Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

МОНГОЛ ХҮНИЙ ДАВУУ БОЛОМЖ

2012оны 12сарын 04

12616-262147002012 оны УИХ-ын сонгуулийн дараахан Яармагийн урд дэнж, Буянт-Ухаа орох замын урд биеэр газар хэмжиж, майхан сав барин гал манан өнжсөн иргэдийн үйл хөдлөлийн цаана хүн бүрт л өөрийн өмчлөлийн газартай болох тэмүүлэл, өөрийн болгосон газар дээрээ насан туршийн хөрөнгө оруулалтаа хийж монгол хүн болсны давуу эрхээ эдлэн сайхан амьдрах бодол байдгийг нотолсон юм. Шинэ тив, шинэ нутаг газрыг хувааж хуваарилдаг үйл явдалтай Холливудын алдартай киноны зураглал шиг эл үйл явц  үнэн чанартаа газар өмчлөлийн асуудлын хоцрогдол, бодит биелэлгүй байдлыг илчилсэн бөгөөд иргэдэд газар өмчлөх ажил хууль эрхзүйн хувьд ч боловсронгуй болж чадаагүйг харуулсан хэрэг.

Цаг үеийн энэ шаардлагыг мэдэрсэн УИХ-ын гишүүн Л.Болд нарын долоон гишүүн Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг санаачилан боловсруулж УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн барьжээ. Л.Болд нэр дэвшиж байхдаа л газар өмчлөлийн асуудлыг шуурхайлах, шударга болгоход анхаарч, монгол иргэн олон жилээр амьдарсан газраа өмчлөх давуу эрхтэй, улмаар иргэн бүр газар өмчлөх эрхээ баталгаажуулах учиртайг анзаарч мөрийн хөтөлбөртөө тусгасан байсан нь ийнхүү биелэлээ олж эхэлж байгаа аж.

Энэ төсөлд газар өмчлүүлэх үйл ажиллагааг үе шаттайгаар нарийвчлан зааж маш тодорхой болгосон нь төдийлөн хэрэгжиж чадахгүй байсан өмнөх хуулиас давуу, илүү үйлчлэлтэй болгох боломжийг нээж байна. Хүн бүр бодолдоо тээж явдаг өмчлөх газраа эхний ээлжинд төрд албан ёсны бүртгэлтэй үнэт цаас хэлбэрээр бодит үнэ цэнэ болгох алхмыг хийж байгаа нь шинэ санаа юм. Энэ санаа иргэнээ боддог, Монголоо хайрладаг уламжлалаас л төрөх бөгөөд энэ бол цаг зуурын бус, холыг хардаг ухааны илрэл болой. Газар өмчлөх эрхийг илтгэх үнэт цаасаа иргэн газраар солих, эсвэл үнэт цаасны арилжаанд оруулан, эсвэл өөр бусдын үнэт цаасыг худалдаж аван илүү том газрыг өмчлөх боломжтой байгаа нь бусад үндэстнээс зөвхөн бидэнд, монголчуудад байх боломжтой чухал эрх, хувь тавилан юм. Үүнийг хуульчлах, монгол хүнийг дээдлэх санааг энэ төсөл багтааж буй аж.

Газраа өмчилж, түүнийгээ хувийн байр сууцаа барих, аж ахуйгаа байгуулах суурь бааз болгох, аль эсвэл эдийн засгийн эргэлтэд оруулах хүсэлгүй Монгол хүн нэг ч байхгүй. Гэтэл өнөөдрийг хүртэл хуулиар тунхаглагдсан энэ эрх хэрэгжихгүй байсаар 10-аад жилийн нүүрийг үзсэн байна. Хариуцсан алба, албан тушаалтанд хандахад боломжгүй гэсэн л хариултыг шууд болон тойруу замаар сонссоор ирсэн нь хатуу үнэн билээ. Өнөөдөр оршин сууж байгаа газрыг нь хэн, хэзээ хураах бол гэсэн айдас, айдас биш юм гэхэд далд нэгэн түгшүүрт автсаар олигтой хөрөнгө оруулалт хийж чадалгүй суусаар насыг барж байгаа иргэддээ төр хуулийн хүрээнд байр сууриа тодорхой илэрхийлэх үндсэн баримт бичиг дутагдсаар ирсэн билээ. 

Үүнийг цэгцлэх, нэг мөр тодорхой болгон шийдэх, газар өмчлөх, өмчлүүлэх ажлыг эрчимжүүлэх нь нэг талаас иргэдээ хүн-дэлсэн, хүнлэг шийдэл болох, нөгөө талаас эдийн засгийг сэргээх, шинэ хувьсгалыг авчрах хөрс суурь болж байгааг хууль санаачлагчид төдийгүй гадна, дотнын шинжээч судлаачид өгүүлсээр байгаа юм. Алдарт судлаач, нийтлэлч Эрнандо Де Сото 2011 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Монгол Улсад айлчлахын өмнө нэгэн сонирхолтой судалгааг хийлгэсэн байдаг. Түүний нотлон гаргаснаар монголчууд бид 7,5 тэрбум ам.доллар буюу арван илүү их наяд төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг бүртгэлгүйгээр эзэмшиж байна. Энэ манайд орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалтаас хэд дахин их байх бөгөөд эдийн засгийн эргэлтэд оруулж чадвал ямар их нөөц бололцоо байгааг өгүүлсэн байдаг. Тэгвэл иргэдэд шинээр өмчлүүлэх газар дээр босох үл хөдлөх хөрөнгийн эргэлт энэ үнэлгээнээс даруй 10 дахин ихсэх бөгөөд Монгол Улсын эдийн засгийн багтаамж, эргэлт, үр ашиг төдий хэмжээгээр өсөхийг тааж ядах юмгүй билээ.

Иргэдэд өмчлүүлэх газрын хилийн шон нь дугаартай байх бөгөөд шон нь газрын гадаргуугаас 1.5 метрээс өндөргүй, шон дээр тухайн газрын нийт хэмжээ, хойд болон зүүн чиглэлд хэдэн метр хэмжээг хамарч байгааг заасан сум заасан тэмдэглэгээ байх ба эдгээр тэмдэглэгээ, дугаар нь монгол хэл, кирилл үсгээр, араб тоогоор тэмдэглэгдсэн байна. Газар өмчлөн авах иргэдийн хүсэлтийг тухайн шатны Засаг даргын Тамгын газар ирсэн он, cap, өдөр, цаг, минутаар нь жагсааж дугаарлах бөгөөд уг дугаарыг хүсэлт гаргасан иргэнд олгоно. Энэ бол уг төслийн заалтууд юм. Өмчлүүлэхээр шийдвэр гаргасан газрыг иргэдэд энэ дугаарын дагуу саналыг асуун сонголт хийлгэн өмчлүүлэх тухай энэ төсөлд заажээ. Маш шударга, ил тод үйл ажиллагааг хуульчилжээ. Хууль батлагдвал тэртээ олон зууны өмнө газар авахын төлөө амь эрсэн уралдаж туг, шон хатгаж байсан Нэгдсэн улсын дүр төрхийг өнөөгийн Монгол хуулийн хүрээнд шударгаар, хүртээлтэйгээр хуваарилсан тухай түүхэн баримтаар солих ховорхон боломж ирж байна.

Улстөрч Л.Болд нэгэн ярилцлагадаа дэлхий ертөнц хэмээх энэ орон зайд монгол хүн хэмээх цаг хугацаа байх ёстой, байлгахын төлөө бүхий л чадлаар зүтгэнэ хэмээн мэдэгдсэн байдаг. Энэхүү мэдэгдлийн нэгэн биелэл, хувилбар нь гэлтэй энэ төсөл анхнаасаа л монгол хүнийг өөд нь өргөсөн, хүндэлсэн хандлага болсон юм. Монгол хэмээх энэ газар шороо, орон зайд монгол айл өрхийн баталгаатай, төвшин аж амьдралын хэмнэлээр хэмжигдэх цаг хугацаа урсч эхлэх дохио, хонхон дууг өгснөөрөө энэ бүх санаачилга үеийн үед дуурсагдах биз ээ.

Монголын маань нэг давуу тал бол өргөн уудам газар нутаг минь юм. Энэ цөөхөн иргэдэд өмчлүүлэх газар хангалттай нь дэндүү илэрхий гэсэн үг. Бодолд тээгдэх газраа бодит ажил, үнэ цэнэ болгон аж амьдралаа, ирээдүйгээ цогцлоох арга зам энэ хуулиар нээгдэх тул УИХ-ын чуулганаар дэмжигдэх эсэхийг л харж суух үлджээ. Дэмжигдвэл олон жилийн мөрөөдлөө хэрэгжүүлж газартай болон амар тайван аж төрөх санаа шулуудах учиртай ажгуу.

Б.Нэргүй 

http://news.gogo.mn/r/115165