LOADING

Type to search

Онцлох Улс төр

Л.Болд: Би АН-аас урваагүй, С.Эрдэнэ гэдэг даргыг л хүлээн зөвшөөрөөгүй

Share

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, УИХ-ын гишүүн асан Л.Болдтой ярилцлаа.

-Тантай уулзалгүй удсан байна. Та УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиас хойш уншигчдын маань хувьд “ховор зочин” болжээ. Ярилцлагаа Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намтай холбоотой асуултаар эхэлье. Та бүхэн яагаад ямар ч чимээгүй, үйл ажиллагаа нь зогсонги байдалтай байна вэ?

-Ямар ч нам сонгуулиар л үйл ажиллагаа нь идэвхждэг шүү дээ. Бусад тохиолдолд тодорхой асуудал дээр л намын байр суурийг илэрхийлж, мэдэгдэл гаргадаг. Түүнээс биш нам ажиллаж байна гээд иргэдэд бэлэг, мөнгө тараагаад яваад байж болохгүй. Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам бол үйл ажиллагаагаа явуулж байгаа.

Орон нутгийн сонгуульд өөрсдийнхөө хэмжээнд амжилттай оролцсон. Бүх шатны сонгуульд нийтдээ 20 гаруй хүн Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намаас сонгогдлоо.

Хэдийгээр УИХ-д суудалгүй ч гэсэн төрд өөрийн гэсэн төлөөлөлтэй нам болсон байна. Манай нам Монголын улс төрд шударга ёсны хувьсгалаар төрсөн. Цаашдаа энэ үйл хэрэгтээ үнэнч, маш идэвхтэй байр сууриа илэрхийлсээр байх болно.

-Ойрын үед намын ямар ажил хүлээгдэж байна вэ?

-Хэд хоногоос намын Ерөнхий зөвлөлийн хуралтай. Цаг үе л хэцүү байна.

-Та халдвар, хөл хориог хэлж байна уу?

-Тийм ээ, манай намын хувьд цаг хугацаа тун харамсалтайгаар үйлчилж байна.

-Яагаад тэр вэ?

-Нам байгуулагдаад удаагүй байхад Монгол Улсад халдвар бүртгэгдсэн. Уг нь, нам маань бүх аймаг, суманд төлөөлөлтэй болсон. Бид өнгөрсөн хугацаанд Монгол Улсаа гурван удаа тойрсон байдаг.

Улс төрийн бүх шатанд төлөөлөлтэй маш хүчтэй улс төрийн хүчин гарч ирэнгүүт коронавирусний халдвар тархсан. Бидний бүх гар, хөлийг хүлчихсэн. Гэхдээ л цахим хэлбэрээр ажиллаж л байна.

-СОНГУУЛИЙН ӨМНӨ Ж.БАТЗАНДАН, Л.БОЛД ХОЁРЫГ УНАГАХ ЁСТОЙ ГЭЖ МАНАН-ГИЙН МАШ ТОМ МАШИН АЖИЛЛАСАН-

-Өнгөрсөн парламентын сонгуульд нэг ч суудал аваагүй. Жишээ нь, Ж.Батзандан та хоёрын тойрогтоо ялалт байгуулж чадаагүй шалтгааныг хэрхэн харж, дүгнэдэг вэ?

-Ерөөсөө л Ж.Батзандан, Л.Болд хоёрыг унагаах ёстой гэж МАНАН-гийн маш том машин ажилласан гэж боддог. Чи бод л доо. Жилийн өмнө буюу УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн өмнө хамгийн муу хүн нь Ж.Батзандан, Л.Болд л болсон биз дээ. Ард олонд тэгж ойлгуулж чадсан шүү дээ.

Нэгдүгээрт, бид хоёрыг Б.Содномдаржаа, Т.Чимгээ гэдэг хоёр алуурчинг дэмждэг, аймшигтай хүмүүс гэдэг ойлголтыг түгээсэн. Хоёрдугаарт, намайг АН-ыг унагасан гэдэг. Урвагч гэх мэтээр элдээр хэлж, дуудсан байдаг.

-Та намаасаа “урваагүй” гэж үү?

-Би УИХ-ын гишүүн гэж төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэгтэй үнэнч байсныхаа төлөө намаасаа хөөгдсөн. Би АН-аас урваагүй. С.Эрдэнэ гэдэг даргатай АН-ыг хүлээн зөвшөөрөөгүй. АН-ыг ялагдал, сүйрэлд хөтөлж байгаа С.Эрдэнийг эсэргүүцэж байсан. Өнөөдөр тэр хэвээрээ л байна шүү дээ.

-УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэтэй ямар харилцаатай байдаг вэ?

-Ямар ч харилцаа байхгүй. Хэрэв тухайн үед АН шинэчлэл хийж, С.Эрдэнийг буруу тийшээ авч явж байна, АН-ын ялалтад хүргэх дарга биш гэдгийг ярилцаад л шинэ даргаа сонгох байсан. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн өмнөхөн гурав хоногийн өмнө Р.Амаржаргалыг АН-ын даргад нэр дэвшүүлж байх жишээний.

Энэ чинь дэндүү оройтож байна шүү дээ. Ядаж сонгуулиас гурван сарын өмнө нэр дэвшүүлэх байсан юм. Тэгсэн бол би АН-даа эргэж орох байсан. АН-ыг ялалтад хүргэхийн төлөө бүхий л чадлаараа хичээх байсан гэж боддог. Гэтэл тэрний буруу нь өнөөдөр Ж.Батзандан, Л.Болд болсон байна. Өөр надад ямар дутагдал байна вэ, хэл дээ.

-МОНГОЛД АРДЧИЛСАН ҮЗЭЛТЭЙ 10 НАМ ХЭРЭГГҮЙ, ОРОН ЗАЙ Ч БАЙХГҮЙ-

-Ж.Батзанданг дагасан нь таны нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн юм биш үү. Магадгүй энэ нь танд сонгогчид саналаа өгөөгүй нэг шалтгаан байж ч мэдэх юм. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-Хэн нэгний нэр хүнд хэн нэгэнд нөлөөлсөн эсэх нь надад тийм  ч чухал биш. Ж.Батзанданг дагах биш юм. Хувьсгал хийсэн гэж ойлгох хэрэгтэй. Би ч гэсэн гудамжнаас л улс төрд хөл тавьж байсан. Би 1990 онд, Ж.Батзандан 2000 онд гудамжинд тэмцэж л гарч ирсэн.

Гэхдээ гудамжинд тэмцэх нь муу зүйл биш шүү дээ. Үнэхээр болохгүй байгаа зүйлийг эсэргүүцэж, тэмцлийг хөтөлж, өөрсдийнхөө амь насыг золиосолж л гарч ирсэн хүмүүс юм. Энд бид хоёрын бие биенээсээ шалтгаалах зүйлийг ярихыг хүсэхгүй байна. Харин бид хоёр яагаад УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд тойрогтоо ялалт байгуулж чадаагүй вэ гэдгийг л ярьж байна. Чамд хоёр гол шалтгаанаа хэллээ шүү дээ. Өөр зүйл байхгүй.

-Тэгвэл энэ сэдвийг сөхөхгүй. С.Эрдэнийг АН-ын даргын албан тушаалаа өгсөн цагт таныг намдаа буцаж очихыг үгүйсгэхгүй гэж ойлголоо. Хэзээ нэгэн цагт тийм үйл явдал болох болов уу?

-УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн өмнө бэлэн байсан. Түүнээс хойш маш анхааралтай ажиглаж байна. Өнөөдөр Монгол Улсад 10 ардчилсан үзэлтэй нам хэрэггүй, орон зай байхгүй. Нэг л ардчилсан хүчний орон зай бий.

Учир нь, нөгөө талд нэг л аймшигтай том нам бий. Тэр намтай энэ зэрэгцэх ганцхан ардчилсан хүчин байх ёстой. Энэ бүх нэгдэл, үйл явцад бол би хойшид оролцоход бэлэн байна.

-АН-ЫНХАН НАДАД ХАНДСАН, “БОДЬ” ЦАМХАГТ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР ОФФИС ТҮРЭЭСЭЛСЭН-

-УИХ-ын гишүүн Ц.Тувааны ард өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг байгаа гэж ярьдаг. Та Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байна. Дээр нь, намын байргүй болсон Ц.Тувааны талынхан танай “Бодь” цамхагт байрлаж байсан нь ямар учир, шалтгаантай юм. Та арай АН-ыг дотроо зөрчилдөж, хоёр хуваагдахад тодорхой үүрэг гүйцэтгэсэн юм биш биз дээ. Ерөнхийлөгч Х.Баттулга та хоёрыг нийлж АН-ыг хуваах ажиллагааг зохион байгуулсан гэж зарим нь ярьдаг юм билээ?

-Тийм зүйл байхгүй. Талбайн зүүн талд 1990 оны хувьсгалын үр дүнд АН нээх гоё шилэн байшинтай байлаа. Тэрийг МАНАН-гийнхан булаагаад авчихсан, одоо нүх болгоод хаячихсан. Хэрэв АН орох оронтой болчих юм бол улс төрд байр сууриа хадгалаад явна. Үүнийг өнөөдөр хүчгүй байлгах, үгүй хийх том хуувилдаан 1990 оноос хойш л үргэлжилж байна шүү дээ.

Учир нь, ардчилсан үзлийг тээгчид нийгмийг шударга, зөв зүйлд чиглүүлж, авч явдаг. Ард түмний үгийг төрд аваачдаг, сонсгодог гүүр. Энэ агуулгыг байхгүй болгох гэж нүдэн дээр байшинг маань үгүй хийсэн юм.

Харин над дээр АН-ынхан ирсэн. Ирэхээсээ өмнө талбайн энэ хавийн бүх байшингаар байр түрээслэх гэж явсан юм билээ. Нэгдүгээрт, үнэтэй. Хоёрдугаарт, таарах хэмжээний талбай алга гэж хэлсэн. Тэгээд надад хандсан байдаг. Би “Бодь” цамхагийн удирдлагуудтай ярьж өгсөн.

Тодорхой хөнгөлөлтэй үнээр түрээслүүлж, дэмжлэг үзүүлсэн. Түүнээс бүх зүйл түрээслэгч, түрээслүүлэгчийн зарчмаар хууль ёсоор л явагдсан. Дараа нь нам өрөө шинэ даргатай болж, дахин түрээслэх шаардлага байхгүй гэж хэлсэн. Тэгээд л явчихсан.

-Танд тэдэнд туслах ямар шалтгаан байв?

-Би бол АН-д анхнаас нь хамт явж ирсэн. Энэ ч утгаараа энэ нам цаашид ч гэсэн оршин тогтноосой гэж хүсдэг. Тиймдээ ч өөрийнхөө зүгээс чадах бүхнээрээ л дэмжсэн. Өөр зүйл байхгүй. Өнөөдөр би улс төрөөс гарчихсан. Гарсан гэдгээ ч сонгуулийн дараахан зарласан.

-АН-ЫН ХАГАРАЛ БОЛ ГАДНЫН ЗАХИАЛГАТАЙ, ТОМ ХУУВИЛДААН-

-Та АН-ын хагарал, дотоод маргааныг хөндлөнгөөс харж сууна. Юу “уншигдаж” байх юм бэ?

-Энэ бол гаднын захиалгатай. Монголын ардчилалыг муухай харагдуулах, хүчгүй болгох, байлгах том хуувилдаан л явагдаж байна. Илүү өргөжиж байна.

Өмнө нь 1992 онд ингэсэн, 2000 онд ч адилхан. Өнөөдөр өргөжиж байна. Гэхдээ нөгөө талаараа энэ бол сорилт юм. Үүнийг давж гарч байж л улс төрийн хүчин гэж хэлэх эрхтэйгээ л үлдэнэ л дээ.

-Тантай уулзсаных нэг зүйлийг асуулгүй өнгөрч болохгүй. Өнгөрсөн долоо хоногт төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг батлан даалтад гаргаж, сулаллаа шүү дээ?

-Нуулгүй хэлэхэд, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам бий болсон хөдөлгөөний үр дүнд л Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг батлан даалтад гаргаж, сулалсан. Энэ залуус хүний эрхээ эдэлж байна. Шинэ цаг үеийн хувьсгал тэмцлийн л үр дүн гэж бодож байна.

-Б.СОДНОМДАРЖАА, Т.ЧИМГЭЭ НАРЫГ СУЛЛАЖ, МОНГОЛ УЛС ЗӨВ ЗАМДАА ОРЖ БАЙНА-

-Өмнөх парламентад талийгаач С.Зоригийн хэргийг шалгах Түр хороог байгуулж, ажилласан. Дээр нь, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Ж.Батзандан та хоёр Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллахыг шаардаж, байр сууриа парламентын индрээс хүчтэй илэрхийлдэг байсан. Өнөөдөр Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг батлан даалтад гаргаж, сулласан нь та бүхний байр суурь, Түр хорооны ажлын үр дүн гэж харж болох уу?

-Энэ хэрэг дээр өмнөх парламентад Түр хороо байгуулж, ажиллаж байсан. Маш их эргэлзээ байсан. Б.Булганы асуудал байна. Хохирогчийн ар гэр болох С.Оюун, С.Баярын байр суурь байна. Олон улсын Парламентын холбооноос гурван ч удаа Ажлын хэсэг ирж ажилласан шүү дээ.

Олон талаас нь мэдээлэл авч, Олон улсын парламентын холбооны хурал болгоноос Т.Чимгээ, Б.Содномдаржаагийн асуудлаар тодорхой шийдвэрийг гаргаж байсан. Хүн хэлмэгдүүлж байна, буруу хүмүүст ял оноосон байх магадлал өндөр байна гэдэг санал, зөвлөмж, тогтоолыг ирүүлж байсан байдаг.

Эхлээд бид Ажлын хэсэг байгуулсан, үр дүнд хүрээгүй. Сүүлд улс төрийн хэд, хэдэн хурц тэмцлийн үр дүнд УИХ-аас Түр хороог байгуулсан. Түр хороо нь эл хэргийг ил болгох тал дээр ажиллаж, хорих ангид Т.Чимгээ болон Б.Содномдаржаа нартай олон удаа очиж уулзсан. Олон улсын парламентын холбооны хуралд ч хэд, хэд оролцсон байдаг. Энэ талаар Түр хороо өөрийнхөө зүгээс шаардлагатай бүх тогтоол, шийдвэрээ гаргасан. Ил болсон асуудлыг нь хүний эрхийн талаас нь гаргаж тавьсан. Эрүү шүүлийн асуудал дээр байр сууриа тодорхой илэрхийлсэн.

Олон нийтэд бодит мэдээлэл, бичлэг зэргийг дэлгэж тавьсан. Энэ мэт олон арга хэмжээг авч, үр дүнтэй ажилласан гэж бодож байна. Энэ бүхний гол бай нь Ж.Батзандан бид хоёр болж байсан л даа. Дээр нь тодорхой байр сууриа илэрхийлж байсан ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж ч бай нь болсон байх. Үр дүнд нь бид гурав гурвуулаа УИХ-д сонгогдож чадаагүй. Биднийг унагах, УИХ-д гаргахгүй байх тал дээр маш том машин ажилласан, ажиллагаа явагдсан шүү дээ. Маш их мөнгө зарсан байдаг.

Хэдий тийм ч Монгол Улс зөв замдаа орж байна. Ямар ч байсан энэ хүмүүсийн эрх ашгийг бодитойгоор харж үзэж, албан ёсны шүүхийн шийдвэр гарч тэднийг батлан даалтад сулаллаа. Өмнө гарсан шүүхийн шийдвэрүүдийг хүчингүй болгосон байна. Одоо дараагийн үйл явцыг маш анхааралтай ажиглаж байна.

-АЛУУРЧДЫГ СУЛАЛЛАА ГЭДЭГ МАШ ТОМ ХАР МЭДЭЭЛЭЛ ЯВЖ  БАЙНА, ТЭДНИЙ НЭР ТӨРИЙГ ЯАРАЛТАЙ ЦЭВЭРЛЭХ ХЭРЭГТЭЙ-

-Гэхдээ Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг цагаатгаагүй. Өөрөөр хэлбэл, тэднийг алуурчин биш гэж үзэх нь өрөөсгөл. Шүүхээс эрүүдэн шүүсэн нь тогтоогдсон тул хэргийн дахин шалгах шийдвэрийг гаргаж, батлан даалтад түр гаргасан гэж ойлгож байна. Гэтэл та бүхэн тэр хоёр ямар ч гэмгүй, цагаатгаж суллах хэрэгтэй гэж үздэг байсан шүү дээ?

-Энэ хүмүүс хэлмэгдсэн, сулла, цагаатга гэсэн байр суурийг илэрхийлж, асуудлыг тавьж ирсэн. Ямар ч хуулийн гаргалгаа байгаагүй, бүх гар хөл хүлээтэй. Зүгээр л тоглоом хийгээд л дуусашгүй үйл явц үргэлжилж байсан л даа. Энэ янзаараа гурав, дөрвөн жил чулуу хөөлгөсөн байдаг.

Өнөөдөр бол байгаа тэр хуулийн жижигхэн заадсаар шийдлээ. Гэтэл бас л алуурчдыг сулалчихлаа гэдэг маш том хар мэдээлэл явж л байна.

Дээр нь, энэ хүмүүсийг амиа хорлочих вий гэдэг мессеж хүртэл явж байна. Энэ бүхэнд хууль, хяналтынхан маш анхааралтай байх хэрэгтэй. Тэр мөрдөн шалгах ажиллагааг нь дахин яаралтай хийж, тэдний нэр төрийг цэвэрлэх хэрэгтэй.

-Та сонссон л байх, үзсэн л байх. ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж болон Хотын дарга асан Э.Бат-Үүл хоёрын мэдэгдэл, тайлбарыг хэлж байна л даа. Хэргийн “захиалагч”-тай холбоотой асуудлыг хөндөж, нэг нэгнээ холбоотой байж болзошгүй гэх утга бүхий мэдээллийг өгсөн байдаг. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Ямар нэгэн захиалагчийг зарласан гэж үзэхгүй байна. Учир нь, энэ Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёр чинь алуурчин биш байхгүй юу. Энэ хоёр алаагүй болохоор захиалга өгсөн хүн байхгүй. Өнөөдрийг хүртэл захиалагч нь гарч ирсэнгүй, олж чадсангүй.

Ер нь, энэ хэрэг ил болохоор яагаад захиалагч гэдэг ор үндэслэлгүй мэдээлэл яваад байдаг нь аяндаа тодорхой болно. Улс төрийн богинохон тоглолт л явж байна гэж харж байна.

-Ц.Нямдорж, Э.Бат-Үүл нар аллагын захиалагчтай холбоотой байх үндэслэл бий юу?

-Ямар нэгэн захиалагч байх үндэслэл байхгүй. Тэрийг төсөөлөх ч үгүй байна. Гагцхүү энэ хоёр алуурчин биш учраас захиалагч гэж байхгүй. Үнэхээр Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёр хэлмэгдсэн учраас цаана нь захиалагч байх ямар ч үндэслэл байхгүй.

Гэхдээ Ц.Нямдорж сайд, Э.Бат-Үүл хоёр ямар утгаараа нэгийгээ тэгж хэлснийг мэдэхгүй байна.

-ТЭД ХҮСВЭЛ Т.ЧИМГЭЭ, Б.СОДНОМДАРЖАА НАРТАЙ УУЛЗАХАД БЭЛЭН-

-Ингэхэд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар суллагдсанаасаа хойш тантай холбоо барьсан уу?

-Үгүй. Хамгийн сүүлд Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат талбай дээр өлсгөлөн зарлаж байхад нь уулзсан. Одоо бол юун хуучин Түр хорооны гишүүдтэй холбогдох, хүн амьтантай уулзах байгаа байлгүй дээ. Гэхдээ шаардлагатай бол уулзахад бэлэн.

-Та УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайдаар ажиллаж байсан. Энэ тохиолдолд төр иргэнийхээ амь нас, эрүүл мэндийг хэрхэн хамгаалдаг юм бэ. Өөрөөр хэлбэл, Б.Содномдаржаа болон Т.Чимгээ нарыг батлан даалтад байх хугацаанд нь амь насанд нь халдахыг үгүйсгэхгүй шүү дээ?

-Өмнө Тахарын алба гэж байсан. Байхгүй болгочихсон. Одоо бол хууль, хяналтынхан л анхааралдаа авах хэрэгтэй. Би хувь иргэнийхээ талаасаа байнга дэмжлэг үзүүлж ирсэн, цаашид ч үзүүлнэ. Хийж чадах зүйлээ л хийнэ.

Цаашид Монгол Улсад ийм аймшигтай хэлмэгдэлт хэзээ ч гаргуулахгүй байхын төлөө тэмцэж, ажиллах болно.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *