Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

САЙД Л.БОЛД CNN-Д ЯРИЛЦЛАГА ӨГӨВ

2013оны 4сарын 15

28475-26214700УИХ, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Бүгд Найрамдах Азербайжан Улсын Баку хотноо Дэлхийн эдийн засгийн Төв Ази, Кавказын бүсийн чуулганд тус улсын Гадаад харилцааны сайдын үрилгаар оролцсон юм. Чуулга уулзалтын үеэр сайд Л.Болд СNN телевизэд ярилцлага өгч, Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдал мөн бүс нүтгийн тулгамдсан асуудлаар сонирхсон асуултад хариулсныг орчуулан хүргэж байна. 

-Сүүлийн үед Дэлхийн эдийн засагт олон өөрчлөлтүүд гарч байна. Энэ бүхэн түүхий эдийн үнээс ихээхэн шалтгаалдаг уул уурхайн салбартай шууд холбогдож байна. Энэ үйл явцад оносон, алдсан улс орон цөөнгүй бий. Гэвч гарцаагүй хожсон гэж хэлж болох нэг улс байгаа юм. Энэ бол Монгол Улс. Бид тус улсын Гадаад харилцааны сайд Л.Болдоос Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдал мөн томоохон орд газруудаа хэрхэн эргэлтэнд оруулах гэж байгаа тухай тодрууллаа.

-Манай эдийн засаг өсч байна. Цаашид ч өсөн тэлэх өргөн боломж байгаа. Эдийн засгийг төрөлжүүлэх зэрэг олон асуудлууд чухал хэдий ч өнөөдөр бид эдгээр томоохон төслийг ажил хэрэг болгох тухай ярьж хэлэлцэж байна. Бусад жижиг зүйлд анхаарал сарних эрхгүй тийм цаг хугацаанд тулж ирээд байна. Үүнийг л бид чухамдаа одоо хийж, хэрэгжүүлэх ёстой юм.

-Гэтэл нөгөөтэйгүүр танайд нэгэн томоохон орд газрын IPO гаргах асуудал удааширч байна. Олон компани эдгээр ордод оролцох гэж хоорондоо ширүүн өрсөлдөж байна. Монгол Улсын хувьд хүндрэл бэрхшээлтэй тулгарч байна уу? Үүнийг шийдвэрлэж чадах уу? Таны бодлоор, энэ нь хөрөнгө оруулагчдын санааг зовоох зүйл үү? 

-Мэдээж хэрэг, хөрөнгө оруулагчид ямагт сэтгэл түгшиж байдаг, ялангуяа өнөөгийн эдийн засгийн хямралтай энэ үед бүр ч илүү түгшиж байгаа. Монгол Улс нээлттэй, ардчилсан орон. Бидэнд маш олон давуу тал байна. Гэвч үүнийг тэр болгон мэддэггүй. Монголд ирж үзсэн хүн л чухам энд хөрөнгө оруулалт хийхэд тохиромжтой, эрх зүйн орчны хувьд ч найдвартай газар гэдгийг ойлгодог. Тиймээс бидэнд энэ талаар эргэлзэх асуудалгүй.

-Хэр тунгалаг, нээлттэй вэ? 

-Монгол Улс ил тод нээлттэй, хамгийн эрх чөлөөтэй орон шүү дээ.

-Төв Азийн улс орнуудыг ил тод нээлттэй, ардчилсан гэж хэзээ ч нэрлэхгүй. Гэвч Та Монгол Улс бусдаас ялгаатай гээд байна уу? 

-Тийм ээ. Монгол улс тэдгээр орнуудаас угаасаа их ялгаатай. Зарим үнэлэмжээр бид Зүүн Европын улс орны хэмжээнд байгаа. Монгол Улсыг Зүүн Европын улстай адилтгаж үзэж болно. Гэхдээ Монгол бол бас Азийн улс. Энэ нь бидний давуу тал юм. Үүнийг өнгөрсөн 20-р зуунд л сул тал гэж үздэг байсан байх. Харин өнөөдөр бидний давуу тал болсон. Ийм учир бидний хийж бүтээж буй бүхэн хөгжил, өсөлтийг авчирч байна.

-Монгол Улс Хятадын орой дээр оршиж байгаа. Танай улсын гадаад худалдааны дийлэнхи хувийг Хятад бүрдүүлж байна. Үүнийг өөрчлөх тал дээр ямар арга хэмжээ авч байгаа вэ? Танай улс Хятадаас ихээхэн шалтгаалж байх шиг? 

-Хятадын эдийн засгийн өсөлт дэлхийн хөгжилд ихээхэн шинэчлэл авчирлаа. Бүхий л өөрчлөлт Хятадтай ямар нэг байдлаар холбогдож байна. Урьд өмнө бид үүнд санаа зовох байсан байх. Харин өнөөдөр энэ бол бидний хувьд маш чухал боломжийг олгож байна. Хятад Улс цаашид ч хөгжинө, эдийн засаг нь өснө гэдэг нь үнэн юм бол, Монгол Улс ч бас өсөн дэвжих нь гарцаагүй. Тийм учраас хөрөнгө оруулалтаар Монголд зарцуулсан доллар бүр үр өгөөжөө өгнө гэдэгт итгэж болно. Тиймээс санаа зоволтгүй гэж хэлмээр байна.

-Дэлхийн банкны мэдээлснээр, монголчууд нийгмийн үндсэн олон үйлчилгээг тэр болгон хүртэж чадахгүй байна. Танайд баялаг байна, гэвч тэр нь хүн бүрт хүртэхгүй байна. Та энэ баялаг өөрчлөлт авчирна гэж хэлэх үү? 

-Манай улсынцөөн хэдэн орд газар, уурхай л гэхэд хэдэн их наяд доллараар үнэлэгдэнэ. Үүнийг 3 сая хүн амд хуваахад, Монгол хүн бүр саятан болох боломжтой юм. Тиймээс ядуурал бол бидний нэн тэргүүнд шийдвэрлэх асуудал юм. Ингэснээр л бид улс орноо өөрчилж чадна. Үүнд 10 жилээс ч бага хугацаа шаардагдах байх гэж бодож байна.

-Таны хэлснээр монгол хүн бүр саятан болох нь ээ?

-Тийм ээ. Энэ бол бидний мөрөөдөл, бидний хүрч чадах мөрөөдөл юм.