Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

Мартагдсан баатрууд

2014оны 12сарын 05

94966-26214700 -Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойд-

 

Тасхийм хүйтэн өвлийг “Хонхны дуу” сэрээж, төрийн эрх баригч нэг намын ноёрхлыг эцэслэх, иргэний эрх чөлөө, ардчиллыг эхлүүлэх зорилготой залуусын жагсаал төв талбайн жаврыг үргээв. Энэ бол 1989 оны цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалын үйл явц. Энэ бол коммунизмын үзэл баримтлал үнэ цэнээ алдаж, Зүүн Европын болон бусад оронд өрнөсөн өөрчлөлт, шинэчлэлтийн шуурга тал нутгийн Монголыг тойроогүйг гэрчлэх, онцлох үйл явдал. Монголчууд ардчилсан нийгэмд гайхмаар тайван шилжсэнийг дэлхий нийт онцолдог. Энэ өдрүүдэд монголчууд эвлэлдэн нэгдэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, иргэний эрхээ баталгаажуулсны баяраа тэмдэглэж байна. Одоогоос 25 жилийн тэртээх цагаан морин жилийн өвөл нийгмийг өөрчлөх, ардчиллыг хөгжүүлэх зорилготой залуус уулзалт, зөвлөгөөн зохион байгуулж, аажмаар ардчиллыг монголд нутагшуулах үйлсийн төлөө зүтгэх цул нэгдэл үүсэх эхлэл болсон байдаг.

Түүхийн хуудсыг сөхөж харвал 1989 оны өвөл Улаанбаатарт хуралдсан Залуу уран бүтээлчдийн зөвлөгөөнөөс МоАХ, МоАН, Залуу эдийн засагчдын клубээс Шинэ дэвшилт холбоо, Монголын үндэсний дэвшил нам, МУИС-ийн багш сэхээтнүүдээс Ардчилсан социалист хөдөлгөөн, Монголын социал демократ нам үүссэн байдаг. Тал нутагт өрнөсөн энэхүү түүхэн үйл явцад галын шугамд тэргүүлэх үүрэгтэй оролцсон ч тэр бүр нэр нь дурдагдаад байдаггүй том фронт бий. Энэ бол Монголын оюутны холбоо. Дэлхий нийтийг хамарсан өөрчлөлт, шинэчлэлт, хувьсгалын салхи Монголд сэвэлзэх үед оюутнуудыг хувьсгалын үйл хэрэгт идэвхитэй оролцож чадах эсэхэд хүмүүс эргэлзэж байсан гэдэг. Гэвч энэ эргэлзээг оюутнууд тайлсан. Тодруулбал тэд аль ч нийгмийн үед хамгийн идэвхитэй бас мэдрэмжтэй хэсэгт байж чаддаг гэдгээ харуулсан хэрэг. Монголын нийгэмд томоохон өөрчлөлт хийгдэх гэж буйн дохио 1989 оны өвөл гэхэд оюутны байгууллагаас анзаарагдаж эхэлснийг Ардчилсан хувьсгалын төлөөлөгчид онцолдог. Энэ үед Монголын оюутны холбоо II чуулганаа хуралдуулж, холбооны шинэ удирдлага, шинэ үеийн залуус чуулганы индрээс улс орны нийгэм, эдийн засгийн тогтолцоог өөрчлөх шаардлага тавьж эхэлсэн байдаг.

25 настай, идэр залуухан хувьсгалын түүхэнд 1989 оны арванхоёрдугаар сарын 3-нд Эрдэнэт хотод Монголын хамгийн анхны Ардчилсан хувьсгалын төлөөх тэмцэл болсон хэмээн тэмдэглэгдсэн байдаг. Үүнээс дөрөв хоногийн дараа Ховд аймгийн төвд Ард Аюушийн талбайд Ховдын багшийн дээд сургуулийн багш, оюутнууд улс төрийн жагсаал хийж, МАХН-ын Төв хороо, Улс төрийн товчоо, Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардсан юм. Энэ жагсаал цуглаанд нийт 300 гаруй хүн оролцсон боловч эрх баригч улс төрийн нам олон нийтэд мэдээлээгүй юм. 1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд Монголын Ардчилсан Холбоо анхны цуглаанаа Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байв. Энэхүү цуглаанд 90-100 орчим мянган хүн оролцсон гэх баримт бий. Харин тэдний 80-90 хувийг оюутнууд байсан гэдэг. Ардчилсан хувьсгалаас хойш 25 жилийн хугацаанд Нийслэлийн төв талбай амсхийгээгүй гэхэд болно. Монголчууд энэ талбайд Ардчилсан хувьсгалаар олж авсан үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эдэлж, олон ч удаа жагсаж, цугласан. Гэвч тэр бүгдэд оролцогчдын тоо тэртээх 1989 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр өөрчлөлт, шинэчлэлтийг хүсэн хүлээж, төв талбайд хурсан зон олны хэмжээнд хүрээгүй юм. Энэхүү ялалтаар өнөөдөр монголчууд төдийгүй дэлхийн улс орнууд бахархаж буй. Тал нутгийнхан улс төрийн нэг намын үзэл суртлаас чөлөөлөгдөж, иргэний эрх, эрх чөлөөгөө олж авсан ялалтын гол хүч нь оюутнууд байсан. Залуу насны зориг хүслээр “гоёсон” энэ асар том хүчийг эрсдлээс холдуулж, ухаалаг зохион байгуулалт хийж чадсан нь МОХ-ны ЕНБД Л.Болдын гавьяа. Түүхэн үйл явдалтай холбогдуулж, УИХ-ын гишүүн Л.Болд, нийтлэлч Б.Баабар болон бусад төлөөлөлтэй ярилцсанаа хүргэе.

УИХ-ын гишүүн Л.Болд

 

 ОЮУТНУУД АЛИВАА ШИНЭЧЛЭЛИЙН ЗҮТГҮҮР НЬ БАЙДАГ

-1989 оны Ардчилсан хувьсгалын авторууд ил байдаг. Гэхдээ тэдний ард хувьсгалын жинхэнэ эзэд болох оюутны төлөөлөл мартагдаж үлдээд байх шиг санагддаг. Энэ талаар Та ямар бодолтой явдаг вэ?

-Өнөөдөр 25 жилийн өмнөх үйл явдлыг эргэн санаж, үнэлж цэгнэх боломжтой цаг үе юм. Өмнөх цаг үед дэлхийд өрнөсөн олон хувьсгалын тулах цэг, гол хөдөлгөх хүч нь оюутнууд байсан. 1989 оны Ардчилсан хувьсгалын тэргүүн эгнээнд мөн л Монголын оюутнууд явж байсан. Энэ түүхийг мартаж, мартагнуулж болохгүй юм. Хувьсгалын тэргүүн эгнээнд явсан ч хурлын индэр, хувьсгалын бичлэгт нэр нь дурдагдаггүй олон мянган оюутнууд бий. Өнөөдөр тэд маань 40 гаруй настай, өөрсдийн хийсэн хувьсгалын үйл хэргийг гүйцээхээр, нийгмийн гол ачааг үүрч яваа. Цаг хугацаа өнгөрөх тутам түүхийн үнэн улам үнэ цэнэтэй болдог учраас бүхнийг үнэн зөвөөр хэлж, үнэлж, хойч үедээ дамжуулах ёстой. Монголын Ардчилсан хувьсгалыг дөрвөн хүч голлон хөдөлгөж байсан юм.

Нэг нь төрийн эргэлт хийж, засгийн эрхийг ард түмэнд шилжүүлэх улстөрийн шаардлага тавьж байсан Монголын ардчилсан холбоо. Энэ бол оройлогч гол хүч мөн. Нөгөө нь эдийн засгийн эрх чөлөөг бий болох шаардлага тавьж байсан Монголын үндэсний дэвшлийн холбоо. Мөн үзэл бодол, сэтгэн бодох эрх чөлөөг чухалчилж байсан Монголын ардчилсан социалист хөдөлгөөн буюу Социал демократууд. Энэ гурваас ондоо, өөрийн гэсэн онцлогтой дөрөв дэх тулгуур хүч нь улс төрийн ямар нэг явцуу эрх, ашиг сонирхолгүй, ард түмнийг төлөөлж, тэднээс өргөн дэмжлэг авч байсан МОХ. Хэрэв эхний гурвыг хувьсгалын эр зориг, хүч чадал, оюун ухаан гэж үзэх юм бол энэ бүхнийг тээгч бие махбодь нь МОХ байсан юм.

Тухайн үеийн оюутнууд дарга цэрэг, намын зүтгэлтэн, малчны, ажилчны хүүхэд гэсэн ялгаа зааггүйгээр, улс төрийн цанхаа, шуналгүйгээр, цэвэр сэтгэл зүрхний дуудлагаар, шинэчлэл, дэвшлийг хүсэж, Ардчилсан хувьсгалд оролцсон. Энэ талаас нь харвал Ардчилсан хувьсгалын гол хөдөлгөгч хүч бас ялагч нь ард түмэн гэж хэлж болно.

-Монголд Ардчилсан хувьсгал гарах болсон гадаад орчин нөхцөл юу байсан бол?

-Афганистаны дайн, ЗХУ-ын задрал, социалист системийн уналт, Европын улс орнуудад гарсан хувьсгалт хөдөлгөөнүүд Монголын Ардчилсан хувьсгалын дууч шувуу байсан. Монголын залуучуудын дөрвөн байгууллагын эв эе, нэгдсэн зохион байгуулалт, оновчтой, уян хатан алхам нь хувьсгал үр дүнд хүрэх нөхцлийг бүрдүүлсэн. Энд нэг зүйлийг онцлож дурдах ёстой. Тухайн үед Сайд нарын Зөвлөлийн даргаар ажиллаж байсан Ж.Батмөнх гуайн ухаалаг, алсын хараатай байр суурь хувьсгалын үр дүнд чухал нөлөө үзүүлсэн. МУИС-ийн захирлаар бага биш хугацаанд ажилласан учраас Ж.Батмөнх дарга оюутнуудын хандлага, үзэл бодол, байр суурийг сайн мэдэрч байсан болов уу. Зарим улс орны хувьсгал эрх баригч талын хатуу байр суурьтай мөргөлдөж, эвдрэл сүйрэл, хүний амь эрсдэх аюултай тулсан. 1989 оны зургаадугаар сарын 4-нд Тянь Ань Минийн талбайд болсон шиг үйл явдал манайд болсон бол хамгийн их эрсдэл хүлээх төлөөлөл нь оюутнууд байх байсан юм. Тиймээс монголчууд бид хувь заяандаа баярлах ёстой.

-Монголын Ардчилсан хувьсгалын дэлхий нийтийн ач холбогдлыг Та хэрхэн дүгнэх вэ?

-Хувь хүний эрх чөлөөг нухчин дардаг, хардлага сэрдлэгийн гаж тогтолцоог халах хувьсгал дэлхий дахинд одоо ч өрнөж буй. Улс оронд 70 жил хэрэгжсэн энэ хүнд тогтолцоог өөрчлөх, иргэдээ тагнаж мөрдөн, хилс хэрэгт татаж чадах Дотоод яам мэтийн бүтцийг устгаж болдгийг харуулж, ийм тэмцлийн үзэл санааг хойч үедээ үлдээснээрээ Ардчилсан хувьсгал дэлхий нийтэд ач холбогдолтой. Бид энэ хувьсгалаар бахархах ёстой. Мөр зэрэгцэн тэмцэж явсан журмын нөхөддөө баярын мэнд хүргэе. Монголын ирээдүйн төлөө залуу нас, идэр золбоогоо зориулсан та нарыг минь түүх мартахгүй.

Нийтлэлч Б.Баабар:

 

Л.БОЛД ЗӨӨЛӨН ХЭРНЭЭ ХҮЧТЭЙ ХҮН

-Энэ өдрүүдэд Ардчилсан хувьсгалын ой тохиож байна. Энэ ойг бид 25 дахь жилдээ тэмдэглэж байна. Эргээд харж байхад түүхэн үйл явцын онцлох сонин, хүмүүс эргэн санах учиртай тийм зүйл байдаг уу?

-Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн хурал нөгөөдөр болно. Тэр хурал дээр би хувьсгалын ач холбогдлын талаар илтгэл тавина. Түүндээ бэлтгээд завгүй байна. Сонирхож байвал тэнд очоод сонсоорой. Харин оюутны оролцооны талаар товчхон хэлье. Цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалын ар талын чухал хэсэг нь оюутнууд байсан юм. Оюутнууд чинь их онцлогтой хүмүүс. Шинэ юмыг зөнгөөрөө мэдэрдэг, шинэ зүйлд тэмүүлдэг. Залуу насны оргилуун хүсэл тэмүүлэлдээ шатаж явдаг. Бас тэгээд хамгийн хамт олонсог сэтгэлгээтэй улс. Энэ чанар нь тэднийг түүхэн цаг мөчид аливаа шинэчлэл өөрчлөлтийн ар тал болгож байдаг шиг байгаа юм. Дэлхийн түүхийг аваад үзсэн ч тийм. Тэгээд тийм онцлог хүмүүсийг нэг зүгт чиглүүлж удирдана гэдэг бол өөрөө бас их амаргүй, онцгой хүмүүсийн хийдэг ажил. Тэр үед Л.Болд /одоо энэ УИХ-ын гишүүн/ нарын хүмүүс оюутны холбоог удирддаг байсан. Жишээ нь манай Л.Болд нэг тийм зөөлөн хэрнээ их хүчтэй хүн л дээ. Юу юугүй асч дүрэлзээд, авч давхиад байдаггүй. Тэгсэн хэрнээ байр суурь, зарчим, гол шугамаасаа хэзээ ч хазайж, ухарч, няцаж байгаагүй. Чухам ийм чанар нь зориг зүрх нь бадарсан оюутан залуусыг ухаалаг, зөв удирдаж чиглүүлэх хүч болж чадсан.

Оюутнууд амьдралынхаа анхны бие даасан алхмыг хийж байгаа хувь хүний хувьд хувьсгалын үзэл санаа төдийгүй аливаа шинэлэг санаа, өөрчлөлтийг илүү их сэтгэл хөдлөл, итгэл үнэмшилтэйгээр хүлээн авдаг тул нийгмийн толь, ард түмний итгэл найдвар, залгамжлагчид нь байж чаддаг юм. Ардчилсан хувьсгалын энэ гарамгай ойг тохиолдуулан тэр цагт оюутан байсан, одоо оюутан байгаа, ирээдүйд оюутан болох бүх хүмүүст сайныг хүсч мэндчилэхийн хамт цаг үргэлж сурч боловсрон, эх нутагтаа тааваараа амьдрах нөхцлийг олж авахын төлөө тэмцэгч байхыг хүсье.

 

Ардчилсан хувьсгалын Ахмад зүтгэлтний хорооны УЗ-ийн гишүүн, МОХ-ны 1990 оны партизан Д.Батдэлгэр

 

ЖАГСААЛ ЦУГЛААН, УХУУЛГА СУРТАЛЧИЛГААГ МОХ-ГҮЙГЭЭР ТӨСӨӨЛӨХӨД БЭРХ

-Ардчилсан хувьсгалд оролцож явсан анхдагчдын тухай дурсамжаас хуваалцахгүй юу?

-Ардчилсан хувьсгалын жинхэнэ анхдагчдын тоонд Ард Аюушийн талбайд анхны цуглаан хийсэн Ховдын Багшийн дээд сургуулийн оюутнуудыг оруулах ёстой. Нэг намын, чанга хатуу тогтолцоотой цаг үед тэд баргийн хүнээс гарамгүй зориг гаргасан. МАХН-ын Улс төрийн товчоог огцрохыг шаардах нь хүнд ял сонсох хэрэг, цаашлаад амь насанд нь аюул учирч болзошгүй асуудал. Ардчилсан хувьсгалын жагсаал цуглаан, хамгаалалт, ухуулга сурталчилгааг МОХ-гүйгээр төсөөлөхөд бэрх байсан. Нутаг нутгийн, өөр өөр сургуулийн олон мянган оюутан залуусыг тухайн үеийн Монголын оюутны холбооны ЕНБД асан, одоогийн УИХ-ын гишүүн Л.Болд тэргүүтэй залуус зангидаж, МОХ-ны Онц хурлыг хуралдуулж, Оюутны түгээмэл тунхаглалыг батлуулж байлаа. Олон ч жагсаал цуглаан болж, сүүлдээ эрх баригч МАХН энэ бүгдээс дөжирч, авч хэлэлцэхээ болих нь уу гэх аястай болсон. Ингээд тэмцлийн арга хэлбэрээ өөрчилж, өлсгөлөн зарласан. Энэ тэмцэл МАХН-ын Улс төрийн товчоог бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох шаардлага болон хувирч, нөхцөл байдал хурцдаж байсан өдрүүд бий. 1990 оны хавар “Эрх баригчид дотоодын цэрэг хөдөлгөн жагсагчдын байрлаж байгаа төв талбайг цэвэрлэх гэнэ. Өлсгөлөн зарлагчдыг хорихоор Ганцхудагт өрөө бэлдсэн” гэх цуурхал тарсныг санаж байна. Энэ сургаар хүмүүс талбайг орхиж явдаг байсан. Ийм үед Л.Болд болон оюутнуудын дэмжлэг хамгийн чухал тулах хүч болдог байв. Энэ өдрийг тохиолдуулан хувьсгалын үйл хэрэгт оролцож байсан тухайн үеийн оюутан залуустаа баярын мэнд хүргэе.

 

Гадаадад суралцдаг Монголын оюутны холбооны гишүүн Ц.Содхүү /тухайн

 

1989 ОНЫ ОЮУТНУУД ДӨЧ ГАРСАН ЭРЧҮҮД БОЛЖЭЭ

Оюутнууд нийгмийн шинэ үнэт зүйлсийг хамгийн түрүүнд мэдэрдэг, түүнийхээ төлөө тэмцэх зоригтой байдаг. Ойрын жишээг Хонгконгод болж буй оюутнуудын санаачилсан эсэргүүцлийн хөдөлгөөн, жагсаалаас харж болно. 1990 оны Ардчилсан хувьсгалын гол тулгуур нь Монголын оюутны холбоо, түүний олон зуун мянган гишүүд оюутнууд байсныг эргэн дурсахад таатай байна. Тухайн үед Монголын оюутны холбоог шинэчлэн зохион байгуулж, ардчилсан хувьсгалд өөрийн хувь нэмрээ оруулсан бидний хэдэн залуучууд өдгөө дөч гарсан эрчүүд болжээ. Тэд маань улс төр, бизнес, нийгмийн бүх хүрээнд идэвхитэй ажиллаж, амьдарч байна. Миний бие тэр үед Москвагийн УИС-ын оюутан байсан.

Өнөөдөр Прагад оюутан байсан П.Цэнгүүн “Алтан тариа” компанийн захирал болсон. Политехникийн дээд сургуулийн оюутан М.Зоригт УИХ-ын гишүүн, Д.Баясгалан Голомт банкны захирал, Э.Золбаяр Чингис интернэшнл группын тэргүүн болсон байна. Тэдэндээ болон Ардчилсан намын идэвхитэй гишүүн Д.Ренцэнтавхай, ХААДС-ийн оюутнууд болон Д.Батдэлгэр, Н.Батсайхан, Д.Төрбат, Москвагийн оюутан, одоогийн УИХ-ын Тамгын газрын дарга Б.Болдбаатар, бид бүгдийг удирдан чиглүүлж байсан МОХ-ны ЕНБД, одоогийн УИХ-ын гишүүн Л.Болд, нийтлэлч, эдийн засагч Д.Жаргалсайхан, бидний дотны зөвлөгч Ерөнхийлөгчийн тамгийн газрын дарга П.Цагаан болон бусад оюутан залуустаа баярын мэнд хүргэе.

Одоо бол бидний үеийн оюутнуудыг нэгтгэж байсан МОХ улс төрийн үйл ажиллагаа явуулах биш монголын нийт оюутны эрх ашгийг хамгаалах, нийгэмд нэр хүндтэй, идэвхтэй олон нийтийн байгууллага болон хөгжөөсэй гэж боддог юм.

 

Д.Отгонжаргал /Өнөөдөр 2014.12.04/