Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

Казино эдийн засгийг солонгоруулах уу, харлуулах уу?

2015оны 4сарын 15

ce9e3a7c22f12b6e8fe9bdd682e3bdb4original

Энэ хаврын чуулганаар хэлэлцэх асуудлуудаас халуун маргаан өрнүүлж мэдэх нэг сэдэв нь Засгийн газраас санаачлаад байгаа Казиногийн тухай хуулийн төсөл байх бололтой.

Аялал жуулчлалыг хөгжүүлэх, төсөвт орлогын эх үүсвэр бүрдүүлэхэд нөлөөтэй хэмээн эдийн засгийн ач холбогдол талаас нь хуулийг санаачлагчид тайлбарлаж байгаа  ч нэр бүхий УИХ-ын гишүүд арай өөр өнцгөөс  байр сууриа илэрхийлж эхэллээ. Энэ асуудлаарх эхний маргаан чуулганы танхимд Байгаль орчин, ногоон хөгжил,аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Л.Болд нарын хооронд өрнөсөн юм.

Казиногийн тухай хууль хамгийн хурцаар яригдаж, улс төрийн таагүй үр дагавар авчирч байсан 1996-2000 оны парламентад Л.Болд гишүүнээр ажиллаж байсны хувьд энэ удаад ч дээрх төсөлд эмзэг хандаж байгаагаа нуухгүй байна. Эдийн засаг хүнд, улс төрийн нөхцөл байдал тогтворгүй, эрх баригч Ардчилсан хүчин сөрөг хүчнийхээ атганд байсан тэр үед ардчилагчид Казиногийн тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхээр оролдсон нь “бага чулуугаар том чулууг хөдөлгөх” гэдэг шиг улс төрийн асар ярвигтай тоглоомыг эхлүүлж, олон хүний хувь заяаг эргүүлсэн нь аргагүй үнэн юм. Өнөөдөр ч эдийн засаг энхэл донхолтой, эрх баригч Ардчилсан намын байр суурь батгүй байгаа энэ үед Казиногийн хуулийг хэлэлцэх нь эртэдсэн асуудал гэдгийг Л.Болд гишүүн сануулсан. Гэхдээ түүний байр суурь зөвхөн өөрийн намыг бодсон, ердөө улс төрийн нөхцөл байдал талаас авч үзсэн шүүмжлэл биш гэдэгтэй олон хүн санал нийлэх байх.

Монгол Улсын хөгжил уул уурхай, цөөн нэрийн экспортын бүтээгдэхүүнээс хамааралтай байгаа энэ үед эдийн засгийн бүтцийг нэмэх, солонгоруулах шаардлагатай гэдгийг аль ч Засгийн газар бодлогын төвшиндөө хүлээн зөвшөөрч буй. Харин ямар бүтэц нэмэх, аль салбарыг дэмжиж байж эдийн засгийн шинэ тулгуур бий болгох вэ гэдэгт л улс төрийн хүчнүүд ур ухаанаа уралдуулах үлдсэн. Шийдлийн Засгийн газрын гишүүний тайлбарлаж байгаачлан Казино байгуулах замаар шинэ орлого, шинэ бүтэц бий болох эсэх асуудал үнэхээр ч эргэлзээтэй. Аялан жуулчлагчид нэмэгддэг, тэдгээрийг дагасан үйлчилгээний бусад төрөл хөгжих бололцоо харагдаж байвч энэ нь ихэвчлэн сөрөг үр дагавар дагуулдаг гэдгийг бусад улс орны жишээнээс бид мэднэ. УИХ-д оруулж ирсэн Казиногийн хуулийн төслийн цаана хоёр казиногийн асуудал яригдаж байгааг анзаарвал улс орны эдийн засагт эрч нэмэх гэхээс илүүтэй энэ бизнесийг эрхлэн явуулах хоёр хуулийн этгээдийн эрх ашиг л хөндөгдөх бололтой.

Үнэндээ өнөөдөр улс орны эдийн засагт зүтгүүрийн үүрэг гүйцэтгэх, үндэсний хэмжээний баялаг бүтээх үйлдвэрлэл илүү чухал байхад Засгийн газар ийм хууль өргөн барьсан нь цаг үеэ олоогүй алхам гэж зарим гишүүн үзэж байгаа аж. Үгүй гэхэд олон жилээр хүлээгдэж, одоо л нэг урагш хөдлөх гэж байгаа чөлөөт бүс, боомтын асуудалтай холбож төслийг боловсруулсан бол өөр хэрэг. Ердөө хоёр казинод үйл ажиллагааны зөвшөөрөл олгох асуудал УИХ дээр хуулийн хэмжээнд яригдаж, үүний төлөө Үндэсний зөвлөл байгуулахаар асуудлыг тавьж байгаа нь ч эргэж харахаар л асуудал. Засгийн газрын төвшиндөө ярьж шийдэж болох асуудлыг парламентын төвшинд тавьж, өндөр авахуулах нь улс төрийн эрсдэлтэйгээс гадна эцсийн дүндээ эдийн засгийг солонгоруулах биш харлуулах алхам шүү гэдэг сануулгыг эхний ээлжинд УИХ-ын гишүүн Л.Болд хууль санаачлагчдад өглөө. Харин түүний байр суурийг дэмжих гишүүн хэр олон байхыг хэлэхэд эрт байна. Яагаад гэхээр дээрх хуулийн төслийг холбогдох байнгын хороогоор хэлэлцэх үед олон гишүүн гадаад, дотоодод казинод орж үзсэнээ гайхуулан ярьж байлаа.

М.ГАН

Эх сурвалж: “ЗУУНЫ МЭДЭЭ” сонин