Л.Болд: Давхар иргэншлийг Монгол Улс хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй
Монгол Улсын Их Хурлын Гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд
2012.12.10
Гадаад харилцаа

Л.Болд: Давхар иргэншлийг Монгол Улс хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын  гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд Ирланд улсын Дублин хотод айлчилсан юм. Айлчлалынхаа үеэр тус улсад ажиллаж, амьдардаг монгол  иргэдтэйгээ уулзаж, сонирхсон асуултад нь хариулсан. Түүнтэй уулзаж зарим асуултад хариулт авлаа.

-Дублин хотод зочилж, энэ улсад ажиллаж амьдарч байгаа иргэдтэй уулзсанд баярлалаа. Таны зорьсон хэрэг бүтэв үү? 
-Ирланд улс Европын аюул­­гүй байдал, хамтын ажил­лагааны байгууллагыг энэ жил тэргүүлж байгаа. Иймээс жил болгоны эцэст бол­дог уг байгууллагын сайд нарын зөвлөлийн хур­лыг зо­хион байгуулан, даргалж бай­на. Харин Монгол Ул­сын хувьд онцлогтой жил бол­лоо. Бид сүүлийн арав гаруй жил энэ байгууллагын бүрэн эрхт гишүүн болохоор хөөцөлдөж ирсэн. Ингээд энэ байгууллагын бүрэн эрхт гишүүн  нь болж санасан хэргээ бүтээлээ.
Монгол Улс аюул­гүй байдал, тус­гаар тогтнолоо батал­гаажуулах чиглэлээр бүс нутгийн энэ бай­гууллагад бүрэн эрхт  гишүүнээр элсч, ху­ралд гишүүний хувиар оролцож, олон талын болон хоёр талын уулзалт хийсэн.
-Ирланд улсад мон­голчууд олноороо ажил­лаж, амьдардаг. Үүнтэй хол­богдуулан давхар ир­гэнш­лийн асуудал гарч байна. Бид хоёр иргэншилтэй байх бо­ломжтой юу?
-Энэ улсад монголчууд олноороо амьдардаг тул Монгол Улсын гадаад бодлогын хувьд тэр­гүүлэх эгнээнд багтах, гурав дахь хөршийн хэмжээнд анхаа­рал хандуулах улс.
Ир­ландын Гадаад харилцааны сайд болон бусад албаны хүмүүстэй  уулзаж харилцаа, хамтын ажиллагааны хөгж­лийн  талаар олон  санал тохирсон.
Давхар иргэншлийн хувьд Монгол Улсад үйлчилж буй хууль тогтоомжийн дагуу ямар ч бололцоогүй. Гэхдээ Монгол иргэдээс төрсөн ч гадаадын иргэн болсон хүүхдүүд, гадаадын иргэн болсон монголчууд дуртай үедээ эх орондоо чөлөөтэй зорчих,  ажиллах, хөрөнгө оруулах, хуулиар олгогдсон эрхээ эдлэх бололцоог олгосон ногоон картны систем нэвтрүүлэх хууль эрх зүйн баримт бичиг боловсруулахаар ажиллаж байна. Давхар иргэншил  Монгол Улсын хувьд хэзээ ч хүлээн зөвшөөрөгдөхгүй.
-Яагаад?
-Бид геополитикийн хувьд хоёр их хөрштэй. Монгол Улс хүн ам цөөн, баялаг ихтэй. Давхар иргэншлийг Америк шиг их гүрнүүд, эсвэл европ шиг хөгжил, соёл төстэй, хөрш зэргэлдээ оршдог, жижиг улсууд хүлээн зөвшөөрдөг. Монгол Улсын хувьд энэ нөхцөл байдал хэзээ ч өөрчлөгдөхгүй.
-Тэгвэл нөгөө талаас га­даад хүмүүс Монгол Улсын иргэн болох асуудал байна. Гадаад улсуудад ир­гэнээ болгох асуудал дээр тун нухацтай хан­дах юм. Ирланд улс гэхэд л өөрийн орны хүнтэй гэрлээд найман жил болсны дараа иргэншилтэй бол­гохыг зөвшөөрдөг. Монгол Улсын хувьд давхар иргэншилтэй байхаасаа илүү энэ асуудал богино хугацаанд шийдэгдээд байдаг юм биш үү? 
-Гадаад хүмүүс Монгол Улсын иргэн болоход шалгуур өндөртэй ч энэ асуудлыг бид авч үзэх ёстой. Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийгөө монгол гэж үзэж байгаа бүхнийг эх орондоо урьсан. Эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн үед тэднийг эх орныхоо хөг­жилд өөрийн хувь нэм­рээ оруулах, хамтран ажиллахыг бид хүсч байна. Тиймээс бусад орны тэргүүн туршлага дээр суурилж, хууль тогтоомжоо сайжруулах зайлшгүй шаард­лагатай байгаа.
-Ер нь хэдийнээс эхлэн хэрэгжих бол?
-Энэ бол байнгын үйл явц. Байнга л засч залруулж, шинэчлээд явна.
-Гадаадад амьдардаг иргэдийн харж байгаагаар Монгол Улсын гадаад бод­лого идэвхгүй, сул юм шиг санагддаг. Энэ тал дээр?
-Асуудал янз бүр л байсан. Яагаад өөрт чинь тэгж бодогдсон гэхээр гадаад бодлого нь улс төрийн, төрийн байгууллагын хүрээндээ нэ­лээн хязгаарлагдмал байсан хэрэг. Өнөөдөр энэ байдлыг бид задлаж өгч байна. Иргэдийн оролцоо, төлөөлөл, туслах талаасаа бодлогоо хэрэгжүүлэх юм бол иргэн хүн өөрөө гадаад бодлого нь болно. Түүнийгээ хэрэгжүүлэгч нь би өөрөө юм байна гэдгээ мэддэг болно гэсэн үг. Тэгэхээр иргэдийн гадаад бодлого идэвхгүй, үр дүнгүй гэсэн буруу ойлголт арилах ёстой.
-Олон жил гадаадад ажиллаж амьдарсан хүмүүс эх орондоо буцаж байна. Тэдний олонхи нь бусдын бичиг баримт ашиглаж хил давсан хүмүүс. Тийм хүмүүс буцаад Монголдоо очих гэхээр заавал танил талдаа хээл хахууль өгөх хэрэг гар­на. Хуулиараа зургаа хүр­тэл жил хорих ёстой бол­дог. Зүгээр л торгуулиа төлөөд очиж болохгүй юм уу?
-Иймэрхүү асуудал бий. Энэ мэт асуудлыг бидэнд мэдэгдэх хэрэгтэй. Үнэхээр шаардлагатай гэж үзвэл зохих хууль тогтоомжийг сайж­руулна. Иргэдээ хохироохгүй байх, тэднийгээ ойлгож, асууд­лыг шийдэх ёстой. Тиймээс та бүхэн бидэнд хандаарай. УИХ-аас 1990-2000 онд Монгол Улсдаа ажиллах бололцоогүй байсан иргэдийг ажилласан жилд нь тооцохоор хууль гаргасан. Энэ мэтчилэн иргэдээ аль болох хамгаалах, эрх ашгийг нь төлөөлөх чиглэлээр бид шийдвэр гарган ажиллана.
-Өнөөдөр Монгол Улсын дэл­хий нийт танин эхлэж байна. Эхлээд Чингис хаан гэж хүн бүр  мэдэж байна. Маш их баялагтай ч иргэд нь ядуу амьдардаг гэдэг. Ядуу гэдэг тодотгол  Монгол Улсын дүр төрх болчихоод байх шиг? 
-Бид өөрсдийгөө ядуу харагдуулж, гадаадаас зээл тусламж гуйгаад л, ядуу сэтгэлгээтэй байна. Бид үүнийгээ таягдан хаях ёстой. Монгол орон хамгийн баян, хамгийн агуу түүхтэй орон. Бид өнөөдөр дэлхийг оюун ухаан, мэдлэг, соёлоороо эзлэх ёстой. Үүний төлөө ард түмнээрээ хөдөлмөрлөж, өөрсдөөсөө шалтгаалах бүхнээ хиймээр байгаа юм. Энэ бол гадаад бодлогын нэг шинж. Иргэн бүр Элчин сайд байж байж , Монгол Улс дэлхий дахинд тэр л зохих байрандаа очно. Үүний төлөө “дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг” байж хамтарч ажиллах цаг болсон шүү гэж уриалмаар байна.

ШИНЭ МЭДЭЭ