Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

ИХ БОГДЫН ТЭМДЭГЛЭЛ

2017оны 9сарын 14

 1. “Гэгээний овоо”-н дээр дөрөө мултлан хадаг яндар уяж, идээ цагаа өргөн  хүсэл юугаа шивнэн сүсэглэв. “Орог нуур”- ын хөвөөн дээр тачигнаж байсан салхи  энд сиймхийн төдий ч үлдсэнгүй.  Өглөөгүүр хувцас хунараа зузаалан гарсан бид   бага үдийн  тунгалаг  аяс дор  хөнгөлж нимгэлэн сэрүүцэв. Тэнгэр хангай уярч, лус савдаг баясанхан, зочид гийчидтэйгээ инээмсрэн  золгож  буйн  учрыг холоос эрэх хэрэг ч байсангүй, ээ. ХХ зууны Монголын нэрт сэхээтэн, соён гэгээрүүлэгч, доктор, профессор, Сономын Лувсанвандан Баянхонгор аймгийн Богд суманд 1932 онд төрж, багаасаа сургууль соёлын мөр хөөн, анхны гоо зүйч эрдэмтэн, нэртэй утга зохиол судлаач, олон улсын хэмжээний нийгэм, соёлын зүтгэлтэн, төрийн сайд хүртэлх ажил амьдралын баялаг замыг туулсан бөгөөд түүний амьдралын гайхамшигт замналын эхлэл болсон төрсөн нутагт нь 85 насных нь ойг үр хүүхэд нь санаачлан хоёр өдөр тэмдэглэсэн юм. Их эрдэмтэн хүүгийнхээ  насны ойг хүй цөглөсөн  нутаг ус нь  хайраа дэвсэн  угтаж буй нь энэ буюу.  “Гэгээний овоо”-н дээр дуу хуур үүсч, шүлэг найраг  эгшиглэв. С.Лувсанвандангийн нэрэмжит гоо зүйн дээд шагналтан, жүжигчин Догмидын Сосорбарам  Равжаа хутагтын “Үлэмжийн чанар”-аар  шүншиглэж,Ану хатан киноны  Ану хатан дүрээрээ олноо танигдсан,  залуу дуучин ДаваасүрэнгийнОтгонжаргал  нэрт эрдэмтэнтэй нас чацуу, хонгор нутгийн бас нэгэн алдартан  яруу найрагч Тангадын  Галсангийн шүлэг, Б.Шаравын хөгжим “Аав ээж хоёр минь” дууг  цуурайтуулав. Их Богдын хад чулуу бүхэн  царгил мэтү даган эгшиглэхүй дор  алс хол Бээжин хотод эмчлүүлж буй  хөгжмийн зохиолч андыг минь   Их Богдын эзэн сахиус ивээлдээ багтаах  болтугай гэж  залбирч зогсов л…

2. …Тэнгэр уужран цэнхэртэж, наран алтранхан инээмсэрч байв. Намрын шар сэвшээ  хацар нүүрийг  илбэмой. Тэртээ доор “ Орог нуур”  толины цайрдас шиг тунаран хөхвөртмүй. Цэгцэрийн шар талаас хялганын гэгээ давалгаалнам  бүлгээ. Их Богд уулын  бэл хормойн айлууд мөөгөн хүрээ шиг  цайрч, адуу мал  ялгагдах төдий бүрэлзэх атал  хонин сүрэг цацчихсан сувд шиг гялбалзмуй. Их Богдын  тэхий дунд  үүлэн  зардас  хэн нэгний үгийг  тээж ирчихээд одоохон  түүнээ задланхан тайлбарлах гэсэн мэтү сэмрэнхэн амьсгалах бүлгээ. Сэтгэлийн  минь гуун доторхи их эрдэмтэн  Сономын Лувсанвандангийн  зөөлөн инээмсэглэлт  танил хөрөг  тодрон тодрох  ажаам. Хаа нэгтээгээс  илгээсэн үгс нь   үүл хөлөглөн  ирчихсэн ч юмсан уу? хэн мэдлээ. Үүлэн дүрсийг  дээрээс нь  сонирхон харж зогссон  үүнийг тэрлэгч бээр  13 гэсэн тоо дурайж байсныг баттайяа харсансан билээ. Их эрдэмтэн маань  энэ тоог ихэд билэгддэг ч байсан гэдэг, ээ. Их Богдын тэргүүн халил дээр зогсохуй  хоёр өдрийн  туршид болсон  явдал учралууд  тодронхон зурагдах  ажаам. Сэтгэлийн толь минь  тунгалагшин гялталзмуй.

 3.    Баянхонгор аймгийн төв Ном соёлын өргөөний  уншлагын танхимд  “Сономын Лувсанвандан”  баримт бичгийн эмхэтгэл  номын хоёр ботийн нээлт болов. Энэ ботиуд  бүхэлдээ  их эрдэмтний ажил төрөл, бүтээл туурвилд холбогдох баримтын  эмхэтгэл ажу. Тэр нь зөвхөн   түүнд холбогдох  баримт биш  харин Монголын ном, соёл, урлаг, гоо зүй  судлалд хамрагдаж  байгаа бөгөөд судалгааны эргэлтэд орж, түмний хүртээл болж буйгаараа  онцгой ач  холбогдолтой  юм.  Номын нээлтэнд  эрдэмтний  ах дүү, үр хүүхэд, ач зээ,ангийн нь охин, шавь нар,  уншигчдын төлөөлөгчид, номын хорхойтнууд, эрдэмтэд, зохиолчид танхимд багтахгүй цуглалаа.  Тэдэн дотроос С.Лувсанвантай нэг  ангид сурч байсан, эдүгээ 87 насыг зооглоод буйХөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт ахмад багш Сангидоржийн Зуумаа гуайн ярьсан дурсамж  номын баярт оролцогчдын  сэтгэлийн хадагийг намируулав. Тэд  үсэг бичигт тайлагдангуутаа  бусдад багшилж явжээ. 10 орчим настай  багш хүүхдүүдийн   сурагчид гэмээ нь  өөрсдөөс нь  өчнөөн ах, эгч байж гэнэм. Ангийнхаа  сурагч Лувсанванданг  гоё тод бичигтэй, зураг сайхан зурдаг, гэрээ санамтгай, юм л бол ном шагайж суудаг, аядуу зөөлөн хүү байсан  гэж дурсав. Чухамдаа “Шинэ үсгийн багш”  кино бол  бидний тэр үеийг  санагдуулдаг  гэж   ерэн насны босго дөхсөн энэ буурал их л цовоо цолгиун  хууч яриагаа дуусгана  билээ.

Алга нижигнэж, хууч дурсамж өрнөж, шүлэг, яруу найраг эгшиглэсэн  номын нээлт халуун дотно, эерүү элгэмсэг, эрдэм номын гэгээ цацарсан  уулзалт болов.

4. Сономын Лувсанвандангийн дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор 2005 оны 7 сарын 6-ны өдрийн Засгийн газрын 153 тоот тогтоолоороо Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрыг, 2015 оны 11 сарын 6-нд СУИС-ийн Соёл урлаг судлалын хүрээлэнг тус тус түүний нэрэмжит болгосон аж. С.Лувсанвандангийн нэрэмжит театр өнөө жил   40 жилийн ойгоо тэмдэглэжээ.  Театрыг өнгөтэй өөдтэй болгоход  Лувсанвандан сан хагас тэрбум шахуу төгрөгний ажил хийж өгчээ. Хөгжимт драмын театрын нүүрэн талын болон их засварын ажлыг санхүүжүүлсэн төдийгүй гэрэлтүүлэг, техник хэрэгсэл хандивлаж  хүүхдийн “Тэмүүжин” чуулгыг хөгжим, тоног хэрэгслээр хангажээ. Мөн өнөө хавар театрын уран бүтээлчдийг нийслэлд айлчлан тоглоход томилолтын зардлыг  нь шийдвэрлэжээ. Энэ мэт үргэлжид  туслан дэмжиж байдагт нь түүний үр хүүхдүүдэд, театрын  уран бүтээлчид ам сайтай байна билээ.

Театр  гаднаа ч дотроо ч өнгө засчээ.Театрын өмнө их эрдэмтний  хөшөө сүндэрлэх ажу.  Хажууханд нь  ардын найрагч  Ч. Лхамсүрэн мөн “Хүрэн морь”- оо харуулдаж зогсоо нь үзэгдэнэ.  Номын нээлтийг үргэлжлүүлээд энэ  театрт С.Лувсанвангийн мэндэлсний 85 насны ойн баярын хурал болж, театрын уран бүтээлчид их эрдэмтэндээ баярын концертоо  өргөн барив.

Концертон дундаас  С.Лувсанвандангийн шүлэг, Б.Шаравдоржийн хөгжим  “Эх нутгийн уянга”   дууг анх удаа сонслоо.  Шүлэг ч сайхан, аялгуу ч  сайхан дуу аж. Шаравдорж бол үнэхээр авьяаслаг хөгжмийн зохиолч байсан юм.  Надтай ч   мөн  хэд гурван  дуу хийсэн хонгор нутгийн минь  андсан. Тэрбээр  С.Лувсанвандан абугайн дээрхи шүлгэнд аялгуу  зохиосон нь зохиролыг олжээ. Эрдэмтэн зохиолчийн олон шүлэг эдүгээ тэмдэглэлийн дэвтэртээ байна. Нэгэнт л зохиолчийнхоо гараас гарсан  тэдгээр бүтээлүүд  өөрийн хувь тавилангаа  бүтээн хэзээ нэгтээ уншигчиддаа хүрэх нь гарцаагүй. Хүрч ч байгаагийн нотолгоо нь энэ дуу.  Мөн жүжигчин Д.Сосорбарам  ч аян замын уртад  шүлгийнх нь  дээжээс бидэнд уншиж явлаа. Уран бүтээл яг л хүн шиг хувь тавилангаа хөөдөгдөө.

Театр үзэгчдээр пиг дүүрчухуй. Хурлын хүндэтгэлийн суудалд нэрт эрдэмтний төрсөн дүү  С.Пагам, С.Цэдэвхүүхэн, С.Галтмай, С.Бямбаа, О.Үржинсүрэн нарыг урин суулгалаа. С.Лувсанвандан абугай     анх үүсгэн байгуулсан “Соёл, урлаг судлалын хүрээлэн”-гийн захирлаар ажиллаж байсан доктор Б.Баатархүүгийн тавьсан илтгэл  олны сонирхлыг ихэд татавай. УИХ-ын эрхэм гишүүн  Лу.Болд аавынхаа тухай сэтгэлийн сайхан үгс, халуун дурсамж хүүрнэж, олон арван хүнд төрийн дээд шагнал одон медаль  гардууллаа.

  5.   Шагнагсадын  дотор Баян-Овоо   сумын  ахмад настан, аавын минь  нэг голын унаган  найз  “адуучин”  Д.Арвин гуай “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”  гардчухуй. Аав минь байвал байж л байх шүү дээ. Нутгийнхан аавыг минь “уургач” Данзан гэдэгсэн. Нээрэн чиг аавынхаа морь уургалахыг хараад л баймаар байдагсан…Морь нь дөрөө шүргэн  газар налан эргэж, тэр хоромд аав уургаа урагш сунган шидэх бөгөөд  хуйв  нь  агаарт гогцоорон эргэж  шав хийн морины толгойд ордогсон, энэ сацуу  хойд хоёр хөл дээрээ  чахран суусан  уургын морь,эмээлийнхээ араар  дөрөө жийн  гэдийсэн аавруугаа  хазаар барьсан би-вээр гүйж явдагсан. Ай, даа тань руугаа  одоо нэг гүйхсэн дээ… Арвин гуайг тосон очиж, баяр хүргэн үнсүүлэв. Аавын үнэр ханхийх ажу.  Эднийх 10 банди, ганц охинтой айлсан. Жудо бөхийн дэлхийн аварга, сая дэлхийн аваргаас мөнгө хүртдэг, манай сумын охин Уранцэцэг чинь эдний ач шүү дээ. Арвин гуай  жүжигчин Д. Сосорбарам  бид хоёрыг  хоёр  сугандаа хавчуулж  байгаад зургаа татуулав.  Том биерхүү түүний суганд  бид хоёр  баавгайн бамбарууш шиг л  харагдсан болой.

6.   Бидний дундаас Баянхонгор аймагт хамгийн алдартай хүн  нь  “Миний мэдэх Женко” ном бичсэн зохиолч, сэтгүүлч  ДоржхандынТөрмөнх байв. Тэр бас “ Бодлын хулгайч”, “Ларьдма” киноны зохиогч бүлгээ. Энэ бол саяхны явдал. Харин олон жилийн тэртээ “Нохойн орон” кино нь    ихэд  алдаршиж,  дэлхийн нэр хүнд бүхий кино фестивалуудаас  гранпри  болон тэргүүн, дэд  өргөмжлөлийг 23 удаа  хүртсэнийг нь  тэр бүр мэддэггүй явж.  Аян замын  нэгэн олз  гэвэл, эрхэм андыгаа  танихын дээдээр танив. Авьяас нь хальж бялхсан  тэрбээр  энэ удаа  Лу.Болдын номыг бичих судалгааны ажлаар яваа ажу. Гар дээр нь олон ч сайн киноны зохиол бичигдэн хадгалагдаж байна. “Санкара” хэмээх  роман нь уншигчиддаа очиход бэлэн болжээ.   “Миний мэдэх Женко”, “Санкара” номууд нь  орос, энэтхэг, хятад хэл дээр гарахаар гэрээ хэлцэл нь хэдүйн хийгдсэн гэнэ. Тэрбээр хийж бүтээхийн урмаар цахилан бадарчээ. Лу. Болдын тухай нэгэн сайн ном  мэндлэн гарах  айсуй цагийн гэрч нь  бид болов.

7.  С.Лувсанвандангийн  мэндэлсний 85 насны ойн баярын хүрээнд Баянхонгор аймагт  олон ажил зохиогдов. Тэр болгонд бид  “цэргийн үлээвэр найрал хөгжим” эгшиглүүлж явав. Сумдын соёл урлагийн байгууллагуудын ажилтнуудын дунд С.Лувсанвандан сангаас зохиосон гар бөмбөгийн тэмцээний нээлтийг нь  ч  энэ л үлээвэр хөгжимийг аялгуун доор  эхлүүлсэн болой.Энэ хаанахын хөгжим байсан вэ? гэвэл  Баянхонгор аймаг дахь  Зэвсэгт хүчний339-р ангийн  хөгжмийн салаа байв. Тэд  Батлан хамгаалахын сайд асандаа талархаж явдагаа тийнхүү  илэрхийлсэн хэрэг.  Лу.Болд  2008-2012 оны хооронд  Батлан хамгаалахын сайд байхдаа Баянхонгор,Баян-Өлгий, Сүхбаатар аймгуудадбарилга инженерийнцэргийн гурван анги байгуулсаны нэг нь энэ анги юм. Тэрчлэн Лу.Болдын хийсэн бүтээсэн бодитой хүнд тустай  ажил армид цөөнгүй үлджээ.Тэр төсвөөс ганц ч төгрөгний зардал гаргалгүйгээр  энхийг сахиулагчдын  нөхөн сэргээх төв  Багабаянд бариулж,  зэвсэгт хүчний 1000 шахам айлыг орон байртай  болгосон зэрэг  сайн үйлсийг бахдан дурсагчидтай ч таарч явав.  Хийсэн бүтээсэн үйлс  үлдэж, хэлж гүтгэсэн үгс замхардаг ажээ.

     8.    Уг нь өвгөжөөр хүн юм, тэгсэн атлаа Лу.Болд гишүүнтэй ихэд хүндэтгэлтэй  мэхийн уулзав.  Хэн нэгэн сонгогч нь буй за гэж бодов. Лу.Болд бол шинэ Үндсэн хууль батлалцсан  гишүүдээс  одоо УИХ-д байгаа хоёрхон гишүүний нэг л дээ. Нөгөө нь Д.Лүндээжанцан. Ийм гишүүдийг танихгүй хэн ч байх билээ. Тэгсэн мөнөөх өвгөжөөр хүн  гадаадад хоригдож байгаад эх орондоо ирж  ялаа эдэлж  байгаа хэн нэгний  аав нь болж таарав. Лу.Болд гадаад харилцааны сайдаар ажиллаж байхдаа   өөр улс оронд  ял эдэлж байгаа олон иргэдээ эргэж тойрч эх орондоо татжээ. Мөн гадаадад баримт бичиггүйгээс эхлээд элдэв долоон шалтагаар  эх оронтойгоо  холбогдох  боломжгүй  байсан  монголчуудаа   олж, тэднийг  нутагтаа ирэх  боломжоор хангажээ. Бүр африк тивээс ч  хэдэн улс дамжиж  ирсэн иргэн  ч бий гэнэм. Ийм, эгэл жир  амьдралд ойр шийдвэрүүдийг  гаргахын зэрэгцээ, хоёр том  хөршийн Ерөнхийлөгчид 7 хоногийн хугацаатай Монголд  төрийн айлчлал хийсэн  болон АСЕМ-ын  11 дэх чуулган   эх оронд минь чуулахаар болсон зэрэг шийдвэрүүд түүнийг  Гадаад  харилцааны сайд байхад  гарсан байдаг. Ямар ч албан тушаал түүний хувьд хийж бүтээх, шинийг эрж хайх, цогцлоон  байгуулах боломж байдаг амуй.

     9.      Өглөө сэрвэл  “СӨҮЛ” буудалд цахилгаан байсангүй. Асуувал энэ өдрийн 07-19 цаг хүртэл гэрэл тасарчээ. Баянхонгор төдийгүй,Өвөрхангай аймаг ч тасарсан гэнэм.  Номын нээлт, баярын хурал, концертоо яанам бэ?  Ш. Сүхбаатар анд ийшээ тийшээ ярьж,  элдэв зохицуулалт хийх бүлгээ. Дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, яам, тусгай газарт Тамгын газрын дарга  хийж явсан түүний зохион байгуулах чадвар үнэхээр гайхалтай ажу. 14 цаг гэхэд 380 вольтийн  чадал бүхий зөөврийн станц олжээ. Тэр өдрийн бүх л ажил жин тан  болов. Баярын хуралд аймгийн  удирдлагуудыг бүгдийг урьсан ч  хэн нь ч ирсэнгүй.  Бүгдэд нь  хувийн болон  хувьсгалын ямар нэг ажил гарч давхацжээ. Орлогч нар нь ч харагдсангүй. Харин хэлтсийн нэг залуу дарга  С.Лувсанвандан эрдэмтний  ойд зориулж баяр хүргэж үг хэлсэн болой. Нутгийнх нь нэрт эрдэмтэн зохиолчийн ой тохиож байхад    аймгийн удирдлагуудын  хэн нь ч оролцоё гэж хичээсэнгүй.  Тэр чинь АН-ын гишүүн Лу. Болдын аав шүү дээ гэж  бодоогүй байлтай. Цахилгаан гэрэл  саатдаг нь ч юусан билээ? Оюуны гэрэл  хэзээ ч унтардаггүй нь сайхан, аа. Тийнхүү баярын хурал дуусах мөчид  нэгдсэн гэрэл ирлээ  болцгоогоод явчихлаа.  Зөөврийн станцаа ч унтраачихав.  5 хормын дараа гэрэл ирнэ, баярын концертоо тухлан үзээрэй гэж  энэ өдрүүдийн бүх л ажлыг зохион байгуулагч, хөтлөгч, сэтгүүлч Ш.Сүхбаатар хэллээ. Гэрэл унтрав. Үзэгчдийн суудалд гар утасны гэрлүүд  харанхуйгаас үнэнийг хайх мэт  энд тэнд  тэнэн  гялалзах бүлгээ. Харанхуй бүхнийг  хуччухуй. 5 хором, 10 хором, 20 хором өнгөрөв. Юу  болов?  Гэрэл ирээгүй  гэж үү.  Тэгэхнээ нь аймагт гэрэл ирэх нь ирсэн, харин энэ хэсгийн гэрэл ирсэнгүй болоод явчихав.  Ахиад л зөөврийн станцаа дуудан ирүүлэв. Гэрэл мэлсхийв. Харанхуй хулжин хөөгдөв.  Баярын концерт эхэллээ…

10.   Мөхөс бичээч би  С.Лувсанвандан эрдэмтний 85 насны ойд зориулж  “Лу багш минь дурсагдана” гэсэн дууны шүлэг бичсэн юм. Түүнээ л уулзалт болгонд уншиж явлаа. Их Богдынхоо  орой магнай дээр ч уншсан. Уул ус, лус савдаг нь сонсогдээ гэж бодсон хэрэг. Угаас дурсамж өөрөө амьдрал шүү дээ. Дурсагдаж байгаа хүний амьдрал түүгээр уртасч  байдаг. Дурсамж хаана дуусна, амьдрал тэнд дуусна. Аугаа их хүмүүс үхдэггүйн учир энэ.

 

ХХ зууны үндэсний сэхээтэн,их эрдэмтэн,

Сономын Лувсанвандангийн мэндэлсний

85  насны ойд

                     Лу багш минь дурсагдана

/ Дууны шүлэг/

Их Богд уул нь

Тэнгэрээн дүүрээд цэнхэртэнэ

Эрдмийн хишигтэн- Лу багш минь

Эрдмээн түгээгээд дурсагдана

Хүмүүн  заяанд  мэндэлсэн

Бодийн  хар усанд нь

Хөх  л  мөнх  тэнгэр

Уужранхан тольдож мэлтийнэ

Ай, Бодлын жигүүр ургана, аа

Ноён Богд уул нь

Нартаан дүүрээд цэнхэртэнэ

Номын буянтан- Лу багш минь

Номоон түгээгээд дурсагдана

Элэнц хуланцаас  нутагласан

Нарийн харын ууланд нь

Эргэх дөрвөн цаг

Дөмөлзөн шуранхайлж айлчлана

Ай, Билгийн оюун  нээгдэнэ, ээ

Оргил Богд уул нь

Орчлонгоо дүүрээд цэнхэртэнэ

Оюуны суутан -Лу багш минь

Оюунаа түгээгээд дурсагдана

Удмаан дагаж нүүдэллэсэн

Жарангийн цэнхэр нуруунд нь

Урган мандах наран

Жаргалтайн дэлгэрхэн мишээнэ

Ай, цагийн судас булиглана, аа

  1. 04. 19.

Идэрийн барилдлагат хөх хулгана өдөр.

11.  С.Лувсанвандан эрдэмтний 85 насны ойд зориулж төрсөн нутаг Богд суманд нь хийсэн  наадам  орон даяарын наадам болов. Энэ наадамд улсын заан Б.Батмөнх, Б.Соронзонболд тэргүүт  бөхчүүд  барилдав.  Лавтайяа тэн хагасаас илүү нь улс аймгийн цолтон  бөхчүүд байв. Хоёр  улсын заан, хоёр аймгийн арслан шөвгөрсөн  тус  барилдаанд  Богд сумын  харьяат аймгийн  арслан Б.Бат-Орших, улсын заан Б. Соронзонболдыг хаяж  түрүүлэв. Их насны морьдын уралдаанд  С. Гонгорын  бор зүст ажнай,  соёолон насныхад П.Галдандоржийн ухаа халзан соёлон алтан жолоо өргүүлэв. Их насны түрүү бор морь энэ зуны Өвөрхангайн их хурдад хол түрүүлсэн  ажнай аж.Харин үндэсний шагайн харвааны тэмцээнд Монгол улсын мэргэн  Ж.Батмөнх ахлагчтай Жинст сумын харваачид магнайлж, Баян-Өндөр, Баянцагаан  сумын шагайн багийнхан удаалчухуй. Зүг бүр тийш таран одох наадамчдын морьдын тоос тэнгэрт хадах нь   босоо монгол бичгээр “Хойтон жилийн наадам хол байна даа…” гэж таталган бичсэн мэтү харагдмуй.

 

12.  “Цонжин” овоон дээр ирлээ.  “Гэгээний овоо”  том, сүрлэг, хиур, дарцаг  дэрвэж байдаг бол харин энэ  овоо  эгэлээс эгэл аж.  Богд уулын эрс өөр төрхийг энэ овоон дээрээс харав. 1957 оны газар хөдлөлтөөс үүссэн  нуранга  эндээс тов тод үзэгдэнэ. Уулын энгэр  хад чулуутайгаа халцран  гулсчээ. Одоо тэр нь шороон хүрхрээ мэтү  шаргалтан улаарч, улааран шаргалтаж харагдана.  Нуранга Их Богдын тэргүүн орчмоос эх аван урсдаг  уулын голыг хааснаас  хоёр жижигхэн нуур үүсчээ.  Нутгийнхан энэ  нууруудаа “Оюу” нуур, “Номин” нуур хэмээн нэрлэжээ. Үнэхээр  оюу нуур нь оюу мэт тунаран оюурч, номин нуур  нь номин мэт номиронхон  цэнхэртдэг гэж  энэ нутгийн унаган  хүү,  цог золбоот, сайхан сэтгэлт эр  ДэндэвийнШирмэн бахархан ярьсансан…”Цонжин” овоон дээр сэтгэл уярам  нэгэн үйл болов. “Лувсанвандан” сангийн гүйцэтгэх захирал, Хууль зүйн ухааны доктор, сэтгүүлч Ш.Сүхбаатар  их эрдэмтний  85 насны ойд зориулж  хийсэн Лувсанвандангийн дүрт дурсгалын медалыг  хүүгийнх нь энгэрт зүүх эрхийг бидэнтэй хамт аян зам нийлсэн Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд С.Хүрэлбаатарт өгвэй. Аавынхаа өвөр дээр эрхлэж өссөн хүү, зүрхэн  талдаа аавынхаа  дүрт тэмдэгийг зүүчухуй. Аав нь хүүгийнхээ энгэрт одон болов гялалзав.  Угаас  С.Лувсанвандан бээр ард түмнийхээ  сэтгэлд гялалзсан эрдэм соёлын  “одон”  билээ. Аавын тухай сайхан дурсамжаа  Лу.Болд хуучлав. Нүдэнд нь цийлсэн нулимс, бидний  нүдэнд ч басхүү гялбав. Их Богд  уул ч өндөлзөн чагнана билээ. Унаган үрс нь сайн явахад  уул ус нь  баясдаг  ёсон  хэзээ эртийнх шүү дээ.

 

13.  Их Богдынхоо орой тэргүүн дээр гарч хийморь лундаагаа  сэргээж, их эрдэмтнээ дурссан бид  Орог нуурынхаа  эрэг хөвөөн  дээр  ирж  өвөр бүлээн усанд нь буй биесээ булхан сэрүүцвэй.  Хэдэн жилийн өмнө  хүмүүний байгальтайгаа  харьцах ёсон бусын  үйлдлээс болж  энэ нуур ширгэж, Богд нутгийн  аугаа  авьяастан, хөгжмийн зохиолч Ч.Сангидорж  уйтайхан болоод айтайхан ирж- Нямаа.Дан минь хоюулаа  Орог нуураа дуугаар даллан дуудахгүй бол  болохгүй нь  гэж  “Орог  нуур минь …” дуу  хийж билээ. Тэгэхнээ нь  тэр жилийн хавар нь л “Орог нуур”  цэнхэртэн цалгисансан…  “Сувилагч чамдаа баярлалаа…” дуугаар овоглосон нэрт дуучин Баянмөнхийн дуулсан  тэр дуу  одоо ч Монголын радиогоор эгшиглэн дуурссаар билээ… Тийнхүү энэ Богд нутгаас бас нэгэн  уран бүтээлийн захиа даалгавар авах учиртай байжээ…, Богд уулын бэл хормойд  хонь хариулж, хүлгийн зоонд дарцаглаж өссөн, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд  Хүрэлбаатар абугай  надад  Их Богд хайрханы тухай шүлэг найраг бичих  үүрэг өгвэй. Ерөөл оршиг, ээ.

Гүйн тэлмэн урсгалтай Түйн гол минь  ирж цутгадаг  Орог нуурын эрэг дээрээс хөдлөхөд  оройн нарны шижир туяа  эрдэмтэн зохиолчийн дүрээр ханхайх – Их  Богд уулын  хяр сэрвээг  мөнгөлөнхөн  боронздож  байвай.

 

Туул гол  -Түйн гол – Номгон хайрхан-Их Богд- Орог нуур .

2017 оны 9 сарын 1- 11