Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

Зүүн Хойд Азийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтыг нээж үг хэллээ

2013оны 11сарын 24

Зүүн Хойд Азийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Улаанбаатар хотноо өнөөдөр эхэллээ. Монголын талын буюу УИХ дахь эмэгтэй гишүүдийн зохион байгуулагдаж байгаа чуулга уулзалт хоёр үндсэн сэдэв хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Үдээс өмнөх хуралдаанаар “Боловсролоор дамжуулан энх тайван, хөгжлийг урагшлуулахад эмэгтэй парламентчдын гүйцэтгэх үүрэг” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх бол үдээс хойшхи хуралдаан “Зүүн хойд Азийн бүс нутгийн эмэгтэй парламентчдын сүлжээг хөгжүүлэх нь: Дэлхийн эмэгтэйчүүдийн 2015 оны бага хурал” сэдвээр үргэлжилнэ.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2012 оны ээлжит чуулганаас баталсан Ардчиллын боловсролын асуудлаарх тогтоолыг хэрэгжүүлэхэд Азийн эмэгтэйчүүд юу хийж болох, юу хийх шаардлагатай байгаа талаар хэлэлцүүлгийн явцад ярилцана. НҮБ-ын дээрх тогтоолыг Монгол Улс санаачилсан учраас үүнийг бодит үр дүнд хүргэх талаар анхааран ажиллаж байгаа юм.
Уг чуулга уулзалтыг нээж, Гадаад харилцааны сайд Л.Болд үг хэллээ. Түүний хэлсэн үгийг дор хүргэж байна:

Эрхэм хүндэт УИХ-ын дарга аа,
Эрхэм хүндэт парламентын гишүүн эмэгтэйчүүд ээ,
Ноёд, хатагтай нар аа,

Монголын УИХ-ын эмэгтэй гишүүдийн санаачилгаар Улаанбаатарт болж буй Зүүн хойд Азийн бүс нутгийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт та бүхэнд УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайдын хувьд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, та бүхний үүсгэл санаачилгад Монгол Улсын Гадаад харилцааны яам бүх талын туслалцаа дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлье.

Энэ ялдамд, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Захирагч, хатагтай Хелен Кларк, ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал, хатагтай Ирина Бокова нар надад захидал ирүүлж, чуулга уулзалтад амжилт хүсэхийн зэрэгцээ та бүхний чуулга уулзалтын үр дүнг ихэд сонирхон харж байгаагаа илэрхийлснийг уламжилъя.

Манай хамгийн дотны бөгөөд ойрын анд нөхөд болох Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын эрхэм төлөөлөгчид хүрэлцэн ирсэнд гүнээ талархаж байна. Японы эмэгтэй парламентчид ирэхээр товлож байсан боловч хойшлуулшгүй чухал ажил гарсны улмаас ирж чадахгүй болсноо илэрхийлж, илгээлт ирүүлсэн байна.

Ийнхүү Зүүн хойд Азийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтыг манай бүсийн бүх орон, түүний дээр НҮБ, түүний системийн байгууллагууд дэмжиж байгаад бид сэтгэл хангалуун байна.

Парламентын эмэгтэй гишүүд ээ,

Манай гадаад бодлогын нэг чухал тэргүүлэх зорилт бол Зүүн хойд Азийн улс орнуудын хооронд энх тайван, хөгжил дэвшлийн төлөө хамтран ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэх, хамтын ажиллагааны тодорхой механизм бий болгох явдал юм.

Бид манай 6 оронд тулгарч буй нийтлэг асуудлууд, бидний нийтлэг ашиг сонирхлын сэдвүүдээр яриа хэлцээ өрнүүлж, эдгээр асуудлаар хамтран ажиллавал бие биендээ харилцан туслаж, хамтын хүчээр улс орноо хөгжүүлэх боломж илүү их байх юм.

Зүүн хойд Азийн 6 орон бүгд энх тайвныг бэхжүүлж, хөгжил дэвшилдээ амжилт олохын төлөө зүтгэж байна. НҮБ 2012 онд Монгол Улсын санаачилгаар санал нэгтэй баталсан «Ардчиллын боловсролын тухай» тогтоолдоо «Боловсрол нь ардчилсан институциудыг бэхжүүлэх, хүний эрхийг хэрэгжүүлэх, олон улсын хөгжлийн зорилтууд, түүний дотор Мянганы Хөгжлийн зорилтуудад хүрэх, хүний чадавхийг хөгжүүлэх, ядуурлыг бууруулах, ард түмнүүдийн харилцан ойлголцлыг улам гүнзгийрүүлэхэд нэн чухал болохыг хүлээн зөвшөөрсөн» билээ.

Иймд боловсролоор дамжуулан энх тайван, хөгжил дэвшлийг урагшлуулах тухай сэдвээр та бүхэн зөвлөлдөх гэж байгаа нь туйлын цаг үеээ олсон алхам юм.

Зүүн хойд Азийн бүс нутгийн эмэгтэй парламентчид энэ чиглэлээр нэгдэж ажиллахаар шийдвэл парламентын эмэгтэй гишүүд өөрсдийн хамтын ажиллагааны механизм бий болгохыг зорьсон, бүс нутагтаа төдийгүй, дэлхий дахинаа анхдагч санаачилгын нэг болох юм.

Эрхэм гишүүд ээ,

Миний бие өнгөрсөн 9 дүгээр сард ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Ирина Боковатай Нью-Йорк хотноо уулзахдаа ардчиллын боловсролын асуудлаар ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хуралд тогтоолын төсөл оруулж хэлэлцүүлэх санал тавьсан билээ. Энэ саналыг ЮНЕСКО талархалтай хүлээн авч, «Ардчиллын боловсролоор дамжуулан, дэлхий иргэнийг төлөвшүүлэх зорилтыг дэмжих тухай» тогтоолыг 6 хоногийн өмнө санал нэгтэй баталлаа.

НҮБ-ын Ерөнхий Ассамблей болон ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын дээрх 2 шийдвэр бол Зүүн хойд Азийн эмэгтэй парламентчдын хамтран ажиллах, ингэж хамтран ажиллахдаа НҮБ, ЮНЕСКО зэрэг олон улсын байгууллагаас дэмжлэг туслалцаа авах эрх зүйн үндэс болно гэж үзэж байна.

Иймд боловсролоор дамжуулан, бүс нутагтаа энх тайван, хөгжил дэвшлийг урагшлуулахын төлөө та бүхний хүчин чармайлт олон улсын хамтын нийгэмлэгийн дэмжлэгийг хүлээж байгааг онцлон тэмдэглэе.

Ноёд, хатагтай нар аа,

Та бүхний авч хэлэлцэх гэж буй дараагийн чухал асуудал бол Эмэгтэйчүүдийн асуудлаархи дэлхий дахины бага хурлын үйл явцыг сэргээх тухай юм.

20 шахам жилийн өмнө Бээжинд хуралдсан 4 дүгээр бага хурлаас хойш дэлхий дахины энх тайвныг бэхжүүлэх, хөгжлийг эрчимжүүлэхэд эмэгтэйчүүдийн гүйцэтгэж буй үүрэг, хариуцлага улам их болсон билээ. Түүний дотор улс орнуудын парламентад эмэгтэй гишүүдийн эзлэх хувь хэмжээ байнга нэмэгдсээр ирлээ.

Бээжин хот 1995 оноос хойш танигдахааргүй болон цэцэглэн хөгжсөн боловч та бидний тэр үед ярьж байсан эмэгтэйчүүдийн асуудлууд одоо ч тулгамдсан хэвээр байна.

Иймд Монгол Улс 2015 онд 5 дугаар бага хурлыг зарлан хуралдуулах тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги-муны санаачилгыг дэмжиж байна.

Манай Зүүн хойд Азийн орнуудын эмэгтэй парламентчид энэ санаачилгыг хамтын хүчээр дэмжиж, НҮБ-ын гишүүн орнуудад мэдэгдвэл чухал нөлөө үзүүлэх нь дамжиггүй.

Мөн Зүүн хойд Азийн эмэгтэй парламентчид дэмжлэгээ нэг удаа мэдэгдээд зогсолгүй, энэ чиглэлээр дэлхий нийтийн дэмжлэгийг дайчлах талаар тогтмол хамтран ажиллах сүлжээ, механизм бий болговол бүр чиг нэр хүндтэй хэрэг болох юм.

Та бүхэн ийм хамтын ажиллагааны механизмын хэлбэр, зохион байгуулалтын талаар нухацтай ярилцана гэж итгэж байна.

Хэрэв эмэгтэй парламентчид та бүхэн бидэнд даалгавал, зохион байгуулалтын хамтарсан дэмжлэг үзүүлэх талаар Зүүн хойд Азийн орнуудын Гадаад хэргийн яамдтай Монгол Улсын Гадаад харилцааны яам яриа хэлцээ өрнүүлэхэд бэлэн байна.

Эцэст нь, ийм санаачилга гаргасан Монгол УИХ-ын эмэгтэй гишүүд, тэдний урилгыг хүлээн авсан эрхэм зочид та бүхэнд талархлаа дахин дэвшүүлж, чуулга уулзалтын ажиллагаанд амжилт хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.