Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

Л.Болд: Ардчилсан хувьсгал 25 дахь жилдээ үргэлжилж байна

2014оны 12сарын 10

95425-26214700Монгол оронд ардчилсан хөдөлгөөн өрнөж, нэг намын тогтолцоотой хуучин нийгмийг халсны 25 жилийн ой тохиож байна. Ардчилсан хөдөлгөөнд анхлан оролцогчийн нэг, УИХ-ын гишүүн Л.Болдоос Ардчиллын түүхийн өнгөрсөн, одоо, ирээдүйг холбох гурван асуултад хариулт авсан юм.

-Монгол оронд ардчилсан хөдөлгөөн өрнөж байхад Та Монголын оюутны холбоог удирдан Төв талбайд болсон жагсаал цуглаанд оролцож явсан түүхээ эргэн дурсаач. Энэ хувьсгалын гол үзэл санаа юу байв?

-Ардчилсан хувьсгалд оролцогчид тухайн үед улс төрийн дөрвөн хүчнээр дамжин нэгдсэн зохион байгуулалтад орж байсан юм. Тэдгээр нь МоАХ, Үндэсний шинэ дэвшилт холбоо, Ардчилсан социалист хөдөлгөөн болон Монголын оюутны холбоо байлаа. Эдгээрээс Монголын оюутны холбоо улс төрийн бус байгууллага  байснаараа ялгаатай. Тэр үед би МОХ-ны анхны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах хувь тохиосон юм.

Оюутнууд маань бүх ард түмнийг төлөөлсөн, улс төрийн ямар нэг явцуу эрх ашиг илэрхийлдэггүй, өргөн дэмжлэгтэй хүчин байсан юм. Тэр дунд малчны, даргын, цэргийн, ажилчны гээд нийгмийн бүхий л давхаргынхны хүүхдүүд байсан. Өнөөдөр ч ийм л байгаа. Үр хүүхдүүд, залуу үе нь хувьсгалыг дэмжин оролцсон учраас ард түмэн энэ хувьсгалын ар тал, ялагч болж үлдсэн түүхтэй.

Ардчиллын төлөөх тэмцэл дээрх дөрвөн хүчний эв эе, нэгдсэн зохион байгуулалтттай уян хатан үйл ажиллагаа, оновчтой алхмууд ялалтад нөлөөлсөн ч тэр үед улс орныг удирдаж байсан ухаалаг өвгөдийн алсын хараа, холч ухаан бүхий улс төрийн шийдвэр хувь заяаны өөрчлөлтийг авчирсан гэдгийг хэлэх нь зүй.

Бидний ардчилагчид тэр үед хувь хүний эрх чөлөөг дээдэлсэн хууль ёст нийгэм байгуулах, эдийн засгийг либеральчлах, тэр дундаа үзэл суртлаас ангид олон намын тогтолцоотой, парламентын засаглал бүхий нийгэм байгуулахыг зорьж байсан. Үүндээ ч хүрсэн гэдгийг бүгдээрээ мэднэ шүү дээ.

Ардчилсан нийгэм байгуулах явцдаа алдаж, оносон маань адилхан. Иргэдэд үзэл бодлын эрх чөлөөнөөс гадна эдийн засгийн эрх чөлөө хэрэгтэй гэдгийг мэдэж байгаа ч үүнд хараахан хүрээгүй байна. Хувь хүний амьдрал баталгаатай болоогүй цагт улс орны тусгаар тогтнол, эрх чөлөө мөн л баталгаажиж чаддаггүй.

-Өдгөөгөөс 25 жилийн тэртээх 12 дугаар сард өвлийн жавар тачигнасан тэр өдрүүдэд зорьж тэмцэж олсон ардчилал маань мөн чанараараа бүрэлдэн бий болж чадсан уу?

-Ардчилсан нийгэмд шилжих хувьсгалыг амжилттай хийж чадсан. Харин ардчилсан нийгэм байгуулах явцдаа алдаж, оносон маань адилхан. Иргэдэд үзэл бодлын эрх чөлөөнөөс гадна эдийн засгийн эрх чөлөө хэрэгтэй гэдгийг мэдэж байгаа ч үүнд хараахан хүрээгүй байна. Хувь хүний амьдрал баталгаатай болоогүй цагт улс орны тусгаар тогтнол, эрх чөлөө мөн л баталгаажиж чаддаггүй.

Бид өнөөдөр ийм л баталгааг иргэддээ өгөхийн төлөө ажиллах ёстой. Юуны өмнө хууль эрхзүйн шинэчлэл шаардлагатай байна. Ардчилсан хууль цаазат нийгмийн мөн чанар нь миний итгэл үнэмшлээр бол хуулийн байгууллага тухайн иргэний гэм буруутай эсэхийг бодитоор тогтоох замаар эрхийг нь хамгаалах үүрэгтэй байгууллага байх ёстой.

Гэтэл өнөөдөр тухайн иргэнд гэм бурууг олж тохоход чиглэсэн хүчний байгууллага болж хувирахад ойрхон байна. Иргэн нь эрх чөлөөгүй, дээр нь эдийн засгийн баталгаагүй, хуулийн дарангуйлал дор айдас хүйдэстэй амьдардаг нийгэм бол бидний зорьж буй ардчилал биш шүү.

-Идэр залуу ардчилал цаашид ямар замаар явах ёстой гэж Та бодож байна вэ?

-25 жилийн өмнө бидний эхлүүлсэн өөрчлөлт, шинэчлэл дуусаагүй байна. Эхлүүлэхдээ бид дэлхий дахиныг гайхшруулах ардчилсан шинэчлэлийг богино хугацаанд тайван замаар улс төрийн хүрээнд хийж чадсан.

Үүнээс хойшхи хугацаанд бид иргэдээ эрх чөлөөтэй, эрх чөлөөнд дуртай, эрх чөлөөгөө хамгаалах чадвартай болгосон ч бүрэн дүүрэн аз жаргалтай, баян чинээлэг, амьдралын баталгаатай болгож чадаагүй. Ард түмэн ядуу, ядруу байгаа гээд ардчиллаас зугтаах хандлага гаргахгүй байна. Бид болж байна гэж өөрсдөө итгээд яваад байж бас болохгүй.

Бидэнтэй нэгэн цаг үед ардчилсан хувьсгал хийсэн цөөнгүй улс орнууд эргээд энэ замаасаа ухарсан гашуун түүх бийг ямагт санаж, сэрж явах ёстой. Одоо эдийн засгийн эрс шинэчлэлтийг ардчилсан засаглалын хүрээнд хийж, ард иргэдээ аюулгүй орчинд тав тухтай амьдруулах өдрүүдийг улам наашлуулах нь бидний эрхэм зорилго боллоо.

Энэ бол бидний эх орон, тусгаар тогтнол, эрх чөлөө, ард олныхоо өмнө хүлээсэн үүрэг хариуцлага юм. Өнөөдөр хүн бүр ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн тухай ярьж байгаа. Ялалтын тухай ярих цаг болоогүй байна гэсэн үг. Ялалтыг тэмдэглэнэ гэдэг төгсгөлийг тэмдэглэнэ гэсэн үг. Тэгэхээр бидний хувьсгал 25 дахь жилдээ үргэлжилж байна.

 Э.Энхмаа /Gogo.mn/