Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

БАЯНМОНГОЛ (ЭРДЭНЭС МОНГОЛ) КОМПАНИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ

2015оны 4сарын 28

bayanmongol logo-bosooНэг.Хуулийн төсөл боловсруулах үндэслэл, шаардлага

Манай улс ашигт малтмалын стратегийн болон томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг бодитойгоор хэрэгжүүлж эхэлснээр уул уурхайн салбарын хөгжлөөрөө дэлхийн анхаарлыг татаж, уг салбар дахь гадаадын хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байна. Түүнчлэн манай үндэсний аж ахуйн нэгжүүд ч гэсэн уул уурхайн салбарт олон улсын хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгон дэлхийн жишигт өрсөлдөхүйц томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байна.

Ийнхүү уул уурхайн салбарын хөгжлийг дагаад ашигт малтмалын стратегийн ач холбогдол бүхий ордуудын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн мэдлийн хувьцааны ногдол ашгийг Монгол Улсын иргэн бүрд тэгш хуваарилах эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага тавигдаж байна. Уг шаардлагыг хангах зорилгоор миний бие Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн нэр бүхий Улсын Их Хурлын гишүүд (Б.Батбаяр, Я.Батсуурь, Д.Ганхуяг, Д.Зоригт, Д.Одхүү)-ийн хамт Эрдэнийн хувь (Баянмонгол корпораци)-ийн тухай хуулийн төслийг санаачлан 2009 онд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн билээ.

Хууль санаачлагчдын санал болгосноор Баянмонгол корпораци нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшигч хуулийн этгээдийн төрийн мэдлийн хувьцааг эзэмшиж, олон улсын зах зээл дээр хувьцаагаа гаргаж, тодорхой хувийг нь ард иргэддээ үнэ төлбөргүй эзэмшүүлдэг, иргэдийнхээ өмнө хариуцлага хүлээж, тэдний хяналтад үйл ажиллагаагаа явуулдаг үндэсний хэмжээний компанийн зарчмаар байгуулагдах учиртай байлаа. Харамсалтай нь Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн санаачилсан энэхүү төслийг Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн гишүүд байгаа байдлаар нь дэмжээгүй бөгөөд тэдний зүгээс Эх орны хишиг сангийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Эцэст нь парламент дахь хоёр намын бүлэг зөвшилцөлд хүрч Хүний хөгжил сангийн тухай Монгол Улсын хуулийг баталсан билээ.

Хүний хөгжил сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн мэдлийн хувьцааг эзэмших эрхийг төрийн өмчит хуулийн этгээд хэрэгжүүлнэ.”, 8.3-т “Энэ хуулийн 8.2-т заасан хуулийн этгээдийн дүрмийг Компанийн тухай хуульд нийцүүлэн Засгийн газар батална.”, 8.4-т “Энэ хуулийн 15.1-д заасан иргэн компанийн давуу эрхийн хувьцаа эзэмшигч байх бөгөөд хувьцааны ногдол ашиг буюу хишиг, хувь хүртэнэ” гэж заасан нь тусгайлсан хуулийн этгээд байгуулахыг хуульчилсан.

Өөрөөр хэлбэл, стратегийн ач холбогдол бүхий ордуудыг ашиглаж байгаа компаниудын төрийн мэдлийн хувьцааг эзэмшиж цоо шинэ зарчмаар ажилладаг үндэсний хэмжээний нэг компани байгуулахаар хуульчилсан. Энэхүү зохицуулалт нь Баянмонгол компани байгуулагдах эрх зүйн үндсийг бүрдүүлж байгаа юм. Харин Засгийн газар ийм үндэсний хэмжээний нэг компани байгуулалгүйгээр стратегийн ач холбогдол бүхий  зарим ордыг  түшиглэн төрийн өмчийн хуулийн этгээд байгуулах замыг сонгосон.

Одоогоор “Эрдэнэс МГЛ” ХХК, Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэс Оюу толгой” (Эрдэнэс ОТ) ХК үйл ажиллагаа явуулж байна. Иргэн бүрд олгохоор тогтсон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцаа нь Монгол Улсын зөвхөн  Таван толгойн ордод түшиглэсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны нэг хэсэг юм. Гэтэл Улсын Их Хурал 2007 оны 27 дугаар тогтоолоороо 15 ашигт малтмалын ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулж, уг тогтоолын хоёрдугаар хавсралтаар 39 ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулж ч болохоор нөөцөд тогтоосон байдаг. Үүнээс үзэхэд ганц хоёрхон ордоос иргэддээ хишиг, хувь, хувьцаа олгох төдийгүй стратегийн бусад ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар уг ордуудаас иргэдэд хишиг, хувь хүртээх арвин нөөц, боломж байна. Эндээс энэхүү арвин нөөц, боломжийг иргэн бүрд тэгш хуваарилах эрх зүйн орчныг бий болгох шаардлага урган гарч байгаа юм.

Иймд энэхүү олон салангид, иргэдийг төөрөгдүүлсэн төрийн өмчит олон компаниудын асуудлыг нэг мөр болгон, бүх стратегийн ач холбогдол бүхий ордын төрийн мэдлийн хувьцааг эзэмшиж, уг хувийг түшиглэн хөрөнгийн зах зээлд хөрөнгө босгох эрх бүхий, олсон ашгаа Монгол Улсын иргэн бүрд ногдол ашиг хэлбэрээр тэгш хуваарилах үндэсний хэмжээний компани байгуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлагатай байна.

Баянмонгол (Эрдэнэс Монгол) компанийг байгуулснаар Хүний хөгжил сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх бүрэн эрх зүйн орчин бүрдэх болно. Түүнчлэн Хүний хөгжлийн сангийн хууль нь уг сангийн үйл ажиллагаа, зохион байгуулалтыг зохицуулах гол зорилготой боловч стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн мэдлийн хувьцааг эзэмших эрхийг төрийн өмчит хуулийн этгээд эдлэхээр зохицуулсан байдаг бөгөөд уг компанийн ногдол ашиг хуваарилах, төрийн мэдлийн хувьцааг түшиглэн хөрөнгийн зах зээлд үнэт цаас гаргах үйл ажиллагааг Баянмонгол компанийн тухай хуулиар зохицуулах нь зүйтэй гэж үзсэн. Учир нь байгалийн баялгаас орж ирж байгаа орлогыг Засгийн газраас хараат бусаар иргэдэд тэгш хуваарилах нь шударга ёсны зарчимд нийцэх билээ.

Нөгөө талаар, Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн  1 дэх хэсэгт “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.” гэж заасан нь Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ордоос зөвхөн хэдхэн хүн ашиг олох бус, Монгол Улсын иргэн бүр хишиг, хувь хүртэх эрхийг Үндсэн хуулиараа нээж өгсөн бөгөөд уг эрхийг нь нарийвчлан хуульчлах эрх зүйн шаардлага урган гарч байгаа юм.

Хоёр.Хуулийн төслийн ерөнхий бүтэц, зохицуулах

                                харилцаа, хамрах хүр‎‎‎ээ

Баянмонгол (Эрдэнэс Монгол) компанийн тухай хуулийн төсөл дараах бүтэцтэй байна:

1.Төслийн “Нийтлэг үндэслэл” гэсэн Нэгдүгээр бүлэгт хуулийн зорилт, хууль тогтоомж, хуулийн үйлчлэх хүрээг зааж, хуулийн шаардлагатай зарим нэр томьёог тодорхойлно.

aТөслийн Хоёрдугаар бүлэгт Баянмонгол (Эрдэнэс Монгол) хувьцаат компани, түүний үйл ажиллагаа, баримтлах зарчмыг тодорхойлно.

Төслийн Гуравдугаар бүлэгт Баянмонгол (Эрдэнэс Могол) хувьцаат компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө бүрдэх эх үүсвэрийг заана.

Төслийн “Ногдол ашиг хуваарилах” гэсэн Дөрөвдүгээр бүлэгт хувьцаа эзэмшигчдийн бүртгэл, хувьцаа эзэмшигчийн эрх, ногдол ашиг хуваарилахтай холбогдсон зохицуулалтыг тусгана. Монгол Улсын иргэн бүр ямар нэг шалгуургүйгээр ногдол ашиг авах эсэхтэй холбогдсон харилцааг энэ бүлэгт зохицуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Төслийн Тавдугаар бүлэгт стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувийг түшиглэн зах зээлд үнэт цаас гаргахтай холбогдсон зохицуулалтыг тусгах бөгөөд холбогдох шийдвэрийг зөвхөн Баянмонгол (Эрдэнэс Монгол) хувьцаат компанийн Хувьцаа эзэмшигчдийн Төлөөлөгчдийн Хурал гаргахаар хуульчилна.

Төслийн “Хувьцаат компанийн удирдлага, зохион байгуулалт” гэсэн Зургадугаар бүлэгт Баянмонгол (Эрдэнэс Монгол) хувьцаат компанийн эрх барих дээд байгууллага болох Хувьцаа эзэмшигчдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний бүрэн эрхтэй холбогдсон харилцааг тодорхойлохоос гадна Хувьцаа эзэмшигчдийн Төлөөлөгчдийн Хурлын чөлөөт цагт компанийн эрх барих байгууллага болох Төлөөлөн удирдах зөвлөл, компанийн өдөр тутмын үйл ажиллагааг Гүйцэтгэх удирдлагатай холбогдсон зохицуулалтыг нарийвчлан тусгаж, тэдгээрийн бүрэн эрхийг тодорхойлно.

Төслийн бусад бүлэгт Компанийн дотоод хяналт, нягтлан бодох бүртгэл, аудит, санхүүгийн тайлан, Компанийн дүрэм, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбогдсон зохицуулалтыг тусгаж, хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг хуульчилна.

Төслийн зохицуулах харилцаа нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувьцаа болон түүнээс олсон ногдол ашгийг Монгол Улсын иргэн бүрд тэгш хуваарилахтай холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд уг харилцаанд үйл ажиллагаагаа тогтвортой явуулах, хараат бус байх,  ашигтай ажиллах, ил тод байх,  хариуцлагатай байх зарчмыг баримтлахаар заана.

Хууль нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн мэдлийн хувьцааны ногдол ашиг хуваарилахтай болон эдгээр ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувийг түшиглэн зах зээлд үнэт цаас гаргах шийдвэртэй холбогдсон харилцаанд  үйлчлэхээр төсөлд тусгана.

Гурав. Хуулийн төсөл батлагдсаны дараа үүсч болох нийгэм, эдийн засаг, хууль зүйн үр дагавар , тэдгээрийг шийдвэрлэх талаар авч  хэрэгжүүлэх арга хэмжээ 

Хуулийн төсөл батлагдсанаар нийгэм, эдийн засаг, хууль зүйн дараах үр дагавар бий болно. Үүнд:

1.Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал бодитойгоор хэрэгжих бөгөөд эдийн засгийн үсрэнгүй хөгжил бодитой болно.

  1. Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордтой холбогдсон шинэ эрх зүйн орчин бий болох бөгөөд нийгэмд иргэн бүр баян болох боломж нэмэгдэж, орлогын хуваарилалт тэгш болж, монгол хүний хөгжлийн индекс нэмэгдэх болно.

3.Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд бүр дэх төрийн мэдлийн хувийг нэгдсэн нэг үндэсний хэмжээний төрийн өмчит компани эзэмшиж иргэддээ ногдол ашиг хуваарилснаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан байгалийн баялаг ард түмний мэдэлд бүрэн байх боломж бий болно.

4.Засгийн газрын байгалийн баялгаас орж ирж байгаа орлогыг өөрийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор зарцуулах бэлэнчлэх сэтгэлгээ арилна.

5.Түүнчлэн компанийн удирдлагыг хамтын зарчмаар хэрэгжүүлэх бөгөөд компанийн үйл ажиллагааны хараат бус, нээлттэй болон мэдээллийнх нь ил тод байдал төр, нийтийн харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудаас олох орлогыг ногдол ашиг хэлбэрээр иргэддээ тэгш хуваарилснаар монгол хүний амьдралын түвшин, чанар дээшилж, эерэг өөрчлөлт гарах болно.

Ингэснээр байгалийн баялаг Монгол Улсын Үндсэн хуульд заасан агуулгаараа ард түмний мэдэлд байж, ядуурал жинхэнэ утгаар буурах нөхцөл бүрдэнэ.

Монгол хүн эх орондоо хэнээс ч дутахгүй сайхан, сэтгэл хангалуун амьдрах боломж бүрдэнэ.

Дөрөв.Хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад

              хуультай хэрхэн уялдах, түүнийг хэрэгжүүлэх зорилгоор

                цаашид шинээр боловсруулах буюу нэмэлт, өөрчлөлт

                      оруулах, хүчингүй болгох хуулийн талаарх санал

 

Хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн  Зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийг бүрнээ хэрэгжүүлэх тул Үндсэн хуулийн үзэл баримтлалтай бүрэн нийцэж байгаа болно. Уг хуулийн төсөлтэй холбогдуулан Хүний хөгжлийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хамтад нь боловсруулна.

Хууль санаачлагч

БАЯНМОНГОЛ (ЭРДЭНЭС МОНГОЛ) КОМПАНИЙН ТУХАЙ

ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

 

Манай улс ашигт малтмалын стратегийн болон томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг бодитойгоор хэрэгжүүлж эхэлснээр уул уурхайн салбарын хөгжлөөрөө дэлхийн анхаарлыг татаж, уг салбар дахь гадаадын хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байна. Түүнчлэн манай үндэсний аж ахуйн нэгжүүд ч гэсэн уул уурхайн салбарт олон улсын хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгон дэлхийн жишигт өрсөлдөхүйц томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байна.

Ийнхүү уул уурхайн салбарын хөгжлийг дагаад ашигт малтмалын стратегийн ач холбогдол бүхий ордуудын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн мэдлийн хувьцааны ногдол ашгийг Монгол Улсын иргэн бүрд тэгш хуваарилах эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага тавигдаж байна. Уг шаардлагыг хангах зорилгоор миний бие Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн нэр бүхий Улсын Их Хурлын гишүүд (Б.Батбаяр, Я.Батсуурь, Д.Ганхуяг, Д.Зоригт, Д.Одхүү)-ийн хамт Эрдэнийн хувь (Баянмонгол корпораци)-ийн тухай хуулийн төслийг санаачлан 2009 онд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн билээ.

Хууль санаачлагчдын санал болгосноор Баянмонгол корпораци нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшигч хуулийн этгээдийн төрийн мэдлийн хувьцааг эзэмшиж, олон улсын зах зээл дээр хувьцаагаа гаргаж, тодорхой хувийг нь ард иргэддээ үнэ төлбөргүй эзэмшүүлдэг, иргэдийнхээ өмнө хариуцлага хүлээж, тэдний хяналтад үйл ажиллагаагаа явуулдаг үндэсний хэмжээний компанийн зарчмаар байгуулагдах учиртай байлаа. Харамсалтай нь Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн санаачилсан энэхүү төслийг Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн гишүүд байгаа байдлаар нь дэмжээгүй бөгөөд тэдний зүгээс Эх орны хишиг сангийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Эцэст нь парламент дахь хоёр намын бүлэг зөвшилцөлд хүрч Хүний хөгжил сангийн тухай Монгол Улсын хуулийг баталсан билээ.

Хүний хөгжил сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн мэдлийн хувьцааг эзэмших эрхийг төрийн өмчит хуулийн этгээд хэрэгжүүлнэ.”, 8.3-т “Энэ хуулийн 8.2-т заасан хуулийн этгээдийн дүрмийг Компанийн тухай хуульд нийцүүлэн Засгийн газар батална.”, 8.4-т “Энэ хуулийн 15.1-д заасан иргэн компанийн давуу эрхийн хувьцаа эзэмшигч байх бөгөөд хувьцааны ногдол ашиг буюу хишиг, хувь хүртэнэ” гэж заасан нь тусгайлсан хуулийн этгээд байгуулахыг хуульчилсан.

Өөрөөр хэлбэл, стратегийн ач холбогдол бүхий ордуудыг ашиглаж байгаа компаниудын төрийн мэдлийн хувьцааг эзэмшиж цоо шинэ зарчмаар ажилладаг үндэсний хэмжээний нэг компани байгуулахаар хуульчилсан. Энэхүү зохицуулалт нь Баянмонгол компани байгуулагдах эрх зүйн үндсийг бүрдүүлж байгаа юм. Харин Засгийн газар ийм үндэсний хэмжээний нэг компани байгуулалгүйгээр стратегийн ач холбогдол бүхий  зарим ордыг  түшиглэн төрийн өмчийн хуулийн этгээд байгуулах замыг сонгосон.

Одоогоор “Эрдэнэс МГЛ” ХХК, Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэс Оюу толгой” (Эрдэнэс ОТ) ХК үйл ажиллагаа явуулж байна. Иргэн бүрд олгохоор тогтсон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцаа нь Монгол Улсын зөвхөн  Таван толгойн ордод түшиглэсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны нэг хэсэг юм. Гэтэл Улсын Их Хурал 2007 оны 27 дугаар тогтоолоороо 15 ашигт малтмалын ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулж, уг тогтоолын хоёрдугаар хавсралтаар 39 ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулж ч болохоор нөөцөд тогтоосон байдаг. Үүнээс үзэхэд ганц хоёрхон ордоос иргэддээ хишиг, хувь, хувьцаа олгох төдийгүй стратегийн бусад ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар уг ордуудаас иргэдэд хишиг, хувь хүртээх арвин нөөц, боломж байна. Эндээс энэхүү арвин нөөц, боломжийг иргэн бүрд тэгш хуваарилах эрх зүйн орчныг бий болгох шаардлага урган гарч байгаа юм.

Иймд энэхүү олон салангид, иргэдийг төөрөгдүүлсэн төрийн өмчит олон компаниудын асуудлыг нэг мөр болгон, бүх стратегийн ач холбогдол бүхий ордын төрийн мэдлийн хувийг эзэмшиж, уг хувийг түшиглэн хөрөнгийн зах зээлд хөрөнгө босгох эрх бүхий, олсон ашгаа Монгол Улсын иргэн бүрд ногдол ашиг хэлбэрээр тэгш хуваарилах үндэсний хэмжээний компани байгуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлагатай байна.

Баянмонгол (Эрдэнэс Монгол) компанийг байгуулснаар Хүний хөгжил сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх бүрэн эрх зүйн орчин бүрдэх болно. Түүнчлэн Хүний хөгжлийн сангийн хууль нь уг сангийн үйл ажиллагаа, зохион байгуулалтыг зохицуулах гол зорилготой боловч стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн мэдлийн хувьцааг эзэмших эрхийг төрийн өмчит хуулийн этгээд эдлэхээр зохицуулсан байдаг бөгөөд уг компанийн ногдол ашиг хуваарилах, төрийн мэдлийн хувьцааг түшиглэн хөрөнгийн зах зээлд үнэт цаас гаргах үйл ажиллагааг Баянмонгол компанийн тухай хуулиар зохицуулахаар тусгасан.

Нөгөө талаар, Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн  1 дэх хэсэгт “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.” гэж заасан нь Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ордоос зөвхөн хэдхэн хүн ашиг олох бус, Монгол Улсын иргэн бүр хишиг, хувь хүртэх эрхийг Үндсэн хуулиараа нээж өгсөн бөгөөд уг эрхийг нь нарийвчлан хуульчлах эрх зүйн шаардлага урган гарч байгааг иш үндэс болгон  Баянмонгол (Эрдэнэс Монгол) компанийн тухай хуулийн төслийг боловсруулсан юм.

Баянмонгол (Эрдэнэс Монгол) компанийн тухай хуулийн төсөл нь 9 бүлэг, 32 зүйлтэй.

            Төслийн “Нийтлэг үндэслэл” гэсэн Нэгдүгээр бүлэгт хуулийн зорилт, хууль тогтоомж, хуулийн үйлчлэх хүрээ, хуулийн зарим нэр томьёог тодорхойлсон.

Төсөлд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн мэдлийн хувьцааны ногдол ашгийг Монгол Улсын иргэн бүрд тэгш хуваарилах Баянмонгол (Эрдэнэс Монгол) хувьцаат компанийг үүсгэн байгуулах, түүний удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаа болон иргэн бүрд ногдол ашиг хуваарилахтай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулахаар заасан.

Түүнчлэн стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн мэдлийн хувьцааны ногдол ашиг хуваарилахтай холбогдсон харилцааг зөвхөн энэ хуулиар, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувийг түшиглэн  зах зээлд үнэт цаас гаргах шийдвэртэй холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулахаар тусгасан.

Төслийн Хоёрдугаар бүлэгт Баянмонгол (Эрдэнэс Монгол) хувьцаат компани, түүний үйл ажиллагаа, баримтлах зарчмыг тодорхойлов.

Баянмонгол (Эрдэнэс Монгол) хувьцаат компани нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувийн ногдол ашгийг Монгол Улсын иргэн бүрд тэгш хуваарилах ашгийн төлөө төрийн өмчит хуулийн этгээд байх бөгөөд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн мэдлийн хувьцааны ногдол ашгийг хуваарилахтай холбогдсон үйл ажиллагаа, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувийг түшиглэн  зах зээлд үнэт цаас гаргах шийдвэр гаргахтай холбогдсон үйл ажиллагаа болон хуульд заасан бусад үйл ажиллагааг эрхлэхээр төсөлд тусгалаа.

Төслийн “Хувьцаат компанийн хөрөнгө, хувьцаа” гэсэн Гуравдугаар бүлэгт Баянмонгол (Эрдэнэс Монгол) хувьцаат компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө нь улсын төсвөөс хуваарилсан Хувьцаат компанийн өөрийн хөрөнгө, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, түүний ногдол ашиг, хуульд заасан бусад эх үүсвэрээс бүрдэхээр тусгасан.

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн мэдлийн хувьцааг зөвхөн Монгол Улсын иргэн эзэмших эрхтэй байх бөгөөд уг хувьцааг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр оршин суугч, улсын бүртгэлд бүртгэгдсэн Монгол Улсын иргэнд үнэ төлбөргүйгээр эзэмшүүлэх болно.

Хувьцаа нь Монгол Улсын иргэн бүрийн хөрөнгийг баталгаажуулсан, ногдол ашиг авах эрхийг гэрчилсэн нэрийн үнэт цаас байх бөгөөд түүнийг худалдах, арилжих, өв залгамжлуулахыг хориглохоор төсөлд тусгалаа.

Төслийн “Ногдол ашиг хуваарилах” гэсэн Дөрөвдүгээр бүлэгт хувьцаа эзэмшигчдийн бүртгэл, хувьцаа эзэмшигчийн эрх, ногдол ашиг хуваарилахтай холбогдсон зохицуулалтыг тусгасан.

Монгол Улсын нутаг дэвсгэр дээр оршин суугч, улсын бүртгэлд бүртгэгдсэн Монгол Улсын иргэн хувьцаа эзэмшигчдийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, хувьцааны гэрчилгээг гардан авснаар хувьцаа эзэмшигч болох бөгөөд Баянмонгол (Эрдэнэс Монгол) хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөл хувьцаа эзэмшигчдийн нэгдсэн бүртгэлийг хөтлөж байхаар, хувьцаа эзэмшигчдийн бүртгэлтэй холбогдсон журмыг Хувьцаа эзэмшигчдийн Төлөөлөгчдийн Хурал батлахаар тус тус заасан.

Хувьцаа эзэмшигчид хувьцааны ногдол ашгийг ижил хэмжээгээр, бэлэн мөнгөний хэлбэрээр олгох ба ногдол ашгийг хувьцаа эзэмшигч бүрийн нэр дээр  нээсэн нэрийн дансаар дамжуулан хуваарилна.

Ногдол ашгийг түүнийг хуваарилах хугацаанд эрүүгийн ял эдэлж байгаа, ногдол ашиг хуваарилах жилийн зургаагаас доошгүй сарын хугацаанд гадаад улсад байгаа иргэнд хуваарилахгүй байхаар заасан бөгөөд энэ хязгаарлалт нь гадаад улсад их, дээд сургууль, коллеж, ерөнхий боловсролын сургуульд суралцагч, дипломат албаны ажилтан, энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа цэргийн албан хаагч болон шинээр төрсөн хүүхдэд хамаарахгүй.

Төслийн Тавдугаар бүлэгт стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувийг түшиглэн зах зээлд үнэт цаас гаргахтай холбогдсон зохицуулалтыг тусгасан ба холбогдох шийдвэрийг зөвхөн Баянмонгол (Эрдэнэс Монгол) хувьцаат компанийн Хувьцаа эзэмшигчдийн Төлөөлөгчдийн Хурал гаргахаар заалаа.

Төслийн “Хувьцаат компанийн удирдлага, зохион байгуулалт” гэсэн Зургадугаар бүлэгт Баянмонгол (Эрдэнэс Монгол) хувьцаат компанийн эрх барих дээд байгууллага нь Хувьцаа эзэмшигчдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний чөлөөт цагт эрх барих байгууллага нь Төлөөлөн удирдах зөвлөл байхаар, компанийн өдөр тутмын үйл ажиллагааг Гүйцэтгэх удирдлага гүйцэтгэж байхаар тусгаж, тэдгээрийн бүрэн эрхийг нарийвчлан заав.

Хувьцаа эзэмшигчдийн Төлөөлөгчдийн Хурал нь аймаг бүрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас сонгогдсон тус бүр хоёр төлөөлөгчөөс, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас сонгогдсон дөрвөн төлөөлөгчөөс бүрдэх бөгөөд Хувьцаа эзэмшигчдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь хоёр жил байна.

Төлөөлөн удирдах зөвлөл нь есөн гишүүнтэй байхаас гурав нь хараат бус гишүүн байна.

Төлөөлөн удирдах зөвлөлийн гурван гишүүнийг Улсын Их Хурал, гурван гишүүнийг Засгийн газар, гурван гишүүнийг Хувьцаа эзэмшигчийн Төлөөлөгчдийн Хурал тус тус томилж, чөлөөлөх бөгөөд тэдгээрийн бүрэн эрхийн хугацаа нь хоёр жил байна.

Улсын Их Хурлаас томилох Төлөөлөн удирдах зөвлөлийн  гишүүнд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо болон Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо нэр дэвшүүлэхээр, Улсын Их Хурлаас томилох Төлөөлөн удирдах зөвлөлийн хоёр гишүүн, Засгийн газраас томилох нэг гишүүн нь хараат бус гишүүн байхаар тусгасны зэрэгцээ Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, Гүйцэтгэх захиралд тусгайлсан шаардлага тавигдахаар төсөлд тусгалаа.

Төслийн Долоогоос Есдүгээр бүлэгт Компанийн дотоод хяналт, нягтлан бодох бүртгэл, аудит, санхүүгийн тайлан, Компанийн дүрэм, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбогдсон зохицуулалтыг тусгаж, хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг заасан.

Баянмонгол (Эрдэнэс Монгол) хувьцаат компанид зээлийн үйл ажиллагаа болон энэ хуульд зааснаас бусад үйл ажиллагаа эрхлэхийг хориглож, түүний үйл ажиллагаанд Улсын Их Хурлаас байгуулагдсан  таван гишүүний бүрэлдэхүүнтэй Хяналтын зөвлөл хяналт тавьж, жил бүр хяналт шалгалт явуулж санал, дүгнэлт гарган Улсын Их Хуралд танилцуулж байхаар заав. Энэхүү Хяналтын зөвлөлийн гишүүнд Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороо,  Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Засгийн газар тус тус нэг хүнийг санал болгох бөгөөд Улсын Их Хурал хоёр жилийн хугацаатайгаар томилно.

Үүний зэрэгцээ Компани нь Төлөөлөн удирдах зөвлөлийн шууд удирдлага дор үйл ажиллагаагаа явуулах Дотоод хяналтын зөвлөлтэй байх бөгөөд түүний гишүүдийг хоёр жилийн хугацаагаар Хувьцаа эзэмшигчдийн Төлөөлөгчдийн Хурал томилж, чөлөөлдөг байхаар төсөлд тусгалаа.

Баянмонгол (Эрдэнэс Монгол) компанийн тухай хуулийн төсөлтэй хамт Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан болно.

Хууль санаачлагч