Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

Л.Болд: Казахстан, Монгол харилцаагаа өргөжүүлэх боломжтой

2013оны 9сарын 17

УЛААНБААТАР. /КАЗИНФОРМ/. Саяхан Монголд ерөнхийлөгчийн сонгууль болж, үүнээс өмнө парламентын сонгууль болж, Ардчилсан намын төлөөлөгчид ялсан билээ. Шинэ удирдлагаас Казахстан улс юу хүлээх вэ? Хоёр орны харилцаа өөрчлөгдөх үү? Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд манай сурвалжлагчтай ярилцахдаа эдгээр болон бусад асуултад хариуллаа.

– Улс төр, эдийн засаг, соёл болон бусад салбар дахь хоёр орны хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон хэтийн төлвийг Та хэрхэн дүгнэж байна вэ?
-Монгол болон казахын ард түмэн ойр элгэн төрлийнх болохыг юуны түрүүнд тэмдэглэмээр байна. Ах дүүгийн болон найрамдал нөхөрлөлийн уламжлалт түүхэн барилдлага тэднийг холбодог. Тэд нүүдэлчдийн соёл иргэншлийг залгамжлагчид, их зочломтгой зан, адил төстэй уламжлал, ёс заншлаараа ялгардаг.
Үндэсний уламжлал, соёлын өвөө хадгалан үлдсэн манай хоёр ард түмэн болон улс өдгөө нийт хүн төрөлхтний үнэт зүйлст хамаарч, даяарших үйл явцад нэгдэж, орчин үеийн эдийн засаг, соёлыг хөгжүүлж байна.
Түүхэн богино бөгөөд хүнд үед  манай хоёр улс зах зээлийн эдийн засагт шилжсэн хэдий ч өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Монгол-Казахстаны харилцаа хөгжиж, өргөжин тэлснийг тэмдэглэх нь зүйтэй.
Эдгээр харилцаа нь 20 жилийн ойгоо 2013 оны 10 дугаар сарын 22-нд тэмдэглэх манай хоёр орны хооронд байгуулсан Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээнд тусгасан үндсэн зарчмуудад бат тулгуурласан билээ. Бидний хамтын харилцааг хөгжүүлэх хууль эрх зүйн бат бэх бааз суурь бий болжээ.
Нэг үгээр хэлэхэд манай хоёр улсад хоёр талын харилцаа, хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэн хөгжүүлэх хамгийн таатай нөхцөл бүрдлээ. Улс төрийн талаар, тухайлбал, гадаад бодлогын салбарт бүс нутгийн болон дэлхийн аюулгүй байдлыг хангах, бүс нутгийн нэгдэл болоод олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар бид нийтлэг буюу ойр байр суурь баримталж байна.
Соёлын болон хүмүүнлэгийн харилцаа хөгжсөөр буй. Эдгээр харилцаагаа цаашид хөгжүүлэх хууль эрх зүйн таатай орчин бүрджээ. Хоёр орны иргэд визгүйгээр 90 хоног харилцан зорчих боломжтой болсон билээ. Бид 2010 онд соёлын өдрүүдийг харилцан зохион байгуулсан. Тийм арга хэмжээг үргэлжлүүлэн зохион байгуулах, цаашлаад хоёр орны ард түмнийг хөгжил цэцэглэлтэй нь харилцан танилцуулах, бүтээн байгуулалтын туршлагаас солилцуулах хэрэгтэй гэж үзэж байна.
Нуулгүй хэлэхэд, Монгол-Казахстаны худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагаа хоёр улсад буй боломж, бололцоонд хүрэхгүй байна. Худалдаа эргэлт л гэхэд буурчээ.
Гэхдээ хоёр орны бизнес эрхлэгчид худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжуудыг хайж байна. Манай хоёр улсын төрийн зохих байгууллагууд ажил хэргийн хүрээний төлөөлөгчдийн санаачилгуудыг дэмжих хэрэгтэй юм.
Олон улсын хамтын ажиллагааны талаар гэвэл Монгол Улс НҮБ-ын идэвхтэй гишүүн улсын хувиар цөмийн зэвсгийг хураах, цөмийн аюулыг бууруулах үйл хэрэгт Казахстаны дэвшүүлж буй санаачилга, оруулж буй хувь нэмрийг дэмждэг. Тэр тусмаа манай бүс нутгийн хувьд энэ нь тулгамдсан, томоохон асуудал юм.
Дашрамд, Астанад “ЭКСПО-2017” дэлхийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулах өндөр үүрэг хүлээсэнд Казахстанд чин сэтгэлээсээ баяр хүргэе. Энэ арга хэмжээнд манай улсын дээд хэмжээний төлөөлөгчид оролцох болно.
– Саяхан Монголд ерөнхийлөгчийн сонгууль болж, үүнээс өмнө парламентын сонгууль болж, Ардчилсан намын төлөөлөгчид ялсан. Шинэ удирдлагаас Казахстан улс юу хүлээх вэ. Хоёр орны харилцаа өөрчлөгдөх үү?
-Таны харсанчлан, Ардчилсан нам ялсан, парламентын болон ерөнхийлөгчийн сонгуулийн дараа улс оронд улс төрийн шинэ нөхцөл байдал бүрдсэн. Ерөнхийлөгч улиран сонгогдож, парламентад Ардчилсан намын төлөөлөгчид дийлэнх олонх боллоо.
Манай нам бусад гурван намтай хамтран шинэ Засгийн газраа эмхлэн байгуулсан. Монголын гадаад бодлогын залгамж байдлыг хадгалсан тус Засгийн газар гадаад бодлогын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоож, гадаад эдийн засгийн хамтын ажиллагаагаа бүх талаар хөгжүүлэхээр ажиллаж байна.
Бид Казахстаныг уламжлалт түншээ гэж үздэг, өөрөөр хэлбэл, бид урьд тохиролцсоны дагуу найрсаг Казахстантай олон талын хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хөгжүүлнэ.
Байгалийн нөөцөөр баян манай хоёр орон томоохон төслүүдийг хэрэгжүүлж байна. Эдгээр төсөл зөвхөн бүс нутгийн ач холбогдолтой биш юм. Эдийн засгийн болон дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхээр бүс нутгийн олон талт хамтын ажиллагаагаа хөгжүүлэх талаар хамтран ажиллах өргөн боломж бидэнд бий.
– Худалдаа, эдийн засгийн болон хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаа идэвхжүүлж, өргөжүүлэхийн тулд манай хоёр улс ямар арга хэмжээнүүд авах нь зүйтэй гэж Та үзэж байна вэ?
-Миний бодлоор, Монгол-Казахстаны засгийн газар хоорондын худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан-техник болон соёлын хамтын ажиллагааны комиссын ажлыг идэвхжүүлэх хэрэгтэй.
Саяхан Монголын Ерөнхий сайд Казахстаны Элчин сайдтай уулзсаныхаа дараа манай яаманд хамтран шийдвэл зохих асуудлуудын жагсаалтыг Казахстаны талтай хамтран гаргах үүрэг өгсөн. Энэ ажил эхэлсэн байгаа. Бид Казахстаны ГХЯ-тай идэвхтэй хамтран ажиллах бодолтой байна.
Сүүлийн жилүүдэд худалдааны хэмжээ буурсан. 2012 оны дүнгээр бараа эргэлтийн хэмжээ 24 сая ам.доллар гарчээ. Харин энэ оны эхний долоон сарын байдлаар бараа эргэлт нэмэгдэж 19 сая ам.долларт хүрээд байна.
Хоёр орны худалдааг өргөжүүлэхийн тулд нөгөө талдаа нийлүүлж болох бараа, үйлчилгээний жагсаалт болон хэмжээг гаргаж болох юм. Жишээлбэл, Монголд нефтийн бүтээгдэхүүн шаардлагатай байна. Манай барилгын компаниудад бетон болон барилгын бусад материал хэрэгтэй. Казахстаны компаниуд мах, махан бүтээгдэхүүн импортолж болох юм.
– Есдүгээр сард Бишкект Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын тэргүүн нарын зөвлөгөөн болно. ШХАБ-ын хүрээнд Казахстан болон Монгол Улс хэрхэн хамтран ажиллах боломжтой гэж Та дүгнэж байна вэ?
– Монгол Улс нь ШХАБ-ын ажиглагч улс. Манай төлөөлөгчид энэ байгууллагын янз бүрийн арга хэмжээнд оролцож байна. Монгол Улс ШХАБ-ын хүрээнд хэрэгжүүлэх дэд бүтцийн, эдийн засгийн олон талын төслүүдэд оролцох хүсэлтэй байгаа. Энэ байгууллагын нөлөө бүхий гишүүн улсын хувиар Казахстан улсыг дэмжинэ гэж бид найдаж байна.
Бишкект манай улсаас хамгийн өндөр түвшний төлөөлөгч буюу Монголын Ерөнхийлөгч айлчлан очно. Энэ үйл явдалд бид чухал ач холбогдол өгч буй бөгөөд дээд хэмжээний уулзалтын хүрээнд олон талын болон хоёр талын уулзалт, тухайлбал, Казахстаны төлөөлөгчидтэй уулзалт болно гэж найдаж байна.
Төв Азид Ази хийгээд Европ тивийг холбох дэд бүтцийн томоохон төслүүдэд бид анхаарлаа хандуулж байна. Хэдийгээр эдгээр төслүүд гол төлөв хоёр талын үндсэн дээр хэрэгжих боловч бүх тал ШХАБ-ын гишүүд байх юм.
Далайд гарцгүй улсын хувьд Монгол болон Казахстан олон улсын зохих байгууллагуудын хүрээнд хөнгөлттэй дамжин өнгөрөх тээврийн хөдөлгөөнийг сонирхож байна. Үүнтэй холбогдуулан Улаанбаатарт олон улсын дүн шинжилгээний “Think Tank” төвийг байгуулахад санаачилгыг дэмжихийг Казахстан улсаас дахин хүсч байна. Казахстаны ард түмэнд, бидний найз нөхөд, ахан дүүст хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Манай хоёр улс, ард түмний сайн сайхны төлөө хамтын ажиллагаагаа цаашид хөгжүүлэхийн тулд бид бүгдийг хийнэ гэдэгт итгэлтэй байна.
– Ярилцсанд баярлалаа!

З.Амгалан /http://www.montsame.gov.mn/index.php/world/worldgroup1/politics/item/10864-2013-09-17-00-58-12/