Л.Болд гишүүнд баярлах хэрэгтэй
УИХ-ын гишүүн Л.Болд
2016.11.07
Улстөр

Л.Болд гишүүнд баярлах хэрэгтэй

УИХ-ын гишүүн Л.Болд 2016-2020 оны УИХ-д гишүүнээр сонгогдсон цагаасаа тэр тусмаа Засгийн газар “Хүүхдийн мөнгө”-ийг өрхийн орлогоос хамаарч ялгавартай олгоно гэсэн шийдвэр гаргахаас эхлээд чуулганы танхимд сөрөг хүчний дуу хоолойгоо тасралтгүй хүргэж буй. 

“Хүүхдийн мөнгө”-ийг эхний ээлжинд 60 хувьд нь, хоёр жилийн дараа үлдсэн 40 хувьд нь нөхөн олгоно гэсэн Засгийн бодлогыг эрс хүчтэй шүүмжилж буй УИХ-ын гишүүн Л.Болдод баярлах хэрэгтэй. Учир нь тэрээр хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох талаар хамгийн тууштай зүтгэж яваа нэгэн.

Тэрээр төрийн албан хаагчид, бизнесүүд, оюутнууд, ахмадууд, хүүхдүүдийг УИХ, Засгийн газар ялгаж байна гэж чуулганы хуралдаан болгонд хэлдэг. Түүний энэ үгийг сонссон зарим гишүүд Л.Болдыг улстөржиж байна гэдэг.

Хэд хэдэн удаа “ахмадуудыг азтай, азгүйгээр нь, айл өрхүүдийг хөргөгчтэй, хөргөгчгүйгээр нь ялгаж байна...” гэж хэлээд гишүүдийн эгдүүцэл, инээдийг хүргээд авсан. Гэхдээ ингэлээ гээд тэр шантрахгүй гэдгээ илэрхийлсэн.

Тэрээр “Өөр ямар ч зардал танахыг зөвшөөрнө. Гагцхүү “Хүүхдийн мөнгө”-ийг л хүүхэд бүрт олго. Эдийн засаг хүндрэлтэй байна гэдгийг хүүхдүүд ойлгохгүй шүү дээ” гэсэн хатуу байр суурьтай байна. 

“Хүүхдийн мөнгө”-ийг амьдралын боломжтой 40 хувьд нь 2 жилийн дараа өгнө гэж ард түмнээ хуурч байна, 2 жилийн дараа 20 000 төгрөгийн ханш 40 хувиар буурсан байх болно гэдэг Л.Болдын үндэслэл, байр суурь үнэний ортой ч юм шиг.

Нэг талаас сөрөг хүчний хувьд асуудлыг улстөржүүлж байгаа мэт боловч нөгөө талаас нэг асуудалдаа тууштай, түүнийгээ төрийн бодлогод тусгуулахаар зүтгэж байгааг нь сайшаах хэрэгтэй болов уу.

“Би МАН-ын мөрийн хөтөлбөр судлаач” гэж өөрийгөө тодорхойлох УИХ-ын гишүүн Л.Болд эрх баригчдыг сонгуулийн амлалтаасаа ухарлаа гэж эрс шүүмжилдэг. Тэр дундаа “Хүүхдийн мөнгийг ялгаварлалгүй олгоно” гэсэн яасан бэ гэж эрх баригчдын амыг асууж, “Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олго л доо” гэж шаардаж ч байна, гуйж ч байна. 

УИХ-ын гишүүн Л.Болдын УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд илэрхийлсэн байр суурь /Хүүхдийн мөнгө хийгээд нийгмийн хамгаалал, халамжийн бусад асуудлаар/

Л.Болд: Хүүхэд, оюутнууд, ахмадууд, ААН-үүдийг ялгаж байна /2016.10.07/

“Та нар оюутнуудыг, хүүхдүүдийг, ахмадуудыг, ААН-үүдийг ялгаварлан гадуурхаж байна. Цэцэрлэгүүдийг хүртэл ялгаварлаж байна. Намынхаа нэрийг өөрчилж, "Монголчуудыг ангилдаг нам" гэж өөрчил. Өдөр бүр гаргаж буй шийдвэр чинь ялгаварлан гадуурхаж буй шийдвэр байна”

Л.Болд: "Хүүхэд, ахмадууд, цэцэрлэг, эмэгтэйчүүд, эхчүүд, бизнесүүдийг ялгаварлаж байна"  /2016.10.27/

Л.Болд: Өөр ямар ч зардлыг танаж болох ч хүүхдийн мөнгийг бүгдэд нь олго /2016.11.03/

"Өнгөрсөн дөрвөн жил рүү бүх буруугаа чихэж, хүүхдийн мөнгийн ялгавартай олгож болохгүй. Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олго. Улсын төсвөөс өөр ямар ч зарлагыг хасч болно. Гэхдээ хүүхдийн мөнгийг хасч, танаж болохгүй гэдгийг дахин дахин хэлье."

ШИНЭ МЭДЭЭ