

-Яагаад анхнаасаа танай салбарын , төсөв тийм багаар орж ирсэн юм бэ?

-Засгийн газар дээр бүх л салбарын төсвийг танасан: Манай салбарын төсөв гурван тэрбумаар орж ирээд 30 хувийг нь автоматаар хасангуут 900сая төгрөг болсон. Харин энэ асуудлыг ярилцаад манай төсвийг 10 тэрбум болгосныг талархалтай хүлээн авч байна. Ер нь жилд гурав орчим тэрбум төгрөг дунджаар төсөвлөдөг юм. Гурван тэрбум хаанаа ч хүрэхгүй бага мөнгө.

-Таныг салбарынхаа төсвөөс болж бүлэг дээрээ эсэргүүцлээ илэрхийлсэн гэж сонссон?

-Энэ асуудалтай холбоотой олон зүйл яригдаж байна. Үүнтэй холбогдуулаад үнэнийг нь хэлье. Нэгдүгээрт би ямар нэгэн өргөдөл өгөөгүй. Хоёр дахь нь гэвэл Л.Болд гэдэг хувь хүнээс шалтгаалж тухайн салбар хохирч байгаа бол хариуцлагаа хүлээх ёстой. Хэрэв ийм нөхцөл байдал үүссэн бол миний хувьд хэзээд огцрохоос зайлсхийхгүй. Асуудал өөрөөр яригдаад байгаа учраас л үүнийг хэлж байна.

-Ер нь хэдий орчим төгрөгийн төсөвтэй байж танай салбар хүнд байдлаасаа гарч чадах вэ?

-Мэдээж хэрэг зах зээлд бол дээшээ хязгаар байхгүй. Улс орны хөгжил, эдийн засгийн үзүүлэлт нэмэгдэх тусам манай салбарын төсөв нэмэгдэх байх. Гэхдээ хэдий эдийн засгийн боломж муу ч гэлээ батлан хамгаалах, аюулгүй байдлаа хангах төсөв ямар ч оронд байх ёстой.

-Батлан хамгаалахын салбарт ажиллаж байгаа албан хаагчдын нийгмийн асуудлыг цогцоор шийдэх ямар хөтөлбөр хэрэгжүүлж байна вэ?

-Нийгмийн салбарт ирэх онд 1000 айлын орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхээр зорьж байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлбэл нэлээн том алхам болно. Жил бүр 50-100 айлыг орон сууцжуулна гэдэг үнэхээр хангалтгүй. Энэ байдлаар бол 10-20 жил шаардах биз. Харин нэг мөр 1000 айлын орон сууц хөтөлбөрийг эхлүүлбэл асуудал бүрэн шийдэгдэх боломжтой юм.

-Зэвсэгт хүчин цэргийн албаар дамжуулан мэргэжилтэй ажилтан бэлтгэх тухай асуудал яригдаж байгаа. Энэ ажил хэр явагдаж байна вэ?

-Цэргийн албаар дамжуулан мэргэжилтэй ажилтан бэлтгэж ажлын байр бий болгох хөтөлбөрийг ирэх жилээс маш эрчимтэй хэрэгжүүлнэ.

ШИНЭ МЭДЭЭ