Ардчиллыг оюутны холбооноос эхлүүлсэн нэгэн
УИХ-ын гишүүн Л.Болд
2015.07.30
Улстөр

Ардчиллыг оюутны холбооноос эхлүүлсэн нэгэн

Л.Болд гишүүнийг улс төрч, бизнесмэн, УИХ-ын гишүүн гэдгээс илүүтэй Монголын томоохон урлаг судлаач Лувсанвандангийн том хүү Бодь группийн үүсгэн байгуулагчдын нэг гэдгээр илүүтэй мэддэг.

Тэрээр 1979 онд Улаанбаатар хотын арван жилийн 23-р дунд сургуулийг төгсөөд Зүүн Германы Бернаугийн Үйлдвэрчний Эвлэлийн Хөдөлмөрийн Дээд Сургуульд суралцаж, 1983 онд дүүргэсэн сэхээтэн нэгэн. Харин улстөрийн карьераа Багануурын Үйлдвэрчний Эвлэлийн Зөвлөл, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв зөвлөлд зааварлагчаар ажиллаж эхлүүлсэн гэдэг. Түүний дараагаар 1989 онд Монголын оюутны холбооны орлогч дарга, Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж тухайн үеийн Залуучуудыг Ардчилсан хувьсгалд уриалан дуудаж байсан манлайлагчдын нэг.

Улмаар 1990 онд Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүнээр сонгогдон гуч хүрээгүй залуу байхдаа Үндсэн Хуулийг батлалцаж явсан туршлагатай улстөрч. Тэр хоёр ч засгийн газрын үед сайд хийсэн сүйхээтэй хүн. Эхний удаад нь  С.Баяр, С.Батболдын засгийн газруудад Батлан хамгаалахын сайд, дараа нь Н.Алтанхуягийн “Шинэчлэлийн засгийн газар”-т Гадаад хэргийн сайдын албыг хашиж байлаа. Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан хүний хувьд УИХ-аар хэлэлцэж байгаа хуулиудад үнэхээр хянамгай ханддаг. Ямар сайндаа хаврын чуулганы төгсгөлд Гадаад хэргийн яамны үйл ажиллагааг болон тус газрыг удирдаж буй Л.Пүрэвсүрэн сайдыг шүүмжлээд авсан.

Тэрээр Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороон дээр “Дотоодын матаасаар нэгнийгээ халж сольдог байсан монголын төр, өнөөдөр гадныхны матаасаар  тэнд суугаа консулуудаа хугацаанаас нь өмнө  татах, солих асуудал гарч байгаа нь улам буруу гольдролд орж байна гэж” яамны хуучин сайд бухимдсан.

Түүнчлэн “Дубайд Оюутолгойн далд уурхайн төлөвлөгөөнд гарын  үсэг зурж байхад гадаад хэргийн яам байр сууриа илэрхийлээгүй.  Тэд  мэдээ ч үгүй. Оролцоо ч үгүй.   Зөвхөн бэлэн болсон гэрээг гарын  үсэг  зурахын өмнөх өдөр нь л  тамга дарахыг шахсан  гэж байгаа. Таван Толгойг тойрсон асуудал  мөн адил Гадаад хэргийн яамны гадна  үлдсэн.  БНЧУ-тай Мон-Чех компани байгуулж ураны салбарт хамтрах  асуудалд ч гадаад хэргийн яам  таг дуугүй.  Олон улсын хэмжээний  эдийн  засгийн ач холбогдолтой арга хэмжээгээ ч зохион байгуулж чадахаа байсан зэрэг шүүмжлэл гадаад хэргийн яаманд хаяглагдаж байна.  Өмнөх сайд нь өсгөж явсан энэ  яамыг өнөөдөр  тогоондоо  зууралдаад таардаг яам болгочихлоо” хэмээн шүүмжилсэн. Үнэхээр тус яамыг толгойлж байсын хүний хувьд хамгийн оновчтой үгийг хэлсэн. Мэдээж цаашдаа ч гэсэн болохгүй зүйл гарвал түүний хувьд дуугүй өнгөрч чадахгүй нь лавтай.

Тэрээр өнгөрсөн сонгуульд Хан-Уул дүүргээс сонгогдон тэдний итгэлийг хүлээн төрийн түшээ болсон. Ирэх оны сонгуульд дахин Хан-Уулаас нэр дэвших нь тодорхой. Түүний дүүрэгтээ хийж буй ажил, сонгогчдынхоо төлөө санаа тавьж буй чин сэтгэл Нийслэлийн өмнөд хэсгийнхний сэтгэлийг яах аргагүй татаж байгаа. Тиймээс ирэх жил хан-уулчууд Л.Болд хүүдээ дахин итгэл хүлээлгэнэ гэдэг нь эргэлзээгүй билээ.

ШИНЭ МЭДЭЭ