2008.10.12
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Л.Болд: Батлан хамгаалахын шинэчлэлийг УИХ-ын хяналт дор хийх хэрэгтэй

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болдтой уулзаж ярилцлаа.

-Монголын Зэвсэгт хүчний албан хаагчид Иракт энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцох шийдвэрийг манай улс хоёр хөршийнхөө байр сууриас үл хамааран гаргаж байсан. Өнөөдөр "Иракийн эрх чөлөө ажиллагаанд оролцсон сүүлчийн баг эх орондоо" ирлээ. Энэ үйл ажиллагааг бүхэлд нь авч үзвэл ямар дүн, үр дагавар харагдаж байна вэ?

-Энэ бол Монгол Улс эрийн цээнд хүрснийг харуулах үйл явдал болсон. Олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд Монголын цэрэг, дайчид оролцсон энэ явдал ямар үр дагавар авчирсныг улс төрийн болон салбарын түвшинд тус тус авч үзэх шаардлагатай юм. Монгол Улс энхийг эрхэмлэсэн гадаад бодлоготой. Улс төр, дипломатын аргаар аюулгүй байдлаа хангана хэмээн хуульчилсан байдаг. Үүний нэг хэсэг нь "Иракийн эрх чөлөө" ажиллагаа шиг энхийг тогтоох, хүмүүнлэгийн ажиллагаанд оролцох явдал. Бид Иракт дайны дараахь сэргээн босголт, хүмүүнлэгийн ажиллагаанд оролцсоноор олон улсын тавцанд нэр хүндээ өндөрт гаргаж чадсан. Бид өөрсдөө л тоодоггүй болохоос биш Монголын зэвсэгт хүчний албан хаагчид үнэхээр дэлхийд гайхагдаж байна. Тэдний мэргэжлийн ур чадвараас гадна монгол хүний тэсвэр хатуужил, авхаалж самбааг олон улсын тавцанд гайхан шагшиж байна. Байлдагч Аззаяагийн гавьяаг зориуд тэмдэглэн магтаж байна. Манай батлан хамгаалахынхан, цэрэг дайчид маань даруу, тэр бүрийг ярьдаггүй болохоос биш үндэсний баатрууд гэдгийг ойлголоо. Энхийг сахиулах олон улсын үйл ажиллагаанд зэвсэгт хүчнээ оролцуулсан нь Батлан хамгаалахын салбарын хувьд ч тун чухал зүйл болсон. Бид өнгөрсөн хугацаанд 1700 гаруй албан хаагчаа өндөр түвшинд сургаж бэлтгэлээ. Зэвсэгт хүчний албан хаагчдын хувьд тайван цагт бэлтгэл, сургуулилт хамгийн чухал зүйл байдаг.

-Монголын цэрэг, дайчид дахиад Иракт алба хаахгүй юм байна. Энэ нь юугаар зохицуулагдаж байгаа юм бэ?

-Монгол Улсын Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр ярилцаад Ирак дахь сүүлчийн ээлжийг долдугаар сарын 15-наас есдүгээр сарын 15 хүртэл алба хаах, энэ нь сүүлчийн ээлж байхаар шийдвэрлэсэн. Ирак дахь энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцсон олон улсын цэргийн багийг нэгтгэж байсан Польш улс үүргээ гүйцэтгэсэн гэж үзэн зэвсэгт хүчнээ албан ёсоор татах болсон юм. Иймд Польшийн нэгтгэлд ажилласан Монгол Улсын зэвсэгт хүчний албан хаагчид ч үүргээ гүйцэтгэсэн. Манай улсаас гадна хориод орны албан хаагчид Польш улсын зэвсэгт хүчний нэгтгэлд үүрэг гүйцэтгэсэн юм.

-Та сая Польшийн Үндэсний батлан хамгаалахын сайдын урилгаар Иракт монголчуудын алба хаасан "Эко" баазад очоод ирсэн. Монголчуудын алба хаасан нөхцөл байдалтай танилцлаа. Тэнд үнэхээр дайны аюул заналхийлэл дүүрэн байх юм уу?

-"Эко" бааз гэдэг бол Иракийн нийслэл Багдад хотоос урагш 120 км-т Ад Дивани хотын дэргэд байрладаг. Энэхүү "Эко" бааз нь Иракийн эрх чөлөө ажиллагаанд оролцож байгаа олон улсын зэвсэгт хүчний төв штаб юм. Ерөөсөө Ирак дахь энхийг сахиулах үйл ажиллагааг тэндээс удирддаг гэсэн үг. Монголын цэргийн бүх ээлж энэхүү төв штаб, "Эко" баазын харуул хамгаалалтад гарч байсан. Энэ штабт ажиллаж байгаа, ойролцоогоор 1500 гаруй хүний амь нас аюулгүй байдлыг хамгаалж байсан. Манай дайчдын нэр хүнд тэнд маш өндөр. Ямар л болоод "Монголчуудыг манаатай үед тайван унтдаг" гэсэн үг гарсан байх вэ. Сая манай албан хаагчдыг буцахад ч хэлж байсан. Найдвартай хүмүүст аюулгүй байдлаа даатгаж байсан, одоо хэд хоног тун  түгшүүртэй байдалд байх юм байна гэж ярьцгааж байна билээ.

-Аюул үргэлж дэргэд байх юм уу. Та юу мэдэрсэн бэ?

-Ирак бүхэлдээ дайны бүс. Тэр тусмаа "Эко" бааз байлдааны ажиллагааны бүсэд байдаг. Иракийн шинэ Засгийн газар, энхийг сахиулагчдын эсрэг зэвсэгт бүлэглэлүүдийн халдлагад өртөх магадлал нээлттэй. Монголын цэргийн 10 ээлж алба хаахад эрсдэл дагуулсан мөч зөндөө байсан. Өнгөрсөн хугацаанд Польш улс гэхэд л 20 дайчин, хоёр сэтгүүлчээ алдсан. Албан ёсны тоо хэлэхэд хэцүү ч олон улсын зэвсэгт хүчний албан хаагчдаас 70 гаруй хүн шархадсан. Та бүхэн сайн санаж байгаа байх. 2004 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр тэсрэх бөмбөг ачсан амиа золиослогч "Эко" бааз руу халдахад Монголын албан хаагч Аззаяа таслан зогсоосон. Үүнд олон улсын Зэвсэгт хүчний командлал "Баярлалаа" гээд зогсохгүй, олон зуун хүний амь насыг хамгаалсанд туйлаас талархаж байгаагаа илэрхийлж байна. Монгол дайчид цэргийн эрдэм, тэсвэр хатуужил, авхаалж самбаагаараа гайхагдахаас гадна албандаа зориулж байгаа итгэл үнэмшлээрээ гоц ялгардаг гэнэ.
Саяын арга хэмжээнд Эвслийн нэгдсэн цэргийн хүчний командлагч АНУ-ын генерал Одерно, Иракийн шинэ Зэвсэгт хүчний армийн генерал, мөн Литвийн Батлан хамгаалахын дэд сайд, Украины Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга нарын албаны хүмүүс оролцсон. Тэдэнтэй уулзаж сэтгэгдлээ хуваалцлаа. Ер нь дайны нөхцөлийг нүдээрээ харж, биеэрээ мэдэрсэн нь их олон зүйлийг бодогдуулсан, их олон зүйлийг өөр өнцгөөс харахад хүргэсэн шүү. 

-Ирак дахь энхийг сахиулах ажиллагаанд манайхан дахиад оролцохгүй юм байна. Бусад орнуудад одоо алба хааж байгаа хич¬нээн албан хаагч бий вэ?

-Африкийн Сьерра-Леонд 250 цэрэг НҮБ-ын тусгай шүүхийн харуул хамгаалалтад ажиллаж байна. 2006 оноос хойших тав дахь ээлж тэнд ажиллаж байгаа. Мөн Африкийн таван оронд болон Гүржид НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд нийт 10 гаруй офицер оролцож байна. Монгол Улсын зэвсэгт хүчний дунд хугацааны хөтөлбөрийг 2006 онд баталсан юм. Энэхүү бодлогод 2015 он хүртэл НҮБ-ын энхийг сахиулах болон бусад үйл ажиллагаанд оролцоогоо нэмэгдүүлнэ гэж заасан. 2012 он гэхэд дээрх үйл ажиллагаанд оролцсон албан хаагчийн тоо өнөөдрийнхөөс хоёр дахин нэмэгдсэн байх төлөв бий. Тэгэхээр эрсдэл багатай, олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд албан хаагчдаа цаашид ч оролцуулна гэсэн үг. Ийм арга хэмжээнд оролцсон албан хаагч, мэргэжилтнүүд бол манай салбарын цаашдын шинэчлэлийн цөм юм.

-Энэ салбарын шинэчлэл аль зүгт явах ёстой вэ. Гол үзэл баримтлал нь юу байх хэрэг вэ. Батлан хамгаалахын салбарыг "иргэний" болгож шинэчилнэ гэсэн үгс их сонсогддог байсан?

-Батлан хамгаалахыг "иргэний" болгох биш иргэн бүр батлан хамгаалах үүргийн байх ёстой. Одоо бол хугацаат цэргийн албанд бичиг үсэггүй залуус 30-40 хувийг эзэлж байна. Зэвсэгт хүчин иргэнийг, цэргийг төлөвшүүлдэг биш боловсролын салбарын доголдлыг арилгадаг сургууль болж хувирсан байна. Батлан хамгаалах салбарын бодлого, шинэчлэл гэдэг бол цэргийн дүрэмт хувцастай хэдэн хүний ажил биш. Үндсэн хуулийн дагуу цэргийн алба хаах үүрэгтэй бүхэн алба хаах ёстой. Өнөөдөр цэргийн алба хаах үүргээ мөнгө төлөх замаар гүйцэтгэж байна. Эсвэл цэрэгт явъя гэсэн нь явж чаддаггүй байдал их байна. Тэгэхээр Үндсэн хуулиар үүрэг хүлээсэн бүхэн албаа хаадаг байх ёстой. Ингэхдээ дээд боловсролтой нь эхлээд зургаан сар, дараа нь 45 хоногоор хэсэгчлэн бэлтгэлд гарах замаар албаа хаадаг, бүрэн дунд боловсролтой нь бүтэн жилээр хаадаг байж болох юм. Зэвсэгт хүчин мэргэжлийн чадварлаг, цомхон, хамгийн орчин үеийн зэвсэг, техниктэй болох шаардлага бий. УИХ-ын тусгай хяналт дор зэвсэг техник, технологийн шинэчлэлээ хийх ёстой. Үүнд ямарваа бизнес байж болохгүй.

-Монголын дайчид олон улсад нэр хүндтэй болсон байна гэж та ярилаа. Монголын нөхцөлд бол зэвсэгт хүчин, цэргийнхэн тийм ч нэр хүндтэй биш шүү дээ. Цэргийн алба хаана гэдэг нэр төр биш, харин ял мэт хүлээж авдаг. Үүнийг яаж өөрчлөх вэ?

-Өнөөдөр цэргийн алба хаагчдын нийгмийн баталгаа маш хоцрогдсон байна. Үүнийг шинэчилж байж л нэр хүндтэй болно. Хэдийгээр цэрэг армитай ч эх орноо хамгаалах чадваргүй бол хэрэггүй шүү дээ.

-Ийм нөхцлийг өөрчилж чадаагүй байж үүрэг хүлээсэн цэргийн насныхныг бүгдийг албанд хамруулна гэж ярихад төвөгтэй биш үү?

-Сайдын алба хүлээж аваад би үүрэг хүлээсэн иргэн бүрийг алба хаахад шаардагдах нөхцлийг судлах шийд¬вэр гаргасан. Цэргийн насны, үүрэг хүлээсэн бүх иргэнийг алба хаах нөхцлийг бүрдүүлэхэд өнөөдөр 25-30 тэрбум төгрөг шаардлагатай. Энэ нь Батлан хамгаалахын салбарын өнөөгийн төсөвт нэмж шаардагдах хөрөнгө гэсэн үг. Өнөөдөр энэ салбарын төсөв урсгал зардлаа л хааж ирсэн бөгөөд энэ нь 60-70 тэрбум төгрөгт эргэлддэг. Цэргийн болон батлан хамгаалахын шинэчлэл шаардлагын хэмжээнд хүрээгүй. Ажиллах хүч¬ний чадвар, яамны бүтцэд ч тодорхой арга хэмжээ авах шаардлагатай байна.

-Энэ салбарын сайд сайн менежмент хэрэгжүүлж чадах эсэхээс  их зүйл хамаарах байх. Цэргийн хүмүүс тушаал авсан л бол тэр дор нь хэрэгжүүлдэг гэж ойлгож байна. Сайдын тушаал биелэхгүй байна гэж ховор биз дээ. Тэгэхээр та л...

-Батлан хамгаалах яамны хувьд боловсон хүчний хангамж сайн. Олон залуус гадаадад бэлтгэгдсэн. Ямар ч салбартай харьцуулшгүй ахиц дэвшиц гарсан салбар. Үүнийг зөв ашиглаж, ахиц дэвшил гаргах нь миний үүрэг болж байна. Энэ салбарт хөрөнгө оруулалт хийнэ гээд мэдээж ашиг орлого хөөж, бизнес хийж болохгүй, нийгэмд тустай хөдөлмөр эрхлэх явдал ч байж болохгүй. Зориулалт нь цэргийн эрдэмд суралцах явдал учраас.
Ер нь зэвсэгт хүчнийг онцгой байдал, гамшгийн үед дайчилж, бүхнийг хийлгэж ирсэн ч асуудлыг шийдсэн нэр нь өөр газар, албан тушаалтнуудад оногдож ирсэн юм байна. Цэрэг бол цэргийн эрдэм, ур чадварт суралцаж, бэлэн байдалд бэлтгэгдсэн хүч байх ёстой болохоос биш хашаа хороо цэвэрлэдэг, өвс хадлан бэлтгэдэг, төмс ногоо хураадаг ажиллах хүч биш. Ийм байх юм бол хэн ч цэргийн албанд тэмүүлэхгүй, зэвсэгт хүчин, батлан хамгаалах гэдэг ямар ч нэр хүнд¬гүй болно. Мэргэжлийн хүмүүс миний зорьсон шинэчлэлийг дэмжиж байгаад би маш их баяртай байгаа.

ШИНЭ МЭДЭЭ