Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

“МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН ӨМӨЗО, ХОНКОНГИЙН ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ”-ИЙГ НЭЭЖ МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Л.БОЛД ҮГ ХЭЛЭВ

2017оны 9сарын 27

Эрхэм хүндэт Монгол, Хятад анд нөхөд өө,

Эрхэм хүндэт бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчид аа,

“Монгол-Хятадын хоёр дахь удаагийн Экспо”-гийн хүрээнд зохион байгуулагдаж буй “Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО, Хонконгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцүүлэг”-т хүрэлцэн ирсэн Та бүгдийн амар амгаланг айлтгаж, чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.

Өнөөдөр Хөххотноо эхэлж буй буй Экспо нь худалдаа, эдийн засгийн агуулга голлосон, аж ахуй эрхлэгчид, хөрөнгө оруулагчид оролцогчдын дийлэнхи хувийг бүрдүүлж буй хэдий ч уг цогц арга хэмжээний хүрээнд соёл урлаг, спорт, эрдэм шинжилгээний олон арга хэмжээ зохиогдож байгаа нь онцлог юм. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд жинтэй хувь нэмэр оруулахуйц томоохон арга хэмжээнд оролцож, үг хэлэх завшаан тохиосонд миний бие баяртай байна. Өнөөдрийн энэхүү арга хэмжээг амжилттай зохион байгуулж буй хоёр талын зохион байгуулагчид, ялангуяа, БНХАУ-ын Худалдааны яам, ӨМӨЗО-ны Ардын Засгийн газар,  Монгол Улсын Үндэсний хөгжлийн газарт баяр хүргэе.

Монгол, Хятадын харилцаа хоёр талын хамтын хүч чармайлтын дүнд бүх салбарт тогтвортой урагшлан хөгжиж, эдүгээ Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны түвшинд хүрээд буйд монголын тал сэтгэл хангалуун байдаг.

БНХАУ нь сүүлийн 10 гаруй жилийн туршид манай улсын худалдааны хамгийн том түнш, хөрөнгө оруулалтын томоохон түншүүдийн нэг байж ирсэн билээ. Тухайлбал, 2017 оны 8 дугаар сарын эцсийн байдлаар Монгол-Хятадын худалдааны эргэлт 4.4 тэрбум ам.долларт хүрч, манай улсын гадаад худалдааны 64.4 хувийг бүрдүүлсэн бол 1990-2017 оны хооронд БНХАУ-аас нийт 5.1 тэрбум гаруй ам.долларын шууд хөрөнгө оруулалт орсон нь  манай улсад орсон нийт хөрөнгө оруулалтын 27,2 хувийг бүрдүүлж, хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ 112 улсаас 2 дугаарт орсон,  БНХАУ-ын аж ахуйн нэгжүүд нийт бүртгэгдсэн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн 50 орчим хувийг бүрдүүлсэн байна.

Хонгконгийн Засаг захиргааны онцгой бүсийн аж ахуйн нэгжүүд 1990-2016 оны хооронд  Монгол Улсад 190 компани байгуулж, 313 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд компаний тоогоороо 9 дүгээрт, хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ 11 дүгээрт орж байна.

Монгол, Хятадын худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэгийн хамтын ажиллагаанд ӨМӨЗО онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн. Хоёр улсын худалдааны 70 орчим хувь нь тус ӨЗО-аар дамжин хийгддэг, Монгол-Хятадын хилийн 13 боомтын 9 нь тус ӨЗО-ны нутаг дэвсгэр дээр байдаг нь ч үүний тод жишээ юм. Манай улсын зүгээс ӨМӨЗО болон Хонгконгийн Засаг захиргааны онцгой бүстэй худалдаа, эдийн засаг, соёл боловсролын хамтын ажиллагаа хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгдөг бөгөөд энэ ч үүднээс өөрийн ЕКГ-уудыг байгуулан ажиллаж байна.

Хатагтай, ноёд оо,

Хүндэт хөрөнгө оруулагчид аа,

Энэ удаагийн хэлэлцүүлгийн явцад Монгол Улсын эдийн засгийн хөгжил, хөрөнгө оруулалтын орчин, бодлого болон тэргүүлэх чиглэлийн томоохон төслүүдийг танилцуулах боломж олдож буйд баяртай  байна.

Манай улсын эдийн засгийн өсөлт эрчимжиж, уул уурхайн салбарт томоохон төслүүд яригдаж, зарим нь хэрэгжиж эхэлснийг Та бүхэн мэдэж байгаа. Монголын төр, засгаас эрдэс баялгийн нөөц, уул уурхайн түүхий эд дээр тулгуурласан аж үйлдвэрийн цогцолбор, тухайлбал, хар металлургийн үйлдвэр, газрын тос боловсруулах үйлдвэр, дэд бүтэц, барилга, эрчим хүч зэрэг салбарт томоохон бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөж байна. Ингэхдээ байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник, технологи болон нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлагыг тавьж байна.

Уул уурхайн салбараас хараат байгаа нь Монгол Улсын эдийн засгийн  сул тал гэдгийг бид ойлгож эдийн засгийн хөгжилд хөшүүрэг болохуйц нэмүү өртөг шингэсэн аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхийг зорьж байна.  Тухайлбал, УИХ-аас батласан Аж үйлдвэрийн бодлогын хүрээнд хэд хэдэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Түүнчлэн манай улсад 70 орчим сая мал бүхий хөдөө аж ахуй, байгалийн гаралтай жинхэнэ органик бүтээгдэхүүн бүхий хүнсний үйлдвэрлэл, асар их нөөц бүхий сэргээгдэх эрчим хүч, өсөн дэвшиж буй банк санхүүгийн салбар, хэрэгцээ шаардлага нь ихэссэн эрүүл мэндийн салбар, үзэсгэлэнт, түүхт байгаль орчинд суурилсан адал явдалт аялал жуулчлалын салбар, асар хурдтай хөгжиж буй мэдээлэл технологийн салбар, өндөр ашиг бүхий дэд бүтцийн салбар зэрэг маш олон салбаруудад бизнесийн боломжууд бий.

Монгол Улсын Их хурал, Засгийн газрын зүгээс гадаадын хөрөнгө оруулалтын тогтвортой орчныг бий болгох, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр цаашид ч анхаарал хандуулж, тодорхой арга хэмжээ авна. Чингэхдээ уул уурхайгаас бусад салбарт оруулах, байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих болно. Мөн манай улсын бүсчилсэн хөгжлийг дэмжих хүрээнд нийслэл Улаанбаатараас алслагдсан аймаг, хотуудад оруулах хөрөнгө оруулалтыг дэмжиж, тодорхой хөнгөлөлттэй бодлого хэрэгжүүлж буйг та бүхэн анхааралдаа авахыг хүсье.

Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд төр, засгийн байгууллагуудын уялдаа, хамтын ажиллагаа чухлын зэрэгцээ хамгийн гол нь бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдийн шууд харилцаа шийдвэрлэх үүрэгтэй. Тус Экспо-гийн хүрээнд зохиогдох хурал форум, үзэсгэлэн яармагийн үр дүнд аж ахуйн нэгжүүд хоорондын хэлхээ холбоо бэхжиж, бизнесийн чухал хэлцлүүд хийгдэнэ гэдэгт миний бие итгэлтэй байна.

Та бүхний цаашдын ажилд амжилт хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.