Л.Болд: Ардчиллаас ухарсан хамгийн том ухралт, аюултай үзэгдэл явагдаж байна
2021.01.27
Улстөр

Л.Болд: Ардчиллаас ухарсан хамгийн том ухралт, аюултай үзэгдэл явагдаж байна

Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалахын бодлогын зөвлөх Л.Болдтой ярилцлаа.

-Дэлхий нийтээр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байданы тангараг өргөх асуудалд анхаарлаа хандуулсан. Жо Байден Монгол Улсад айлчилж байсан АНУ-ын хоёр дэд Ерөнхийлөгчийн нэг. Та тухайн үед Монголд айлчлахад нь уулзаж байсан. Монгол, Америкийн харилцаа Жо Байден Ерөнхийлөгчийн үед яаж хөгжих вэ?

-Тухайн үед би Батлан хамгаалахын сайдын хувиар Жо Байден Дэд ерөнхийлөгчийн айлчлалыг зохион байгуулах ажилд оролцож байсан. Дэд ерөнхийлөгчийн айлчлалд зориулж бэсрэг наадам зохион байгуулж, Монголынхоо өв соёлын уламжлалыг сонирхуулж байлаа. Ер нь их энгийн бөгөөд нээлттэй харилцаатай, улс төрийн том бодлоготон, туршлагатай улстөрч гэж хардаг. Монголын талаар маш сайн ойлголттой, Монголын сайн анд нөхөр гэж хэлж болно. Одоо АНУ-ын бодлого ч нэлээн өөрчлөгдөнө.

Ерөнхийлөгч Дональд Трампын үед АНУ-ын эрх ашгийг нэн тэргүүнд тавьсан шинэ бодлого явуулж байсан бол Жо Байден Ерөнхийлөгчийн үед АНУ-ын уламжлалт гадаад бодлогыг сэргээх болов уу. Энэ өнцгөөс харвал АНУ-ын зүгээс олон улсын тавцанд тэр тусмаа төв Ази дахь бодлогоо өмнөхөөсөө мэдэгдэхүйц идэвхжүүлсэн, манай хоёр улсын хувьд харилцан бие биеэ хүндэтгэсэн, хамтын ажиллагаагаа өргөжүүлсэн харилцаа болох болов уу.

-Мөн та АНУ-ын Конгрессийн танхимын даргаар дөрөв дэх удаагаа сонгогдож байгаа Нэнси Пелоситэй уулзаж байсан. Хоёр орны харилцааг хөгжүүлэх чиглэлээр ямар асуудлаар санал солилцож байсан бэ?

-УИХ-ын гишүүн байхдаа Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоситэй уулзаж байсан. Олон жил төрийн удирдлагад байгаа, парламентын даргаар дөрөв дэх удаагаа сонгогдож байгаа нэр хүндтэй, нөлөө бүхий улстөрчдийн нэг. Миний хувьд Монгол-Америкийн харилцааг хөгжүүлэх, ялангуяа парламентын харилцааг хөгжүүлэх чиглэлээр уулзалт хийж байлаа. Бидний яриа хэлэлцээр үр дүнтэй, амжилттай болж байсан. Хатагтай Нэнси Пелоси өөрөө ч Монголтой холбоотой аливаа асуудалд ямагт анхаарал тавьж, дэмжинэ гэсэн байр сууриа илэрхийлж байв. Тэгэхээр Америкийн төрийн нэгдүгээр хүн болох Ерөнхийлөгч, хоёрдугаар хүн болох парламентын дарга аль аль нь Монголыг мэддэг, Монголыг хүндэлдэг, бидэнтэй хамтран ажиллах эрмэлзэл төгс хүмүүс байгаа учраас миний хувьд манай хоёр орны харилцааг маш өөдрөгөөр харж байна.

-Ойрын үед улс төрд томоохон үйл явдлууд өрнөж байна. У.Хүрэлсүх Ерөнхий сайд огцорчихлоо, Ерөнхийлөгч анхаарал татсан мэдэгдэл хийлээ. Таны хувьд ямар байр суурьтай байна?

-Ерөнхийлөгчийн хэлсэн үгтэй санал нийцэж байна. Яагаад гэвэл Монгол Улс 1990 оноос хойш ардчилсан эрх чөлөөт улс болсон, тиймээс иргэд Сүхбаатарын талбай, гудамж талбайдаа гарч жагсаж, үзэл бодлоо төр засагт хүргэх нь ердийн үзэгдэл. Энэ хүнд үед засаглалын хямралд хүргэж байгааг яавч ухаалаг алхам гэж харахгүй байна.

Тэр тусмаа У.Хүрэлсүх сайд өөрөө ч гудамжинд тэмцэл хийж гарч байсан, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө хангалттай эдэлж байсан. 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр У.Хүрэлсүх Ерөнхий сайдад ард түмэн итгэж, намыг нь үнэмлэхүй олонхи болгож өгсөн. Ард түмний энэ итгэл дээр боссон засгаа унагаж байгаа нь нөгөө 2020 оны иргэдийн сонголтыг өөрөө хүчингүй болгож байна гэсэн үг. Тэгэхээр нэгэнт сонголтоосоо ухарч, ард түмний сонголтыг хүндлэхгүй болсон Их хурал цаашдаа яах ёстой вэ гэдэг талаар ард иргэдийн дунд санал асуулга зохион байгуулах ёстой. Их хурлын хувь заяаг нэг тийш нь шийдэх тийм цаг үе зайлшгүй ирлээ гэж би харж байна.

-Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд боллоо, шударга 5 гишүүний нэг гэгддэг?

-Засгийн газар огцорсон, Ерөнхийлөгч “төрийн эргэлт” боллоо гэж мэдэгдэж байгаагийн цаад учир шалтгаан ойрын үед тодорхой болох байх. МАН өнөөдөр нийгэмд нэр хүндтэй байгаа, шударга ёсны төлөө өнгөрсөн хоёр жил бидний хамт тэмцэл хийсэн залуу хүнийг Ерөнхий сайдаар нэр дэвшүүлж байгаа зөв үйлдэл. Энэ хүнд цаг үед өөр сонголт ч угаасаа байхгүй гэдгийг цаг хугацаа харуулах байх.

-Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумьж, хязгаар­ласан хууль, тогтоомжууд гаргачихлаа. Ерөнхийлөгч ч зөрөөд хориг тавьж байна?

-1990 оны ардчилсан хувьсгалын үр дүнд ард түмэн, улс төрийн бүх хүчнүүд зөвшилцөж, Монголд зах зээлийн эдийн засагтай, эрх чөлөөт нийгэм бий болгох томоохон нийгмийн гэрээ байгуулсан. Энэ бол 1992 онд баталсан ардчилсан Үндсэн хууль юм. Энэхүү эцэг хуулиндаа нэмэлт, өөрчлөлт оруулсныг далимдуулан Монголын улс төрийн тогтолцоог буруу тийш хөмрөх хуйвалдааны улс төр явагдаж байгааг сүүлийн үеийн гарч буй хуулиас харагдаж байна.

Бүх ард түмнээс сонгогддог Ерөнхийлөгч бол ард түмний хамгийн дээд төлөөлөл, ард түмэн өөрөө гэсэн үг. Ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийг ямар ч эрх мэдэлгүй болгох гэсэн үйлдэл нь өөрөө Үндсэн хуулийн эсрэг үйлдэл бөгөөд цаг хугацааны шалгуур даахгүй. Тухайлбал, дэлхий нийтэд авлигатай тэмцэх олон улсын гэрээ, томоохон хөтөлбөр, конвенцууд үйлчилж байгаа. Энэ бүх л гэрээ, конвенцуудад Авлигатай тэмцэх газрын бие даасан нөхцөл байдлыг хангах ёстой гэж заасан байдаг. Бие даасан нөхцөл байдлыг хангах баталгаа ямар нэгэн санхүүгийн шийдвэр гаргадаггүй тухайн улсын Ерөнхийлөгчийн институци байдаг. Ерөнхийлөгчийн томилдог ямар ч албан тушаалтан авлигын хэргийн эзэн болдоггүй ийм тогтолцоотой байх ёстой. Манай улсад ч гэсэн АТГ-ын бие даасан байдлыг хангахын тулд Ерөнхийлөгчөөс санал болгодог. Гэтэл хуулийг хулгайн журмаар өөрчилж, АТГ-ын бүх удирдлагыг Ерөнхий сайд, эрх баригч намын дарга томилдог болгож байна. Энэ бол холын хараагүй, явуургүй асуудал. Мэдээж Ерөнхийлөгчөөс хориг тавьж байна. Одоо хоригийг парламентаар хэлэлцэх үед ард түмэн юу болж байгааг илүү тодорхой олж мэдэх байхаа.

Энэ дашрамд бас нэг том хуулийн ухралт явагдаж байгааг дурдахгүй байж болохгүй нь. Монгол Улс бол ардчилсан улс. Жинхэнэ ардчилал хаана байх ёстой вэ. Хороо, сум, багууд дээр иргэдийн амьдралын амин чухал асуудлуудыг иргэдийн өөрсдийнх нь шууд оролцоотой шийдвэрлэх орон нутгийн ардчилал нь Үндсэн хуулийн амин сүнс. Гэтэл үүнийг зөрчөөд Засаг захиргааны хууль гаргаж байгаа нэр дор аймаг сумын удирдлагууд, орон нутгийн удирдлага, Засаг дарга нарыг Ерөнхий сайдын шууд хараат болгож байна. Ерөнхий сайд хэрэв өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэж үзвэл тухайн орон нутгийн удирдлагыг шууд огцруулж, иргэдийн төлөөлөгчдийн хурлыг нь тараах эрхийг өгч байна. Ардчилсан улсад ийм юм байж болох уу?
Явж явж ардчиллаас ухарсан хамгийн том ухралт, аюултай үзэгдэл энэ байх болно. Монголын өргөн уудам газар нутаг орон нутгийн засаг захиргаатай байж эзэнтэй болдог. Гэтэл бүгд дээрээс хараат, амьгүй албат тавиулууд, аялдан дагалдагчид болчихвол социализмын үеэс ямар ялгаа байна. Их хурлын гишүүд орон нутагтаа томилолтоор ажиллаж, ард түмнээсээ үг сонсоод энэ хуулиа өөрчлөх байх, хоригийг хүлээж авах гэж найдаж байна.

-Мөн Шүүхийн тухай хуулийг баталсан. Энэ хуулиар цагаан захтай гэж нэрлэгддэг авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүс суллагдаад эхэлсэн гэж байгаа. Ийм асуудал байгаа юм уу?

-Шүүх засаглалын бие даасан байдлыг бүрмөсөн байхгүй болгочихлоо. Эрх баригч нам шүүгч нарыг томилдог болно гээд төсөөлдөө. Бидний яриад байдаг шударга ёсны хувьсгал гэдэг нь шүүх засаглал ажиллахгүй байна, шүүх засаглал шударга бус байна, хонгил үүсч байна, гэмгүй хүмүүсийг шүүж байна, гэмтэй албан тушаалтан, цагаан захтнууд хуулийн дээр амьдарч байна гэж эсэргүүцсэн ийм л хувьсгал байсан. Энэ хувьсгал жинхэнэ зорилгодоо хүрэхэд өнөөдрийн эрх баригчдын өөрчилж байгаа хуулийн зохицуулалт маш том ухралтыг авчирна. Тиймээс Ерөнхийлөгчийн зүгээс тавигдаж байгаа хоригийг нам харгалзахгүйгээр УИХ дахин нэг нухацтай үзэж, зөв шийдвэр гаргах хэрэгтэй.

2021 оны нэгдүгээр сарын 26. Мягмар. №008 (5413)

ШИНЭ МЭДЭЭ