Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

ИРГЭНД ГАЗАР ӨМЧЛҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРЬЛАА

2012оны 12сарын 10

 12578-26214700Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн Л.Болд нарын долоон гишүүн санаачилан боловсруулж 2012 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьлаа.Газар нь эдийн засгийн эргэлтэд ороогүй үедээ ямар нэг ашиг, орлого эзэндээ хүртээдэггүй үл хөдлөх эд хөрөнгө бөгөөд иргэн бүрийн газар өмчлөх эрхийг нь баталгаажуулах замаар газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь Монгол Улсын эдийн засагт томоохон шинэчлэл болно гэж хууль санаачлагчид үзэж байна.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь газар өмчлүүлэх харилцааг улам боловсронгуй болгож, Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн зохицуулахад чиглэжээ. Хуулийн төсөл нь Монгол Улсын иргэн бүрт газар өмчлүүлэх сертификат олгохтой холбогдсон үндсэн харилцаа, газар өмчлүүлэх сертификатын арилжаа, газар өмчлүүлэхтэй холбогдсон харилцааг хамааран зохицуулна.

Иргэн бүрийн газар өмчлөх эрхийг нь баталгаажуулсан газар өмчлүүлэх сертификатыг иргэн бүрт олгох бөгөөд иргэд уг сертификатаараа газар өмчлөх эрхээ баталгаажуулж, газар өмчлөх эрхтэй болно. Иргэн өөрөө газар өмчлөх шаардлагагүй гэж үзвэл газар өмчлөх эрхийг нь баталгаажуулсан сертификатаа арилжих хэлбэрээр эрхээ эдлэхтэй холбогдсон харилцааг энэхүү хуулийн төсөлд тусгажээ.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр иргэнд өмчлүүлэх газрын мэдээллийг үндэслэн тухайн өмчлүүлэх газрыг тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн Засаг дарга иргэдээс газар өмчилж авах өргөдөл хүлээн авч газрыг газар өмчлүүлэх сертификатаар нь солих замаар газар өмчлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэхээр хуулийн төсөлд тусгасан аж. Газар өмчлүүлэхдээ иргэний гаргасан хүсэлтийн дарааллыг баримтлах бөгөөд өмчлөх газрын тооноос хүсэлт гаргасан иргэдийн тоо нь их байгаа тохиолдолд хүсэлт гаргасан иргэдээс сугалах аргаар газар өмчлүүлэх ажиллагааг үе шаттай дарааллуулан хэрэгжүүлнэ. Хэрэв өмчлөх газрын тооноос хүсэлт гаргасан иргэдийн тоо нь бага бол тэдний хүсэлт гаргасан дарааллаар сонгуулах замаар газрыг өмчлүүлнэ. Ингэж газрыг өмчлүүлэхдээ иргэдийн газар өмчлүүлэх сертификатыг үндэс болгохоор төсөлд тусгасан байна.

Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар газар өмчлөх үйл ажиллагаа ил тод болж, иргэдийн оролцоо нэмэгдэх бөгөөд газар өмчлөлтэй холбогдсон сөрөг үр дагаврууд арилах ач холбогдолтой юм. Түүнчлэн газар өмчлөх эрхийг иргэн бүрт баталгаажуулснаар иргэд газар өмчлөх эрхээ эдлэх боломжийг бүрдүүлнэ. Улмаар иргэд газар өмчлөн авах шаардлагагүй гэж үзвэл өөрийн газар өмчлүүлэх сертификатыг хөрөнгийн зах зээлийн эргэлтэд оруулж хөрөнгөжих боломжтой болно. Ингэснээр иргэн бүр газар өмчлүүлэх ажиллагаанд адил тэгш оролцож, Үндсэн хуулийн үзэл баримтлал бүрнээ хэрэгжих болно хэмээн хуулийн төслийг санаачлагчид үзэж байна.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг УИХ 2002 онд баталж, 2003 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрджээ.  Энэ өдрөөс эхлэн Монгол Улс түүхэндээ анх удаа газраа иргэддээ өмчлүүлэх болсон ч хуулийн хэрэгжилт нэн удаан байгаа агаад дийлэнх иргэн газраа өмчилж авч чадаагүй байна. Зөвхөн Улаанбаатар хотын хэмжээнд гэхэд л нийслэл хотын хүн амын 7,6 хувь буюу 91830 иргэн л газраа өмчилж авчээ.  Газар эзэмшиж байсан иргэн тухайн газраа өмчилж авснаас бусад тохиолдолд, тухайлбал, орон сууцны байранд амьдарч байгаа иргэн газар өмчилж авах эрхээ хэрэгжүүлэх боломж өдгөө хомс байна. Нөгөөтэйгүүр хууль хэрэгжүүлэх механизмыг нарийвчлан зохицуулаагүйгээс газар өмчлүүлэх эрх бүхий субъектын хүнд суртал гаарч, танил талдаа газар өмчлүүлэх, авлига авах зэрэг ноцтой сөрөг үр дагаврыг бий болгож байна.  Түүнчлэн газар өмчлүүлэх ажиллагаа ил тод бус байна. Иргэд газар өмчлөх өргөдлөө өгсөн боловч шийдэгдэлгүй хугацаа алдсаар байгаа юм.