Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

ГАДААД ХАРИЛЦААНД “НЭГ ЦОНХ”-НЫ БОДЛОГО БАРИМТАЛНА

2012оны 12сарын 13

13210-26214700Гадаад харилцааг нэгдсэн зохицуулалтад оруулж, төрийн байгууллагын ажлын уялдааг сайжруулах, улмаар гадаад бодлогоо “нэг цонх”-оор харах тухай Төрийн байгууллагуудын гадаад харилцааны асуудал хариуцсан ажилтан нарын зөвлөлгөөн ГХЯ-нд болж, нийт 15 яам, 12 агентлагийн төлөөлөл оролцлоо.

Зөвлөгөөнийг нээж Гадаад харилцааны сайд Л.Болд хэлсэн үгэндээ “Сүүлийн жилүүдэд манай улсын эдийн засаг хурдацтай өсөхийн зэрэгцээ хоёр болон олон талт харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлж байна. Үүнийг дагаад гадаад түншүүдэд тавих хамтын ажиллагааны боломжит чиглэлүүдийг оновчтой тодорхойлох, чингэхийн тулд салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах зайлшгүй шаардлага тулгарч байна. Засгийн газраас 2010 онд шинэчлэн баталсан Гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдсэн зохицуулалтыг сайжруулах тухай тогтоолын хэрэгжилтийг  хангах нь дээрх сорилтыг даван туулахад чиглэсэн чухал алхам юм” хэмээн онцоллоо.

Зөвлөгөөнөөр гадаад түншүүдэд тавих хамтын ажиллагааны боломжит чиглэлүүдийг оновчтой тодорхойлох, гадаад харилцаанд оролцогч байгууллагууд хоорондоо нягт хамтран ажиллаж мэдээлэл солилцох, үйл ажиллагаагаа Засгийн газрын бодлого, чиглэл, тухайн улстай байгуулсан бодлогын баримт бичигтэй уялдуулах тухай зөвлөлдлөө.

Мөн энэ үеэр тус яамны газар, нэгжийн удирдлагууд хариуцсан чиглэлийн хүрээнд баримталж буй бодлого, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаагаа мэдээлсний зэрэгцээ ҮАБЗ, Стратеги судлалын хүрээлэн, БХЯ-ны дэргэдэх эрдэм шинжилгээний хүрээлэнгээс мэдээлэл хийн, гадаад харилцаатай холбоотой салбартаа тулгарч буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар харилцан санал солилцлоо.