Л.Болд: Монгол төрийн гадаад бодлогыг нэг л цонхоор харах ёстой
2019.04.04

Л.Болд: Монгол төрийн гадаад бодлогыг нэг л цонхоор харах ёстой

УИХ-ын гишүүн Л.Болдоос дараах зүйлийг тодрууллаа.

-Сүүлийн үед МАНАН-гийн эсрэг хийж байгаа та бүхний тэмцлийг цаанаа ШХАБ-д Монгол Улс элсэх гэж байгаатай холбоотой гэж ярих боллоо. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Монголчуудын тархийг угаах амаргүй болсон. Хуулийн байгууллагуудыг гартаа оруулж, өөрсдийн эрх ашигтаа үйлчлүүлж, төрийг түмэнтэй нь хамт тонон дээрэмдэж ирсэн нам дамжсан бүлэглэлийн эсрэг хийж байгаа тэмцлийг зүсэн зүйлийн арга, хэлбэрээр харлуулах гэж оролдож байгаа. Үүний л нэг жишээ байх. Монгол Улс парламентын засаглалтай орон гэдгээ Үндсэн хуульдаа тодорхой тусгасан. Тиймээс Монгол Улсын төрийн хайрцагны аливаа гадаад бодлогыг нэг л цонхоор харах ёстой. Ямарваа олон улсын эвсэл, байгууллага, гэрээ конвенцид нэгдэн орох эсэхийг гагцхүү парламентын төвшинд хэлэлцэж шийдэх зарчмыг баримтлах ёстой. Түүнээс биш өмнөх төрийн тэргүүн шиг Монгол төрийн гадаад бодлогыг УИХ-аар хэлэлцүүлэлгүй үзэмжээрээ, дураараа өөрчлөөд олон улсад зарлах явдал нь зохисгүй. Энэ нь хуулиар хүлээн зөвшөөрөгдөхгүй асуудал юм. Ийм том зарчмын асуудлуудад ямар ч нөлөөгүй байж улстөрчид өөрийн эрх ашгийн үүднээс “арилжаа, панз" хийгээд явж болохгүй.

-Монгол Улс ШХАБ-д ажиглагч гэсэн статустай оролцдог. Та Гадаад харилцааны сайд байсны хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-ШХАБ-д Монгол Улс элсэх хэрэгтэй, хэрэггүй гэсэн асуудлаар УИХ-ын гишүүний хувиар, Гадаад харилцааны сайд байсны хувиар ч тодорхой байр суурь илэрхийлж ирсэн. Өнөөдөр ч тэр нь хэвээрээ. Харамсалтай нь, миний энэ зарчмын байр суурийг одоог хүртэл гуйвуулсаар л байдаг. Монгол Улсын хувьд ажиглагч гэсэн статус хангалттай гэж үздэг. Монгол Улс мөнхийн хоёр хөршөө түлхэж болохгүй ч гадаад бодлогын үзэл баримтлалдаа цагаан дээр хараар бичиж өгсөн. Энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт гадаад бодлого явуулна гэж. Үүнийхээ үндсэн дээр хоёр том гүрний дунд орших геополитикийн өвөрмөц нөхцөл байдалтай орны хувьд тусгаар тогтнолын баталгаа болох ёстой гуравдагч хөршүүдээ хэзээ ч алдаж болохгүй.

ШИНЭ МЭДЭЭ