Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

Хан-Уул дүүрэг шинээр баригдсан цэцэрлэг сургуулийнхаа тоогоор тэргүүлж байна

2016оны 9сарын 05

2015-2016 оны байдлаар Хан-Уул дүүрэгт 9 сургууль, 14 цэцэрлэг шинээр ашиглалтад оржээ.  Өнгөрсөн жилүүдэд цэцэрлэг, сургуулийн бүтээн байгуулалт, шинэчлэл, засварын ажил хамгийн эрчимтэй хийгдсэн дүүргийн тоонд Хан-Уул дүүрэг орсон байна. 2017 оны хичээлийн шинэ жилд л гэхэд төрийн өмчийн нэг цэцэрлэг, төрийн бус өмчийн 10 цэцэрлэг, нэг бага сургууль цэцэрлэгийн цогцолбор шинээр ашиглалтад орж сурагчдаа хүлээн авчээ. Хичээлийн шинэ жилийг угтан тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Болд өнөөдөр Хан-Уул дүүргийн 118-р сургууль, 209-р цэцэрлэг, 73-р цэцэрлэг, 60-р сургууль, 41-р сургууль, 189-р цэцэрлэг, 34-р сургуулиудын нээлтэд тус тус оролцлоо.

60-р сургуулийн нээлтийн үеэр тус сургуулийн удирдлагууд өнгөрсөн жилүүдэд багш, сурагчдынхаа гаргасан амжилтыг хуваалцсны дээр С.Лувсанвандан сангаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Миний ном” театр урлагийн наадамд тэргүүлэн утга зохиол, гоо зүйн танхимаа тохижуулах 6 сая төгрөгийн эзэд болсноо дурдаад багш, сурагчид, эцэг эхчүүдийнхээ оролцоотойгоор амжилт, бүтээлээ ахиулсаар байгаагаа онцоллоо.

Энэ үеэр Л.Болд гишүүн “Миний ном” театр, урлагийн наадамд дүүргийн бүх сургуулийн сурагчдын төлөөлөл оюун ухаанаа тэлж, авъяас чадваараа хөгжүүлэн оролцдогоос гадна өнгөрсөн жилүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орон, ОХУын Улаан-Үүд хотод Баянхонгор аймгийн С.Лувсанвандангийн нэрэмжит хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн хамт аялан тоглолтыг амжилттай хийн хилийн чанадад авъяас билгээ гайхуулан, эх орныхоо соёлын өвийг сурталчлан таниулаад ирсэн Хан-Уул дүүргийнхээ авъяаслаг багачуудаараа бахархаж байснаа нээлтийн үеэр хуваалцсан юм. Тэрээр боловсролын салбарт хийгдэж байгаа шинэчлэл, бүтээн байгуулалтын ажлуудыг цаашид өргөжүүлэн нэмэгдүүлэхэд анхаарч Хүүхдэд ээлтэй Хан-Уул дүүрэг хөтөлбөр дээр хамтран ажиллах болно гэдгээ хэллээ.

2015-2016 оны байдлаар Хан-Уул дүүрэгт төрийн өмчит 3 сургууль, төрийн бус өмчийн 6 сургууль шинээр баригдсан бол төрийн өмчит 3 цэцэрлэг, төрийн бус өмчийн 11 цэцэрлэг тус тус баригдсан нь бусад дүүрэгтэй харьцуулахад боловсролын салбартаа хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн дүүрэг болоод байгаа юм. Цэцэрлэг, сургууль нэмэгдэхийн хэрээр сургууль завсардалт, цэцэрлэгийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байх явдлууд багассан байна. Тухайлбал цэцэрлэг хамрагдалт 2015 онд Хан-Уул дүүрэгт 78.9 хувь байсан бол 2016 онд 81.6 хувь болон нэмэгдсэн дүн мэдээтэйгээр 9-р сарын 1-ний өдрийг угтаж байна.