2009.11.06

Л.Болд: Монголын зэвсэгт хүчинд дахин нэг томоохон сорилт тулгарлаа

Батлан хамгаалахын сайд Л.Болд цаг үеийн асуудлаар ярьж байна.

-Томуугийн А хүрээний H1N1 вирусын халдвар хурдацтай тархаж байгаатай холбоотойгоор зэвсэгт хүчний салбар байгууллагуудыг дайчлах шийдвэрийг Засгийн газрын хурлаас гаргасан гэж сонслоо. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Улс орон гамшгийн байдалд хүрэхэд ойрхон байгаа энэ цаг үед аюулт өвчний эсрэг бололцоотой бүхнээрээ тэмцэх нь манай зэвсэгт хүчний шууд үүрэг гэж бид ойлгож байгаа. Угаас манай салбар аюул занал, гамшиг осол тохиолдсон үед шаардлагатай олон талт үүрэг гүйцэтгэхэд ямагт бэлэн байх ёстой.
Засгийн газрын хурлаас манай салбар байгууллагуудыг дайчлахаар болсон гэдэг нь арай ташаа мэдээлэл. Харин манай яамны сайдын зөвлөл орон даяар 14 хоног өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан юу хийвэл зохилтой талаар уржигдар орой тусгайлан хуралдаж холбогдох шийдвэрүүдийг гаргасан.
Түүнээс миний бодоход хамгийн чухал нь зэвсэгт хүчний клиникийн төв эмнэлгийг онцгой горимоор тусгаарлан ажиллуулж вирусын халдвар авсан өвчтөнүүдийг тусгайлан эмчлэх саналыг Засгийн газарт уламжилсан явдал юм.
Өчигдрийн Засгийн газрын хурлаар энэ саналыг дэмжлээ. Хүнд хэцүү цаг үед манай цэргийн эмнэлэгийнхэн өөртөө ийнхүү нэмэлт ачаа үүрэхээр болж байна. Манай цэргийнхний хэллэгээр бол дайчилгааны даалгавар авч байна ч гэж хэлж болно.

-Яагаад заавал томуугийн вирусыг эмчлэх тусгайлсан эмнэлэг байгуулах шаардлагатай гэж?

-Бүхний нүдэн дээр ил байгаачлан халдварт өвчин судлалын үндэсний төв, эмнэлэгийн томоохон байгууллагууд, өрхийн болон орон нутгийн эмнэлэгүүд бүхий л бололцоогоо дайчилж байгаа ч өвчний тархалтыг хумьж чадахгүй байна. Тэгээд ч томоохон эмнэлгүүдэд суурь олон янзын өвчтэй эмчлүүлэгчид олноороо нэг дор цугларснаас халдвар нэмэгдэхийг үгүй гэх газаргүй.
Ийм үед зэвсэгт хүчний төв эмнэлэг томуугийн халдвар авсан хүмүүсийг тусгаарлан эмчлэх зохион байгуулалтад шилжвэл илүү үр дүнтэй байж болох юм гэж бид үзсэн.
Энэ эмнэлэгт хүүхдийн, эх барих эмэгтэйчүүдийн, дотрын, мэс заслын тасгууд яаралтай зохион байгуулж онцгой нөхцөл байдлын үед хээрийн эмнэлэг дэлгэн ажиллуулдаг шиг тусгай горимоор өвчтнүүд хүлээн авахаар бэлтгэж байна.

-Цэргийн төв эмнэлэгт хичнээн хүн хүлээн авах бололцоотой вэ?

-Одоогоор 288 ор дэлгэхэд бэлэн гэж эмнэлгийн удирдлагууд надад илтгэсэн. Гэхдээ үүний тулд зарим арга хэмжээ авах ёстой л доо. Зэвсэгт хүчний клиникийн төв эмнэлэгт Баянзүрх, Налайх, Багануур дүүргийн иргэд, химийн хор, ахуйн осол, халуун хүйтэн зэвсгийн улмаас эрүүл мэндээрээ хохирсон өвчтөнүүдийг төрөлжүүлэн хүлээн авч эмчилдэг. Өнөөдрийн байдлаар хэвтэж эмчлүүлж байгаа болон цаашид ирж болох харъяаллын өвчтөнүүдийг бусад эмнэлгүүдэд хэрхэн шилжүүлэх талаар Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүдтэй зөвлөлдөж байна. Ирэх долоо хоногийн эх гэхэд цэргийн госпиталь тусгай үүрэг гүйцэтгэж эхэлнэ.
Энэ бол Монголын зэвсэгт хүчинд энэ цаг үед тохиолдож байгаа томоохон сорилт, даалгавар гэж хэлж болно. Үүнтэй холбогдуулан өөр нэг зүйл хэлье.
Өнөөдрийг хүртэл манай энхийг сахиулагчид НҮБ-ын болон олон улсын цэргийн бусад ажиллагаанд оролцохдоо харуул хамгаалалт, ажиглагч, сургагчийн зэрэг үүрэг гүйцэтгэж ирсэн. Цаашдаа НҮБ-аас Монгол Улсын Засгийн газарт хүсэлт тавьсны дагуу цэргийн эмч нар маань дайн, мөргөлдөөний байдалд байгаа халуун цэгүүдэд энхийг сахиулахад эрүүл мэндийн үйлчилгээний чиглэлээр ажиллах бололцоог Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб судалж байгаа юм. Үүнд бэлэн эсэх нь ч энэ удаагийн сорилтоор харагдана.

-Энхийг сахиулагч гэснээс Афганистан, Чад руу явах цэргийн баг хэзээ эх орноосоо хөдлөх вэ? Афганистан явах дайчид онгоц нь ирэхгүй байгаагаас нисээгүй гэж дуулсан, үнэн үү?

-Дээрх хоёр чухал ажиллагааны бэлтгэл үндсэндээ хангагдсан. Чад руу 800 хүний бүрэлдэхүүнтэй мотобуудлагын батальон явна. Энэ нь манай энхийг сахиулах ажиллагааны түүхэнд бие даасан хамгийн том бүрэлдэхүүн гэдэг утгаар бэлтгэл, сургалтад нь онцгой анхаарлаа. Чад руу явах цэргийн багийн тэргүүний бүлэг 230 цэргийн албан хаагчийг зэвсэглэл, техник, тоног төхөөрөмжийн хамт 11 дүгээр сарын 10-25-ны хооронд ажиллагааны газар орон руу агаараар илгээх ба нийт 10 онгоцоор тээвэрлэх захиалга өгөгдсөн.
Афганистан явах дайчдын хувьд онгоц ирэхгүй байсан юм биш. Кабулд манай цэргийн баг АНУ-ын тэргүүлсэн “Тогтвортой эрх чөлөө” ажиллагаанд үүрэг гүйцэтгэнэ. Энэхүү ажиллагааны стратеги, төлөвлөлттэй холбоотойгоор, тэрчлэн цагийн байдлын улмаас хуваарьт бага зэрэг өөрчлөлт орсон. Энэ сарын дундуур цэргийн багийг ажиллагааны бүсэд илгээнэ.

-Афганистанд цагийн байдал улам бүр хүндэрсээр байгаа, саяхан НҮБ-ын төлөөлөгчийн газрыг барьцаалсны улмаас дэлхий даяар шуугилаа. Манай цэргийн албан хаагчдын аюулгүй байдал хэр хангагдсан бэ?

-Энэ асуудлаар ил хэлж болдог, болдоггүй зүйл гэж бий. Шулуухан хэлэхэд Афганистан бол ямар ч эрсдэл учирч болох газар. Гэхдээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөл тийш цэргийн баг илгээх шийдвэр гаргахдаа эрсдлийг хамгийн бага байлгах нөхцлийг эн тэргүүнд харгалзан үзсэн. Одоо бол газар орон дээр байнгын сонор сэрэмжтэй байх, цэвэр мэргэжлийн ажиллагаанаас бүх зүйл хамаарна. Яам, Зэвсэгт хүчний жанжин штаб чухам үүнд л онцгойлон анхаарч байгаа. Хилийн чанадад үүрэг гүйцэтгэж байгаа дайчдынхаа аюулгүй байдалд анхаарахын зэрэгцээ эх орондоо тайван цагийн үүрэг гүйцэтгэж байгаа цэрэг дайчдынхаа аюулгүй байдлыг хангах талаар ч тусгайлсан зарим арга хэмжээ авлаа. Уржигдрын сайдын зөвлөлийн хурлаар салбарын хэмжээнд өвчин, ослын улмаас амь насаа алдсан цэргийн албан хаагчдын асуудлыг хэлэлцээд Цэргийн албан хаагчдын аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний тухай Батлан хамгаалахын сайдын тушаал гаргалаа.

Учир нь сүүлийн саруудад хэд хэдэн цэргийн албан хаагч харамсалтайгаар амь насаа алдсаныг нуух шаардлагагүй. Эдгээр нь томоохон авто осол, өвчний улмаас тэрчлэн зарим анги, байгууллагад цэргийн сахилга, хариуцлага алдагдсанаас үүдсэнийг хатуухан ярьж Зэвсэгт хүчний жанжин штаб, БХИС-ийн зарим удирдлагыг ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авахаар тогтлоо. Зарим стандарт биш арга хэмжээг ч авч хэрэгжүүлэхээр боллоо. Тухайлбал зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнийг албан болон хувийн хэргээр тээврийн хэрэгсэл жолоодож байхдаа суудлын даруулга бүслүүлж хэвшүүлэх, зөрчигчдөд тухай бүр хариуцлага тооцож байх гэх мэт олон зүйлийг нарийвчлан журамлалаа.

Нэг үгээр хэлбэл ханиадтай холбоотой улс орон өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж байгаа шиг байнгын бэлэн байдалд байх ёстой зэвсэгт хүчин ч байх ёстой хэм хэмжээндээ үйл ажиллагаагаа нийцүүлэхээр шийдвэрүүд гаргасан, хэрэгжүүлэх л үлдэж байна.

-Ажлаас чөлөөлөгдөж байгаа зарим удирдлага гэдэг нь хэн бэ?

-Маргаашнаас эхнээсээ тодорхой болно биз дээ.

Ярилцсан Х.Дөлгөөн

ШИНЭ МЭДЭЭ