Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

Л.Болд: Гишүүдийн дугаараас мессеж бичиж болдог юм билээ, санал асуулгын дүнд итгэж болох уу

2015оны 2сарын 02

 e2c1c613d40ead23fe96bf3db47372fcУИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.

-Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт телевизийн ярилцлагад орж байр сууриа тодорхой илэрхийлсэн. Харин та чуулганы хуралдааны үеэр түүний байр суурьт шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийллээ. Яагаад ингэх болов?

Ард түмэн Ерөнхий сайдын байр суурийг хүлээж байсан байх. Ерөнхий сайд ч гэсэн ямар нэгэн “орчуулагч” дамжуулагчгүйгээр шууд харилцдаг нь зөв. Харин мессежээр санал асуулга явуулна гэдгийг нь би сайн ойлгосонгүй. Асуулт нь, санал асуулга авах хэлбэр нь хэр оновчтой юм. Мессеж гэдэг бол хамгийн их өөрчлөлт хийж болдог зүйл. УИХ-ын гишүүдийн утасны дугаараас олон хүн рүү мессеж очоод л эзэн нь тодроогүйг бид мэднэ.

Тэгэхээр мессежээр авч байгаа санал асуулгын дүнг яаж ч өөрчилж болно гэсэн үг. Тиймээс энэ санал асуулгын дүнд итгэж болох уу. Харин сошиал медиагаар тодорхой санал асуулга явуулаад хүмүүсийн байр суурийг сонсч саналыг нь авах боломжтой. Үнэндээ Ерөнхий сайдын тодорхойлоод байгаа хоёр замынх нь аль аль нь тодорхойгүй болчихоод байна.

Нэг бол энэ, нөгөө бол тэр гэсэн асуудал байх ёсгүй. Аль аль нь л байх ёстой. Томоохон төслүүдийг хэрэгжүүлэх ёстой, нөгөө талд төсвөө бодитой,, хэмнэлттэй, үр ашигтай зарцуулах ёстой. Гэр бүл салахаар хүүхдээсээ аав.ээжийнхээ алийг нь дагахуу гэж асуудаг шиг улс орон тараад явчих гэж байгаа юм шиг хандлага гаргаж иргэдээсээ ийм байдлаар санал асуулга авч болохгүй гэдгийг л чуулган дээр хэлсэн юм.

Тиймээс Засгийн газар энэ асуудал дээр цаашдаа оновчтой ажиллах хэрэгтэй. Хөрөнгө мөнгө босгоно, хүндрэлийг даван туулна, ард иргэдийнхээ амьдралыг сайжруулна гэж гарч ирсэн шүү дээ. Түүнээс биш ард түмэн та нар өөрсдөө яахаа шийднэ шүү гэдэг асуудал мөрийн хөтөлбөрт байгаагүй. Тиймээс энэ асуудал дээр Засгийн газарт шүүмжлэлтэй хандах ёстой.

-Яахаа мэдэхээ больчихоод асууж байна гээд шүүмжлээд эхэллээ л дээ?

“Энэ Засгийн газар чинь хийх юмаа мэдэхээ больчихоод байгаа юм уу” гэж ард түмэн эргэлзэж байна. Уг нь ийм зүйлийг ард түмнээсээ асуух шаардлагагүй. Хийх ёстой юмаа хийгээд л явах хэрэгтэй. Асуултгүй бүх зүйл ойлгомжтой шүү дээ.

Том төслүүдээ хөдөлгөх ёстой юу, хөдөлгөх ёстой. Том төслүүдээ битгий ашиглаач гэж нэг ч хүн хэлэхгүй. Хамгийн гол нь ард түмний эрх ашгийг хөндөхгүй ашиглах ёстой. Нөгөө талд нь илүү дутуу зардлаа танаж, төсвийн мөнгөө зөв зарцуулах ёстой.

Том төслүүдээ хэрэгжүүлээд их хэмжээний мөнгө оллоо гээд цамаан загнаж төсвийн мөнгөөр туйлдаа өөрчлөх ёстой. Шинээр томилогдсон сайд нарт ийм л шаардлага тавьсан шүү дээ.

-Эдийн засгийн нөхцөл байдлаас л болж өмнөх Засгийн газрыг огцруулсан. Таныхаар Засгийн газраа солилоо гээд эдийн засгийн байдал сайжрах нь уу?

Засгийн газар огцроход ганцхан эдийн засгийн байдал нөлөөлөөгүй. Төр засаг орвонгоороо эргэж томоохон өөрчлөлтүүд гарахад олон зүйл нөлөөлнө л дөө. Бид эцэст нь, нөхцөл байдал улам сайжраасай гэж л бүх нам, эвслийг нэгтгээд засгаа байгуулсан.

Тиймээс гарч байгаа шийдвэрүүд нь оновчтой, дотроо эв нэгдэлтэй, УИХ-ын ирц хангалттай байж Засгийн газарт өгөх дэмжлэг нь сайжрах ёстой. Энэ л цаашдаа бүх зүйлийг шийднэ. Одоогоор Засгийн газарт тодорхой сануулгууд очиж байна.

-Та сая Засгийн газар огцроход олон зүйл нөлөөлсөн гэлээ. Таныг сайдын албанаас чөлөөлөгдөхөд юу нөлөөлсөн юм бэ. Шинэчлэлийн Засгийн газар огцрохоос өмнө таныг чөлөөлж, таны оронд Л.Пүрэвсүрэн сайдыг томилох нь тодорхой болчихсон байсан. Та Ерөнхийлөгчтэй гадаад бодлого дээр санал нийлэхгүй байсан юм уу?

Энэ бол тухайн үеийн Ерөнхий сайдын л гаргасан шийдвэр. Миний хувьд өмнөө тавьсан зорилгоо хэрэгжүүлээд ажлаа хийж байсан. Харин шинэ өөрчлөлтөөр намаас санал ирээгүй. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэдэг шиг төрийн ажлыг хэн ч хийнэ шүү дээ. Тиймээс одоо тэгсэн болов уу, ингэсэн болов уу гээд бодоод байх зүйл алга.

-Та одоо аль фракцад байгаа вэ. Таны харьяалагддаг гэдэг байсан Зүүн хойд Ази фракц одоо бий юү, эсвэл тарчихсан юм уу?

АН чинь олон намын нэгдэл шүү дээ. Тал талаас нэгдсэн хүмүүс дунд нэг нэгнээ ойлгодог, илүү ойр дотно ажилладаг хүмүүс байлгүй яахав.

Үүний дагуу нэгдсэн хүмүүсийг фракц гэж нэрлээд байгаа юм. Миний хувьд оюутны холбоогоор дамжаад АН-д орж ирж байсан. 2000 оны сонгуульд АН ялагдахад намынхаа ирээдүй, улс орныхоо хөгжлийн шинэ гарцын төлөө Зүүн хойд Азийн нийгэмлэг гэдэг байгууллагыг байгуулаад ажилласан.

Түүнийг фракц гэж ойлгох хэрэггүй. Дотор нь манай намынхан байдаг болохоор л фракц гэж ярьж ирсэн. Одоо бол би намынхаа идэвхтэй гишүүний л нэг. Ц.Оюунгэрэл, Ш.Түвдэндорж бид гурав нэг фракц гээд зарлаад байдаг юм. Бид бол анхнаасаа ойлголцоод намынхаа төлөө. тойргийнхоо төлөө явж байгаа хүмүүс.

-АН-ын бүх гишүүн аль нэг фракцад харьяалагддаг гэж ойлгодог. Тэгэхээр та гурвыг аль фракцын гишүүд гэж ойлгох вэ?

Гурван хүнийг фракц гэхгүй байлгүй дээ Бид намынхаа олон гишүүнтэй ойлголцоод ажиллаж байгаа. Хүмүүс фракцыг албан тушаал, өмч хөрөнгө хуваадаг нэгж гэж харж байгаа нь намд итгэх итгэлээ алдаж байгаагийн шинж.

Тиймээс одоо үүнийг зогсоох хэрэгтэй. Нам дотор бол тодорхой хэмжээнд фракцалж болно. Харин УИХ дээр нэгдмэл нэг санаатай байж, үнэт зүйл дээрээ тулгуурласан бодлого хэрэгжүүлэх ёстой. Үүний төлөө бид дуу хоолойгоо нэгтгэж ажиллана гэж бодож байна.

-Таныг сайдын суудлаасаа буухад чинь хамгаалах фракцгүй учраас ийм зүйл боллоо гэсэн яриа гарч байсан. Тиймээс аль нэг хүчтэй фракцад харьяалагдах нь ашигтай юм биш үү?

Тийм зүйл байдаг л даа. Би бол аль нэг фракц, хэн нэгний ивээлд ороод байдаггүй, өөрийнхөө зорилго, итгэл үнэмшлийнхээ дагуу л явдаг хүн. Үүнийг нийтээрээ хүлээн зөвшөөрвөл явна, хүлээн зөвшөөрөхгүй гэвэл биеэ даагаад ажлаа хийгээд л явна. Надад бүх бололцоо бий.

-Та Ц.Оюунгэрэл гишүүнтэй хамт нэг тойрогт нэр дэвшиж, сонгогчиддоо газар өмчлүүлнэ гэсэн том амлалт өгч гарч ирсэн. Гэтэл Засгийн газар Газрын тухай хуулийн төслөө эргүүлээд татчихсан. Та хоёр ч Засгийн газрын гишүүн байхаа больчихсон. Энэ тохиолдолд амлалтаа хэрэгжүүлэх боломж байна уу?

Бидний иргэдэд газар өмчлүүлэх том хөтөлбөр, хуулийн төсөл бий. Засгийн газраас өргөн барьсан Газрын тухай хуулийн төслийг хүлээгээд нэлээд хугацаа алдчихлаа. Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан учраас нэгдмэл бодлоготой байх ёстой гээд хөтөлбөр, хуулийн төслөө хойш нь тавьсан. Харин одоо бид “дан дээлтэй” болсон учраас хойш нь тавиад байсан ажлаа урагшлуулах сайхан боломж гарч байна. Одоо үүн дээрээ маш эрчимтэй ажиллана.

-“Дан дээлтэй” болсон учраас УИХ-ын гишүүний ажлынхаа хажуугаар хувийн бизнестээ ч анхаарлаа хандуулах боломж гарч байна уу ?

Хуулиараа хувийн бизнестээ анхаарал хандуулах ямар ч боломж байхгүй шүү дээ. Угаасаа би төрд байгаа хугацаандаа оролцдоггүй. Манай гэр бүлийнхэн 1989 оноос хойш эдийн засаг, бизнесийн салбарт тодорхой хувь нэмрээ оруулж байгаа. Энэ ажил үргэлжлээд явж байна. Үндсэн хуулиар олгогдсон эрхийн дагуу надад өмчлөх эрх нээлттэй. Ийм байлаа гээд би бизнес хийгээд, гэрээ байгуулаад явж болохгүй л дээ.

-Та “Бодь” гэдэг нэрийг албан ёсоор эзэмших эрхгүй болчихсон уу?

Бид “Бодь” нэртэй компани, банк гээд бизнесийн томоохон байгууллагуудыг ажиллуулж байсан. Явцын дунд гэрээ байгуулаад тус тусдаа гарсан. “Бодь” гэдэг бол манай гэр бүлийн анхны компани. Манай аав, ээжийн байгуулж нэрийг нь өгсөн компани. Түүнээс хойш би, манай дүү гээд бүгдээрээ ажиллуулаад явж байсан. Энэ утгаараа “Бодь” нэртэй компаниуд нь манай гэр бүлийн нэр дээр үлдсэн.

Одоо “Бодь” нэртэй манай гэр бүлийн 10-аад компани үйл ажиллагаа явуулж байна. Харин эднийгээ одоо нэгтгээд “Бодь” групп, “Бодь” нэгдэл гээд ажиллуулах гэхээр энэ нэрийг ашиглаж болохгүй гээд асуудал үүсгээд байгаа юм. Яагаад гэхээр, энэ нэрийг хоёр хүнтэй хамтран ашиглаж байсан учраас одоо хэн нь ч дангаараа ашиглахгүй гэсэн үзэл бодол яваад байгаа юм.

Энэ бол тухайн хүмүүсийн л үзэл бодол. Шүүхийн бүх процесс, хууль хараад үзвэл нөгөө талд ямар ч үндэслэл байхгүй. Жишээ нь, гэр бүл салахад эхнэр, нөхрийн аль нэгэн нь “Чи надтай сууж байхдаа ийм нэртэй байсан. Одоо надаас салсан учраас нэрээ соль” гэж хэлдэггүй. Үүнтэй л адил шүү дээ. Гэхдээ нэгэнт Дээд шүүхийн шийдвэр гарсан учраас биелүүлэхээс өөр замгүй.

-Тэгэхээр шүүхийн шийдвэрийг  биелүүлээд “Бодь” гэдэг нэрээ “Богд” болгож өөрчилнө гэдэг үнэн байх нь ээ?

Бодь бол бидний төрсөн газрын нэр. Богд гэдэг нь бидний төрсөн нутгийн их хайрханы нэр. Бас манай сумын нэр.Богд хайрхан бол манай гэр бүлийнхний байнга шүтдэг хайрхан. Энэ ч үүднээсээ бүх ажил үйлсээ Бодьтойгоо, Богдтойгоо холбож явдаг.

Цаашдаа ч энэ газар усныхаа нэр дээр тулгуурлаж явуулах болно. Манай гэр бүлийнхэн нэгэнт “Бодь” гэдэг нэрийг ашиглах боломжгүй учраас компаниудаа их хайрханыхаа, сумынхаа нэрээр нэрлээд явах шийдвэр гарсан. Гэр бүлийнхээ энэ шийдвэрийг би эсэргүүцэхгүй. Харин ч дэмжинэ.

 -Таныг энэ  биечлэн оролцохгүй байгаа юм байна гэж ойлголоо. Харин одоо таны биечлэн оролцож байгаа зүйлийг асууя. Та Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг боловсруулах ажлын хэсэгт ажиллаж байгаа. Парламентад өмнөхөөсөө олон нам, эвслийн төлөөлөл байгаа учраас Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад арай дөхөм гэдэгтэй санал нэгдэх үү?

Парламентын тогтолцооны төлөө 1990 онд хувьсгал хийсэн. Гэтэл парламентын тогтолцоо алдагдалж байна. Ер нь парламентад суудалтай бүх нам, эвсэл хамтарсан дээрээ Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах нь зөв. Бүгдээрээ хамтарсны боломжийг ингэж л ашиглах хэрэгтэй. Харин цаашдаа парламент бүхэлдээ нэг эрх ашиг дор нэгддэгийг Үндсэн хуулиар хориглох хэрэгтэй. Энэ чинь дайсагнах асуудал биш шүү дээ.

Нэг хэсэг нь ард түмнээсээ мандат авч эрх барьж, нөгөө хэсэг нь тэднийгээ хянаж байх ёстой. Энэ бол төрийн эрүүл тогтолцоо. Ийм тогтолцоотой байхад ард түмэн тайван байж болно. Харин одоо сөрөг хүчингүй болчихсон учраас ард түмэн тайван сууж чадахгүй, жинхэнэ гудамжнаас хянаж эхэллээ. 76-гийн 73 нь нэг гэрт орж суугаад нэг нэгнээ шүүмжлэхээ больчихлоо, хуралдаа суухаа больчихлоо.

Бүх талаар хариуцлага суларч, парламентад итгэх итгэл буурч байна. Энэ бол ардчилалд хамгийн их хор нөлөөтэй. Уг нь ийм зүйлийг гаргахгүй гэж л 1990 онд хувьсгал хийгээд Үндсэн хуулиа баталсан шүү дээ. Тиймээс энэ ухралтыг дахиж хийхгүй байх үүднээс Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах ёстой гэж үзэж байгаа.

-Үндсэн хуульд яг ямар өөрчлөлтүүдийг оруулах ёстой гэсэн үг вэ?

Бид 1990 онд хувьсгал хийчихээд тэр даруйдаа Үндсэн хуулиа батлах ёстой байсан юм. Хувьсгалын үзэл санаа  хувираагүй байхад гэсэн үг. Гэтэл бид Бага хурал гэдэг завсрын байгууллага байгуулаад хоёр жил хэлэлцээд 1992 онд Үндсэн хуулиа баталсан. Энэ хооронд , олон зүйл өөрчлөгдсөн. Олон үнэт зүйлээсээ ухарсан, татгалзсан. Одоо үүнийхээ горыг амсч байна.

Яг тэр шинэ үзэл санаагаараа төлөвлөсөн зүйлээ хийж чадаагүй. Яагаад гэвэл, гэнэтхэн хувьсгал хийгээд өнөөдрөөс маргаашид шилжчихсэн учраас ямар ч бэлтгэл байгаагүй. Харин одоо тэр үеийнхээ юмыг эргэж харах хэрэгтэй. Тухайн үед орхигдсон үнэт зүйлүүд бол жинхэнэ үнэн үнэт зүйл байсан.

Түүнд ямар нэгэн улс төр, бизнесийн давхар тооцоо, ирээдүйн ашиг хонжоо ороогүй байсан. Дээр нь Улсын Бага хурлаас өргөн барьсан Үндсэн хуулийн төсөлд Ардын Их хурлаас оруулсан өөрчлөлтүүд оновчтой байсан уу, үгүй юү гэдгийг эргэж харах хэрэгтэй.

-Та Үндсэн хуулийг бүр эхнээс нь харж, засах ёстой гэлээ. Харин Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой гэсэн байр суурийг илэрхийлдэг хүмүүс ихэвчлэн дордуулсан долоон өөрчлөлт гэдэг зүйлийг ярьдаг?

Тэр бол үнэхээр дордуулсан юм уу, эсвэл амьдралын зовлонгоос ургаж гарсан өөрчлөлт үү гэдгийг тоггоох ёстой. Хамгийн гол нь Үндсэн хуулийн үзэл санаа 1990-1992 онд гажчихсаны л илрэл байхгүй. Тиймээс Үндсэн хуулийн үзэл санаагаа эхнээс нь хараад үзвэл тэр долоон өөрчлөлтийг хийх хэрэггүй байсан байх ч магадлалтай.

-Та сонгогдсон тойргийнхоо удирдлагуудтай хэр зэрэг ойр дотно ажилладаг вэ. Танай сонгогдсон Хан-Уул дүүрэгт АН бараг дангаараа шахуу засаглаж байгаа. Гэтэл яагаад гэнэт Засаг даргаа огцруулахаар болчихов оо?

Уг нь манай Хан-Уул дүүрэг гайхамшигтай ардчилсан дүүрэг. Сүүлийн зургаан сонгуульд АН үнэмлэхгүй ялсан байдаг юм. Хамгийн сүүлд л гэхэд ИТХ-ын 35 суудлынх нь 29-ийг нь дангаараа авсан. Жинхэнэ дангаараа бүрдсэн 73-ын бүлэг чинь манай Хан-Уул дээр л байгаа юм.

Гэтэл бидний итгэл өгөөд сонгосон дүүргийн намын дарга, ИТХ-ын дарга, Засаг даргын хоёр орлогч нь өөр намынхантай нийлээд өөрийнхөө намын Засаг даргыг огцруулна гээд явж байна. Энэ бол аль ч намд байж болохгүй зүйл. Нийт суудлынх нь 90 хувийг дангаараа эзэмшсэн хамгийн тогтвортой байх ёстой газар ийм зүйл болж байгаад харамсч байна. Энд намыг хагалан бутаргах ажиллагаа явж байна. Намаас үүнд дүгнэлт хийж арга хэмжээ авах байх.

Үндэсний шуудан 2015.2.02