Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

САЙД Л.БОЛД ЭНЭТХЭГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИД БАРААЛХАВ

2013оны 1сарын 17

17952-26214700БНЭУ-д албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд өнөөдөр тус улсын Ерөнхийлөгч Пранаб Мүкержид бараалхав.

Гадаад харилцааны сайд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, Монгол, Энэтхэгийн харилцааг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэх боломжийн талаар БНЭУ-ын Ерөнхийлөгчид товч танилцуулж, хоёр орны улс төрийн сайн харилцаа нь өдгөө ардчилал, хүний эрх, эрх чөлөөний хамтын үнэт зүйлсээр улам бэхжиж буйг тэмдэглээд цаашид бүс нутагт ардчиллыг түгээн дэлгэрүүлж, бэхжүүлэх нэгдмэл зорилтыг хэрэгжүүлэхэд БНЭУ-тай нягт хамтран ажиллах эрмэлзэлтэй байдгаа илэрхийлэв.

Энэ утгаараа АОХН-ийн хүрээнд бүс нутагт ардчиллыг бэхжүүлэх, ардчиллын боловсролыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгыг БНЭУ-ын Ерөнхийлөгч хүлээн авч улмаар Дели хотноо Ардчиллын боловсролын асуудлаарх Азийн бүсийн бага хурлыг зохион байгуулж байгаад талархал илэрхийлэв.

БНЭУ-ын Ерөнхийлөгч үүрэгт ажилдаа орсноос хойш монголын талаас хүлээн авч буй анхны өндөр хэмжээний зочин болох Монгол Улсын Гадаад харилцааны сайдыг хүлээн авч уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв. Хоёр орон газар нутгийн хувьд алс хол оршдог, хүн амын тоо харилцан адилгүй боловч бүс нутагт парламентын ардчиллыг сонгосон орнуудын хувьд ардчиллын үнэт зүйлс харилцаа хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж байгааг БНЭУ-ын Ерөнхийлөгч онцлов. Тэрээр хорь гаруйхан жилийн дотор парламентын ардчиллыг төлөвшүүлж, бүс нутгийн бусад улс оронд үлгэр жишээ болсон Монгол Улсын амжилтыг өндрөөр үнэлж, дэлхийн хамгийн том ардчилсан орны хувьд өөрсдийн туршлагаасаа хуваалцахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Сайд Л.Болд Монгол, Энэтхэгийн ЗГХК-ын бэлтгэл ажлын хүрээнд комиссын энэтхэгийн хэсгийн дарга БНЭУ-ын Гадаад хэргийн төрийн сайд Принийт Кауртай уулзав. Уулзалтын үеэр Монгол, Энэтхэгийн харилцаа бүх салбарт амжилттай хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгааг илэрхийлж, цаашид бие биеэ нөхсөн, харилцан ашигтай эдийн засгийн хамын ажиллагааг өргөжүүлэх нь “Иж бүрэн түншлэлийн харилцааг” бүрэн утгаар нь хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт хоёр тал санал нэгтэй байгаагаа нотлов. Түүнчлэн хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа тодорхой төслүүд, тухайлбал Монгол, Энэтхэгийн хамтарсан сургууль, Мэдээллийн технологи, аутсорсинг төв байгуулах зэрэг хамтарсан төслүүдийг урагшлуулах, мөн бүс нутаг, олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд харилцан бие биенээ дэмжиж ажиллахаар тохиролцов.

Түүнчлэн Гадаад харилцааны сайд БНЭУ-ын Иргэний агаарын тээврийн сайд Ажит Сингтэй уулзаж, иргэдийн зорчих нөхцлийг хөнгөвчлөх, жуулчдын тоог нэмэгдүүлэхэд агаарын тээврийн харилцаа чухал болохыг тэмдэглэв. Тиймээс энэтхэгийн талаас 5 дугаар эрхийг олгосон тохиолдолд, монголын талаас Хонконг, Бишкекээр дайрч Дели буюу бусад хот руу нислэг үйлдэх боломжийг судлан үзэх боломжтойг Гадаад харилцааны сайд уулзалтынхаа үеэр онцолж, энэ хүрээнд хоёр орны иргэний агаарын тээврийн байгууллагуудын ажлын хэсгийн уулзалтыг ойрын үед хэрэгжүүлэхийг санал болгов.

Гадаад харилцааны сайд айлчлалынхаа хүрээнд БНЭУ-ын Мумбай, Колкатта, Чинай хот болон Балба, Бангладеш Улсад суугаа Монгол Улсын Өргөмжит консулуудыг хүлээн авч уулзан, харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар тэдэнтэй санал бодлоо солилцож, цаашдын үйл ажиллагаандаа анхаарах асуудлаар тодорхой чиглэл өгөв.

Мөн өдөр сайд Л.Болд Олон улсын парламентийн холбооны Ерөнхийлөгч асан, БНЭУ-ын Парламентын Дээд танхимын гишүүн хатагтай Нажма Хептуллатай уулзаж, хоёр талын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хууль тогтоох дээд байгууллагуудын гүйцэтгэх үүрэг болон бүс нутаг, олон улсын тавцанд дахь хамтын ажиллагааны талаар өргөн хүрээнд санал солилцлоо.