Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

Л.Болд: Казиногийн хууль 1998 оныг давтах гэж байна

2015оны 4сарын 09

6391ba19452558dd7376a72846b658a8bigХууль зүйн байнгын хорооны хурлаар Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжлээ. Хуулийн төслийн танилцуулгыг БОНХАЖ-ийн сайд Д.Оюунхорол хийв. Казино байгуулснаар Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хангахад дэмжлэг үзүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ажлын байрыг шинээр бий болгох, аялал жуулчлалын салбарын хөгжлийг эрчимжүүлэх, үр ашгийг нэмэгдүүлнэ гэж үзжээ. Түүнчлэн 2020 он гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүний 14 орчим хувийг бүрдүүлэх, жуулчны тоог 1.0 саяд хүргэх Засгийн газрын зорилтод хүрэх нэг алхам болно гэв. Хуулийн төслийг боловсруулахдаа БНСУ, Сингапур, Макао гэх мэт таван улсын туршлагыг судалж, хууль эрх зүйн орчин, зохион байгуулалт зэргийг авч үзжээ. Хуулийн төсөлд зааснаар Монголд хоёр казино байгуулах бөгөөд энэхүү тоог УИХ-аар хэлэлцэх үед яаж ч өөрчилж болох гэнэ. Казинод Монгол иргэн тоглож болох эсэх нь гишүүдийн анхаарлыг татаж байлаа. Байнгын хорооны хурлын үеэр 21 нас хүрсэн Монгол Улсын иргэн казинод орж болдог байх, тодорхой мөнгөн дүнгийн дээд хэмжээг зааж өгөх зэрэг олон санал санаачилга дэвшүүлж байсан бөгөөд байнгын хороо болон УИХ-ын чуулганы хэлэлцүүлгийн үед боловсруулж сайжруулах зүйл их байгааг дурдаж байлаа. Хэлэлцүүлгийн үед УИХ-ын гишүүн Л.Болд “1998 оны хэрэг явдал давтагдаад байх шиг байна. Засгийн газраа унагааж шинээр байгуулаад Казиногийн хууль батлуулсан. Дараа нь хэд хэдэн гишүүн шоронд орж, С.Зоригийн аллага болсон. Дараа нь Засгийн газар дахиж унаж байсан. Яг тэр алдаа, үйл явдал одоо давтагдах гээд байна. Хоёрхон казиногийн төлөө Үндэсний зөвлөл байгуулагдаад, тэрэнд нь зориулж хууль батална гэдэг бүтэхгүй асуудал” хэмээн хэллээ. Ингээд уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр санал хураахад 78.3 хувийн саналаар олонхи дэмжиж, УИХ-ын чуулганаар хэлэлцэхийг дэмжлээ.

Б.БАТ-ЭРДЭНЭ / http://parliament.news.mn/content/209017.shtml/