Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

Л.БОЛД: НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулган бол олон ажил бүтээх боломж олгодог нэг том орон зай юм

2013оны 9сарын 26
44878-26214700НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганыг “Үндэсний шуудан” сонины тоймч Б.Ганчимэг сурвалжилж байна.

НҮБ-ын Ерөнхий ассамблейн 68 дугаар чуулганд Монгол Улсыг төлөөлөн мөн Гадаад харилцаааны сайд Лувсанвандангийн Болд ажиллаж байгаа билээ. Ноён Л.Болд эл өдрүүдэд Испани, Австрали, Индонез, Украин, Словень, Швейцарь, Швед Улсын Гадаад хэргийн сайд нартай тус тус уулзсан юм. Эдгээр уулзалтын үеэр хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар харилцан мэдээлэл хийж, санал солилцсон. Мөн НҮБ-ын Ерөнхий ассамблейн тус чуулганаар хэлэлцэх гол гол асуудлууд, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн, Хүний эрхийн зөвлөлийн сонгуулийн асуудлаар ярилцсан юм.

Өнөөдрийн сурвалжлагадаа түүнээс авсан тодруулгыг онцлон нийтлэхээр шийдсэн юм. Шахуу хөтөлбөртэй, цаг наргүй ажиллаж буй сайд сэтгүүлчидтэй цөөн хором уулзаж, доорх мэдээллийг өглөө. 

-Олон жил яригдсаны эцэст АНУ-тай ил тод байдлын гэрээ байгуулсан. Нэлээд хөдөлмөр, ажиллагаа шаардсан энэ гэрээний талаар танаас сонирхмоор байна?

-Монгол Улс сүүлийн арваад жилийн турш АНУ-тай чөлөөт худалдааны гэрээ байгуулахаар ажиллаж байгаа. Үүний эхний шат нь ил тод байдлын гэрээ юм. Үндсэндээ Монгол Улсын хөгжлийн үечлэлд нэгэн том гараа болох нэн чухал гэрээний эхний шат тавигдаж байна гэж ойлгож болно. Мөн сүүлийн үед бид их ярьж байгаа, хөрөнгө оруулагчдыг дэмжих, тэдний үйл ажиллагааг баталгаажуулах талаар. Энэ асуудлыг манай УИХ-аар ид хэлэлцэж байгаа үед Монгол Улс ийм гэрээ байгуулж байгаа нь маш чухал.

-Та олон орны Гадаад хэргийн сайд, дипломатуудтай уулзаж байна. Зарим улстай визгүй зорчих хэлэлцээр ч хийлээ. Энэ талаар товчхон ч атугай мэдээлэл өгөхгүй юу?

-Бидний хувьд бүс нутаг болон хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлж байгаа нэлээд хэдэн улс бий. Энэ чуулганы үеэр амжиж бид 30-аад орны сайдтай уулзахаар төлөвлөсөн байгаа. Дэлхийн улс орнуудын өндөр төвшний том цугларалт болохоор хоёр талын харилцааны олон асуудлыг нэг дор яриад явах боломж олдож байна. Энэ боломжийг бид хангалттай ашиглаж ажлаа амжуулахаар хичээж байгаа. Тухайлбал, иргэдийнхээ гадаад улс оронд зорчих нөхцөлийг сайжруулах, визгүй зорчих хэлэлцээрүүдийг байгуулах ажил нь манай Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ч тусгагдсан байгаа. Энэ шатны ажлууд хийгдэж байна. Мөн НҮБ-ын гишүүн бүх оронтой дипломат харилцаа тогтоох ажил явагдаж байгаа. Одоо 20 гаруй орон үлдсэн байна. Энэ үеэр бид Ванавату, Суринам зэрэг гурван улстай дипломат харилцаа тогтоож байна. Цаана нь Азиас цөөн хэдэн улс бий. Энэ бүхэн бол Монгол Улсын гадаад бодлогын идэвхтэй үйл ажиллагааны нэг хэлбэр.

Монгол Улсын гишүүнээр нь элсэн ажиллаж байгаа олон улсын байгууллагууд олон бий. Өнгөрсөн онд элссэн Европын аюулгүй ажиллагаа, хамтын ажиллагааны байгууллагыг одоо Украйн улс даргалж байгаа. Эдний Гадаад хэргийн сайдтай уулзаж, цаашид яаж хамтран ажиллах талаараа  ярилцлаа. Энэ байгууллага бол бүс нутагт аюулгүй байдлын хамгийн том байгууллага шүү дээ. Мөн Индонезийн гадаад хэргийн сайдтай уулзсан. Аравдугаар сард ОПЕК-ийн дээд хэмжээний уулзалт болно. Бүс нутгийн эдийн засгийн хамгийн чухал энэ байгууллагад Монгол Улсаа элсүүлэх зорилготой ажиллаж байна. Энэ мэт олон чухал уулзалт, хэлэлцээрүүдийг энд хийж байна даа.

-Колумб улстай визгүй зорчих асуудал жишээ нь яригдахад манай иргэд хар тамхины сэдвээр ихэд болгоомжилж байгаа нь анзаарагддаг.

-Дэлхий дээр аль ч оронд гэмт хэрэг байдаг. Колумб хар тамхи гэхээсээ илүү кофегоороо алдартай шүү дээ. Дипломат албан паспорттой хүмүүс эхний шатанд визгүй зорчдог болно гэдэг нь албан айлчлал болон дипломат ажлаар явж байгаа хүмүүст эхний ээлжинд саадгүй зорчих бололцоо нээгдэнэ гэсэн үг. Иргэдийн хувьд энэ харилцааг нээх эсэхийг сайтар нягталж, олон талаас нь үзэж байж шийдэх байх.

-Манай улс НҮБ-ын гишүүн орон болоод олон жил өнгөрсөн байна. Энэ удаагийн 68 дугаар чуулганаас онцолж юу хүлээж байна вэ?

-Монгол Улс НҮБ-ын идэвхтэй гишүүн орон гэдгийг бид мэднэ. 2022 онд Аюулгүйн зөвлөлд анх удаа сонгогдохоор эрчимтэй хөөцөлдөж байна. Мөн НҮБ-ын нэр хүндтэй байгууллага болох Хүний эрхийн зөвлөлд ирэх жил сонгогдохоор ажиллаж байгаа. Энэ мэтчилэнгээр НҮБ-ын хүрээнд байр сууриа бататгахаар ажиллаж байна. Жил болгон Ардчилсан орнуудын бүлгийн хурал, Хөгжиж байгаа, далайд гарцгүй орнуудын зөвлөгөөн болж байна. Энэ бүхэнд байр сууриа илэрхийлж, хамтын ажиллагаагаа тодорхойлж байгаа. Энэ удаагийн ассамблей хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж байгаа асуудлууд болон бусад олон чиглэлээр өрнөж байна. Энэ бүхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцож, байр сууриа илэрхийлж байгаа нь манай улсын хувьд маш чухал. Энэ ассамблейн онцлог нь хоёр олон улсын гэрээ байгуулсан. Нэг нь дэлхийн хэмжээнд зэвсгийн худалдааг хянах гэрээ хэлэлцээр юм. Энэ арга хэмжээнд Монгол Улс албан ёсоор орж, Гадаад харилцааны сайд гарын үсэг зурлаа. Мөн эрүүдэн шүүхтэй тэмцэх олон улсын конвенци байдаг. Бие хүн өөрийнхөө эрхийг хамгаалах, хүний эрхийн байгууллагад хандах нэмэлт протоколыг байгуулсан. Үүнд бид оролцлоо. Энэ мэтчилэн олон чухал уулзалт, хурлууд болно. Монгол Улс дэлхийн энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож байгаа шилдэг 20 улсын  нэг. Энэ нь Монгол Улсын НҮБ-д эзэлж байгаа томоохон байр суурь. Үүнийг НҮБ үнэхээр өндрөөр үнэлж байгаа. Цаашдаа ч энэ байр сууриа улам хадгалж ажиллана гэж бодож байгаа. ЮНЕСКО зэрэг НҮБ-ын салбар байгууллагуудтай уулзаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлуудыг бид улам тэлж ярина. Ер нь НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулган бол олон ажил бүтээх боломжийг олгодог нэг том орон зай шүү дээ.

-Аюулгүйн зөвлөл, Хүний эрхийн зөвлөлийн гишүүн болсноор бидэнд ямар давуу талууд бий болох вэ?

-Аливаа байгууллагын удирдлагаар томилогдоно гэдэг өөрөө нэр хүндийн асуудал байдаг. Нөгөө талаар хариуцлага үүрч байна гэсэн үг. НҮБ-ын дээд байгууллагууд бол шийдвэр гаргах хэмжээнд ажилладаг учраас лобби хийх  шаардлага их гардаг. Тэр бүхэнд онцгой үүрэгтэй ажиллана гэсэн үг. Их нэр хүндтэй, тусгай статус хүлээж ажилладаг гэсэн үг. Үүгээрээ дамжуулж улс орныхоо хөгжилд хөшүүрэг болох боломж бололцоонуудыг нээхээс өгсүүлээд олон юм бий.

-Манай Ерөнхийлөгч АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай хамт хурал даргаллаа. Хойшдоо манай хоёр улсын хамтын ажиллагаанд ямар ахиц гарах бол?

-АНУ бол ардчилал шинэчлэлийн үед бидэнд хамгийн их тусалж дэмжиж ирсэн орон. НҮБ-ын чуулганы хүрээнд АНУ-ын санаачилгаар зохиогдож байгаа цөөхөн арга хэмжээний нэг нь иргэний нийгмийн байгууллагыг дэмжих асуудал. Энэ асуудал нь өөрөө Монголын өөрийнх нь дэмждэг амин чухал асуудал. Монголын хамгийн анхны иргэний нийгмийн байгууллага болох Ардчилсан холбооны дарга байсан гэдгээ Ерөнхийлөгч өөрөө хэлсэн үгэндээ дурьдаж байсан. Өнөөдөр 6000 гаруй иргэний нийгмийн байгууллага Монголд бий болсон байна. Энэ бүхэн бол Монголын ардчиллын баталгаа шүү дээ. Ийм чухал сэдвээр хурал зохион байгуулж, Монгол Улсыг хамтран зохион байгуулагчаар урьсан нь АНУ-ын Монголын ардчилалд өгч байгаа үнэлгээ юм. Цаашид ч энэ чиглэлээр бусад улс оронд үлгэр жишээ үзүүлэхээр Монгол Улстай хамтран ажиллах төлөвлөгөөтэй байгаагаа илэрхийлж байна. Бидний хувьд эдийн засаг, бизнес, худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр өргөн хүрээтэй хамтын ажиллагаа хөгжүүлнэ. Тийм учраас ил тод байдлын гэрээ байгуулахаар ажиллаж, эхний үр дүнгээ үзэж байна. Мөн Чикагод бид АНУ-ын бизнесийнхэнтэй уулзаж, зөвлөгөөн зохион байгуулна. Энэ бүх арга хэмжээ бидний хувьд асар их ач холбогдолтой. Цаашид үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалынхаа хүрээнд аль болох олон хөрөнгө оруулагчтай байх зорилтын төлөө бид ажиллана.

Ярилцсан Б.Ганчимэг /Үндэсний шуудан 2013.9.26/