Мэндчилгээ

Эрхэм сонгогч та бүхэнтэй онлайнаар мэндчилж байна.Энэхүү цахим хуудаснаас Улсын Их Хурлын гишүүн миний санаачилан өргөн мэдүүлсэн хууль, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаануудад хэлсэн үг, цаг үеийн мэдээ мэдээлэл, хэвлэлийн тойм зэрэг мэдээллийг авах боломжтой.Мөн цахим хуудсаараа дамжуулан та бүхнээс асуулт, санал хүсэлт шуурхай хүлээн авах болно.Танд амжилт хүсье.

 

ХОЛБОГДОХ

АОХН-ИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ХУРАЛ БОЛОВ

2013оны 2сарын 07
21361-26214700Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (АОХН)-ийг 2011 оны 7 дугаар сараас эхлэн даргалж байгаа бөгөөд ирэх 4 дүгээр сарын 27-29-нд АОХН-ийн Сайд нарын 7 дугаар бага хурлыг эх орондоо зохион байгуулахаар бэлтгэж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Бага хуралд бэлтгэх Үндэсний хороог өнөөдөр даргалан хуралдуулж, бэлтгэл ажлын явцын мэдээлэл сонсч, зохион байгуулалттай холбоотой зарим үүрэг чиглэлийг Хорооны гишүүдэд өгөв.

Үндэсний хорооны дэд дарга, Гадаад харилцааны сайд Л.Болд Бага хуралд нийт 1000 шахам төлөөлөгч ирнэ гээд одоогийн байдлаар 10 гаруй орны Гадаад хэргийн сайд,  олон улсын байгууллагын тэргүүн ирж оролцохоо мэдэгдээд байна гэж мэдээлэлдээ дурдав.

Сайд нарын бага хуралд манай тал 10-аад орны төр, засгийн тэргүүн, 130 гаруй орны Гадаад хэргийн сайд, дэлхий дахинаа нэр хүндтэй зүтгэлтнүүд, олон улсын байгууллагын төлөөллийг урьжээ.   

Сайд нарын бага хурлаар «Ардчиллын боловсрол», «Авилгал ба ардчилалд учирч буй бусад аюул», «Арабын хувьсгал 2 жилийн дараа: Сорилт, сургамж», «Ардчилал ба Мянганы Хөгжлийн Зорилтууд», «Онлайн болон хэвлэлийн эрх чөлөө» зэрэг сэдвээр салбар хуралдаанууд, мөн иргэний нийгэмд учирч буй сорилтууд, ардчилал дахь эмэгтэйчүүдийн үүрэг роль, нээлттэй засаглал зэрэг асуудлаар бүгд хуралдаанууд зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн үеэр АОХН-ийн Парламентын чуулга уулзалт, Эмэгтэйчүүдийн чуулга уулзалт, Залуусын чуулга уулзалт, Иргэний нийгмийн чуулга уулзалтыг тус тус зохион байгуулах юм.

Сайд нарын Бага хурлын вебсайтыг нээж, өнөөдрөөс эхлэн нийтэд албан ёсоор зарлаж байгааг мөн дуулгалаа. Ийнхүү www.cdmongolia.mn гэсэн веб монгол, англи хэлээр нээгдэж байгаа аж.  

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг нь 2000 онд байгуулагдсан, ардчилсан үйл явц, ардчиллын хэм хэмжээ, үнэт зүйлс, институцүүдийг хөгжүүлэн бэхжүүлэх зорилго бүхий дэлхийн 140 гаруй ардчилсан улсуудын эвсэл билээ. Монгол Улс АОХН-ийг даргалах үйл ажиллагааныхаа тэргүүлэх чиглэлээр Ардчиллын боловсролыг сонгон авч, иргэний нийгмийн байгууллагуудын төлөвшилд дэмжлэг үзүүлэх, АОХН-ийн бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, ардчиллыг бэхжүүлэхэд бусад улс оронтой туршлага солилцох, авилгатай тэмцэх  зэрэг асуудалд  түлхүү ач холбогдол өгч ажиллаж байна.