Л.Болд: Монгол Улсын нэр хүндийг олон улсын тавцанд өргөсөн үйл явдал боллоо
УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд
2012.11.29
Гадаад харилцаа

Л.Болд: Монгол Улсын нэр хүндийг олон улсын тавцанд өргөсөн үйл явдал боллоо

Монгол Улсын санаачилсан Ардчиллын боловсролын дэмжих тухай тогтоолын төслийг НҮБ-ын Ерөнхий ассамблейн 67 дугаар чуулганаас дэмжжээ. Энэ талаар Гадаад харилцааны сайд Л.Болдоос тодрууллаа.


-НҮБ-ын 67 дугаар ассамблейгаас манай тогтоолыг дэмжсэн мэдээллийг та хэзээ хүлээж авав?
-Өнөөдөр Нью-Йоркоос мэдээлэл авлаа. Монгол Улсын санаачилсан Ардчиллын боловсролыг дэмжих тухай тогтоолын төслийг НҮБ-ын Ерөнхий ассамблейн 67 дугаар чуулганаас дэмжин баталжээ. Энэ бол Монгол Улсын хувьд сүүлийн 10 жилд НҮБ-аас дэмжүүлсэн анхны тогтоол юм.  Тийм учраас Монгол Улсын хувьд 10 жилийн томоохон амжилт гэж хэлж болно. Дээр нь Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг тэргүүлж байгаа.

Энэ хугацаандаа гаргасан гол санаачилга бол Ардчиллын боловсролыг дэмжих асуудал байлаа. Өнгөрсөн чуулган дээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр тунхаглуулаад, жилийн дотор энэ тогтоолыг батлан гаргасан нь Монгол Улсын нэр хүндийг олон улсын тавцанд өргөн, Монгол Улсын олон улсын идэвхтэй үйл ажиллагааг шинэ шатанд гаргаж тавьсан үйл явдал гэж хэлж болно.  

-Энэ тогтоолын гол агуулга нь юу вэ?
-Өнөөдөр бид ардчиллыг дэмжих, хөгжүүлэх, дэлгэрүүлэх, ардчилсан улс орнуудын эгнээг тэлэх том бодлого явуулж байгаа. Эцэст нь ардчиллыг хүлээн зөвшөөрөх, ардчиллын боловсролыг эзэмших нь чухал юм. НҮБ-ын чуулганаар тогтоол батлахаар Ерөнхий нарийн бичгийн дарга энэ асуудлаар байнга мэдээлэх болно.

Хоёр жил тутам энэ асуудлаар дахин тогтоол, шийдвэр гаргаж байх болно. Өөрөөр хэлбэл НҮБ-ын үндсэн үүрэг, байнгын анхааралд нь энэ тогтоол байх юм. Монгол Улсын хувьд энэ нь гадаад харилцаанд гарч байгаа томоохон амжилт гэж хэлж болно. 

ШИНЭ МЭДЭЭ