Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

ИРГЭН БҮРИЙН ГАЗАР ӨМЧЛӨХ ЭРХИЙГ БАТАЛГААЖУУЛНА

2012оны 12сарын 10

12600-26214700УИХ-ын гишүүн Л.Болд нарын долоон гишүүн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг санаачлан боловсруулж Засгийн газраас санал авахаар өчигдөр хүргүүллээ. Газар нь эдийн засгийн эргэлтэд ороогүй үедээ ямар нэг ашиг, орлого эзэндээ хүртээдэггүй үл хөдлөх эд хөрөнгө бөгөөд иргэн бүрийн газар өмчлөх эрхийг нь баталгаажуулах замаар газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь Монгол Улсын эдийн засагт томоохон шинэчлэл болно гэж хууль санаачлагчид үзэж байна.

Энэхүү хуулийн төсөлд иргэн бүр газар өмчлөх эрхээ эдлэх боломжийг, түүнчлэн хэрэв иргэд газар өмчилж авах шаардлагагүй гэж үзвэл өөрийн газар өмчлүүлэх сертификатыг хөрөнгийн зах зээлд эргэлтэд оруулах замаар хөрөнгөжих боломжийг бүрдүүлэхийг зорьжээ.  Газар өмчлүүлэх үйл ажиллагаанд иргэн бүр адил тэгш оролцсноор Үндсэн хуулийн үзэл баримтлал бүрнээ хэрэгжих болно хэмээн хуулийн төслийг санаачлагчид үзэж байна.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг УИХ 2002 онд баталж, 2003 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрджээ.  Энэ өдрөөс эхлэн Монгол Улс түүхэндээ анх удаа газраа иргэддээ өмчлүүлэх болсон ч хуулийн хэрэгжилт нэн удаан байгаа агаад дийлэнх иргэн газраа өмчилж авч чадаагүй байна. Зөвхөн Улаанбаатар хотын хэмжээнд гэхэд л нийслэл хотын хүн амын 7,6 хувь буюу 91830 иргэн л газраа өмчилж авчээ.  Газар эзэмшиж байсан иргэн тухайн газраа өмчилж авснаас бусад тохиолдолд, тухайлбал, орон сууцны байранд амьдарч байгаа иргэн газар өмчилж авах эрхээ хэрэгжүүлэх боломж өдгөө хомс байна. Нөгөөтэйгүүр хууль хэрэгжүүлэх механизмыг нарийвчлан зохицуулаагүйгээс газар өмчлүүлэх эрх бүхий субъектын хүнд суртал гаарч, танил талдаа газар өмчлүүлэх, авлига авах зэрэг ноцтой сөрөг үр дагаврыг бий болгож байна.  Түүнчлэн газар өмчлүүлэх ажиллагаа ил тод бус байна. Иргэд газар өмчлөх өргөдлөө өгсөн боловч шийдэгдэлгүй хугацаа алдсаар байгаа юм.

Иймд хүчин төгөлдөр дагаж мөрдөж байгаа хуулиар зохицуулаагүй асуудлыг нэг мөр болгон, иргэн бүрийн газар өмчлөх эрхийг баталгаажуулж, улмаар хөрөнгийн зах зээлд хөрвөх чадвартай үнэт цаас болох газар өмчлүүлэх сертификат олгох, уг сертификат нь иргэний газар өмчилсөн үндсэн баримт бичиг байх, газар өмчлүүлэх ажиллагааг олон нийтэд ил тод болгох  асуудлыг нарийвчлан зохицуулах нь хуулийн төслийг боловсруулах гол үндэслэл, шаардлага болжээ.