Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

Л.Болд: Ардчилал шударга ёс шаарддаг зүйл

2015оны 4сарын 08

7b24bc32e02a5327aec212f7994b6e1aoriginalЛ.Болд: Ардчилал шударга ёс, тусгаар тогтнолын баталгаа мөн ч байнгын өмгөөлөл, ухаарал шаарддаг зүйл

Монголын ардчилагчид Ардчилсан хувьсгал үүсч хөгжсөний 25 жилийн ой, Ардчилсан намын баярын өдрөө тэмдэглэж буйтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд журмын нөхдөдөө хандан ардчиллын үнэт зүйлсээ хамгаалан нэгдэхийг уриаллаа. Ардчиллын үнэт зүйлсийн талаарх түүний байр суурийг толилуулж байна.

-Та болон таны хэсэг нөхөд ардчиллын үнэт зүйлээ хамгаалах санаачилга гаргасан. Энэ санаачилгын гол зорилго нь юу вэ. Ер нь яагаад ийм санаачилга гаргах болов?

-Монголын ардчилал дэлхийн ардчиллын үнэт зүйлсийг тусган авч, өөрийнхөө үндэсний үнэт зүйлстэй хослуулж чадсан. Бидэнд дэлхийн бүхий л ардчилсан орны иргэдэд нээлттэй байдаг хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч, чөлөөтэй зорчих эрхийг өгч чадсан. Гэвч өнөөдөр энэхүү үнэт зүйлийнхээ эсрэг, хувийн өмчинд халдах, бизнес эрхлэгчдийг дарамтлах, хөдөлмөрөөрөө хөрөнгөжсөн хэсгээ хавчин гадуурхах, энэ мэт ажиллагаанд төрийн зүгээс тодорхой хэмжээнд нөлөөлөх байдал бий болж байгаад эмзэглэж буй юм. Ийм ч учраас ардчилсан хувьсгалаар зорьж, тэмцэж олсон үнэт зүйлсээ хамгаалах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Энэ зорилго дор бидний хэсэг нөхөд нэгдэн Ардчиллын үнэт зүйлсээ хамгаалах санаачилга гаргасан юм.

Өдгөө Монгол Улсын иргэн дэлхийн иргэний адил эрх, эрх чөлөө эдлэхийн зэрэгцээ үндэснийхээ онцлог дүр төрхөөр ялгарч болох бүхий л нөхцөл бүрдсэн. Монголд улстөрийн шийдлийг ч үндэснийхээ үнэт зүйлст тулгуурлан гаргасан юм. Монголын ардчиллын эхний өдрөөс эхлэн Монгол Улс дэлхийд улстөр, эдийн засаг, нийгэм соёлын хувьд бүх талаар нээлттэй болж, монгол хүн жинхэнэ утгаараа дэлхийн хүн болсон.

-Та саяхан нэг илтгэлдээ ардчиллаас сөөм ухрахад тусгаар тогтнол төө алдагдана гэж хэлсэн байсан. Энэ үгээ тайлбарлавал?

-Монголын ардчилал тусгаар тогтнолын баталгаа болж бүх ард түмний эв нэгдэл, дэмжлэгийг хүлээсэн юм. Монголтой хамт болон дараахан нь ардчилсан нийгмийн замыг сонгосон орнуудтай харьцуулахад ардчиллыг бүх нийтээрээ дэмжсэн дэмжлэгийн хэмжээгээр Монгол ямагт тэргүүн эгнээнд байж ирсэн. Монголчууд “та 1990 оны өөрчлөлтийг зөв гэж үздэг үү” гэсэн асуултад байнга 90-ээс дээш хувиар “тийм” гэж хариулсаар ирсэн нь гайхалтай өндөр үзүүлэлт. Ямар ч үед монголчууд ардчиллыг эргэлт буцалтгүй замнах замаа гэж үзсээр байдаг. Монголчууд бид анхнаасаа ардчиллыг улстөрийн тусгаар тогтнолоо олох зам гэж үзсэн, одоо ч ардчилал бол Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа гэж үздэг юм. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд ч энэ үзэл санаа гүн тусгагдсан.

Тэрнээс гадна аливаа асуудлыг тайван замаар хэлэлцэж, маргааныг тайван замаар зохицуулж чадсан нь Монголын ардчиллын бас нэг чухал үнэт зүйл юм. Дэлхийн түүхэнд манай ард түмэн “ганц цонх хагалаагүй, ганц дусал цус урсгаагүй” ардчилалд шилжсэн орон гэж дурсагдах болно. Монголын ард түмэн азтайдаа гэхээсээ илүү хоорондоо үг хэлээр ойлголцож чаддагтаа тайван замаар хувьсгал хийсэн. Ахмад үе, залуучууд хоорондоо, оюутан багш нар бүгдээрээ, сэтгүүлч уншигчид цөмөөрөө, жагсагчид цэрэг цагдаа хамтдаа тайван замыг сонгосон юм. Тайван замаар асуудлаа шийдэхэд талуудын уян хатан байдал, харилцан буулт хийх чадвар, шийдлийн олон хувилбарыг бодож олж хэрэгжүүлэх чадвар гээд, нэг үгээр хэлэхэд асар их ухаан ордог. Одоо ч энэ үнэт чанар маань чухал хэвээр байна. Ерөөс бид маш богино хугацаанд, гадаадын болон олон улсын дэмжлэгийг харьцангуй бага хэмжээгээр авч, ихэнхдээ дотоодын ойлголцол, зохион байгуулалт, хүсэл зоригийн ачаар улстөр, эдийн засгийн давхар шилжилт хийж чадсан гайхалтай ховор амжилтын эзэд гэдгээ мартаж болохгүй.

-Ардчиллын амин сүнс нь үг хэлэх эрх чөлөө гэж Та бүхэн тунхагласан байсан. Ингэж тодотгох цаг үеийн шаардлага байна гэж үү?

-Үг хэлэх эрх чөлөө бол Монголын ард түмнийг нэгтгэн нягтруулж, ойлголцуулж чадсан, ардчиллыг төрүүлж, бойжуулж, бэхжүүлж чадсан хамгийн чухал эрх чөлөө юм. Үг хэлэх эрх чөлөөний буянаар бид тайван хувьсгал хийсэн. Үг хэлэх эрх чөлөөний буянаар л бид маргаантай бүх талуудыг сонсож, сонсгож, дундын шийдлийг олж чадсан. Үг хэлэх эрх чөлөөний буянаар бид нийгмээ алхам тутамд нь сайжруулж, алдаагаа олж харж, засч залруулж яваа. Үг хэлэх эрх чөлөөгөө хамгаалах нь Монголын ардчиллын суурийг хамгаалахтай адил чухал үйл хэрэг юм. Үггүйгээр ойлголцол үгүй. Ойлголцолгүйгээр амгалан тайван амьдрал, хөгжил дэвшил үгүй билээ. Улс оронд цаашид асуудал тулгарах бүрт бид үг хэлэх эрх чөлөөнийхөө тусламжтайгаар л ойлголцож, түүний хүчээр л хамтын шийдэлд хүрч байх ёстой учраас, бас зарим талаараа энэ маань гажуудалд орох гээд байгаа тул, энэ эрх чөлөөнөөс зугтах хандлага байгаа тул ингэж тодотгоод байгаа юм л даа.

Нөгөөтэйгүүр, ардчиллын эхний өдрөөс эхлэн Монголд маш олон холбоо, хөдөлгөөн, намууд байгуулагдсан байдаг. Өдгөө төрийн бус байгууллага байгуулах, нийгэмд өөрийн дуу хоолойгоо хүргэхийн төлөө эвлэлдэн нэгдэх нь хэвийн үзэгдэл болж, Монголын ардчиллын олон ургальч түүхийг үргэлжлүүлж байна. Ардчилал нь нийгэм, эдийн засгийн эрхээ сайн мэддэг, улстөрийн эрхийг бүрэн хэрэгжүүлэх хүсэлтэй монголчуудын хүсэл зоригт нийцэж бүтээгдсэн болохоор дэлхийд тэр бүр байдаггүй хүний эрх, эрх чөлөөг хангах орон зай болсон юм. Ардчилал нь шударга ёс, оршихуй, тусгаар тогтнолын баталгаа мөн ч байнгын арчилгаа, өмгөөлөл, ухаарал шаарддаг зүйл болохыг өнгөрсөн 25 жилийн туршид бид хангалттай мэдэрлээ. Тиймээс л ардчиллын тугийн дор нэгдэн ардчиллын үнэт зүйлсээ сахин хамгаалцгаая гэж дахин дахин уриалаад байгаа хэрэг.

-Баярлалаа.