Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНД ГАЗАР ӨМЧЛҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ

2015оны 4сарын 28

12718-26214700Нэг.Хуулийн төсөл боловсруулах үндэслэл, шаардлага

Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно.” гэж заасны дагуу Улсын Их Хурал 2002 онд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг батлан гаргасан.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг 2003 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн бөгөөд Монгол Улс түүхэндээ анх удаа газраа иргэддээ өмчлүүлж эхэлсэн. Энэ хууль түүхэн үүрэг гүйцэтгэсэн боловч Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн хэрэгжүүлэх зохицуулалт нь хангалтгүй байсан юм.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар Монгол Улсын иргэн бүрт газар өмчлөх эрхийг нээж өгсөн боловч уг эрхийг хэрэгжүүлэх механизмыг хуульд тусгайлан зохицуулаагүйгээс хуулийн хэрэгжилт удааширч, дийлэнх иргэн газраа өмчилж авч чадаагүй байгаагийн зэрэгцээ иргэдэд газар өмчлөх эрхээ эдлэхэд нь олон саад, хүндрэл учирч байна. Газар эзэмшиж байсан иргэн л тухайн газраа өмчилж авснаас бусад тохиолдолд иргэд, тухайлбал, орон сууцны байранд амьдарч байгаа иргэн газар өмчилж авах эрхээ хэрэгжүүлэх боломж хомс байна.

Тоон үзүүлэлтээс харахад, 2003 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш өнөөгийн байдлаар нийслэл хотын хүн амын 7.6 хувь буюу 91830 иргэн газраа өмчилж авсан байна. Гэтэл одоо Улаанбаатар хотод 1.2 сая гаруй иргэн амьдарч, ажиллаж байна. Эдгээр иргэд газар өмчлөх эрхтэй, уг эрхийг нь баталгаажуулах шаардлагатай байгаа билээ.

Түүнчлэн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн  хэрэгжилт хангалтгүй, хуулийг хэрэгжүүлэх хугацааг 5 жил тутам сунгаж хэрэгжүүлж байгаа боловч үр дүн нь харагдахгүй байна.

Нөгөө талаас, хууль хэрэгжүүлэх механизмыг нарийвчлан зохицуулаагүйгээс газар өмчлүүлэх эрх бүхий субъектын хүнд суртал, танил талдаа газар өмчлүүлэх, түүнчлэн авлига гэх мэт нийгэмд сөрөг үр дагавартай асуудлыг бий болгох үүдийг нээж, газар өмчлүүлэх ажиллагаа нь олон нийтэд ил тод бус байна. Мөн иргэн газар өмчлөх өргөдлөө өгсөн боловч шийдэгдэлгүй хугацаа алдах асуудал байсаар байна.

Монгол Улсад иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг иргэнд өмчлүүлэх газар хомс, хязгаарлагдмал байгаатай бус, харин иргэн бүрийн газар өмчилж авах эрхийг нь баталгаажуулахтай холбогдсон механизм, хуулийн нарийвчилсан зохицуулалт шаардлагатай байгаатай холбон үзэж байна.

Иймд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар зохицуулаагүй асуудлыг нэг мөр болгон иргэн бүрд газраа өмчлөх эрхийг нь баталгаажуулсан, хөрөнгийн зах зээлд хөрвөх чадвартай үнэт цаас болох газар өмчлүүлэх сертификат олгох,  уул сертификат нь иргэний газар өмчилж авах үндсэн баримт бичиг байх, газар өмчлүүлэх ажиллагааг ил тод байлгах үүднээс газар өмчлүүлэхтэй холбогдсон харилцааг нийтэд тогтмол ил тод мэдээлэх зэрэг асуудлыг зохицуулах нь хуулийн төслийг боловсруулах үндэслэл, шаардлага болно.

Хоёр.Хуулийн төслийн зохицуулах харилцаа, хамрах хүрээ,  

                                        ерөнхий бүтэц

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх харилцааг улам боловсронгуй болгож, Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн зохицуулахад чиглэсэн болно.

Хуулийн төсөл нь Монгол Улсын иргэн бүрд газар өмчлүүлэх сертификат олгохтой холбогдсон үндсэн харилцаа, газар өмчлүүлэх сертификатын арилжаа, газар өмчлүүлэхтэй холбогдсон харилцааг хамааран зохицуулна.

Иргэн бүрийн газар өмчлөх эрхийг нь баталгаажуулсан газар өмчлүүлэх сертификатыг иргэн бүрд олгох бөгөөд иргэд уг сертификатаараа газар өмчлөх эрхээ баталгаажуулж, газар өмчлөх эрхтэй болно. Иргэн өөрөө газар өмчлөх шаардлагагүй гэж үзвэл газар өмчлөх эрхийг нь баталгаажуулсан сертификатаа арилжих хэлбэрээр эрхээ эдлэхтэй холбогдсон харилцааг энэхүү хуулийн төсөлд тусгана.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр иргэнд өмчлүүлэх газрын мэдээллийг үндэслэн тухайн өмчлүүлэх газрыг тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн Засаг дарга иргэдээс газар өмчилж авах өргөдөл хүлээн авч газрыг газар өмчлүүлэх сертификатаар нь солих замаар газар өмчлүүлэх ажиллагааг хэрэгжүүлнэ.

Газар өмчлүүлэхдээ иргэний гаргасан хүсэлтийн дарааллыг баримтлах бөгөөд өмчлөх газрын тооноос хүсэлт гаргасан иргэдийн тоо нь их байгаа тохиолдолд хүсэлт гаргасан иргэдээс сугалах аргаар газар өмчлүүлэх ажиллагааг үе шаттай дарааллуулан хэрэгжүүлнэ. Хэрэв өмчлөх газрын тооноос хүсэлт гаргасан иргэдийн тоо нь бага бол тэдний хүсэлт гаргасан дарааллаар сонгуулах замаар газрыг өмчлүүлнэ. Ингэж газрыг өмчлүүлэхдээ иргэдийн газар өмчлүүлэх сертификатыг үндэс болгоно.

Иргэн газар өмчлөн авах шаардлагагүй гэж үзвэл өөрийн газар өмчлүүлэх сертификатыг хөрөнгийн зах зээлд эргэлтэд оруулахтай холбогдсон харилцааг төсөлд тусгана.

   Гурав.Хуулийн төсөл батлагдсаны дараа үүсч болох нийгэм, эдийн засгийн үр дагавар, тэдгээрийг шийдвэрлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал

 Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар газар өмчлөх ажиллагаа ил тод болж нийгэм дэх газар өмчлөлтэй холбогдсон сөрөг үр дагварууд арилах ач холбогдолтой бөгөөд газар өмчлүүлэх ажиллагаанд иргэдийн оролцоо нэмэгдэх болно.

Түүнчлэн газрыг өмчлөх эрхийг иргэн бүрд баталгаажуулснаар иргэд газар өмчлөх эрхээ эдлэх боломжийг бүрдүүлнэ. Улмаар иргэд газар өмчлөн авах шаардлагагүй гэж үзвэл өөрийн газар өмчлүүлэх сертификатыг хөрөнгийн зах зээлийн эргэлтэд оруулж хөрөнгөжих боломжтой болно.

Ингэснээр иргэн бүр газар өмчлүүлэх ажиллагаанд адил тэгш оролцож, Үндсэн хуулийн үзэл баримтлал бүрнээ хэрэгжих болно.

Газар нь эдийн засгийн эргэлтэд ороогүй үедээ ямар нэг ашиг, орлого эзэндээ хүртээдэггүй үл хөдлөх эд хөрөнгө бөгөөд иргэний газар өмчлөх эрхийг нь баталгаажуулснаар газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж, хөрөнгийн зах зээлд гаргах нь Монгол Улсын эдийн засагт томоохон шинэчлэл болно гэж үзэж байна.

Дөрөв.Хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан цаашид шинээр боловсруулах буюу нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох хуулийн талаар

 Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл Монгол Улсын Үндсэн хууль болон түүний үзэл баримтлалд бүрнээ нийцсэн бөгөөд Монгол Улсын иргэн бүр тэгш эрхтэй байх зарчмыг хангасан төсөл болно.

Төсөл нь хүчин төгөлдөр дагаж мөрдөж байгаа бусад хууль тогтоомжтой зөрчилдөхгүй бөгөөд шаардлагатай бол Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөж журмын тухай хуулийн төслийг боловсруулах болно.

Хууль санаачлагч

ТАНИЛЦУУЛГА

                                                Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай

хуулийн шинэчилсэн найруулгын төсөл тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно.” гэж заасны дагуу Улсын Их Хурал 2002 онд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг батлан гаргасан билээ.

Уг хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг харгалзан Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн иргэн бүрийн газар өмчлөх эрхийг нь баталгаажуулан хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан болно.

Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн  хэрэгжилт хангалтгүй байгаа бөгөөд уг хуулийг хэрэгжүүлэх хугацааг 5 жил тутам сунгаж байсан боловч ихэнх иргэн газар өмчлөх эрхээ эдэлж чадаагүй байна. Нөгөө талаас, урд нь газар эзэмшиж байсан иргэн л газраа өмчилж авснаас бусад тохиолдолд иргэд, тухайлбал,  орон сууцны байранд амьдарч байгаа иргэн газар өмчилж авах эрхээ хэрэгжүүлэх боломж нь хомс байна.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 9 бүлэг, 55 зүйлтэй бөгөөд уг төслийг 2002 онд баталсан Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн үндсэн бүтцийг хадгалах зарчмыг баримтлан боловсрууллаа.

Төслийн “Нийтлэг үндэслэл” гэсэн Нэгдүгээр бүлэгт хуулийн зорилт,  хуульд хэрэглэсэн зарим нэр томьёоны тодорхойлолт, Монгол Улсын иргэнд газрыг өмчлүүлэхэд баримтлах үндсэн зарчим, нэг иргэнд ногдох газрын хэмжээ зэрэг асуудлыг тусгасан.

Төслийн “Иргэдэд газар өмчлүүлэх болон хувийн өмчийн газрын харилцааг зохицуулах талаарх төрийн байгууллага, нутгийн удирдлагын бүрэн  эрх” гэсэн Хоёрдугаар бүлэгт иргэдэд газар өмчлүүлэх болон хувийн өмчийн газрын  харилцааг зохицуулах талаарх Улсын Их Хурал, Засгийн газар, газрын асуудал эрхэлсэн төрийн байгууллага, нутгийн удирдлагын бүрэн  эрхийг нэг бүрчлэн байгууллага тус бүрээр тодорхойлсон зохицуулалтыг оруулсан.

Төслийн “Газар өмчлүүлэх сертификат, түүнийг олгох журам”, “Газрын сертификатын биржийн арилжаа” гэсэн Гурав, дөрөвдүгээр бүлэгт иргэн бүрийн газар өмчлөх эрхийг нь баталгаажуулах зорилгоор газар өмчлүүлэх сертификат олгох, түүнтэй холбогдох харилцааг зохицуулахтай холбогдсон асуудлыг тусгалаа. Түүнчлэн төслийн онцлог зохицуулалт болох газар өмчлүүлэх сертификат нь хөрөнгийн зах зээлд хөрвөх чадвартай үнэт цаас бөгөөд уг үнэт цаас нь биржийн арилжааны зүйл байхаар тусгасан болно.

Төслийн “Иргэнд газар өмчлүүлэх” гэсэн Тавдугаар бүлэгт иргэнд газар өмчлүүлэх ажиллагааг зохицуулсан. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр иргэнд өмчлүүлэх газрын мэдээллийг үндэслэн тухайн өмчлүүлэх газрыг тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн Засаг дарга иргэдээс газар өмчилж авах өргөдөл хүлээн авч газрыг газар өмчлүүлэх сертификатаар солих замаар газар өмчлүүлэх ажиллагааг хэрэгжүүлнэ. Харин иргэдэд аж ахуй эрхлэх зориулалтаар газар өмчлүүлэх ажиллагааг нээлттэй дуудлага худалдааны хэлбэрээр хэрэгжүүлэхээр төсөлд тусгасан.

Төслийн “Газар өмчлөхтэй холбогдох онцгой зохицуулалт” гэсэн Зургадугаар бүлэгт иргэний газар өмчлөхтэй холбогдсон тусгай зохицуулалтыг тусгалаа. Үүнд, газар өмчлөгчийн эрх, үүрэг, өмчлөлийн газраа бусдад эзэмшүүлэх, ашиглуулах зэрэг асуудал хамаарсан болно.

Төслийн “Газар өмчлөх эрх дуусгавар болох, газар өмчлөгчийн эрхийг хязгаарлах” гэсэнДолдугаар бүлэгт иргэний газар өмчлөх эрх дуусгавар болох нөхцөл, шалтгаан, газар өмчлөх эрхийг хязгаарлах нөхцөл, шалтгааныг Иргэний хуулийн зохицуулалттай нийцүүлэн тусгасан болно. Түүнчлэн уг бүлэгт газрыг хураах, газар өмчлүүлэх сертификатыг түдгэлзүүлэх, хүчингүй болгох үндэслэлийг нарийвчлан тусгалаа.

Төслийн Найм, есдүгээр бүлэгт иргэний газар өмчлөх эрхтэй холбогдсон баталгаа, газар өмчлөх, газрын сертификаттай холбогдсон гомдол гаргах, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага зэрэг бусад асуудлыг тусгасан болно.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт 2002 онд баталсан Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль болон түүнийг дагаж мөрдөх журмын тухай хуулиудыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг боловсруулсан болно.

 

Хууль санаачлагч