Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг хуралдав

2015оны 1сарын 21

 d9326ffa6d55685b91a1c4b226a0bd73Монгол Улсын Их Хурлын даргын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 08 тоот захирамжаар байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн анхны хуралдаан болов. Хуралдааныг Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр даргаллаа.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүд үйл ажиллагааныхаа зарчмын талаар санал солилцов.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.15 дахь заалт, мөн зүйлийн 11.2 дахь хэсэг, Улсын Их Хурлын даргын 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 27 дугаар захирамжаар батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судлах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг үндэслэн УИХ-ын дарга 2015 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр 08 тоот захирамж гаргасан байна.

Захирамжид дурдсанаар, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Батбаяраар ахлуулан байгуулжээ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд, УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, С.Баярцогт, Л.Болд, Р.Гончигдорж, Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, Л.Цог болон С.Оюун нарын гишүүд багтсан байна.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасан шаардлагад нийцүүлэн, Монгол Улсын Их Хурлын даргын 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 27 дугаар захирамжаар байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судлах үүрэг бүхий ажлын хэсгийн ажлын үр дүнг харгалзан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг 2015 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд багтаан боловсруулж, танилцуулахыг ажлын хэсгийн ахлагч Н.Батбаярт үүрэг болгожээ.

Монгол Улсын Их Хурлын даргын 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 27 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийг үүргээ гүйцэтгэсэн гэж үзэн үйл ажиллагааг нь дуусгавар болгосон байна. Тус ажлын хэсэг Үндсэн хуулийн үйлчлэлийн улмаас нийгэмд нэгэнт бий болсон үр дагавар, учир шалтгаануудыг харгалзан товчоор хэлбэл, “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай” гэсэн дүгнэлт, санал гаргасан хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.