Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

Иргэдээ дүүрэн жаргалтай болгож амжаагүй байна

2014оны 12сарын 06

95649-26214700 Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн хүндэтгэлийн хурал үргэлжилж байна. Энэхүү хуралд Монголын Оюутны Холбоо анхны ерөнхий нарийн бичгийн дарга Л.Болдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

Эрхэм анд нар аа

Ардчиллын төлөө тэмцлийг эхлүүлж байсан журмын нөхөд өө

Ардчиллыг улс үндэстнийхээ сонголт хэмээн тосон хүлээж авсан Монголчууд аа

Та бүхэнд 25 жилийн өмнө тал нутагт маань бүрэн ялсан Ардчилсан хувьсгалын ойн мэндийг дэвшүүлье.

Ардчиллын баярын хурлын хүндтэй индрээс үг хэлэх боломж олгосон хувь заяандаа баярлаж байна. Энэхүү хувь заяаг надад 1989 онд эхэлсэн Ардчилсан хувьсгалын тулгын дөрвөн чулууны нэг болох Монголын Оюутны Холбоо /МОХ/ олгосон юм. Тэр жилүүдэд би МОХ-ны анхны ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж байсан агаад Монголын Ардчилсан Холбоо /МоАХ/, Үндэсний Дэвшилт Холбоо /ҮДХ/, Ардчилсан Социалист Хөдөлгөөн /АСХ/ гэсэн ардчилсан өөрчлөлтийг манлайлж байсан хүчнүүдтэй зуузай хорших түүхэн боломжийг цаг үе, нөхцөл байдал олгосон нь энэ юм.

Өнөөдөр энэ бүгд түүх болон үлдэж байгаа ч түүхийн үнэн хамгаас үнэ цэнэтэй, түүнийг мартаж, мартагнуулж хэзээ ч болохгүй юм. Дараа үедээ өвлүүлэх сургамж, бодит түүх бичигдэх учиртай юм. Тиймээс ч бид 25 жилийн өмнө болсон тэр ариун үйл явдлуудыг эргэн санаж, үнэлж цэгнэж байх учиртай. Ардчилсан хувьсгалын дөрвөлсөн зүтгүүр нь байсан МоАХ, ҮДХ, АСХ, МОХ тус бүр өөрийн онцлогтой, тэр ч утгаараа түүхэнд өөр өөрийн байр суурийг эзэлсэн юм.

Төрийн эргэлт хийж засгийн эрхийг ард түмэнд шилжүүлэх улстөрийн шаардлага тавьж байсан МоАХ бүхнийг оройлон гол цөм болж байлаа. Эдийн засгийн эрх чөлөөг бий болох шаардлагыг ҮДХ тавьж байсан бол үзэл бодол, сэтгэн бодох эрх чөлөөг АСХ буюу Социал Демократууд шаардаж байсан билээ. Энэ гурваасаа онцлогтой дөрөв дэх тулгуур нь МОХ бөгөөд бүх ард түмнийг төлөөлсөн, улстөрийн ямар нэг явцуу эрх ашиг, сонирхлыг илэрхийлдэггүй өргөн дэмжлэгтэй хүчин байсан юм. Хэрэв эхний гурвыг нь хувьсгалын эр зориг, хүч чадал, оюун ухаан нь гэж зүйрлэвэл энэ бүхнийг тээгч бие махбодь нь МОХ байсан гэж итгэлтэй хэлж болох юм.

Товчхон хэлбэл, 1989 онд эхэлсэн Ардчилсан хувьсгалын тэргүүн эгнээнд Монголын оюутнууд байж чадсан юм. Оюутнууддаа баяр хүргэе.

Эрхэм нөхөд өө

Монголын оюутнууд ард түмнийхээ төлөөлөл болж чаддаг онцлог талтай. Эрт дээр цагаас л монголчууд үр хүүхдээ эрдэм мэдлэг, ном ухаанд шамдуулахыг эрмэлздэг оюунлаг үндэстэн болон төлөвшсөн учраас оюутнууд нь дарга нарын, цэргийн, намын зүтгэлтний, малчны, ажилчны гээд л бүхий л давхаргынхны үр хүүхдүүд байсан юм. Одоо ч ийм л байгаа. Үүнийг бусад улс орнуудын түүх гэрчилдэг. Үр хүүхдүүд, залуу үе нь хувьсгалыг дэмжин оролцсны улмаас манай ард түмэн энэ хувьсгалын ар тал, баталгаатай ялагч болон үлдсэн түүхтэй. Тэр цагийн оюутнууд сэтгэл зүрхнийхээ дуудлагаар улстөрийн цанхаа, шуналгүйгээр жагсаалд оролцон өөрчлөлт, шинэчлэл, дэвшлийг шаардан жагсч байсныг бид мартах ёсгүй. Энэ утгаараа Ардчилсан хувьсгалын гол хөдөлгөгч нь, бас ялагч нь Монголын ард түмэн болсон юм. Ард түмэндээ баяр хүргэе.

Ардчилагчид аа

Улстөрийн тэмцэл, хөдөлгөөн тодорхой зорилго, эв нэгдэл, зохион байгуулалт байхгүй бол эрх баригчдад амархан олзлогдож, нухчин даруулдаг жамтайг бид дэлхий дахинаа болсон олон үйл явдлаас жишээлж болно. Дэлхийн өөрчлөлт, шинэчлэлтийн төлөөх тэмцэлд оюутнууд чухал үүрэгтэй байсныг ч бас бид мэднэ.

Ардчиллын төлөө тэмцлийг оройлж байсан энэ дөрвөн байгууллагын эв эе, нэгдсэн зохион байгуулалттай уян хатан үйл ажиллагаа, оновчтой алхмууд ялалтад шийдвэрлэх нөлөөтэй байсан ч тэр үед улс орныг удирдаж байсан ухаалаг өвгөдийн мэдрэмж, байр суурь чухал байсныг дурдах хэрэгтэй. Ж.Батмөнх гуай гэхэд МУИС-ийн захирлаар багагүй хугацаанд ажиллаж байсан тул оюутнуудын хандлага, бодол санааг маш сайн ухаарах чадвартай байсан нь ялалтад эерэг нөлөө үзүүлсэн байх талтай юм. Гэтэл зарим улс орны тохиолдолд эрх баригч талын хатуу байр суурь эвдрэл сүйрэл, амь насны гарз хохиролд хүргэж байсныг санахул Монголын Ардчилал хувь заяандаа баярламаар юм шүү.

Бүхэл бүтэн зууны турш туршлагажин хүчирхэгжсэн, хувь хүний эрх чөлөөг нухчин дардаг, хардлага сэрдлэгийн аймшигтай хуучин тогтолцоог халах дэлхий дахины тэмцэл өнөөдөр ч өрнөсөөр байна. Энэ агуу тэмцэл, өөрчлөлтийн нэгэн эд анги, түүчээ нь болж чадснаараа манай хувьсгал дэлхий нийтэд ач холбогдолтой юм. Иргэдээ тагнаж мөрдөн хилс хэрэгт ч татдаг байсан Дотоод яам мэтийн бүтцүүдийг устгаж болдгийг харуулснаараа бид бахархах учиртай. Дараа үедээ ийм тэмцлийн үзэл санааг үлдээж байгаагаараа гавъяатай юм.

Афганистаны дайн, Зөвлөлт Холбоот Улсын задрал, социалист системийн нэлэнхүй уналт, Европын улс орнуудад гарсан хувьсгалт хөдөлгөөнүүд нь манай Ардчилсан хувьсгалын дууч шувуу нь байсан агаад баруун зүгээс үлээсэн өөрчлөлтийн салхины үр шим гэдгийг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Монгол Улс Азийн улс боловч сэтгэлгээ, мэдрэмжээрээ Евро-Азийн орон гэсэн өвөрмөц шинжтэй болохыг энэ хувьсгал нотолсон юм.

Ардчиллын төлөө тэмцэлд мөр зэрэгцэн явсан оюутан нөхөд өө

Тэмдэглэлт энэ өдрүүдэд хандаж хэлэх олон үг, дурсан санах цөөнгүй нөхөд маань байгаа ч нэгэн зүйл санаагаар энэ бүгдийг тоймлоё. Хурлын индэр, хувьсгалын өнөөгийн бичлэгт нэр нь дурдагддаггүй олон мянган оюутнууд Ардчилсан Хувьсгалын тэргүүн эгнээнд явж түүхийг бүтээсэн билээ. Үүнийг тэр үед Монголын Оюутны Холбоог толгойлж байсан нэг хүний хувьд би бахархалтайгаар тэмдэглэж байна. Өнөөдөр тэд 40 нас нэлээд өнгөрсөн ч өөрсдийн хийсэн хувьсгалынхаа үйл хэргийг гүйцээх гэж нийгмийн гол ачааг үүрсээр явна. Нэр нь дурдагддаггүй энэ олон баатрууддаа, тэр цагт мөр зэрэгцэн тэмцэж явсан журмын нөхдөдөө баярын мэнд хүргье. Та бүхэн Монголын ирээдүйн төлөө залуу нас, идэр золбоогоо зориулсныг түүх мартахгүй. Монголын үе үеийн оюутнууд мандтугай.

Эх орончид оо

Бидний 25 жилийн өмнө эхлүүлсэн өөрчлөлт, шинэчлэлтийн төлөөх тэмцэл бүрэн дуусаагүй байна. Эх нутагтаа бид дэлхийн дахинаа гайхуулах ардчилсан шинэчлэлтүүдийг богино хугацаанд тайван замаар улстөрийн хүрээнд хийж иргэдээ эрх чөлөөтэй, эрх чөлөөнд дуртай, эрх чөлөөгөө хамгаалах чадвартай болгож чадсан ч тэднийгээ бүрэн дүүрэн аз жаргалтай, баян чинээлэг болгож чадаагүй, амжаагүй байна. Хэдийгээр ядуу, ядруу байгаа гээд ардчиллаас зугатах хандлага гарахгүй гэж бид өөрсдөө итгэж болох ч түүх ийм байдаггүйг олонтаа нотолж байна шүү. Бид ардчилсан хувьсгалаа үргэлжлүүлэн бүрэн төгс ялалтад хүргэх шаардлагатай байна. Энэ бол бид бүгдийн эх орон, ард олныхоо өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага маань юм. Эдийн засгийн шинэчлэлтийг ардчилсан засаглалын хүрээнд шуурхай хийж ард иргэдээ тохь тухтай амьдруулах цаг, өдрүүдийг наашлуулах нь бидний эрхэм зорилго болжээ. Бид ардчилсан хувьсгалыг эхлүүлж ялалтад хүргэж чадсан шигээ улс орноо эдийн засгийн амжилтад хүргэх ёстой. Бид чадах болно.

Монгол орон цэцэглэн бадрах болно. Ардчилал мандтугай.

http://politics.news.mn/content/197769.shtml