Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

ОНЛАЙН ЭРХ ЧӨЛӨӨ ЭВСЛИЙН V БАГА ХУРАЛ ДЭЛХИЙН ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ӨДӨРТ ЗОРИУЛСАН ДУГУЙ ШИРЭЭНИЙ ЯРИЛЦЛАГАД ХЭЛСЭН ҮГ

2015оны 5сарын 03

145A9791Хатагтай, ноёд оо,

Юуны өмнө, энэхүү чухал арга хэмжээг санаачлан зохион байгуулж байгаа Глоб Интернэшнл Төв, Нээлттэй Нийгэм Форум, ЮНЕСКО, Австрийн ЭСЯ-нд талархал илэрхийлье.

Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Хэвлэлийн эрх чөлөөний төлөөлөгч, хатагтай Дуня Миятович биечлэн оролцож байгаад баяртай байна. Саяхан Европын хэвлэл мэдээллийн нэр хүндтэй шагнал болох Шаальмейний медаль (Medal of Charlemagne – called the “Father of Europe”) хүртсэн Дуня Танд халуун баяр хүргэе.

Дэлхийн хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний төлөө НҮБ-ын үйл ажиллагааны тэргүүн эгнээнд явдаг ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын орлогч Гетачю Энгида Танд мөн талархал дэвшүүлье.

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний энэ өдрийг тохиолдуулан, Монголын хэвлэл мэдээллийн бүх байгууллага, сэтгүүлчдэд чин сэтгэлийн баяр хүргэе.

Хатагтай, ноёд оо,

Миний бие Гадаад харилцааны сайдаар ажиллаж байхдаа «Онлайн эрх чөлөө эвсэл»-ийн Сайд нарын 5 дугаар Бага хурлыг Монгол Улсад зохион байгуулах санаачилга гаргаж, Эстоний Таллиннд болсон өмнөх хурлын үеэр Эвслийн гишүүн орнуудаас дэмжлэг авч ажиллаж байсан маань ийнхүү биеллээ олж байгаад баяртай байна.

Бага хурлын хугацааг сонгохдоо бид «Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр»-ийг тохиолдуулан хийхээр тогтсон нь бас учир утгатай юм.

Өнөөдөр хэвлэл гэж зөвхөн сонин, радио, телевиз зэрэг мэдээллийн уламжлалт арга хэрэгслийг биш, мөн онлайн мэдээллийн сувгуудыг оролцуулан хэлдэг болоод байна. Интернэтийн ачаар сонин, радио, телевизийн мэдээллийг бид онлайн авч болдог, мөн хариу санал бодлоо илэрхийлэх боломжтой болсон. Өөрөөр хэлбэл, зөвхөн нэг урсгалтай мэдээллийн уламжлалт сувгууд маань одоо интерактив боллоо.

Нөгөө талаар интерактив болсон мэдээллийн салбарт иргэн бүр оролцох боломжтой болсон нь нэг талаас туйлын чухал ач холбогдолтой боловч нөгөө талаар манай сэтгүүлчдэд тавих мэргэжлийн шаардлагыг өндөр болгосон.

Хатагтай, ноёд оо,

Монголчууд бидний хувьд хэвлэл мэдээллийн салбар онцгой ач холбогдолтой. Олон мянган жилийн нүүдэлчин амьдралын хэв маяг, 70 жил коммунист дэглэмд байсны ул мөрөөс үүдэлтэй монголчуудын хэд хэдэн онцлог байдаг.

Нэгд, энэ уудам нутаг дэвсгэр дээр тархай бутархай, нүүдэллэн амьдарч ирсэн монголчууд зочин гийчэнтэй уулзахдаа шинэ соргог мэдээ, мэдээлэл авах, ном хаялцах туйлын сонирхолтой байж ирсэн. Иймд, бид мэдээллийг онц их сонирхдог.

Хоёрт, монголчууд хүний ярьсан, хэлсэн зүйлд шууд итгэдэг. Энэ нь гэнэн зандаа биш, бид бие биендээ худал ярьдаггүй, хов живийг жигшдэг хүмүүжилтэй байсантай холбоотой.

Гуравт, сонин хэвлэл, радио телевиз үүссэн үед Монголд социалист тогтолцоо байсан учир хэвлэл мэдээлэл анхнаасаа зөвхөн эрх баригч намын үзэл суртлын зэвсэг болж ирсэн, өөр альтернатив үзэл бодол, мэдээлэл байлгадаггүй байлаа.

Харин 1990 оны Ардчилсан хувьсгалын үр дүнд Монгол Улсад хэвлэл мэдээллийн эрх чөлөө сая бодит болж, иргэн бүр өөрийн үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх эрхтэй болсон.

Иймд хэвлэл мэдээллийн эрх чөлөө гэдэг бол Монголын хувьд харьцангуй шинэ үзэгдэл (феномен) юм.

Манай хэвлэл мэдээллийн төлөөлөгчид энэ эрх чөлөөг бататгахын төлөө ажиллаж, тэмцэж ирлээ. Монголын ардчиллын өнгөрсөн 25 жилд бид хэвлэлийн эрх чөлөөний салбарт том ололт амжилт олсон. Гэхдээ бүх юм сайхан болоогүй байна.

Дуня-гийн саяхан хэлснээр, «Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бол хүчилтөрөгчтэй адилхан юм». Бид агаар мандал дахь хүчилтөрөгчөө байнга тэтгэж тэжээж байхгүй бол агаарын бохирдол байнга аюул занал учруулсаар байх болно.

Хаана дарангуйлал байна, хаана ардчиллаас ухарч байна, тэнд хэвлэлийн эрх чөлөөг боомилох «хэрэгцээ шаардлага» бий болдог. Дэлхий дахинаа төдийгүй, Европт ч тэр, Монголд ч тэр, энэ эрх чөлөөнөөс «хумслах», эсвэл энэ эрх чөлөөгөөр «тоглох» (манипуляци хийх) оролдлого тасралтгүй гарсаар байна.

Монголын сэтгүүлчид амаргүй нөхцөлд ажиллаж байгааг энд хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж бодож байна. Нэг талаас, зарим нэг эрх мэдэлтнүүд дарамт шахалт үзүүлдэг. Нөгөө талаас, Монголын зах зээл бага учир сэтгүүлчдийн ажлын үнэ цэнэ зохих ёсоор үнэлэгддэггүй, санхүүгийн бэрхшээл байнга учирдаг.

Сэтгүүлчдийг санхүүгийн хувьд хэн нэгнээс хараат бус байлгах, сэтгүүлчид өөрсдөө ёс зүйн хэм хэмжээгээ ягштал баримтлах тийм нөхцөл бололцоог бүрдүүлэх ёстой.

Монголын нөхцөлд хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчдийг дэмжих олон талт (multistakeholder) механизм хэрэгтэй гэж бодож байна. Энэ нь төр, хувийн хэвшил, иргэдийн ямар ч нөхцөлгүй (without strings), сайн дурын хандив дээр тулгуурласан сан хэлбэртэй байж болох юм.

Манай сэтгүүлчид гадаадын мэргэжил нэгт нөхөд, тэдний байгууллагууд, олон улсын байгууллагуудтай улам идэвхтэй хамтран ажиллах хэрэгтэй.

Монголын нийгэм ардчилсан тогтолцоонд шилжээд удаагүй байна. Манай иргэдийн нийгмийн идэвх харьцангуй өндөр болсон боловч хэвлэл мэдээллээр өөрийгээ зөв илэрхийлэх соёл сайн сууж өгөөгүй байна. Бусдын бурууг шүүмжлэхийн зэрэгцээ тэдний үзэл бодол, нэр хүнд, хувь хүний нууцыг хүндэтгэх, бусдыг үзэн ядах (xenophobia)-аас татгалзах зэрэг тэнцвэртэй хандлагад суралцах шаардлага байна.

Ийм ч учраас бид иргэний боловсрол, ардчиллын боловсролд анхаарал тавьж, НҮБ, ЮНЕСКО-гоор холбогдох тогтоол батлуулж ирлээ.

Иргэний боловсрол, ардчиллын боловсролыг үр дүнтэй зохион байгуулах замаар иргэдийнхээ сэтгэлгээнд суурь өөрчлөлт хийхэд дутуу анхаарч ирсэн явдал бидний нэг чухал сургамж юм.

Хатагтай, ноёд оо,

«Онлайн эрх чөлөө эвсэл»-ийг үүсгэн байгуулагчийн нэг, Ази тивдээ ардчиллын нэг үлгэр жишээ болж яваа Монгол улс өнгөрсөн 25 жилд амжилт ололт, алдаа гажуудлын аль алиныг туулж ирлээ.

Амжилтаа бататгах, алдаагаа засахад хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид, хэвлэлийн эрх чөлөө чухал үүрэгтэй гэдэгтэй хэн ч маргахгүй.

Манай сэтгүүлчид үнэний төлөө, шударга ёсыг нийгмийн хэм хэмжээ болгохын төлөө, хэвлэлийн эрх чөлөөний төлөө цаашид ч тууштай ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна.

УИХ-ын гишүүний хувьд би ч сэтгүүлчдийг дэмжиж ажиллана. Саяхан би хэсэг гишүүдийн хамт УИХ дотор «Интернэтийн эрх чөлөөг дэмжигч бүлэг» байгуулсныг та бүхэн мэдэж байгаа. Энэ бол онлайн эрх чөлөөний үзэл санааг парламент дотор дэлгэрүүлэх, УИХ-аас гарч байгаа хууль тогтоомжид хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлахуйц заалт орохоос сэргийлэх, онлайн эрх чөлөөг хуульчлан бататгах зэрэг зорилготой санаачилга юм.

Та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа.