Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

“Хүүхдийн мөнгийг амьжиргааны мөнгөтэй хольж болохгүй”

2015оны 1сарын 15

12585-26214700
УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.

-УИХ-аар улсын төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Хүүхдийн, эхчүүдийн, оюутны мөнгийг танахаар Засгийн газраас санал оруулжээ. Та энэ дээр ямар байр суурьтай байна вэ? 

-Шийдлийн Засгийн газар хүндрэлтэй нөхцөлд төсвийн тодотгол хийж байгаа гэдгийг ойлгож байна. Гэхдээ заавал өнгөрсөн 20 жилийн  нийгмийн бодлогын хамгийн зөв ололтуудаас танахаас эхлэх нь буруу. Ялангуяа Ардчилсан намын  нэрийн хуудас болсон хүүхдийн мөнгө болон ардчилсан Ерөнхийлөгчийнхаягтай оюутны тэтгэлгийг хязгаарлах нь улс төрийн алдаатай шийдвэр юм.  Хүүхдийн мөнгөн дээр ухарч яав ч таарахгүй. Хүүхдийн мөнгөө  авдаггүй цөөн хэсэг байлаа гэсэн ч үнэхээр авья гэсэн хүүхдүүд дийлэнх олонх нь байдаг. Ардчилсан нам хэзээ, ямар нөхцөлд энэ бодлогоо шийдүүлж чадсанаа эргэж санахад илүүдэхгүй. Тухайн үед  олныг хүлээн зөвшөөрүүлж чадсан олон үндэслэл, тайлбар бий. Үндсэн хуулийн дагуу монгол хүүхэд бүр тэгш эрхтэй  бөгөөд ядуу учраас биш, харин ч монгол хүүхэд учраас олгодог мөнгө юм.  Эх үүсвэр нь баялагтаа суурилдаг. Хүүхдийн мөнгө гэж авдгаараа, баялагтай эх орноороо бахархдаг байсан бол одоо ядуурлын мөнгө болтол нь үнэ цэнийг нь алдагдуулж байгаа нь үнэхээр харамсалтай. Хэрвээ амьжиргааны мөнгө хэмээн үзэж буй бол хүүхдийн мөнгөтэй битгий хольж хутга. Тийм бол тусад нь шинэ хууль гаргах хэрэгтэй. Харин хүүхдийн мөнгийг Оюутолгой, Тавантолгой зэрэг үнэ цэнэтэй ордоос орлого олж иртэл түр түдгэлзүүлж ч болно шүү дээ. Ер нь бол баялгаас орж ирсэн, орж ирэх орлогын тодорхой хэсэг монгол хүүхдийн нэр дээр бичигддэг, боломжтой үедээ олгогддог байх ёстой. Насанд хүртэл нь ийм загвараар Монголын баялгийн хуваарилалт хийгддэг байх ёстой. Ээжүүдийн тэтгэмж ч мөн адил. Үр хүүхдээ өсгөж бойжуулсанд нь, Монголын ирээдүй нэг эрдэнэт амиар нэмэгдсэнд татвар төлөгч хэн ч тэтгэмж өгөхөд татгалзахгүй. Харин төр дундаас нь оролцож багасгаж болохгүй.
Оюутны 70 мянга ч өөрөө бас чухал ололт юм. Үе үеийн оюутнуудын ардчилсан хувьсгалд оруулсан гавьяаны ачаар нийгмийн энэ том асуудал шийдэгдсэн гэхэд буруудахгүй. Одоогийн оюутны байгууллагын удирлагад итгэл алдарч байна. Тэд буруу талд зогсчбуруу тайлбар хийж байна. Оюутанд тэтгэлэг өгөх буруу биш,  муухай биш, тэр тусмаа гэмт хэрэг бол бүр биш.Татгалзахыг архи, тамхины хэрэглээ шиг уриалах, тэтгэлэг олгох эрхийг багш, дарга нарт олгохнь туйлын буруу хандлага юм. Хэнд олгохыг шийдэхдээ хүрэх юм бол оюутнууд өөрсдөө шийддэг байх нь илүү зөв юм. Амьдрал баян учир өөр илүү ч шийдэл байж л таарна шүү дээ. Улс орон санхүүгийн бэрхшээлтэй тул тэтгэлгийг багасгая гэх нь үнэмшилтэй, зүйтэй мэт санагдаж байвч бодлогын том алдаа, ухралт болох юм. Өнөөдрийн шаардлагад нийцүүлээд тэтгэлгийн эх үүсвэрийг шинэчлэх алхам ч хийж болно. Ирээдүйн ажил олгогчдод хөнгөлөлт, урамшуулал олгох байдлаар төрийн ачааллыг бизнесийн салбарт шилжүүлэх алхмыг хийсэн ч болох талтай. Санхүү, эдийн засгийн хүндрэл гарангуут, хамгийн харамсалтай нь, хэн нэгэнд ярих боломж олдонгуут, ам нь халангуут оюутнууддаа халдаж, тэднийг энэ нийгмийн хамгийн аймшигтай хэсэг мэт аашилж, сөрөг уур амьсгал бүрдүүлж хэзээ ч болохгүй. Ийм хандлага, үг яриаг бид таслах ёстой. Монгол толгой, оюунлаг нийгмийн төлөө махарч яваа залуу үеэ, оюутнуудаа монголчууд дээдэлж чадваас Монгол хөгжинө, эс бол уруудна. Залуу үеэ, залгамж холбоогоо бэлтгэх, өсч хөгжүүлэх энэ л асуудал дээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, харилцан уялдааны өргөн түншлэл, ганбат эвсэл бий болох ёстой юм.

-Та өмнөх УИХ-ын үед Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа цэргийн албан хаагчид нэг удаад 36 хүртэлх сарын цалинтай тэнцэхүйц тэтгэмж олгох, цэргийнхний тэтгэврийн хэмжээг цалингийн 80 хувиар тогтоох зэрэг нийгмийн асуудлыг нь хууль, эрх зүйн орчинд шийдүүлж байсан. Харин одоо УИХ-аар хэлэлцэж буй төсвийн тодотголоор цэргийн албан хаагчийн тэтгэмжийн хэмжээг 12 сарын цалин, хөлсний дунджаар олгохоор болжээ. 

-Төрийн үйлчилгээний болон тусгай албан хаагчид онцгой статустай хэсэг байдаг. Эмч, багш, цагдаа, цэргийн болон онцгой үүргийн албан хаагчид. Тэд нийгмийн эрүүл мэнд, хойч үе, батлан хамгаалах болон аюулгүй байдлыг хангахын төлөө цаг наргүй өргөсөн тангаргийн дагуу ажилладаг онцгой үүрэгтэй ч жирийн албан хаагчид юм. Хоёр нарны хооронд зүтгэдэг тэдний хувьд ашиг олох, хуримтлал үүсгэх боломжоор тун тааруу байдаг. Тиймээс Монголын төр, нийгэм, татвар төлөгчид өөрсдийнх нь төлөө онцгой нөхцөлд үүрэг хүлээн зүтгэсэн албан хаагчдыг гуравхан жилийн цалинтай дүйхүйц тэтгэмжийг ганцхан удаа олгож, хагас дутуу ч гэсэн талархлаа илэрхийлж буй хэрэг юм. Энэ бол хэдэн төгрөг мөнгөндөө ч биш нийгмийн харилцан ойлголцол, нийгмийн гишүүдийн харилцан хүндлэлийн тухай өргөн агуулгатай асуудал юм. Нийгэм, татвар төлөгчид өөрсдийн цэрэг цагдаа, эмч, багш нартаа талархах боломжийг төр хумьж болохгүй, харин ч дэмжин тэтгэж байх учиртай гэж би үздэг. Тиймээс Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа цэргийн албан хаагчдыг 36 хүртэлх сарын тэтгэмжтэй болгосон. Одоо үүнийг багасгах, танахыг огтхон ч  зөвшөөрөхгүй.

-Та сүүлийн үед хүний эрхийн асуудлаар үе үе их сүрхий мэдэгдлүүд хийх болжээ. Энэ асуудал үнэхээр  ноцтой болоод тэгээд байна уу, өөр бас бус зүйл байна уу?

-Хүний эрх зөрчигдөх тохиолдлууд цөөнгүй гарч байна. Тухайн  хэрэг, шүүхийн асуудал дээр хувь хүн, тухайн байгууллагын асуудал мэтээр илэрч байгаа ч энэ бол тогтолцооны тухай, бидний байгуулах гэж зорьж буй шинэ нийгмийн тухай асуудал юм. Энэ талаар ярих хэлэх, бодох, санах зүйл маш их байгаа учраас би үгээ хэлдэг. Хамгийн гол нь 1990 онд шинэ Үндсэн хуулийг баталж Монголын нийгмийн тогтолцоог шинэчлэхдээ хоёр асуудалд консерватив хандсан. Энэ бол боловсролын болон хууль, хүчний байгууллагуудын тогтолцоо юм. Амьдралын бодит шаардлагуудад нийцүүлэн өөрчлөөд явна гэж бодож энэ хоёр салбарыг орхисон. Харамсалтай энэ орхигдол шинэ нийгэм байгуулах бидний хүсэл эрмэлзэл, хичээл зүтгэлийг хүлж, уяж хохироох болжээ. Тухайлбал, хүний эрх ноцтой зөрчигдөж байна. Хэвлэл мэдээллээр гүтгэдэг, тэгээд дараа нь баривчлан саатуулдаг. Зорилго нь мэдүүлэг авах явдал. Мэдүүлэг авснаар хэн нэгнийг хэрэгт оруулах, эсвэл өөрийг нь хэрэгт холбогдуулах нотолгооголж авдаг. Энэ нь хууль, хүчний байгууллагын тогтолцоо огт шинэчлэгдээгүй, 90-ээд оны өмнөх үе шигээ байгаагийн нотолгоо юм.
Хүний эрхийн асуудал бол зөвхөн улс орны дотоодын асуудал биш, энэ бол гадаад нэр хүндийн асуудал юм. Хүний эрхийг сахин хэрэгжүүлэхгүйгээр гадаад нэр хүнд гэж байдаггүй. Гадаад нэр хүндгүйгээр хөгжил, хөрөнгө оруулалтын тухай ярихын ч хэрэггүй. Хүний эрхгүйгээр ардчилсан нийгэм, ардчилсан шинэчлэл гэж байхгүй. Өөрөөр хэлбэл, бидний хүсэл зориг байлаа ч хууль, хүчний тогтолцоо хэвээрээ, мөрдөн байцаах үйл ажиллагаа, шүүхийн шийдвэр гаргах процесс шинэчлэгдээгүй цагт хүний эрх хангагдахгүй. Энэ мэтээр бүүр тодорхой жишээ бариад яривал энэ яриа эцэс төгсгөлгүй, дуусахгүй. Тиймээс л би байн байн яриад байдаг юм.

-Хүний эрхийн түгээмэл асуудлуудын зэрэгцээ онлайн эрх чөлөөний асуудалд бас багагүй анхаарч Таныг бүүр парламентын бүлэг байгуулах санаачилга гаргасан гэж сонссон.

Тиймээ. УИХ дахь Интернетийн эрх чөлөөг дэмжих парламентын бүлэг /Parliamentary Group for Online freedom/ байгуулан ажиллах хүсэлтэй байгаа.Интернет орчинд хүмүүс эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх, интернетэд нэвтрэх, мэдээлэл хайх зэрэг нь технологи өндөр хөгжсөн орчин үед иргэдээс төрийн үйл ажиллагааг хянах, ардчиллыг хамгаалж хөгжүүлэх нэн чухал хэлбэр, хүний салшгүй эрх, эрх чөлөө юм. Үүнийг НҮБ-аас хүний үндсэн эрх, эрх чөлөө гэж тунхагласан. Тэгвэл интернетийг хязгаарлах, цензурдэх замаар мэдээлэл хайх, хэвлэн нийтлэх иргэний эрхийг зөрчих, боомилох оролдлого түгээмэл байгааг дэлхийн ардчилсан улсууд  буруушааж Онлайн эрх чөлөө эвсэл байгуулсан билээ.
Энэ үзэл санааг УИХ-ын гишүүд бид дэмжиж интернет эрх чөлөөг дэмжих парламентын бүлгийг байгуулахыг зорьж байна. Интернет эрх чөлөөг дэмжих замаар Монголын ардчиллыг хамгаалах, бэхжүүлэх, хөгжүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэх, энэ чиглэлээр Засгийн газрын үйл ажиллагааг дэмжихэд бүлгийн үйл ажиллагаа чиглэх юм.

-Та бүхэн бас дээрх асуудалтай төстэй нэг хуулийн төсөл боловсруулсан сураг байсан. Тэр юу болж байгаа вэ, өргөн барьсан уу?

-Шүүмжлэгчийн эрхийн тухай хуулийн төсөл боловсруулаад санал авахаар Засгийн газарт явуулсан. Санал авах хуулийн хугацаа нь дуусч буй тул удахгүй УИХ-д өргөн барина.Нийгмийн харилцаа, техник, технологи хөгжихийн хэрээр хүний үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх талбар улам өргөсч байна гэж. Хүнийг үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ хэрэгжүүлснийх нь төлөө сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хяхаж хавчих сөрөг үзэгдэл төрийн байгууллага, албан тушаалтны зүгээс гарах боллоо. Сүүлийн дөрвөн жилд үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсний төлөө хүнийг эрүүгийн хариуцлагад татах өргөдөл гаргасан нийт хүний 90 хувь нь албан тушаалтан байна гэсэн судалгааны дүн бий. Энэ бол жирийн иргэдийн эрхээ хэрэгжүүлэхэд хууль зүйн бодитой хамгаалалт, баталгаа хэрэгтэйг л харуулж байгаа юм. Тийм болохоор Шүгэл үлээгчийн буюу шүүмжлэгчийн эрхийг хамгаалахтай холбоотой хууль тогтоомжийг хэсэг нөхдийн хамт санаачлан боловсруулсан юм.

-Таны гол амлалт газрыг иргэдэд өмчлүүлэх тухай хуулийн төсөл УИХ-д өргөн баригдсаар нэлээн хугацаа өнгөрчээ. Яагаад хэлэлцэгдэхгүй байна. Ер  нь газрын харилцааны асуудлаар нийгэмд эсрэг тэсрэг янз бүрийн байр суурь их байдаг. Ямар нэг гаргалгаа, ахиц дэвшил гарах болов уу? Уг нь нийгмийн хүлээлт бас ч гэж байх шиг санагдах юм.

-Ер нь газар өмчлөл, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай асуудал нь бүх албан тушаалтан, иргэд, өмчлөгчдийн хүсэл юм. Одоо мөрдөгдөж байгаа хуулиуд, эрх зүйн орчныг ажиглавал газрыг  түүнийг эзэмшигч, ашиглагч, өмчлөгчөөс нь хэт хөндий салангид авч үзэж байна. Төр, албан тушаалтан газрыг төрөөс боловсруулсан баримт бичгийг хэрэгжүүлэх талбар болгон хардаг бол аж ахуйн нэгж байгууллага ашиг орлогоо нэмэгдүүлэх хэрэгсэл гэж үздэг. Гэтэл газрын дийлэнх хэсэгт уг газрыг ашигладаг, эзэмшдэг, өмчилдөг иргэд амьдарч байна. Төр, захиргааны байгууллагаас гаргасан шийдвэр,төлөвлөлт болонбизнесийн байгууллагын сонирхол нь газар эзэмшигчийн хүсэл зориг, нөхцөл байдлыг тэр бүр тооцох боломжгүй байна. Хуулийн шинэчлэлийг энэ эрх ашгийг дээдлэх, малчид, тариаланчид, суурин газрын иргэдийн амьдрах орчныг сайжруулах чиглэл рүү хийх ёстой. Товчхондоо газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, Монголын хөгжлийн үндэс суурь болгох өнцөг нь иргэдийн амьдрах орчин, чинээлэг хангалуун амьдрах агуулгатай байх ёстой. Энэ чиглэлээр гадаад орнуудын туршлагад үндэслэсэн, Монголын онцлогт тохирсон үзэл баримтлалыг боловсруулахаар ажиллаж байна.
Өмнө нь өргөн баригдсан хуулийн төсөл хэлэлцэгдэхгүй хүлээгдэж байгаагаас үл хамааран шинэ үзэл санааг боловсруулна. Гэхдээ одоо мөрдөгдөж буй хууль тогтоомжийг өөрчлөн шинэчилнэ гэсэн үг биш.  Гагцхүү газар өмчлөлийн хувь заяа, Монголын хөгжлийн санаачилгыг иргэдэд атгуулах боломжийг нээхийн төлөө ажиллана.

 Э.ЭНХБОЛД /ӨДРИЙН СОНИН-2015.1.14/