Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

ЕВРОПЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГЫН САЙД НАРЫН ЗӨВЛӨЛИЙН 20 ДУГААР ХУРАЛДААНД ОРОЛЦОЖ БАЙНА

2013оны 12сарын 06

Бүс нутгийн аюулгүй байдлын хамгийн том байгууллага болох Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Гадаад хэргийн Сайд нарын зөвлөлийн 20 дугаар хуралдаан Украины нийслэл Киев хотноо энэ сарын 5-нд эхэллээ.

ЕБХАБ ПАЕХоёр өдөр үргэлжлэх тус хуралдаанд Гадаад харилцааны сайд Л.Болд тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Гадаад харилцааны сайд Л.Болд энэ өдөр хуралдааны нээлт, Сайд нарын түвшинд зохион байгуулагдах бусад арга хэмжээнд оролцож байгаа ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн Ерөнхийлөгч Ранко Кривокапич, Словак, БНСУ, Испани, Киргиз, Израил, Нидерланд, Тайланд зэрэг улсын төлөөлөгчдийн тэргүүнтэй хоёр талын уулзалт хийж, бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаас гадна харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

ЕАБХАБ-ын Парламентын ассамблейн Ерөнхийлөгч ноён Ранко Кривокапичтэй уулзах үеэр Гадаад харилцааны сайд Л.Болд түүнд энэхүү хүндтэй албанд сонгогдсонд баяр хүргэж Монгол Улс ЕАБХАБ-ын бүрэн эрхт гишүүн улс болсноор Монгол Улсын Их Хурал ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн отгон гишүүн болсныг тэмдэглэв.

Монгол Улс ЕАБХАБ-ын шинэ гишүүний хувьд бусад гишүүн орнуудад улс орноо таниулах, аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагааны боломжийг нэмэгдүүлэх, ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хувь нэмэр оруулах үүднээс 2015 оны ЕАБХАБ-ын хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулах тухай Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдын захидлыг албан ёсоор гардуулав.

Монгол Улсын Их Хурал нь ЕАБХАБ-ын Парламентын Ассамблей гишүүн орноор нэгдсэнд баяртай буйгаа илэрхийлэн, байгууллагын үйл ажиллагаанд өөрийн хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлж, энэ оны 10 дугаар сард Будва хотноо болсон ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн намрын чуулганд Монголын парламентын гишүүд анх удаа оролцсонг цохон тэмдэглэв.
Ерөнхийлөгч Р.Кривокапич Монголын парламент ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн ээлжит хурлыг өөрийн улсад зохион байгуулах саналыг дэмжиж байгаагаа илэрхийлэв.

Товч лавлах:

Сайд нарын Зөвлөлийн хуралдаан жил бүрийн эцсээр ЕАБХАБ-ыг тухайн жил даргалж буй улсад болдог бөгөөд энэ жил даргалагч улс – Украины нийслэл Киев хотноо зохион байгуулж байна.

Монгол Улс ЕАБХАБ-ын 57 дахь бүрэн эрхт гишүүнээр 2012 оны 11 дүгээр сарын 21-нд элсэн орсон. Хойд Америк, Европ, Төв Азийг хамарсан тус байгууллагад элсэж орсноор аюулгүй байдлын асуудлаар гишүүн орнуудтай хамтран ажиллах, мэдээлэл харилцан солилцох, яриа хэлэлцээнд тогтмол оролцож байна.

Бүс нутгийн хэмжээнд зэвсэгт мөргөлдөөн, хямралт байдлыг урьдчилан сэргийлэх, зохицуулах, хямралын дараах сэргээн босголтыг хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлдэг тус байгууллага нь аюулгүй байдлын асуудлыг цэрэг улс төрийн, эдийн засаг ба байгаль орчны, хүний аюулгүй байдлын гэсэн хэмжигдэхүүнүүдээр авч үздэг юм. Зэвсэглэлд тавих хяналт, итгэлцэл, аюулгүй байдлыг бэхжүүлэх арга хэмжээнүүдээс эхлэн хүний эрх, ардчиллыг бэхжүүлэх, эдийн засгийн хөгжлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах, олон улсын гэмт хэрэг, терроризмтэй тэмцэх зэрэг өргөн хүрээтэй асуудлаар ЕАБХАБ хэлэлцүүлэг явуулдаг.