2009.12.10

Л.Болд: Оюутнууд сэтгэлийн дуудлагаараа цуглаан жагсаалд оролцдог байлаа

Монголд ардчилсан хувьсгал өрнөсний 20 жилийн ойн өдөр УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болдтой ярилцлаа. Тэрбээр тухайн үед Монголын оюутны холбоо/МОХ/-ны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж, оюутан залуусын хамт ардчиллын галыг асаалцаж явсан юм.

-Оюутан залуус ардчиллыг эхлүүлэхэд хамгийн гол хөдөлгөгч хүч байсан. Тэд нийгмийг шинэчлэхэд түүчээлж оролцсоны шалтгаан юу байсан бэ?

-1990 оны ардчилсан хувьсгал ХХ зуунд бий болсон сонгодог утгаараа ард түмний өргөн дэмжлэг хүлээсэн хувьсгал байсан. Оюутны тэмцэл, оюутны хөдөлгөөн, оюутны хувьсгалын хэмжээнд гарсан нийгмийн том өөрчлөлт гэдэг утгаар нь үүнийг авч үзэж болох юм. Зүүн Европын болон бусад олон оронд оюутнууд хувьсгалт өөрчлөлт, нийгмийн байгууллын өөрчлөлтийг оройлж оролцож байв. Монголд харин тэр хэмжээнд байж чадах болов уу гэж хүмүүс эргэлзэж байсан юм. Гэтэл манай залуучууд үнэхээр оюунлаг, улс орныхоо төлөө гэсэн ариун сэтгэлтэй байсан нь 1990 онд тод харагдсан. Нийгмийн их том шинэчлэлт 1990 онд болох гэж байна гэдэг нь оюутны байгууллагаас их мэдрэгдсэн л дээ. Тэр үед МОХ-ны II чуул¬ганыг хийж, түүгээр шинэ удирдлага, шинэ үеийн залуусын тэмүүллийг илэрхийлсэн зорилтууд дэвшүүлсэн. Чуулганаас холбооны удирдлагад орж ирсэн шинэ оюутнууд, чуул-ганы үеэр бий болсон уур амьсгал бүхэн оюутнуудыг ардчилсан хувьсгалд оройлж оролцох үйл явцад түлхсэн гэж боддог. Ер нь хамгийн анхны ардчилсан цуглааныг оюутнууд зохион байгуулсан юм шүү дээ. Ховд аймагт 1989 оны арванхоёрдугаар сарын 7-нд болсон цуглаан. Тухайн үед төрөөс зөвшөөрөөгүй л бол мэдээлдэггүй байсан болохоор түүнийг хэн ч мэдээлээгүй, их олон хүн ч мэдээгүй. Ховд аймагтаа л мэдээд өнгөрсөн байх.

Улаанбаатарт Залуу уран бүтээлчдийн зөвлөгөөн болж, үүний дараа арванхоёрдугаар сарын 10-нд МоАХ анх бий болох үндэс тавигдсан. Анхны цуглаанд оролцогсдын 80-90 хувь нь оюутнууд байсан юм. Оюутнууд хамгийн мэдрэмжтэй хэсгийн хувьд нийгэм, улс, ард түмний амьдрал болохгүй байна гэдгийг гүн мэдэрч, цуглаан жагсаалд сэтгэлийн дуудлагаараа оролцдог байлаа. Эхлээд МоАХ, МоАН, дараа нь Залуу эдийн засагчдын клубээс Шинэ дэвшилт холбоо, Монголын үндэсний дэвшлийн нам, МУИС-ийн багш, сэхээтнүүдээс Ардчилсан социалист хөдөлгөөн, Монголын социал демократ нам үүсч, араас нь олон эвсэл хөдөлгөөн төрсөн. Тухайн үед нэг намын ноёрхол хэвээрээ байснаас үүнийг сэхээтний төөрөгдөл, ард түмнээ ойлгохгүй байна, ард түмнээсээ хөндийрч байна, тэдний сэтгэл санааг илэрхийлэхгүй байна гэх зэргээр үзэж байсан. Гудамжны хэдэн хулигаан сахилагагүйтэж байна, төрийн эрх мэдэлд санаархсан хэсэг нөхөд байна гэх ч юм уу. Тийм пайз зүүдэг байсан.

-Оюутнууд одоогийнх шиг жагсаал цуглаанд оролцсоныхоо төлөө болзол, нөхцөл тавьж байв уу?

-Тэр цагийн оюутнууд улс төрийн ямар нэг амбицгүйгээр ардчиллын жагсаал цуглаанд оролцож байснаараа онцлогтой. Тэдний дунд бүх давхаргынхны хүүхэд байсан. Даргын ч, цэргийн ч, МАХН-ын гишүүний ч, нам бусчуудын ч, шинээр гарч байсан нам, хөдөлгөөнийхний ч хүүхэд тэдний дунд байсан. Хятад бол хүн ам олонтойгоосоо болоод ч тэр үү, оюутны хөдөлгөөнийг танкаар тэгшилсэн бол манай Монголын ард түмэн өөр. Үр хүүхэд, ирээдүй хойч үеийнхээ боловсрол, оюунлаг байдлыг эрхэмлэдэг ард түмэн. Тэр талаасаа ч ардчил¬сан хөдөлгөөн шүншиглэнэ гэдэг шиг улам амь орж, оюутнуудаа дэмжиж, нийт ард түмнийг хамарч өргөжиж байсан.

-МОХ хамгийн эрч хүчтэйгээр хөдөлгөөнд оролцож байсан нь хэдий үе вэ?

-Оюутны хөдөлгөөн эрчимжсэн нь 1989-1990 оны зурвас үе байдаг юм. Түүнээс хойш 1992-1994 онд зөндөө олон цуглаан, жагсаал, өлсгөлөн болж байсан. Түүнд оюутнууд өмнөх шигээ нийтээрээ, ямар нэг эргэлзээгүйгээр дагаж оролцоогүй. Оюутнууд нийгмийн хөдөлгөө¬нийг оройлж оролцсон явдал сүүлийн 20 жилд дахиж давтагдаагүй. Ардчилсан хувьсгалын эхэн үе үнэхээр онцлог үе байсан. Тэр үед бид “ХХ зуун Оюутны чөлөөт төв” гэдэг төрийн бус байгууллага байгуулж, оюутнууд улс төрийн хөдөлгөөнд оролцох талаар бодлогын төв ч ажиллаж байв. Тухайн цагийн оюун санааны хөтөч болж байсан олон хүнтэй уулзалт зохион байгуулж, бүтээлч ажил их хийдэг байлаа. Тэдгээрт 50-60 оюутан их идэвхтэй оролцдог байсан юм. Оюутны хөдөлгөөнийг маш эрчимтэй толгойлж байсан оюутнуу¬даа нэрлэмээр байна. Орчуулагч, хуульч Ц.Ганбат, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажилтан Б.Болдбаатар, Ардчилсан намын АЗХ-ны дарга н.Батдэлгэр, “Зөвлөх” компанийн захирал Ц.Рэнцэнтавхай, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа А.Нурлан, н.Эрдэнэцогт, Зам тээвэр, аялал, жуулчлалын яамны ахлах мэргэжилтэн Б.Мандат, УИХ дахь МАХН-ын бүлгийн зөвлөх н.Балган, 23 дугаар сургуулийн захирал н.Уянга, МУБИС-ийн багш Ш.Одонтөр, ИНЕГ-ын Газрын тусгай үйлчилгээ, шатахууны албаны ерөнхий нягтлан бодогч н.Цэнгэл нар тэдний дотор байсан. Оюутнууд ардчилсан хөдөлгөөнд чин санаа сэтгэлээрээ оролцож явсан тийм сайхан хувьсгал байснаар бахархдаг.

-Танай байгууллага шинээр төрсөн нам, хөдөлгөөнүүдээс дутахааргүй түүхэн үүрэг гүйцэтгэж байсан санагддаг?

-Зохион байгуулалтын талаар зарим зүйлийг хэлье гэж бодож байна. МОХ 1990 он гараад байнгын зохион байгуулалтад орж, хуралдаж, онц бага хурлаа хийж ардчилал, шинэчлэлийн төлөөх ард түмний тэмцлийг ялалтад хүргэхийн тулд ажиллаж байсан. Бусад эвсэл, холбоод бие биеэ сайн ойлгохгүй, тус тусдаа хуралдаж, сонин хэвлэлээ гаргадаг байсан юм. Улс орныг доргиосон гуравдугаар сарын 4-ний том цуглааныг МОХ бусад хөдөлгөөнтэй хамтарч зохион байгуулъя гэсэн санал гаргаж дөрвөн хүчний уулзалтыг МУИС-ийн дөрөвдүгээр байранд хийсэн. Бид тал талаасаа дөрөв дөрвөн хүн оролцуулсан юм. Сонирхолтой нь дандаа дөрвийн тоо таараад байв. Дөрвөн цагт уулзсан. Гуравдугаар сарын 4-ний цуглааны тухай ярилцсан. Нэгдсэн том цуглаан дээр хэн юу ярихаа төлөвлөсөн. Зарим нь ч социализмыг сайжруулъя гэсэн мөрөөдөлтэй байсан. Заримаас нь төр, засгийн удирдлагатай хамтарч тэдний санааг баяжуулж ажиллая гэх санаа ч гарсан. МоАХ түр хурал байгуулъя, төрийн тогтолцоог шинэчилье гэсэн радикал шаардлагууд тавьж байв. МОХ хоёр шаардлагатай очсон юм. Бид Үндсэн хуулийн дэглэм дотор л шаардлага тавихгүй бол хууль бус болно гэж үзэж байлаа. Тэр цагийн Үндсэн хуулиар бол МАХН нийгмийн манлайлагч хүч байсан юм. Эхлээд МАХН өөрөө Онц их хурлаа хийж удирдлагаа өөрчлөөд манлайлагч гэсэн үүргээсээ татгалзах ёстой. Тэгж байж бусад нам жинхэнэ Үндсэн хуулийн хүрээнд орж ирнэ. Түүний дараа улс орон ардчилсан шинэ тогтолцоонд шилжинэ. Үүний тулд чөлөөт ардчилсан сонгууль явуулах ёстой гэсэн ийм хоёр шаардлагыг МОХ тавихаар болсон. Бид тав, зургаан цаг бүх сэдвээр ярилцаад, үзэлцэж үзэлцэж хамгийн сүүлд манай хоёр шаардлагыг тавихаар болж үлдээсэн дээ. Түүнийг цуглаан дээр Ц.Элбэгдорж уншиж, дөрвөн байгууллагын нэрийг дурдаж байсан. Тэр шаардлагуудаа Төрийн ордонд авчирч нам, засгийн удирдлагад ч тавьсан. Нөгөөдүүл муйхарлаад хариу өгдөггүй цааргалаад байдаг. Тэгээд гуравдугаар сарын 7-нд өлсгөлөн зарлаж 8-нд телевизээр шууд ярилцлага хийгээд үндсэндээ эрх баригчдад ард түмэндээ өгөх хариу байхгүй гэдэг нь тодорхой болсон. Тэгж тэгж 9-нд хуучин засаг унасан. Ж.Батмөнх гуай үнэхээр алсын хараатай хүн байсан тул ард түмнийг хооронд нь дайралцуулж, цус урсгаж болох эрсдэлд хүргээгүй. Хэдэн хүн л огцроо биз. 1990 оны ардчилсан хувьсгал эв эеийн хувьсгал болсон. Дээр доргүй тусгаар тогтнол, эв нэгдлийн төлөө явсан. Нэг тал нь жагсаад, нөгөө тал хариу өгөөд байсан ч тэгтлээ сөргөлдөөгүй, эв эе гэдэг үг хаанаас ч юм гараад ирсэн. Ам дамжаад л явчихсан. Нэг талаас та нар наад хэмжээлшгүй эрх мэдлээсээ өг, хуваалц, ард түмэнд дуу хоолойг нь нээж өг гэхэд нөгөө талаас та нар хамаагүй түрэмгий байж болохгүй шүү, зодоон цохион хийж болохгүй, үймээн самуун дэгдээж хүний амиар тоглож болохгүй гэж байсан. Жагсаал цуглаан маш замбараатай, маш сайн хамгаалалттай, зохион байгуулалттай болдог байсан шүү дээ. Аль аль талаа хамгаалдаг байлаа.

Тэр цагийн оюутнууд өнөөдөр 40 гаруй насныхан болж нийгмийн гол ачааг үүрч явна. Өнөөдөр энэ баярын өдрөөр 20 жилийн өмнө ард түмнийхээ ирээдүйн төлөө их гавьяа байгуулсан оюутнууд, өнөөгийн нийгмийн гол ноён нуруу болсон журмын нөхдөдөө баярын мэнд дэвшүүлье.

Д.ОЮУНЦЭЦЭГ

ШИНЭ МЭДЭЭ