Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

УИХ-ын гишүүн Л.Болдын Монгол-Хоккайдогийн бизнес семинарт хэлсэн үг

2016оны 9сарын 20

14408803_1263820813641879_1528925799_nМанай хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойш 43 жил өнгөрчээ. Хоёр орны хамтын ажиллагаа Засгийн газар, улс төр, хот, компаниуд, төрийн бус байгууллагууд, хувь хүмүүсийн хооронд эрчимтэй, найрсаг, бие биенээ нөхсөн ах дүүгийн харилцаа бий болсонд маш их баяртай байна. Азийн томоохон эдийн засаг бүхий, техник технологи өндөр хөгжсөн Япон, хүн ам бага боловч өргөн уудам газар нутаг, бүс нутгийн ашигтай байрлалд байрладаг, ашигт малтмалаар дэлхийд томоохонд тооцогддог Монгол Улсын хооронд эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг дэлгэрүүлж, томоохон компаниуд хамтран том төсөл босгож уул уурхай, мал аж ахуй, худалдаа, аялал жуулчлалын салбарт амжилттай хамтран ажиллаж байгааг дурдахад мөн таатай байна.

Монгол Улс аж үйлдвэр, дэд бүтэц, эрдэс баялгийн хайгуул, олборлолтын үйлдвэрлэлд японы дэвшилтэт, байгаль орчинд ээлтэй техник технологийг ашиглах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд Япон Улсын дэмжлэг туслалцаа нэн чухал бөгөөд энэ чиглэлд та бүхэн дэмжлэг үзүүлж ажиллана гэдэгт итгэж байна.

Японы Хоккайдо муж өвөлдөө -30 хэм хүрч хүйтэрдэг. Энэ хэрээр уур амьсгалын хувьд Улаанбаатар хоттой ойролцоо гэж үздэг. Тиймээс Хоккайдо мужид хөдөө аж ахуй, байгаль орчин, барилгын салбар гээд олон салбарт хэрэгжүүлж буй туршлагаас Улаанбаатар хот, Монгол Улсад нэвтрүүлэх боломж бий гэдэгт итгэлтэй байна.

Монгол Улсын Засгийн газар эдийн засгаа төрөлжүүлэх, уул уурхайн салбараас хараат байдлыг арилгахыг зорьж боловсрол, соёл, шинжлэх ухаан, харилцаа холбоо соёл, хөдөө аж ахуйн зэрэг чиглэлээр хамтран ажиллахыг эрмэлзэж байгаа энэ цаг үед “Хоккайдо-Монголын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэг” үүсгэн байгуулсан Нийгэмлэгийн Ерөнхийлөгч, ЛАН-ын нэрт зүтгэлтэн Ц.Такэбэ, Нийгэмлэгийн Нарийн бичгийн дарга Н.Өсөхбаяр, Гадаад харилцааны яам, Япон улсад суугаа Элчин сайдын яам, Хоккайдо мужийн захиргаа, ЖАЙКА зэрэг төрийн байгууллага болон Хоккайдо мужийн пүүс компани, хувийн хэвшлийн төлөөлөлд талархсанаа илэрхийлэхэд таатай байна.

Миний зүгээс та бүхэнтэй дээр дурдсан асуудлуудыг болон нийгэм соёл, боловсрол, мөн бусад өргөн хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагааг эхлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлж байгаадаа баяртай байна.

Анхаарал тавьсанд баярлалаа.