Лу.Болдын гавъяа
2020.06.17
Улстөр

Лу.Болдын гавъяа

1996-2000 онд УИХ-д олонхи болсон Ардчилсан Холбоо Эвслийн 3 засгийн газрыг Н.Энхбаяраар толгойлуулсан МАХН элдэв арга хэрэглэн унагааж дөнгөсөн юм.

Энэ самрааны хамгийн том хохирогч нь Монголын ард түмэн, Монголын ардчилал болсон бөгөөд улс төрийн халаа сэлгээ, хуйвалдаан тэмцэлдээний золиосонд УИХ гишүүн С.Зориг амь үрэгдэж, Хууль зүйн сайд асан С.Батчулууны амь хохирсон эмгэнэлт үйл явдлууд хөвөрч, өнөөгийн нийгмийг бүхэлд нь атган хянаад байгаа НАХЯ-ны хойд дүрүүд хүчийг авах нөхцөл тэр үед бий болсон билээ. Байгуулагдаад хэдхэн сарын нүүр үзэж байсан Ардчилсан Холбоо Эвслийн 4 дэх ЗГ болох Р.Амаржаргалын ЗГ-г  1999 оны өвөл унагаах боломж байна хэмээн намынхан нь хорхойсон хэлэхэд тэр үеийн МАХН-н ЕНБД агсан Л.Энэбиш УИХ дахь нөхөддөө хандан “Та нар ард түмнээ бод л доо” хэмээснээр Р.Амаржаргал нэг жил засаглаад халаагаа Н.Энхбаярт өгсөн түүхийг өнөөгийн олон шинэхэн сонгогч бараг мэдэхгүй байх. 

Хэрэв та нарын ой санамж хэвээрээ байгаа бол өнөөдөр АН-ы нэр дэвшигчдийн бараг роль модель нь болж, Сэлэнгийн сэмбэгэр уба гэгдэж байгаа С.Баярцогтыг 2016 оны сонгуулиар битгий сонгоорой хэмээн АН-ыхан бөөнөөрөө уриалан орилж байсан нь саяхан. Ингэхдээ өөрсдөө Баярцогтоос илүү гоё харагдан сонгогдоно хэмээн найдацгаасан ч санаархал нь талаар болсон билээ. Өнөөдөр АН удирдлагууд өчигдрийн бөөлжис Баярцогтыгоо долоож түүний авчирч магадгүй суудлыг өөрсдийг нь эрх мэдэлд хүргэх гишгүүр хэмээн харж цээжний хонжоо хийн сууна.

Яг одоогийн байдлаар АН-хан С.Баярцогтод хэрэглэж байсан мөн л аргаа давтан Лу.Болд хэмээх ардчилалын анхдагч руугаа бөөн бөөндөө дайрч байна. Түүн шиг муу хүн алга. Тэдний хэлж байгаагаа Лу.Болдын гол нүгэл нь Хүрэлсүхийн Засгийн Газрыг авч үлдэх талд кнопоо дарж Хүрэлсүхд МАНАН-тай үзэлцэх боломж олгосон явдал байлаа. Лу.Болдыг өөрөөр миалах боломж тэдэнд тун ховор. Ямар 90 оны партизан, эдийн засгийн реформуудыг гардан гүйцэтгэгчийг нэг, хүний эрхийн төлөө тэмцэгч, гадаад харилцааг сайжруулагч гэж муулж миалалтай биш. 

Болд яагаад Ардчилсан намынхандаа гадуурхагдах болов?

Үйл явдал ингэж эхэлсэн юм. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар жилийн өмнө ил болоод байсан МАН дарга М.Энхболдын холбогдсон 60 тэрбумын хэрэг гэх хэргийн дуулиан оргилдоо хүрсэн юм. Энэ нь сайндаа ч биш Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө амжиж хэргийн гол гэрч Доржкодов хэмээх залууг чимээгүй болгох, болж өгвөл ямар нэгэн байдлаар үгүй хийн устгахыг оролдсон байж болох ажиллагааг М.Энхболдын гар хөл болох Сандуй Ганбаатар нар хүчний байгууллагын оролцоотойгоор авч хэрэгжүүлсэн байдаг. Доржзодов өөрт нь ирж буй аюулаас аврал хайхдаа хүний эрхийн мэдрэмжтэй хэд хэдэн хүнтэй холбогдон туслаж зөвөлгөө хүссэний дотор 90 оны ардчилсан хувьсгалыг манлайлагчдын нэг, хүний эрхийг эрхэмлэгч УИХ-н гишүүн Лу.Болд байсан юм. 

Лу.Болд энэ хэргийн гэрчтэй уулзсан даруйдаа түүнийг хамгаалахын тулд олон нийтийг мэдээлэлтэй болгон төр зарах хуйвалдааны талаар сэрэмж үүсгэх (awareness) үүднээс УИХ-н олон нийтийн сонсгол санаачлан зохион байгуулсан байдаг. Түүний итгэл үнэмшилд байх хүний эрхийг хамгаалах, Монгол төрийг зарахыг хэзээ ч зөвшөөрөхгүй үзэл санаа нь тууштай байсны илрэл нь энэ шуурхай реакцаар нь тод харагдсан гэж хэлж болно.  Лу.Болдын 60тэрбумчидтай хийсэн тэмцлийг тухайн үеийн АН-с Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга хүчтэй дэмжсэнээр улам эрчийг авч улмаар төр зарахыг эсэргүүцсэн ард түмний дургуйцэл нэмэгдэн ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан Намыг ялуулсан үр дүнд хүрсэн билээ. 

Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд ялагдсан МАН дотор хүчний баланс өөрчлдөгдөж тус намын хүчтэй лидерүүдийн нэг У.Хүрэлсүх намынхаа удирдлага, Засгийн газрыг гартаа авсан байдаг. Гэвч МАН дахь ялагдсан тал гараа хумхийн суусангүй. Өмнөх Ж.Эрдэнэбатын ЗГ-н үед журмыг нь өөрчлөн баталж байгаад УИХ гишүүдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдэд алсын бодлоготойгоор тарааж булсан мина болох ЖДҮ хэмээх сенсаацаа тэд тэслэсэн юм. Уг алсын бодолтой урхинд гэр бүлээрээ аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг ирээдүйтэй олон залуу улс төрч гэнэдэн орсон байдаг юм билээ. Ийм урхи тавьсанаараа Монголын хамгийн том намд М.Энхболдыг мөргөн гарч ирэх нэр цэвэр залуу улс төрчгүй болгох алсын зорилготой байсан ч байж магадгүй юм. Яг үнэндээ төрөөс хулгай хийгээгүй, аж ахуйн ил тод үйл ажилалагааг хуулийн дагуу эрхэлж байсан хүмүүс хямд санхүүжилтийн тэр урхинд нь орж явчихсан нь тийм хэрэг байлаа. Гэмээ ухаарч алдаагаа нэн даруй засан уучлал хүссэн Ж.Энхбаяр нарыг хамгийн ихээр гутаан чичилцгээсэн нь тэрээр МАН-ы хамгийн ирээдүйтэй залуу лидерүүдийн нэг байсантай холбоотой гэж үзэж болохоор. Тэднийг төрөөс хэдэн зуун тэрбумаар нь хусчихсан хулгайчууд мөн ч их шоолсон доо. Шоололтоо шоглолт болгож шинэхэн байгуулагдсан Засгийн Газрыг унагаах операциа эхлүүлсэн. Хамгийн шог нь тэр ЖДҮ журмыг өөрчилсөн, тараасан хүмүүс ЖДҮ урхинд орж хар саналгүй авсан хүмүүсээ буруутган улс төр хийж эхэлсэн. 

ЖДҮ сенсаац Монгол Улсын Засгийн Газрыг унагаах гол хөшүүрэг болон ашиглагдсан юм. 

Яг энэ үед Лу.Болд хамтран зүтгэгч С.Зоригийнхоо хэлсэн эрх ашгийн эрэмбэ гэж юу байхыг дахин харуулсан билээ. Засаг төрийн хямрал ард түмний амьдралд хэзээ ч сайнаар нөлөөлөхгүй, нэмээд 60 тэрбумын луйварчид төрд буцаж бяр орвол энэ улсаас мэргэжил боловсролтой залуус дайжин зугатаж, улс орондоо шудрагаар зүтгэх урам зориг нь хугарах байсныг тэрээр олж харж Хүрэлсүхийн ЗГ-ыг авч үлдээх талд сонгогчдынхоо итгэн хүлээлгэсэн бүрэн эрхийн дагуу саналаа өгсөн байдаг. Гэтэл тэр үед маш санамсаргүй зүйл болж 60 тэрбумаар улс төр хийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Ардчилсан Намын дарга 60 тэрбумынхаа талд санал өгч АН-ы гишүүд дэмжигчидээ шоконд оруулах нь тэр. ЗГ-ууд огцорч ч байвал сайн байдаг хуучин 1996-2000 оны МАХН-н тактикийг тэд өөриймшүүлэхээр шийдсэн байсан бололтой. Юутай ч Лу. Болд болон түүнтэй санаа нийлсэн Ж.Батзандан нар АН-с гарсанаар энэ асуудал өндөрлөсөн.  

Лу Болд тэр үед улс төрийн эрсдэл өөртөө авахаас цааргалаад У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорчихсон байсан бол юу болох байсан бэ?

Шууд хэлье. Утаа арилахгүй байх байсан. Утаа арилаагүй тул Улаанбаатарын ихэнх иргэний уушиг тахлын өмнө эмзэг хэвээрээ л байх байсан. Өнгөрсөн өвлийн тахал гэмээр ханиад Улаанбаатарчуудын мянга мянгаар нь хороох байсан. 

Дахин шууд хэлье. Уханьд тахал дэгдэхэд хилээ шуурхай хаан сэргийлж чадахгүй байх байсан. У.Хүрэлсүхийг огцруулаад 60 тэрбумын ЗГ байгуулдагдсан бол урд хөршийнхөөө сэтгэлд сэв хийчихнэ гэж алцагнасаар улс орноо тахлын түймэрт тавьж өгөх байсан байх гэж би боддог.  Бас хамгийн чухал зүйл бол Хүрэлсүхийн 60тэрбумынхантай хийж буй эрс шийдэмгий тэмцлиййн үр дүнд албан тушаал зарах, ил цагаан намчирхах үзэгдэл төрийн албанд нам болсон. Олон яам агентлагт дарга нар нь намчирхах санаархал байвч урьдын адил ил цагаан таахалзах нь ор мөргүй арилсан. 10 жилийн өмнөх “Зөгийн үүр” санаачлагаар гаднаас ирж байснаас дутахгүй олон гадаадад төгсөгч Монголоо зорих болсон. (ЗГХЭГ дарга л гэхэд 30 орчим өндөр боловсролтой залуусын баг бүрдүүлж чадаж байсныг та санаж байна уу)

Энэ бол Хүрэлсүхийн ЗГ огцрохгүй үлдэж чадсаны шууд үр нөлөө юм. Өөрөөр хэлбэл Лу. Болд нар улс төрийн капиталаа зөв зүйлд золиослосоны шууд үр дүн юм.  

Хэрэв Лу.Болд ЗГ-г хамгаалалцаж үлдээгээгүй бол Ц.Сарангэрэл сайд  цар тахалтай тэмцээд явж байхгүй, түүгээрээ улс төрийн гол хөзрөө болгон Лу.Болдтой өрсөлдөж байхгүй байх байсан. Лу. Болд улс төрчийн хувьд улс орноо бодсондоо нэг тойрогт өрсөлдөх ирээдүйн өрсөлдөгчөө хүртэл засагтай нь үлдээж чадсан байж. 

У.Хүрэлсүхийн ЗГ-г унагаахаар оролдоод бараагүй нөхдүүд дараа нь хамгийн чадварлаг сайдуудын нэг  Я.Содбаатарыг нь оролдсоор өөрөө өргөдөл өгөн огцрох нөхцөл үүсгэсэн улс төрийг тэр үед хийсэн юм. Энэ хийрхэлийн үр дүнд ажил зохион байгшуулах асар их чадвартай Я.Содбаатар ажлаа өгч, харин түүний оронд өөрөө ажил хийж мэдэхгүй, өрөөлөөр ч ажил хийлгэж мэдэхгүй Б.Энх-Амгалан гэдэг хүн Зам тээврийн салбарт ирсэнээр Дарханы зам гамшиг болж хэдэн зуун хүн амь бие, эд хөрөнгө, цаг боломжоороо хохирсон. Ганцхан наана цаанаа бодохгүй хэт улс төржилтийн төлбөр нэг иймэрхүү байна. Төлбөрийн хүнд гол нь ард түмэн дээр л тусдаг. 

Я.Содбаатарын ажил зохион байгуулах чадвар, нөхцөл байдлын оновчтой шийдлийг олдог эсэхэд эргэлзэж байгаа хүн түүний удирдаж байгаа МАН-ы сонгуулийн штабын ажил болон энэ сонгуулийн үр дүнг харчихаад дараа нь надтай маргаарай.

Мэдээж ЖДҮ боломжийг дуун дээр шүүрэн ашигласан хүмүүсийн алдаа энд зөндөө бий. Гэхдээ энэ бол бодлогоор дараа үеийнхээ залуу лидерүүддээ хөгшчүүлийнх нь тавьсан занга байсныг тэд нэг их удалгүй ойлгосон. Иймээс тэд ЗГ-аа үлдээж, УИХ даргаа сольцгоосон. Энэ нь ч зөв болсон доо. 

Өнөөдөр МАН-ы өнгөрсөн жилүүдийн амжилтыг магталцаж байгаа бүх хүн энэ амжилт ололтод хүрэх боломжийг улс төрийн капиталаараа дэнчин тавьж үлдээсэн Лу.Болдод талархах хамтад нь ёстой шүү. Хан-Уулынханд Лу.Болдоос саналаа битгий харамлаарай гэж уриалмаар байна. Энэ бол танай дүүргийнхэн шиг гадаад орноор их аялдаг, гадаад харилцаа ихтэй аж ахуйн газруудтай дүүрэгт бүүр ч их хамаатай асуудал юм.   

Өнөөгийн дэлхий корона, арьс өнгөөр ялгаварлалын эсрэг тэмцэл, Америк-Хятад, Баруун-Оросын тэмцэл, ойрхи дорнодын нөхцөл байдал, эдийн засгийн глобал уналт зэрэг сүүлийн 30 жил тохиолдоогүй геополитикийн их чичиргээнд тулж ирээд байна. Ийм ээдрээтэй цаг үед гадаад харилцааны торгон мэдрэмжтэй Лу.Болд төрд хэрэгтэй юм. Баабар гуайн хэлсэн үг байдаг. “Лу Болдын үед гадаад харилцаа сайжирдаг” гэж.

Болд гишүүн дахин ГХЯ сайд болдоггүй юмаа гэхэд парламент хоорондын гадаад харилцааг хамгийн сайн хөгжүүлж чадах цөөхөн хүний нэг. Түүнтэй энэ талаар БХ сайд Н.Энхболд гуай л хамгийн ойр хэмжээнд зэрэгцэж чадах хүн гэж би хардаг. Тэр 2 бол Монгол төрийн үндсэн 2 яамыг аль алийг нь толгойлж байсан асар туршлагатай эрхэмүүд. 

Лу.Болдыг улс төрийн зорилгоор зэвсгийн наймаатай хутган буруутгахыг оролддог. Тэр зэвсгийн наймааны хэрэгт холбогдон шийтгүүлсэн Дашдэлэг генералтай хурандаа үед нь ажлын шугамаар олон уулзаж байсан нисэхийн экс удирдах ажилтны хувьд хэлэхэд энэ бол хэрэг биш юм билээ. Дэлхийн бүх улс зэвсэглэлээ байнга, зарим нь бүүр эрчимтэй шинэчилж байдаг. Аль 60-д оны хоцрогдсон технолгийн зэвсгийг халж орчин үеийн зэвсгээр Зэвсэгт Хүчнээ хангах нь цэргийн удирдлагын нэн тэргүүний зорилт юм. Ийм зорилт байгаагүй бол өнөөдөр 2 ширхэг МиГ-29 сөнөөгч онгоцууд манай зэвсэглэлд нэмэгдэхгүй л байсан болов уу.  Өнөөдөр Путиныг магтагчид, түүний баруун гар Шойгу-г бишрэгчид тэд юу хийснийг бас харчих хэрэгтэй юм байгаан. Путин, Шойгу хоёр Чечений дайнд де факто ялагдсан Оросын армийн зэвсэглэлийг л бүрэн шинэчилчихсэн юм. Энэ нь барууныг хамгийн их түгшээдэг нь ойлгомжтой. Хуучирсан зэвсгээс салж, шинэ зэвсэглэл авах нөхцөл бүрдүүлэхийг зэвсэгт хүчиндээ зөвшөөрсөн Батлан Хамгаалахын Сайд асан Лу.Болдыг буруутгах талд би ормооргүй байна. Иймээс үүнийг тойрсон улс төржилтийг зогсоох нь ёстой. Лу.Болд Гадаад Харилцааны Сайд байхдаа дипломат төлөөлөгчийн газруудад хар тамхины наймаачдыг системтэйгээр байршуулахыг оролдож байсан хүчинд саад болж байснаас энэ хэргийг түүнд тохон зохион ярьдаг болсон байх гэж би боддог. Түүнийг 2014 оны 10 сард яамыг нь бүтцийн өөрчлөлтөнд оруулж байгаад огцруулсанаас хойш л саяхнаас баригдаад байгаа хар тамхины хэрэгтнүүд ГХЯ-д олноороо шургалсан байдаг нь үүний нотолгоо болов уу. 

Сонгууль болдгоороо болно. Хүмүүсийн харилцаа байснаараа л үлдэнэ. Харин энэ дэлхий эргэлт буцалтгүйгээр ширүүн өөрчлөгдөж байна. Монгол Улс энэ ээдрээтэй дэлхийн нугачаан дунд эвээ олж явахад Лу.Болд шиг гадаад харилцаа, ардчилалын экспертүүд нэн хэрэгтэй цаг ирж байна. 

Түүний УИХ-р хэлэлцэж буй хуулийн төслүүдэд гсөн саналуудыг боломжтой нэг нь олоод үзчихээрэй. Үг бүрд нь шахуу хүний эрх, ардчилалын үнэт зүйлсийг өмгөөлсөн, тусгаар төгтносон Монгол Улсынхаа эрх ашгийг олон улсын тавцанд хамгаалсан жинтэй мэдэгдлүүд тэр хийдэг. Түүний үгс жинтэй, логик уялдаа сайтай байдаг учир хэлэлцэж буй хуулийн төслүүдэд заавал тусгагддаг. Хууль санаачлагчид зүгээр л тоохгүй орхих аргагүй орхигдсон санаа, бодит үнэнийг тэр олж харж хэлдэг. Лу. Болдын үг сайн анзаарвал хуралдаа таслахгүй суудаг Билэгт гуай, бүх асуудалд үг хэлж суудаг Баасанхүү нарын үгнээс ч хол илүүгээр хуулийн төслүүдэд сууж өгсөн байдаг юм. Мэдлэг ганцаддаггүй гэж энэ. 

Би ардчилсан намын гишүүн байсан бөгөөд энэ намыг Монголын ардчилалын түүчээ байгаасай гэж дандаа хүсдэг. Одоо ч хүссэн хэвээр. Гэвч 2017 онд болсон намын дарын сунгаанаас хойш нам нэг л биш болчихсон. Дотоод ардчилал нь бүрэн нурсан. Арчилалын үнэлэмжүүд мөнгөний хэмжүүрт орсон. Иймээс энэ намаас ардчилалыг дэмжигч олон хүн зайгаа барьсан. Лу. Болд харин хамгийн сүүлд намаасаа гарсан. Гэхдээ түүний улс төрийн замд хэн ч тааралдсан, тэр ардчилалд үнэнч үлдэх цөөн хүний нэг гэдэгт би итгэдэг. Сонгогчид бодит байдлыг зөвөөр үнэлэн, улс төрийн хийрхэл гүтгэлэгийг шүүрдэн хаяж сонголтоо хийх байх гэж итгэж байна.

Эх сурвалж.

https://batengineer.blogspot.com/2020/06/blog-post.html?spref=tw&m=1&fbclid=IwAR2ZyKRSW_Y73dZ2cBXb0B7sKjhlDc0ULZPKxcN_B4yhEf9PiEOGbrxxJsY

ШИНЭ МЭДЭЭ