Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

Найрсаг солилцооны жил

2014оны 1сарын 23

 62902-26214700-БНХАУ  хөрш орнуудын бодлогоо шинэчилснээсээ хойш анхны гадаад зочноо Монголоос хүлээн авлаа-

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар тус улсад энэ сарын 16-21-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийлээ.

Шинэчлэлийн Засгийн газрын хувьд энэ оны анхны айлчлал нь Гадаад харилцааны сайд Л.Болдын өмнөд хөршдөө хийсэн дээрх айлчлал болж байна. БНХАУ-ын тал мөн адил энэ оны анхны айлчлалаа хойд хөршөөсөө хүлээн авч байгаагаа төрийн удирдлагуудын төвшинд онцолж байлаа. Хоёр орны харилцаа хамгийн дээд төвшний буюу стратегийн түншлэлийн хэмжээнд хөгжиж байгаагаас гадна 2014 онд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээг шинэчилсний 20 жилийн ой давхцаж буй юм. Эдгээр түүхэн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд 2014 оныг Найрсаг солилцооны жил болгон зарлаж, олон тал арга хэмжээг хоёр талд зохион байгуулахаар болоод байна.

Гадаад харилцааны сайд Л.Болд, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар айлчлалын хүрээнд албан ёсны хэлэлцээ хийж, Найрсаг солилцооны жилийн хөтөлбөрт хоёр талаас гарын үсэг зурсан.Хоёр талын албан ёсны хэлэлцээ болон тус улсын удирдлагуудтай хийсэн уулзалтуудын үеэряригдсан, шийдвэрлэсэн асуудлууд чухам юу байв?

 

Худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэнэ

Гадаад харилцааны сайд нарын албан ёсны хэлэлцээний үеэр өргөн хүрээнд санал солилцсоны дотор БНХАУ-ын талаас хоёр орны гадаад худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх эрмэлзэлтэйгээ байгаагаа илэрхийллээ. Өнөөдөр энэ хэмжээ 6 орчим тэрбум ам.долларт эргэлдэж байгаа бөгөөд үүнийг ойрын жилүүдэд хоёр дахин нэмэгдүүлнэ гэдгийг тохиролцлоо. Энэ нь Монголын хувьд эдийн засгийн ихээхэн өөрчлөлтийг бий болгох хүчин зүйл юм. Түүнээс гадна хоёр улсын худалдааны чөлөөт бүсийг байгуулах асуудлыг судалж шийдвэрлэхээр ярилцлаа. Мөн хоёр улсын хооронд “2+2” механизм байгуулахаар тохиролцоонд хүрлээ. Энэ нь хоёр улс дэд бүтцээр холбогдох, дэд бүтцийн салбарын болон томоохон төслүүдийн хамтын ажиллагааг цогцоор нь ярилцах механизм байх аж.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг урилаа

Хоёр орны харилцан итгэлцлийг бэхжүүлэх, өндөр төвшний айлчлалын давтамжийг нэмэгдүүлэхийг талууд чухалчилж байгаагаа харилцан илэрхийллээ. Хятадын тал энэ оны тавдугаар сард Шанхай хотноо болох Азийн хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийн хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг урилаа. Мөн УИХ-ын дарга, Шадар сайд нарын БНХАУ-д айлчлал хийх асуудлыг тохиролцсон юм.

Харин айлын талаас өндөр төвшний айлчлалуудыг хэрэгжүүлэх талаар ажиллаж байгаагаа дурдлаа. Тэр дундаа БНХАУ-ын дарга Си Жин Пиний айлчлалыг энэ оны наймдугаар сард зохион байгуулах талаар ярилцаж байгаа бол тус улсын Гадаад хэргийн сайд айлчлах нь тодорхой болоод байгаа юм.

 

 “Монголын нууц товчоо”-ны монгол хэл дээрх эхийг судлах талаар ярилцлаа

Соёл, боловсрол, нийгэм хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар талууд санал солилцсоноос гадна Гадаад харилцааны сайд Л.Болд соёлын үнэт өвийн асуудлаар нэгэн санал дэвшүүлсэн юм.

Бээжингийн Үндэсний Их Сургуулийн судлаач Эрдэмт гэдэг хүн Түвдэд ажиллах хугацаандаа Баруун Түвдийн Толдин хийдээс монгол бичгээр бичсэн “Монголын Нууц товчоо”-г олсон аж. Уг материал эдүгээ Хятадын Үндэсний номын санд хадгалагдаж байгаа төдийгүй өнгөрсөн оны 12 дугаар сард Хятадын Үндэсний номын сангаас ховор номын үзэсгэлэн гаргаж тэрхүү “Нууц товчоо”-ны хуудсуудыг олон нийтэд толилуулсан. Энэхүү монгол судрын хуудсууд нь “Монголын нууц товчоо”-ны 90-120 дугаар хэсгүүд мөн гэж судлаачид үзэж байгааг Л.Болд дурдаад  Монгол Улсын түүх соёлын энэхүү үнэ цэнтэй олдворын өндөр чанартай хуулбарыг Монголын талд өгч, “Нууц товчоо”-ны эх сударт хоёр талын эрдэмтэд хамтран судалгаа хийж, хамтарсан бүтээл гаргах, ТүвдийнТолдин хийдэд Монголын эрдэмтэд судалгаа хийх боломж олгох зэрэг асуудлыг холбогдох газарт уламжилж ГХЯ-ны зүгээс дэмжлэг үзүүлж ажиллахыг хүссэн. Хятадын тал үүнийг холбогдох байгууллагуудад уламжлах, дэмжихээ илэрхийлсэн юм.

Түүнчлэн Гадаад харилцааны сайд Л.Болд айлчлалын хүрээнд БНХАУ-ын дэд дарга Ли Юаньчао болон БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жэчи нар бараалхан хоёр орны харилцааны асуудлаар ярилцсан.  Тус улс төрийн бодлогын төвшиндөө хөрш орнуудын бодлогоо шинэчилж, хамтын ажиллагааны үр ашгийг хөршүүддээ хүртээмжтэй болгох концепцийг  чухалчлахаар болж байгаа аж. Бодлогын өөрчлөлтөө зарласнаасаа хойш анхны гадаад айлчлалыг Монголын талаас хүлээн авч байгаа нь санамсаргүй хэрэг биш юм байна. БНХАУ-ын дэд дарга Ли Юаньчао уулзалтынхаа үеэр Монгол Улсыг далайд гарцтай холбох, Хятадын боомтуудыг ашиглах бололцоо олгох талаар дэмжиж ажиллахаа илэрхийлсэн бол ноён Ян Жэчи бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллага, АПЕК-т Монгол Улс байр сууриа бэхжүүлэхэд дэмжиж ажиллана гэдгийг тэмдэглэсэн. Энэ оны хувьд АПЕК-ийг Хятад улс даргалах бөгөөд хуралд Гадаад харилцааны сайд Л.Болдыг урилаа.

БНХАУ-д хийсэн айлчлалынхаа үеэр Л.Болд Бээжин хотод Монгол Улсыг хавсран суугаа Элчин сайдуудыг хүлээн авч уулзаж, гадаад харилцааны бодлогын зорилтуудыг танилцуулсан юм. Бээжинд Элчин сайдын яам бүхий 82 орон Монголыг улсыг хавсран сууж байгаа ба уулзалтад 50-аад орны Элчин сайд нар оролцсон. 

 

Шинжаан Уйгурын өөртөө засах оронд ажиллалаа

Хятад улс хязгаар нутгаа хэрхэн хөгжүүлж байгааг Казахстантай хил залгаа хэсэгт чөлөөт бүс байгуулж буй бүтээн байгуулалтын явцаас харж болох байх. Казахстантай хиллэдэг Хоргос боомтыг чөлөөт бүс болгох ажил сүүлийн гурван жилд эрчимтэй өрнөж том цогцолборууд хэдийнэ боссон байна. Монгол Улсын Хов, Баян-Өлгий аймагтай хиллэдэг энэ хязгаар бүс нутагт чөлөөт бүс байгуулагдаж байгааг монголчууд боломж болгон ашиглах талаар хоёр талын уулзалтуудын явцад яригдсан. Иргэд хоорондын харилцаа сайн хөгжсөн хил залгаа нутгуудын хамтын ажиллагааны талаар мөн ярилцаж, ялангуяа Ховд аймаг дахь хилийн боомтоор харилцан нэвтрэх журмыгөөрчилж, иргэдийг гурван цагаар хүлээлгэж чирэгдүүлдгийг болихоор харилцан тохиролцсон. Мөн цаашид хилийн боомтуудаа түшиглэн чөлөөт бүс байгуулахад хамтран ажиллахаар хоёр тал ярилцлаа.

Шинжаан Уйгурын өөртөө засах орны дэд дарга Да Ган Гадаад харилцааны сайд Л.Болдыг хүлээнавч уулзах үеэр хил залгаа Монголын баруун аймгуудтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх болон консул суулгах асуудлаар санал солилцсон юм.  Өнөөдрийн байдлаар Шинжаан Уйгурын өөртөө засах орны Өрөмч хотод Монголын “ХасБанк”-ны хөрөнгөоруулалтай “Тиан Рун” компани жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан санхүүгийнүйлчилгээ үзүүлэх чиглэлээр амжилттай ажиллаж байгаа юм байна. Цаашид Монголын хувийн хэвшлийн компани, аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллах талаар орон нутгийн удирдлагуудтай сайд Л.Болд ярилцсан.

Шинжаан Уйгурын өөртөө засах орон Хятадын байгалийн баялгийн нөөцийн үлэмж хэсгийг агуулжбайдаг.Үүнийг түшиглэн Цинхуа групп нийт 30 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар нүүрс боловсруулах үйлдвэрийн хоёр ч том цогцолбор байгуулж байгаатай Монголын төлөөлөгчдийг танилцуулсан. Нүүрснээс хий гаргаж авах үйлдвэр нь ашиглалтад ороод байгаа төдийгүй энэ нь Хятаддаа анхных гэж хэлж болох өндөр технологийн томоохон үйлдвэр юм байна. 

Энэчлэн Гадаад харилцааны сайд Л.Болдын хийсэн айлчлал хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар тодорхой ажил, саналуудыг шийдвэрлэсэн үр дүнтэйгээр өндөрлөлөө. Түүний айлчлалтай холбогдуулан “China Daily” сонин,  CCTV суваг болон Хонгконгийн “Phoenix” суваг Л.Болдыг зочноор урьж ярилцсан юм.

И.СҮНДАРИ