Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

САЙД Л.БОЛД ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2013оны 1сарын 24

19122-26214700Давосын Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр (ДЭЗЧУ) Монгол Улс, ДЭЗЧУ хоорондын хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичигт Гадаад харилцааны сайд Л.Болд гарын үсэг зурав. Тэрээр 2012 оны 10 дугаар сард ДЭЗЧУ-ын дарга, профессор Клаус Швабтай уулзахдаа Монгол Улс, ДЭЗЧУ хоорондын хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлсон энэхүү санамж бичгийг байгуулахыг санаачлан тохирсон юм.

ДЭЗЧУ-тай байгуулсан санамж бичигт тус чуулга уулзалттай хамтран энэ оны 9 дүгээр сард Улаанбаатар хотноо Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн хэтийн төлөв, чиг хандлагыг хэлэлцэх дугуй ширээний уулзалт зохион байгуулахаар заасан. Дугуй ширээний уулзалтын дүнг 2014 оны Давосын чуулга уулзалтын үеэр танилцуулах юм. Түүнчлэн санамж бичигт Зүүн Азийн асуудлаарх ДЭЗЧУ-ыг ойрын жилд манай улсад зохион байгуулах чиглэлээр ажиллах, Монголын томоохон компаниудыг ДЭЗЧУ-ын гишүүнээр элсүүлж, ДЭЗЧУ-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулах зэрэг чухал ажил тусгагдсан.

ДЭЗЧУ нь улс орны удирдагчид, улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, нэрт эдийн засагчид болон бизнесийн салбарын төлөөлөгчид Швейцарийн Давос хотноо жил бүр нэг дор цугларч, дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй эдийн засаг, нийгмийн томоохон асуудлуудыг хэлэлцдэг хараат бус, дэлхийн тэргүүлэх чуулган билээ. Иймд өнөөдөр байгуулсан санамж бичгийн дагуу тус чуулга уулзалттай түлхүү хамтран ажилласнаар улс орноо олон улсад сурталчлан таниулах, гадаадын хөрөнгө оруулалт ихээр татах боломжтой юм.

Мөн өдөр Гадаад харилцааны сайд Л.Болд Давосын уулзалтын үеэр шилжилт хөдөлгөөний бодлогын асуудлаар Шведийн Цагаачлалын бодлогын сайд, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Ерөнхий захирлын хамтран зохион байгуулсан албан бус уулзалтад тусгай урилгаар оролцож, шилжилт хөдөлгөөний талаар манай улсын баримталж буй бодлогыг товч танилцуулж үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ Монгол Улс 90-ээд оны эхээр ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш манай олон иргэн ажлын эрэлд гадаад орныг зорьсон тухай, тэдэнд эх орондоо буцаж ирэхэд эрх зүйн талаар манай дипломат төлөөлөгчийн газрууд сайтар тусалж байх шаардлагатайг тэмдэглэлээ.