Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

МОНГОЛ УЛС, ОЛОН УЛСЫН ЭНХИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ХООРОНД ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ

2013оны 4сарын 28
30679-26214700Гадаад харилцааны сайд Л.Болд Олон улсын энхийн хүрээлэн (ОУЭХ)-гийн Ерөнхийлөгч Терже Род-Ларсеныг 2013 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч уулзлаа. Гадаад харилцааны сайд Л.Болд ОУЭХ-гийн төлөөлөгчид Улаанбаатар хотноо болж буй Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын 7 дугаар Бага хуралд оролцож буйд талархал илэрхийлээд цаашид амжилттай хамтран ажиллана гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.  

Олон улсын энхийн хүрээлэн (International Peace Institution- IPI) нь бие даасан, ашгийн бус судалгааны хүрээлэн бөгөөд тус хүрээлэнгийн захирлуудын Зөвлөлийн хүндэт даргаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн ажилладаг ажээ.

ОУЭХ нь олон талт механизмыг бэхжүүлэх замаар зөрчил мөргөөлдөөнөөс урьдчилан сэргийлэх, зогсоох үйл ажиллагааг дэмждэг. Чингэхдээ олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгамдаж буй глобал асуудлууд, шинээр гарч болзошгүй сорилт, хямрал, мөргөлдөөн, тэдгээрээс хэрхэн урьдчилан сэргийлэх, цаашдын төлөв хандлагыг тодорхойлох зэрэг чиглэлээр гүнзгий судалгаа хийж, анализ, дүгнэлт гаргах, тулгарч буй сорилтыг хэрхэн шийдвэрлэх талаар улс орнуудад бодлогын зөвлөмж өгч дэмжлэг үзүүлдэг.

Уулзалтын үеэр Монгол Улс,  ОУЭХ-гийн хооронд байгуулж буй харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав. Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд ОУЭХ-гээс Монгол Улсын НҮБ, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага зэрэг олон талт механизмтай хамтран ажиллах чадавхийг нэмэгдүүлэх, ардчилал ба сонгуулийг хэлэлцдэг олон улсын хурал чуулгануудтай түншийн харилцаагаа бэхжүүлэх, энх тайван, аюулгүй байдлын асуудлаар судалгаа хийж, хурал уулзалт зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, чадавхийг бэхжүүлэх сургалт зохион байгуулах зэрэг ажлыг тодорхой төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх ажээ.