2010.10.18
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Залуус сэтгэлийн дуудлагаараа цэргийн албандаа ирж байна

Өнгөрсөн бямба гаригт Нийслэлийн Сүхбаатар, Хан-Уул дүүргүүдийн цэрэг татлагын байдалтай УИХ, ЗГ-ын гишүүн Батлан хамгаалахын сайд Л.Болд, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав болон БХЯ,ЗХЖШ-ын удирдлагууд ирж танилцлаа. Нийслэлийн 31 дүгээр сургууль дээр явагдаж буй Сүхбаатар дүүргийн цэрэг татлагын байрны үүдэнд залуус нэг л юманд яарсан шинжтэй, эх орноо батлан хамгаалах эр цэргийн зарлан дуудах хуудсаа барьж дугаарлан зогсохыг харахад тэднээр бахархах, бодол төрж байлаа. Өнөөдөр цэргийн насны залуус эх орноо батлан хамгаалах эр цэргийнхээ албанд ингэж хошууран байгаа нь эх оронч үзлийг урлагаар дамжуулан нийгэмд хүргэж байгаагийн тод жишээ юм. Манай төр засгийн удирдлагууд Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт л Монгол Улсын хөгжлийн энэ тэргүүний ажил гэж бужигналдаж байснаас биш нийгмийн сэтгэлзүйд эх оронч үзэл төлөвшүүлэх ажлыг бодолгүй ирж, гэтэл одоогоос есөн сар гарны өмнө Батлан хамгаалах яам, Монголын үндэсний олон нийтийн телевизтэй хамтран ажиллах гэрээгээ сунгах уулзалтын тэр богино агшинд Сайд Л.Болд соёл урлагаар дамжуулж өнөөдрийн энэ шинэчлэгдсэн зэвсэгт хүчний үйл ажиллагаа, жагсаалын бор цэргүүдийн амьдралыг харуулья хэмээн, уран бүтээлийн анхны санааг сэдсэнээр "Тусгай салаа" Монголын олон ангит уран сайхны киног бүтээх ажил эхэлжээ.

Дээхэн үеийн цэргийн насны залуус "Суварган цэнхэр уулс" киног үзэж цэргээс халагдаж ирсэн ах нарынхаа "Зүүн баянгийн" гэж ярих яриаг сонсон, цэргийн хувцас дэглэн өмссөн зургийг нь харж армийг төсөөлдөг байсан бол нийгмийн тогтолцооны шилжилт өөрчлөлтийн үеийн залуус нуран унаж буй армиа харж тураалын гэх хэдэн цэргээр эх орноо хамгаалж буй цэргүүдээ төсөөлж ирсэн цаг саяхан. Гэтэл одоо орчин үеийн шинэчлэгдсэн зэвсэгт хүчний дайчин уламжлалтай цэрэг эрсийн өнөөдрийн амьдралыг эх бид бүгд цэнхэр дэлгэцийнхээ өмнө шимтэн үзэж сууна.

Хүүхэд залууст эх оронч үзэл, улс орноо хайрлан хамгаалах итгэл үнэмшил төрж, цэргийнхээ албанд ийнхүү хошууран байгаа нь шинэчлэгдсэн зэвсэгт хүчний амьдралыг кино урлагаар дамжуулан хүргэж байгаагийн үр дүн юм. Батлан хамгаалахын сайд Л.Болд, Сүхбаатар дүүргийн цэрэг татлагын ажилтай танилцах явцдаа "Залуус маань сэтгэлийнхээ дуудлагаар цэргийналбандаа ирж байна" гэлээ. Тэрээр нэгнийхээ үсийг хусан зогсох СБД-ийн XVIII хорооноос цэргийн албанд татагдаж буй Г.Цолмон-баатар, СБД-ийн III хорооноос цэргийн албанд татагдсан Д.Буян-Оргих нарын залуусаас цэргийн албанд ирлээ сэтгэгдэл ямар байна, гэж асуухад тэд сэтгэл маш өндөр байна, Дотоодын цэргийн 05 дугаар ангид хувиарлагдсан хэмээн хариулж буй генералын мөрдөс халааслан суугаа эдгээр залуусаас ирээдүйн цэргийн дарга нар төрөн гарах нь дамжиггүй юм.

 Нийслэлийн хэмжээнд цэрэг татлагын ажил хяналтын тоогоо зуун хувь биелүүлж байгаа ч залуус маань эрүүл мэндээрээ цэргийн албанд тэнцэхгүй байна.Түүний дотор нүдний хараагаар тэнцэхгүй байх нь компьютерийн ард удаан сууж хараагаа муутгаж байгаатай холбоотой байх. Залуус эрүүл мэндээр тэнцээгүй ч цэргийн алба хаамаар байна, тэнцүүлчих л дээ хэмээн комиссын эмч нарыг багагүй сандаргаж байгаа бололтой. Мөн албандаа тэнцэж анги ангидаа хувиарлагдахаар хүлээн суугаа залуусын дунд мэргэн буудагч эмэгтэй цэргийн ахлагчтай ангид л оччихмоор байна гэсэн хөгжилтэй яриа өрнөж байлаа Эзэн Чингисийн халуун цус судсаар нь урсаж буй энэ залуус Монголын зэвсэгт хүчний сүр хүч болон эх орноо хамгаалахаар хүлгийн дөрөө залж байна.

 

ШИНЭ МЭДЭЭ