Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

Л.БОЛД: АМЬДРАЛ ГАЗАР ДЭЭР Л ӨРНӨДӨГ

2010оны 12сарын 10

12608-26214700Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн Л.Болд нарын долоон гишүүн санаачлан боловсруулаад санал авахаар Засгийн газарт хүргүүлжээ. Газрыг эдийн засгийн хөдөлгөгч хүч болгох суурийг тавих энэ хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Л.Болдтой уулзаж ярилцлаа. 

Иргэн бүр газраа олж авах учиртай

-Та сонгогчдод амалсан нэг том амлалтаа барьж авчээ. Энэ хуулийн төсөл дээр ажиллаж буй талаараа таны ярьсан зүйлийг уншиж байхад хуулийн үзэл санаа нь сэтгэлгээний шийдэл, хүмүүнлиг утгаараа төдийгүй монголлог, үндсэрхэг ая дантайгаараа онцгой сэтгэгдэл төрүүлж байгаа тул уг сэдвээр тантай ярилцахыг хүссэн юм.  Ингээд энэ хуулийн төслийн хамгийн чухал онцлогийн тухайд эхлээд асууя?

-Монгол хүн болж төрсний давуу талыг энэ хууль харуулах болно. Хэдийгээр Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль батлагдаад багагүй хугацаа өнгөрсөн ч энэ ажил туйлын хангалтгүй байна. Тухайлбал, нийслэл Улаанбаатар хотод иргэдийн 7,6 хувь нь л газраа өмчилж авчээ. Орон сууцанд амьдардаг, жишээлэхэд 5 ам бүл бүхий өрхийн гишүүд хаана ямар газар өмчилж авахаа шийдэж чадахгүй, мэдэхгүй байсаар өдий хугацааг баржээ. Тэд нийтдээ хуулиар 0.35 га буюу 350 кв.м талбайтай газрыг өмчлөх эрхтэй юм. Ийм хэмжээний газар дээр 12х28 хэмжээтэй суурь цутгаж байшин барих, бариулах боломжтой. Бариулах эрхээ үнэд хүргэж багагүй орлого олох, эсвэл зээл авах барьцаа болгох, аль эсвэл гээд олон янз хувилбар сэдэж болно. Хүн өөрт таалагдахгүй байгаа газраа өмчилж авахгүй байх эрхтэй. Хууль батлагдаад хэрэгжиж эхэлбэл хүнд газрыг заавал бодитоор зааж хэмжиж өмчлүүлэх шаардлагагүй болох бөгөөд үнэ ханш нь тохирсон өртөгөөр борлуулчихаж болох үнэт цаасыг /сертификатыг/ өгөх боломжтой болно. Монгол хүн л авч чадах энэ үнэт цаас нь монгол хүнийг бусдаас ялгах эдийн засгийн онцлог шинж байх юм.

-Үнэхээр ч иргэнд газар өмчлүүлэх тухай хууль батлагдсны дараа хүн бүр л тодорхой хүлээлттэй байсан ч үр дүн нь төдийлөн гараагүй. Зарим нь өөрт таалагдахгүй байршилтай газраар яах ч юм билээ гэх нь сонстдог. Тэгш бус ч гэмээр байдал ажиглагдаж ч байх шиг?

-Бидний боловсруулсан хуулийн төсөлд үнэхээр тэгш, шударга байдлыг бий болгохыг зорьсон байгаа. Орон сууцанд суудаг, газар өмчлөх шаардлагагүй, хүсэлгүй иргэд газрыг бодитоор нь бус, үнэт цаас хэлбэрээр, харин хашаа байшинд суудаг иргэн уг байршлаа өмчлөн авах боломж нээгдэх юм. Энэ бүхэн өмнө нь газар өмчлөөд авчихсан иргэнд хамаагүй байх жишээтэй. Иргэн бүрт таарсан шийдлийг гаргаж байгаагаараа тэгш байдал тогтоно. Хүн бүрт газрыг хүртээлтэй, зайлшгүй байдлаар олгож байгаагаараа шударга хуваарилалт болох юм.

-Иргэн бүрт газар өмчлөх эрх олгох гэсэн энэ санаачлагын гол үр дүн юу байх вэ?

-Иргэн газраа заавал олж авах учиртай, бодитоор юмуу,  эсвэл үнэт цаасаар. Энэ бол иргэн бүр өмчтэй болж байна гэсэн үг. Өмчтэй хүний бодол санаа, зорилго эрс өөр, илүү тэмүүлэлтэй болдог.  Үгээгүй, санаачилгагүй, идэвхигүй, гарцгүй байдал алга болно. Энэ л гол үр дүн байх юм.

Иргэн газраа олж авахад төр туслагч нь байх учиртай

-Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль хэрэгжихгүй байгаагийн шалтгаан ер нь  юунд байна вэ?

-Төрийн албаны хүнд суртал, иргэдэд хаалттай, дарамттай байдлаас энэ бүхэн үүдэлтэй. Хуулийг хэрэгжүүлэх механизмыг нарийвчлан зохицуулаагүй, газар өмчлүүлэх үйл ажиллагаа, дүрэм журам нь нээлттэй, ил тод бус байгаад гол дутагдал оршиж байгаа юм. Товчхондоо бол нэг нь авч чаддаггүй, нөгөө нь өгч чаддаггүйгээс энэ хуулийн хэрэгжилт удааширчээ. Хаана юуг яаж өгөх нь тодорхойгүй тул айдастай, тиймээс юу ч хийхгүй байна.  Бидний боловсруулсан хуулийн төсөлд энэ бүхнийг ил тод болгоно. Төрийн албаны нууцлагдмал, ил тод биш байдал арилна. Төр иргэнд газраа өмчилж авахад нь бэлэн санал өгдөг үйлчлэгч, туслагч нь байх учиртай юм л даа. Нэг үгээр хэлбэл  санаачилсан хуулийн төсөл маань батлагдснаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд хоёрдахь амьдралыг олгож, шинэ даль жигүүр ургуулж чадна гэдэгт итгэлтэй байна.

Газартай иргэд нэгдснээр амьдралын баталгаатай орлоготой, 
бусад орны иргэдээс илт давуу эрхтэй байх болно

-Хүн бүр газар өмчилж аваад эхлэхээр нэгдсэн төлөвлөлт хийх аргагүй болно гэх ч юмуу, дорвитой  хөгжихгүй гэсэн яриа бас байдаг л даа?

-Гэр хороолол хөгжих үндэс нь харин ч газрыг өмчлүүлэх явдал юм. Тэнд газар өмчлөлийг шуурхайлбал зохино. Газрыг нь өмчлүүлээгүйгээс тэнд хөрөнгө зарахгүй байна, тохижилт маш бага хийгдэж байна. Хэзээ газраа чөлөөл гэх бол гэсэн болгоомжлол байнга байдаг. Харин өмчлүүлсний дараа байдал эрс өөрчлөгдөх болно. Юуны өмнө хөрөнгө оруулалт хийгдэнэ, тийм учраас тохижилт сайжирна. Зэргэлдээ орших айлууд тохиролцон нэгдэж томоохон талбайд хөрөнгө оруулагчтай тохирон иж бүрэн, орчин цагийн орон сууц босгож ч болох юм. Нэгдсэн төлөвлөлт, хөрөнгө оруулалтыг  хийх чадал, чадвар төрд тэр бүр байдаггүй юм. Харин ийм хөрш айлууд санаа зорилго нийлүүлэн хөдөлбөл гадна тохижилт сайтай, уужим том талбайд маш сайхан байшинд амьдрах нь илүү магадлалтай болно шүү дээ.

-Тийм байх шүү, Улаанбаатарт сүүлийн жилүүдэд баригдсан орон сууцны хотхонууд санаанд шууд бууж байна.

-Газар, газрын сертификатаа заавал өөр бусдад өгөх гээд байх шаардлагагүй. Нэгдмэл зорилготой иргэд нэгдэж томоохон аж ахуйг байгуулах боломж ч бий. Монгол аж ахуйн нэгжүүд эдийн засгийн эргэлтэд орсон газрыг олж авснаар цоо эрүүл, бат найдвартай газар дээр бүтээн байгуулалт, өсөлт хөгжилтөө зохион байгуулж чадах болно. Өмчлөгдсөн баталгаатай газартай аж ахуйн нэгжүүд бий болно. Аж ахуйн нэгжийн төлөвлөлт тодорхой болж хэзээ хаана хэдий хэмжээтэй газар авахаа мэддэг болно. Төрөөс тэдэнд үзүүлдэг дарамт, шахалт, авлига устсанаар үл хөдлөх хөрөнгийн үнэ тогтворжиж бодитой утгыг агуулах болно. Хүн амьдрахад илүү тохиромжтой газар нутгийг монгол хүмүүс эзэмшинэ.
 
-Монгол хүнийг өргөн дээдэлсэн хуулийн төсөл болжээ. Өргөн уудам нутагтай тул ийм боломж бидний цөөхөн монголчуудад л олдож байгаа байх даа?

-Монгол хүн бүр газар нутагтаа эзэн байж үеийн үед уламжлагдан өвлөгдөх мөнхийн эд хөрөнгөтэй болох боломж нээгдэнэ. Монгол хүн бүрт өмчийг нь олгосноор төр хүмүүнлиг төрхтэй, иргэн нь чинээлэг, аз жаргалтай амьдрах болно. Үе удмаараа өмчлөх газартай болсон хүн илүү чөлөөтэй, итгэлтэй амьдарч чадах юм. Учир нь газар дээр л амьдрал өрнөж, хөгжиж цэцэглэдэг, бид бүгд өсч бойждог, шингэж уусдаг.

Д.ГАНТУЯА
Эх сурвалж: “ӨДРИЙН СОНИН”